Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/00225

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01сары 20дөр

181/ШШ2020/00225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  У.И ХХК /РД:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Б нь 2016 оны 7 дугаар сард Жэйкобс инженеринг ХХК-д хүний нөөцийн администратор албан тушаалд томилогдож тус байгууллагад ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд алдаа дутагдалгүй ажиллаж байсан ба удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь үр бүтээлтэй хийж гүйцэтгэдэг байсан. Манай байгууллага ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулан ажиллаж эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалсаар ирсэн. Миний бие үндсэн ажлын хажуугаар 2018 онд хамт олны санал дэмжлэгээр үйлдвэрчний хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Намайг ажлаас халах үндэслэл нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, Жэйкобс инженеринг ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн дүрмийн 9.5 дахь хэсэгт заагдсанаар 2019 оны 7 сарын 29-нд ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг миний хувьд хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Манай байгууллагад миний ажлын орон тооны цомтгол болоогүй ба одоо миний ажиллаж байсан орон тоон дээр миний туслахаар ажиллаж байсан хүн ажиллаж байгаа ба намайг ажлаас халсны дараа нэлээн хэдэн ажлын байранд ажиллах санал гаргаж ажилчид авсан байгаа. Мөн ажлын байрны цомхотгол буюу орон тоо хасагдсан юм бол ямар ч алдаа дутагдалгүй ажлаа хийж байсан намайг одоо зарлаад байгаа ажил албан тушаалд ажиллах санал тавиагүй ба өөр ажил албан тушаалд ажиллуулах ямар ч санал тавиагүй ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна. гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У.И ХХК буюу хуучнаар Жэйкобс инженеринг ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Т.Бгийн зүгээс компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд Т.Б нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн компанид Хүний нөөцийн администратороор ажиллаж байсан бөгөөд компаниас түүнийг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн байна. Компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Компани нь Т.Бг Бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч-ийн албан тушаалд 2016 оны 11 сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Тэрээр нэхэмжлэлд дурдсанчлан хөдөлмөрийн гэрээг цуцлах үед Хүний нөөцийн администратор-ын албан тушаалд ажиллаж байгаагүй болно. Компани нь 2019 оны 05 сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын 089/19 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын дагуу тус албан тушаалын орон тоог хассан. Компаниас Т.Бд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бичгээр хүргүүлж, түүнд албан тушаалын орон тоо хасагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цуцлах болсон талаар 45 хоногийн өмнө мэдэгдсэн. Тэрээр 2019 оны 07 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын эх хувийг гарын үсэг зуран, хүлээн авсан байдаг. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээс хойш орон тоог дахин бий болгоогүй бөгөөд уг албан тушаалд өөр аливаа этгээдийг авч ажиллуулаагүй болно. Т.Б нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудлаар 2019 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу тэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор буюу 2019 оны 08 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Түүнчлэн тэрээр нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн аливаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар огт дурдаагүй байна. Тиймээс Т.Бгийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Т.Бгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч хуучин нэрээр Жэйкобс инженеринг ХХК буюу одоогийн нэрээр У.И ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан, орон тоо хасагдсантай холбоотой хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгсөн, орон тоог дахин бий болгоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн, мөн нэхэмжлэгч хуульд заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь Жэйкобс инженеринг ХХК-тай 2016 оны 11 сарын 7-ны өдөр Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх-91-98 тал/ байгуулан ажиллаж байгаад Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 143/19 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-13 тал/-аар ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр 2019 оны 07 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

Жэйкобс инженеринг ХХК нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр компанийн оноосон нэрийг У.И ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-109-11 тал/-гаар тогтоогдож байх ба хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 29-ний өдөр тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/09702 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-19,20 тал/-аар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байх ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа тус шүүхэд 2019 оны 10 сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 10 сарын 08-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалтад зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан 2019 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн гэж үзэх ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул 2019 оны 09 сарын 04-ны өдрөөс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход уг хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр дуусах байсан, нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 143/19 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг баримталсан байх ба мөн Жэйкобс инженеринг ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5(c) хэсэг, Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалыг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтад аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 143/19 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд дээрх хуулийн заалтад заасан үндэслэлээс орон тоо хасагдсан үндэслэлийг баримтлан Т.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар дурдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтад Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байх бөгөөд Жэйкобс инженеринг ХХК нь Т.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаараа 2019 оны 06 сарын 14-ний өдрийн мэдэгдэл /хх-75 тал/-ээр мэдэгдсэн байх тул Жэйкобс инженеринг ХХК-ийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 143/19 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Жэйкобс инженеринг ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5(c) хэсгийг үндэслэсэн гэсэн байх боловч хариуцагчийн зүгээс Жэйкобс инженеринг ХХК-ийн 2015 оны 07 сарын 21-ний өдрийн огноо бүхий дүрмийн орчуулгын хувь /хх-223-238/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтын эх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй тул шүүх уг баримтыг үнэлэх боломжгүй байна.

Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 143/19 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалыг үндэслэсэн байх ба Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 дугаартай Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай тушаал /хх-202-220 тал/-аар компанийн бизнесийн үйл ажиллагааны шаардлагад үндэслэн хавсралт А-д заасан ажил, албан тушаалын орон тоог хасах, тодорхой албан тушаалд ажиллаж байгаа ажилтнуудын тоог цөөрүүлэх замаар компанид бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр баталсан байх ба уг тушаалын хавсралт А-гийн Орон тоо хасагдсан ажил, албан тушаал-ын жагсаалтын 1-д Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч-ийн орон тоо буюу нэхэмжлэгч Т.Бгийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хамрагдсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх Жэйкобс инженеринг ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Сингапур улсын хуулийн этгээд Жэйкобс инженеринг Сингапур Пити элтиди /Jacobs engineering Singapore Pte.Ltd/-ийн тогтоол /хх-155-160 тал/-оор олгогдсон гэж тайлбарлаж байх боловч уг тогтоолд гарын үсэг зуран баталгаажуулсан этгээд болох Васант Ратан Малхотраыхйшжшш /Vasant Ratan Malhotra/ нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Сингапур улсын Хуулийн академийн гэрчилгээ /хх-221 тал/, нотариатын гэрчилгээ /хх-222 тал/ гэх зэрэг баримтууд нь эх баримт биш орчуулгын баримт байх бөгөөд эх баримт нь хэрэгт авагдаагүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан У.И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Сингапур улсын хуулийн этгээд У.И Сингапур Пити элтиди /Worlea engineering Singapore Pte Ltd/ бүртгэлтэй болох нь тогтоогдсон, өмнө нь тус компанийн хувьцаа эзэмшигчээр Сингапур улсын хуулийн этгээд Жэйкобс инженеринг Сингапур Пити элтиди /Jacobs engineering Singapore Pte.Ltd/ бүртгэлтэй байсан байдал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч нарын гаргаж буй тус компанийн гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх Жэйкобс инженеринг ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Сингапур улсын хуулийн этгээд Жэйкобс инженеринг Сингапур Пити элтиди /Jacobs engineering Singapore Pte.Ltd/-ийн тогтоолоор олгогдсон гэх тайлбарыг нотлогдоогүй гэж үзнэ.

Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх олгогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Т.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтад нийцээгүй гэж үзэх бөгөөд хариуцагч У.И ХХК буюу хуучин нэрээр Жэйкобс инженеринг ХХК нь нэхэмжлэгч Т.Бг ажлаас буруу халсан гэж үзэж, Т.Бг өмнө эрхэлж байсан Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг баримтлах бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Т.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-12-14 тал/-т бичигдсэн сүүлийн 3 сарын бүрэн олгогдсон цалин хөлс буюу 2019 оны 04 сарын цалин хөлс 1,645,998 төгрөг, 05 сарын цалин хөлс 3,056,853 төгрөг, 06 сарын цалин хөлс 2,915,768 төгрөг, нийт 7,618,619 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 2,539,539 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 118,118 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 07 сарын 29-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 126 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 14,882,868 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч У.И ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийгөө Жэйкобс инженеринг ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад хуулийн дээрх заалт хамаарахгүй гэж үзсэн болохыг, мөн нэхэмжлэгч нь түүний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд түүний ажлын байрны чиг үүргийг ажилтан Б.Хулан, Ж.Солонго нар гүйцэтгэж байгаа тул орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Хулангийн эрхэлж буй ажил болох Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, элсүүлэлтийн албаны багийн администратор-ын ажлын байрны тодорхойлолт, Ж.Солонгын эрхэлж буй ажил болох Хүний нөөцийн зохицуулагч-ийн ажлын байрны тодорхойлолтуудад заасан ажил үүрэг нь Т.Бгийн эрхэлж байсан Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээс ялгаатай, ажил олгогч Т.Бгийн эрхэлж байсан Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч-ийн ажлын байрны орон тоог дахин бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Бг У.И ХХК-ийн Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,000,000 төгрөгийг хариуцагч У.И ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Т.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч У.И ХХК-д даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч У.И ХХК-аас 206,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР