Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 216/МА2019/00004

 

“Х Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй, “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт  764,875,732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,  Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.М,  Б.Г, нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Манай компани нь “Ш О” ХК-иас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахим хуудсаар нийтэд нээлттэй зарласан СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерт оролцсон ба “Ш О” ХК-иас манай компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1128 тоот албан бичгээр мэдэгдэж, улмаар талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАтХ/-ийн 29.2-т “...тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно”, 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж тус тус заасан. Тендерийн урилга болон тендерийн баримт бичгийн хоёрдугаар бүлэг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш 45 хоног гэж тогтоосон.

3. Захиалагч СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээсэн ба үүнээс хойш тооцож үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөрт багтаан шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээг байгуулахаар байсан боловч уг хугацааг хэтрүүлж, 3 сарын хугацаа өнгөрсний дараа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компанитай гэрээ байгуулсан нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байна.

4. Иргэний хуулийн 56.1.1-д “Хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” ТБОНӨХБАҮХАтХ-ийн 42.1.2-т “Захиалагч энэ хуулийн ...29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ гэж тодорхой заасан тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Үүнээс үүдэн манай компани “Ш О” ХК-ийн эсрэг гэрээнээс үүдэлтэй буюу үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна.

5. ТБОНӨХБАҮХАтХ-ийн 19.2-т “Тендерийн баримт бичигт ...захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолтыг тусгана” гэж заасан. Тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлэгт тусгагдсан техникийн тодорхойлолтод “Ачиж зөөвөрлөх хөрсний хэмжээ 300,000 куб.м байна” захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлийн 1.3.9-д “Хөрсний сийрэгжилтийн коэффициент-1.4” байна гэж заасан ба үүнээс үзэхэд захиалагч нийт уулын цулаар 300 000 куб.м буюу сийрэгжсэнээр /хөрсийг тэсэлсний дараа/ 420 000 куб.м /300 000*1.4/ хөрс хуулалтын ажлыг хийлгүүлэхээр байсан нь тодорхой харагдана.

6. Иргэний хуулийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан.

7. Манай компани 2018 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд уулын цулаар нийт 321,242 куб.м буюу сийрэгжсэнээр 449 738.8 куб.м /321.242*1,4/ хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Бид анх тендерт оролцохдоо 1 куб.м сийрэгжсэн хөрсийг хуулж тээвэрлэх өртгийг 2 390 төгрөгөөр тооцож санал өгсөн ба уг өртгөөр тооцож үзвэл нийт 1 074 875 732 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

8. Одоогийн байдлаар хариуцагч “Ш О” ХК манай компанид 310 000 000 төгрөг өгсөн байгаа ба үүнийг гүйцэтгэсэн ажлын өртгөөс хасч тооцоход зөрүү 764 875 732 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “Ш О” ХК-иас 764 875 732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа :   “Ш О” ХК нь “Х т” ХХК-ийн 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

 

Учир нь: “Ш О” ХК, “Х т” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр “Ш О” ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д ажлын хэмжээ үзүүлэлт хэсгийг заасан бөгөөд 1.5.3-д хөрсний ажлын хэмжээг уулын цулаар тооцох, 1.5.4-д 1 м3 уулын цулын үнэлгээ 2390 төгрөг, 1.5.5-д ажлын хэмжээ 300 000 м3 уулын цулаар байхаар тохиролцсон байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэрээний нийт үнэ 717 000 000 төгрөг, 3.3-д гэрээний үнэ нь гэрээний хүчинтэй байх хугацаанд тохируулгагүй тогтмол байхаар тус тус зохицуулсан байна. “Ш О” ХК, “Х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр “Ш О” ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн, гэрээ байгуулагч талууд ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг бүрэн тодорхойлсон, хууль зөрчиж гэрээ байгуулсан зүйл байхгүй юм. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” хэмээн заасан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр “Ш О” ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 1, 3, 4 дүгээр бүлгээр ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тодорхой тохиролцсон байна. Гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэсэн “Х т” ХХК-д “Ш О” ХК төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэрээний 6.2-д “Ажил гүйцэтгэгч нь ажилчдын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хоол байр, түлш болон бусад бүх зардлыг хариуцна” хэмээн заасан байна. “Х т” ХХК нь “Ш О” ХК-ийн уурхайн бүсэд хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхдээ “Ш О” ХК-иас түлш шатахуун, эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр авч хэрэглэж байсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр түлш болон бусад бүх зардлыг ажил гүйцэтгэгч хариуцах гэрээний зохицуулалтын дагуу зээлээр олгосон түлш, шатахуун, эм, эмийн бүтээгдэхүүний тооцоог ажил гүйцэтгэсэн төлбөрөөс суутган олгосон юм. “Ш О” ХК, “Х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18/2/81 дүгээр “Ш О” ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш юм. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан ...хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар ...талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд гэрээнээс үүсэх үүргийн харилцаагаа талууд харилцаж ирсэн юм. Талуудын байгуулсан гэрээний агуулга нь үүрэг үүсгэж буй нөхцөл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус хэмээн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Гэвч “Х т” ХХК нь байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин үндэслэлгүйгээр “Ш О” ХК-иас сийрэгжсэн хөрс тээвэрлэсэн үнийн зөрүү 764 875 732 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлээр “ Х Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш О” ХК-д холбогдох 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тухай тайлбартаа:

“Х т” ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “Ш О” ХК-иас 764 875 732 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэг. Нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэхдээ хариуцагчаас 168 004 л түлшийг зээлээр авч хэрэглэсэнтэй маргахгүй. Харин хариуцагч уг түлшний үнийг 2 068-2 211 төгрөгөөр тооцож 362 195 581 төгрөгийг суутгаж авсныг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгч нэг литр түлшний үнийг тендер шалгаруулалтын үеийн бөөний үнэ болох 1450 төгрөгөөр тооцож 243 605 800 /168 004*1450/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. 

Хоёр: Хариуцагч нэхэмжлэгчид хөрс хуулалтын ажлын хөлсөнд нийт 336 779 719.09 /анх нэхэмжлэл гаргахдаа 310 000 000 төгрөг төлсөн гэж гаргасан зөрүү 26 779 719.09 төгрөг/ төлсөн, мөн нэхэмжлэгч ба хариуцагч нарын хооронд 18 024 699.83 төгрөг /эм, цахилгаан, өмнөх авлага/-ийн тооцоо байсантай маргахгүй тул 44 804 418.92 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нийт 288 410 219 төгрөгөөр багасгаж, 476 465 513 төгрөг, /764 875 732 -288 410 219/ болгож байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байгаа. Үнэхэээр 3 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээсэн өдрөөс хойш 45 хоног гэж тогтоосон. Тэгэхээр энэ тендер хүчингүй болсон байна гэдэг ийм үндэслэл байна. Нэгэнт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хийсэн цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа учраас энэ дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүсэх учиртай гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгч тал “Ш О” ХК нь нөхцөл шаардлагаа тавихдаа коэффициент нь 1.4 байна гэж заасан учраас хуулсан 321 000 метр куб хөрсийг 1.4-өөр үржүүлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ гэж тодорхой заасан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Х т” ХХК-ийн захирал Ч.А гэдэг хүний гарын үсэгтэй төсвийн нийт хөрөнгийг 717 000 000 төгрөг, хөрс хуулалтын ажил 300 000 метр куб гэдгийг хүлээн зөвшөөрсөн материалыг тендерт ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс үзэхэд 300 000 метр куб хөрсийг 1.4 коэффициентоор үржүүлэхгүй гэдгийг нэхэмжлэгч тал анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагдаж байна. Нэг литр түлшийг 1450 төгрөгөөр тооцуулна гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2017 оны 8, 9, 10 дугаар саруудад нэг литр түлш 1450 төгрөг байсан байхыг үгүйсгэх арга байхгүй. “Ш Ов” ХК нь дизель түлшийг худалдаж авсныхаа дараа тодорхой үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг. “Ш О” ХК-иас “Х т” ХХК-д 2018 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд дизель түлшийг нийлүүлж байсан. Мөн компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт дээрээ нэгж үнэ болох 2068-2288 төгрөгийн хооронд тодорхой нэмэгдлүүд орсон байхыг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэхээр “Х т” ХХК нь дизель түлшийг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд үүнээс илүү зардал гарах байсан. Дизель түлш нь тодорхой хугацаанд хадгалахаар хорогдол үүсдэг учраас тодорхой нэмэгдлийг ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр захиалагч тал олгож байсан. Тухайн үедээ “Х т” ХХК нь дизель түлшний үнийг хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар баталгаажсан байгаа. Ийм ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг нэхэмжлэгч тал баримталж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ганцхан захиалагчийн буруутай үйл ажиллагаа биш. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Гүйцэтгэгч тал мөн адил буруутай. Хуулийг мэдсээр байж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэдгээ анхнаасаа мэдэж байсан байна гэж үзэхээр байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан. Тэгэхээр 45 хоногийн хугацаа хэтэрсэн л бол энэ тендер өөрөө хүчингүй гэсэн үг. Харин тэр дизель түлш нийлүүлэх, ажил гүйцэтгэсэн хэмжээг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х т” ХХК нь 300 000 метр куб хөрсийг 717 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тэр 1.4 гэдэг тоог хаанаас яаж гаргаад байгаа нь ойлгомжгүй. 300 000 метр куб тэслэгдсэн хөрсийг зөөнө гэж заасан. Цулаар нь зөөнө гэсэн үг үсэг тендерийн материалд байхгүй. Тэслэгдсэн хөрс гэдэг чинь сулласан хөрс. Анх тохиролцсон 717 000 000 төгрөгийг “Ш О” ХК-иас “Х т” ХХК-д өгсөн. Нэг литр шатахууны үнийг 1450 төгрөгөөр тооцох ямар ч үндэслэл байхгүй. Түлшний үнийг “Х т” ХХК өөрөө тооцооны үлдэгдлийн баталгаан дээр хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 523 441 070 төгрөгийн ажил хийсэн. Үүнээс “Ш О” ХК нь 440 430 394 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 83 010 676 төгрөг байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд захирал нь гарын үсэг зурсан. “Ш О” ХК-иас түлш нийлүүлэхдээ 10 хувийг нэмж өгсөн. Яагаад гэхээр хадгалалтын хорогдлыг нэмсэн. Үүнийг бол өөрсдөө хүлээн зөвшөөрч байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг нь хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд шаардах эрхийг нээж өгч байгаа. Эднийх бол ажил гүйцэтгэсэн болохоос биш ямар нэгэн хөрөнгө шилжүүлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэж байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх асуудал яригдана. Энэ бүгдийг аваад үзэхээр эднийх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгээр буюу үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Мөн “Ш О” ХК-ийн зүгээс “Х т” ХХК-д хийсэн ажлын хөлс нийт 717 000 000 төгрөгийг төлсөн байна. Ийм учраас “Х т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х т” ХХК-ийн хувьд “Ш О” ХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэсэн хөлсийг харилцан бичиж явж байсан нь хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний жагсаалт гэсэн хэсэгт байдаг. Маркшейдрын хэмжилтийг “Ш О” ХК-иас хийсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа байгаа. Тооцооны үлдэгдлийн баталгааны жагсаалт хэсэгт 2017 оны өр, гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхой дурдсан. Нэхэмжлэгч талаас өгсөн хэмжилт хийсэн нотлох баримтууд байдаг. Тэр хэмжилт хийсэн баримтаар яг энэ дээр бичигдсэн. Тэгэхээр уулын цулаар хэмжилт хийгээд тооцоо нийлж 717 000 000 төгрөг авсныхаа ард гэнэт 1.4 хувийн коэффициент гаргаж ирээд маргаан үүсгэж байгаа нь хүлээн зөвшөөрч хийсэн хэлцлээ үгүйсгэж байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо ярьж байгаа зүйл нь өмнөх хийсэн үйлдэлтэйгээ зөрчигдөж байна. Үндэслэлийн хувьд хоёр тал өгсөн авснаа буцаах учраас “Ш О” ХК бол 2018 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээнийхээ дагуу 717 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тендерийн асуудал бүр мөсөн дуусгавар болсон. Харин 21000 метр куб хөрсний асуудлыг л яриул ярих байх гэжээ.

 

Анхан шатны шүүх : Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш-О” ХК-иас 401,625,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74,840,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,982,330 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “Ш-О” ХК-иас 2,166,076 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х т” ХХК-д олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хуулийг буруу тайлбарлан шүүх хөндлөнгийн байр сууринаас хэргийг шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж талуудын хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар... хуулийн зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд эрх, үүрэг бүхий гэрээний харилцаа болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч “Х т” ХХК нь хариуцагчаас хөрс хуулалтын ажлын хөлсийг шаардах эрхтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

А. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзэхэд үүргийн харилцаа үүсээгүй гэсэн хэдий ч ажлын хөлсийг шаардах эрхтэй байна гэсэн нь талуудын хооронд үүрэг үүссэн мэтээр бие биенээ харилцан үгүйсгэсэн байдал харагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд ИХ-ийн 492 дугаар зүйлд заасан үр дагавар үүсэхгүй юм.

Б. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь юуны түрүүнд хариуцвал зохих этгээд нь хөрөнгө олж авсан этгээд, шаардах эрх бүхий этгээд нь тодорхой хөрөнгийг дээрх этгээдэд шилжүүлсэн байхыг тус тус шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч “Х т” ХХК нь хариуцагч “Ш-О” ХК-нд ямар нэгэн хөрөнгө шилжүүлээгүй юм.

2. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх үед нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хүлээлцсэн дизель түлшний үнэд талууд хоорондоо тохиролцсон үнэ болох 362,195,581 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгсөн дизель түлш худалдах худалдан авах гэрээнүүдийн үнэд нийлүүлэх байдлаар хасч тооцсон дүгнэлтийг хийжээ. Энэ нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, ИХШХШТХуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шүүгч... гагцхүү хуульд захирагдах зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Хавтаст хэрэгт талуудын хооронд хийгдсэн 2018.07.20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар “Х т” ХХК-ийн гүйцэтгэх захирал дизель түлшний үнийг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулан зөвшөөрч, улмаар нэхэмжлэх бичин гарын үсэг зурж “Ш-О” ХК-нд хүргүүлсэн баримт байсаар байтал уг нотлох баримтад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

3. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “...Хэрэгт авагдсан Тендерийн баримт бичгийн... Үүнд: ...1.3.9-д хөрсний сийрэгжилтийн коффициент -1.4 байх...зааснаас үзэхэд 1.4” гэсэн коффициент нь хөрс хуулалтын ажлын болон уулын ажил, үйлдвэрлэлийн зардлын үзүүлэлт болох нь нотлогдож байна... “Ш-О” ХК нь “хөрсний сийрэгжилтийн коффициент -1.4 байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, ...өөрийн татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй болно” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн боловч гэрээ байгуулах тухай гэрээний төслийн заалтыг үндэслэж, нөгөө талаас хавтаст хэрэгт авагдсан “Ш-О” ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тусгагдсан бизнес төлөвлөгөөний төсөөллийн /энэ нь батлагдсан эсэх нь тодорхойгүй/ “хөрс хуулалтын коффициент” гэсэн үзүүлэлтийг хөрсний сийрэгжилтийн коффициент гэж үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг заах ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Түүнчлэн талуудын байгуулагдсан гэрээ нь ИХ-ийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус ба хөрсний сийрэгжилтийн коффициент гэдэг нэр томъёо нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд заагаагүй асуудал бөгөөд гэрээгээр зохицуулах асуудал юм. Нөгөө талаас нэхэмжлэгч “Х т” ХХК-наас “Ш-О” ХК-нд ирүүлсэн гэрээний саналдаа 717,000,000 төгрөгөөр 300,000 метр куб хөрс зөөж тээвэрлэнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээгүй бөгөөд уг асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг хуульд заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар  тогтоосон журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х т ХХК нь хариуцагч Ш-О ХК-д холбогдуулан  764,875,732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх шатанд буюу анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 476,465,513 төгрөг болгон багасгажээ.

Нэхэмжлэгч Х т ХХК-ийн захирал Ч.А нь П.Б нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж “итгэмжлэл” олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, ... зэрэг ИХШХШТХуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн  эрх, үүргийг түүнд олгосон байна. /1-р хх-5/.

Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.   

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х т  ХХК-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бүхэлд нь хянан үзлээ.

 

 Хэргийг судлан үзвэл : Хариуцагч Ш-О ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар “хөрс хуулалтын ажилд гадны гүйцэтгэгч  ажиллуулах урьдчилсан тооцооны  тухай хэлэлцэж, улмаар “хөрс хуулалтын ажилд оператор компани ажиллуулах тухай”  21 дугаартай тогтоол гаргажээ./1-р хх-35,36-46/

 

Хариуцагч Ш-О ХК нь  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт СШ.№50-2.ШОХК.2017 дугаартай, “хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт” СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тентерийн урилга буюу тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн байх ба үүнд тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх ... гэжээ./1-р хх-17,120/

 

Үүний дагуу нэхэмжлэгч Х т ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр СШ.№50-1.ШОХК.2017 “хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг 717,000,000 төгрөг, 1м3 хөрсийг 2390 төгрөгөөр тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэх санал гаргажээ. /1-р хх-123-124/

 

Хариуцагч Ш-О ХК нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х т ХХК-д тендерт шалгарсан тул  гэрээ байгуулахыг мэдэгдэж байна гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг хүргүүлсэн байна. /1-р хх-18,119, 159,160/

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж, 

Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус тусгайлан хуульчлан зохицуулжээ. 

 

Гэтэл талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дугаартай “Ш-О ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ ( СШ.№50-1.ШОХК.2017 ) “ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөрсний ажлын хэмжээг цулаар тооцох, 1м3 уулын цулын үнэлгээ 2390 төгрөг, ажлын хэмжээ 300,000 м3 уулын цулаар, гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл хүчинтэй, гэрээний үнэ 717,000,000 төгрөг хэмээн талууд  тохиролцсон байна. /1-р хх-7-11/

 

Улмаар дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Х т ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд уулын цулаар нийт 321,242 м3 хөрс хуулалтын ажил хийсэн/1-р хх-12-16/, хариуцагч Ш-О ХК нь ажлын хөлсөнд 336,779,719 төгрөг төлсөн/1-р хх-139-147/, талуудын хооронд  2018 оны 06 сарын 30-ны байдлаар 83,010,676.40 төгрөгийн тооцооны  үлдэгдэл байсан/1-р хх-148-150/, талууд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ...хөрсний хэмжээг тооцож 321,242 м3 хөрс хуулалтын ажлыг оператор компаниар хийлгэсэн тухай  баталгаажуулж бичгийн баримт үйлдсэн/1-р хх-151/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

           Түүнчлэн нэхэмжлэгч тал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан ...хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-7-11/ нь  хүчин төгөлдөр бус гэрээ гэж нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч тал үгүйсгэж, маргаагүй  байна.

 

Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ” нь хүчин төгөлдөр бус  байгаа тул  хариуцагч Ш-ОХК-ийн эсрэг гэрээнээс үүдэлтэй буюу үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд :  2018 оны 05 сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд уулын цулаар 321,242 куб.м буюу сийрэгжсэнээр 449,738.8 куб.м /321,242 *1.4/ хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн, анх тендерт оролцохдоо 1м3 сийрэгжсэн хөрсийг хуулж тээвэрлэх өртгийг 2390 төгрөгөөр тооцож санал өгсөн, уг өртгөөр тооцвол нийт 1,074,875,732 /449,738 *2390/ төгрөгийн өртөг бүхий ажлыг хүчин төгөлдөр бус гэрээний хүрээнд гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл, захиалагч Ш-О ХК манай компанийн гүйцэтгэсэн ажлын өртөг болох 1,074,875,732 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 

-хариуцагч Ш-О ХК-иас нийт 168 004 литр түлш авч хэрэглэсэн  ба нэг литр түлшийг 1450 төгрөгөөр тооцоход нийт 243,605,800 төгрөг болж байгаа, хариуцагч нь 336,779,719.09 төгрөг өгсөн, хоёр талын өмнөх авлагын тооцоо 18,024,699 төгрөг байсан,түлшний үнэ 243,605,800 төгрөг зэргийг хасч тооцоход  476,465,513 төгрөг болно гэж энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүнийг нэхэмжилсэн байна. 

