Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00843

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 588 дугаар магадлалтай,

Т.Б-гийн нэхэмжлэлтэй,

“У” ХХК-д холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Б нь 2016 оны 7 дугаар сард “Ж” ХХК-д хүний нөөцийн администратор албан тушаалд томилогдож тус байгууллагад ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд алдаа дутагдал гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь үр бүтээлтэй хийж гүйцэтгэдэг байсан. Манай байгууллага ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулан ажиллаж эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалсаар ирсэн. Миний бие үндсэн ажлын хажуугаар 2018 онд хамт олны санал дэмжлэгээр үйлдвэрчний хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Намайг ажлаас халах үндэслэл нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, “Ж” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн дүрмийн 9.5 дахь хэсэгт заагдсанаар 2019 оны 7 сарын 29-нд ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг миний хувьд хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Манай байгууллагад миний ажлын орон тооны цомхотгол болоогүй ба одоо миний ажиллаж байсан орон тоон дээр миний туслахаар ажиллаж байсан хүн ажиллаж байгаа ба намайг ажлаас халсны дараа нэлээн хэдэн ажлын байранд ажиллах санал гаргаж ажилчид авсан байгаа. Мөн ажлын байрны цомхотгол буюу орон тоо хасагдсан юм бол ямар ч алдаа дутагдалгүй ажлаа хийж байсан намайг одоо зарлаад байгаа ажил албан тушаалд ажиллах санал тавиагүй ба өөр ажил албан тушаалд ажиллуулах ямар ч санал тавилгүй ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Компани нь Т.Бг бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн албан тушаалд 2016 оны 11 сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Тэрээр нэхэмжлэлд дурдсанчлан хөдөлмөрийн гэрээг цуцлах үед Хүний нөөцийн администраторын албан тушаалд ажиллаж байгаагүй болно.

Компани нь 2019 оны 05 сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын 089/19 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын дагуу тус албан тушаалын орон тоог хассан. Компаниас Т.Бд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бичгээр хүргүүлж, түүнд албан тушаалын орон тоо хасагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цуцлах болсон талаар 45 хоногийн өмнө мэдэгдсэн. Тэрээр 2019 оны 07 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын эх хувийг гарын үсэг зуран, хүлээн авсан байдаг.

Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээс хойш орон тоог дахин бий болгоогүй бөгөөд уг албан тушаалд өөр аливаа этгээдийг авч ажиллуулаагүй. Т.Б нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудлаар 2019 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу тэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор буюу 2019 оны 08 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Түүнчлэн тэрээр нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн аливаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар огт дурдаагүй байна.

Тиймээс Т.Бгийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Т.Бгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Бг “У” ХХК-ийн Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 000 000 төгрөгийг хариуцагч “У” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Т.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “У” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “У” ХХК-аас 206 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 588 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...12 000 000 төгрөгийг...” гэснийг “...12 509 014 төгрөгийг...” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “...206 950 төгрөгийг...” гэснийг “...215 094 төгрөгийг...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “У” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 16-ны өдрийн 588 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд:

Магадлалын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. Хэрэгт авагдсан 2019 оны 5 сарын 9-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн “Хөдөлмөрийн зардал танах, ажилтны тоог цөөрүүлэх болон орон тоо хасахыг батлах тухай” тогтоол, гүйцэтгэх захирлын 89/19 дугаар тушаал /1хх-153-157, 202-204/ зэргээр Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн албан тушаалын орон тоог хассан гэх боловч “Бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч” Т.Б /1хх-72-73/, “Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, Элсүүлэлтийн албаны администратор” Б.Хулан /1хх-137-138/, “Хүний нөөцийн зохицуулагч” Ж.Солонго /2хх-28-30/ нарын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үнэлбэл, тухайн байгууллагын бүтцээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр бодитоор байхгүй болсон буюу тухайн байгууллагад уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэргийн бусад баримтаар хангалттай нотлогдохгүй байна” гэжээ.