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч Ш-О ХК-иас 336,779,719.09 төгрөг төлөгдсөн, хоёр талын өмнөх тооцоо 18,024,699 төгрөг, нэхэмжлэгч Х т ХХК нь  168004 литр түлш авч хэрэглэсэн, 321,242 м3 уулын цул хөрс хуулж, ачиж тээвэрлэсэн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин маргаж буй нь уулын цулаар 321,242 м3 хөрс,  сийрэгжилтийн коэффицент-1,4 -р тооцвол 449,738 м3 хөрс ачиж тээвэрлэсэн  гэж,  өөрөөр хэлбэл,  ачиж тээвэрлэсэн хөрсний хэмжээний талаар,   мөн  хариуцагч нь  168004 л түлш хэрэглэсний үнийг 1 литрийг 2068-2288 төгрөгийн хооронд үнэлж нийт 362,195,581 төгрөгийг ажлын өртгөөс суутган тооцсоныг нэхэмжлэгч эс зөвшөөрч 1 литр түлшийг 1450 төгрөгөөр тооцно  гэжээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан явдалд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг буруутай гэж үзэхээр байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн эрх зүйн үр дагавраас өөрийн гүйцэтгэсэн 321242 м3 хөрс ачиж тээвэрлэх ажлын гүйцэтгэсэн хөлс 767,768,380 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэхээр байх боловч энэ маргааны хувьд уг хуулийн зохицуулалтыг талууд хэрэгжүүлэх боломжгүй байна.

 

           Харин талуудын хооронд 321242 м3 уулын цул хөрс тээвэрлэх болон  хөлс төлөх үүрэг хэн алинд нь үүсээгүй  гэж үзнэ.

 

Иймээс нэхэмжлэгч Х т ХХК нь  хариуцагчийн өмнө 321242 м3  хэмжээний уулын цулын хөрс ачиж тээвэрлэх үүрэг хүлээгээгүй боловч хүчин төгөлдөр бус гэрээний хугацаанд уг ажлыг гүйцэтгэж нийлүүлсэн байх ба  хариуцагч нь  энэ хэмжээний ажлын  гүйцэтгэлээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

 Хэрэгт  авагдсан ажил худалдан авах тендерийн баримт бичиг /1-р хх-47-98/  хариуцагч Ш-О ХК-н ТУЗ-н хурлын тэмдэглэл болон тогтоол/1-рхх- 35-46/,  Х т ХХК-н 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн албан бичиг/1-р хх-123-124/ зэрэг бичгийн баримтууд болон хариуцагч талын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /2-р хх-46,48/ зэргийг үндэслэн нэхэмжлэгч  Х т ХХК нь 321242 м3 буюу 767,768,380 төгрөгийн ажил  гүйцэтгэж  нийлүүлсэн байх ба үүнээс 21 242 м3-н  буюу 50,768,380 төгрөгийг,  

-мөн хэргийн 180-217-р /1-р хх/ талд авагдсан хариуцагч  Ш-О ХК-н

бусад шатахуун борлуулдаг газруудтай байгуулсан дизель түлш худалдах, худалдан авах гэрээг  үндэслэн  өөрөөр хэлбэл, уг гэрээгээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны хугацаанд 1 литр дизель түлшийг 1818-2015 төгрөгийн хооронд үнэлж худалдан авсан байх тул  нэхэмжлэгч Х т ХХК-н хэрэглэсэн 168004 л түлшний 1 литр түлшийг 1818 төгрөгөөр  тооцож зөрүү 56,764,309 төгрөгийг, /168004л*1818=305,431,272төг, 362,195,581-305,431,272=56,764,309/,  нийт 107,532,689 төгрөгийг /50,768,380+56,764,309/ хариуцагч Ш-О ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Х т ХХК-д олгох нь зүйтэй.

 

           Иймд 107,532,689 төгрөгийг хариуцагч “Ш-О” ХХК-с гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 368,932,824  төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэн хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй  гэж шүүх  үзлээ.

 

           Харин анхан шатны шүүх  хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

 

Хариуцагч Ш-О ХК-н  давж заалдах журмаар  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  2,166,076  төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр  сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаартай  шийдвэрийн тогтоох  хэсгийн 1 дэх заалтын ... “401,625,243 төгрөгийг” гэснийг “107,532,689 төгрөгийг” гэж, “74,840,270 төгрөгийг” гэснийг “368,932,824  төгрөгийг” гэж ,

 

-тогтоох хэсгийн 2 дах заалтын ... хариуцагчаас “2,166,076 төгрөгийг” гэснийг ...“695,613.45 төгрөгийг ”...  гэж  тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ш-О ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.166,076  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                          ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА

                                                                                       Х.БАЙГАЛМАА