Компанийн зүгээс давж заалдах шатны шүүх ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд:

1.  Нэхэмжлэгч Т.Бгийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч” албан тушаал нь Б.Хулангийн “Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт болон элсүүлэлтийн албаны администратор” албан тушаал, Ж.Солонгын “Хүний нөөцийн зохицуулагч” албан тушаалаас чиг үүргийн хувьд огт өөр буюу эдгээр нь хоорондоо ялгаатай албан тушаалууд юм.

Тухайлбал, Т.Бгийн ажлын байрны тодорхойлолт /1хх-72-73/-д тусгагдсан түүний албан тушаалын үндсэн чиг үүрэг нь “Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан ахлахаас зааварчилсны дагуу Оюу Толгой гүний уурхайн төсөлд хүний нөөц бүрдүүлэх, ажилтан (үйлчилгээ үзүүлэгч гэрээт компани болон компанийн ажилтнууд) элсүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах” гэж тодорхойлсон G6 зэрэглэлийн албан тушаал. Харин Б.Хулангийн ажlын байрны тодорхойлолт /1хх-137-138/-д заасан түүний ажлын чиг үүрэг нь “Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт болон элсүүлэлтийн албаны захиргааны үүрэг, зохицуулалтын ажилд туслах” гэсэн туслах чиг үүрэг бүхий албан тушаал бөгөөд албан тушаалын зэрэглэлийн хувьд ч Т.Бгийн албан тушаалын зэрэглэлээс доогуур G9 зэрэглэлийн албан тушаал юм.

Харин Ж.Солонгын ажлын байрны тодорхойлолт /2хх-28-30/-д заасан чиг үүрэг нь “Хүний нөөцийн багийн өдөр тутмын ажлууд болох цалин, шилжилт, ажилтны харилцаа, ажиллах хүчний тогтвортой байдал, сургалт, Монгол ажилтнуудын төлөөлөл, соёл, сайн сайхан байдал болон бодлого журмыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зэрэгт зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх” зэрэг Т.Бгийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс тэс өөр чиг үүрэг бүхий албан тушаал юм. Түүнчлэн Ж.Солонго нь ээлжийн хуваариар Оюу Толгой төслийн талбайд байрлаж ажилладаг тул ажил үүргээ гүйцэтгэдэг байршлын хувьд ч Т.Бгийн Улаанбаатар дахь оффист байрлах ажлын байрнаас өөр юм.

2.  Т.Бгийн албан тушаалд хамаарах үндсэн ажил үүрэг (ажлын байрны тодорхойлолтын үйл ажиллагаа гэсэн хэсэгт дурдагдсан) /1хх-72-73/ нь Б.Хулан болон Ж.Солонго нарын ажил үүргээс ялгаатай. Компанийн хүний нөөцийн газар нь дараах хэлтсээс бүрддэг. Үүнд:

(a) Захиргааны хэлтэс;

(b) Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын хэлтэс (Т.Б болон Б.Хулан нарын харьяалагдах хэлтэс);

(c) Элсүүлэлтийн хэлтэс (Б.Хулангийн харьяалагдах хэлтэс);

(d) Хүний нөөцийн хэлтэс (Ж.Солонгын харьяалагдах хэлтэс).

Б.Хулангийн хувьд Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын болон Элсүүлэлтийн гэсэн 2 хэлтэст зэрэг харьяалагдаж ажилладаг ба үндсэн чиг үүрэг нь эдгээр хэлтсүүдийн үйл ажиллагаанд туслах юм. Б.Хулангийн ажлын байрны тодорхойлолт /1хх137-138/-д Б.Хулангийн хэрэгжүүлэх ажил үүргийг дээрх 2 хэлтэст холбогдуулан тус тусад нь тодорхойлж өгсөн байдаг. Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын хэлтэст хэрэгжүүлэх ажил үүрэг нь Т.Бгийн ажил үүргээс ялгаатай байгаа бодит фактыг шүүх үнэлэлгүй дүгнэлт гаргасан.

Дээрх Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын хэлтэс, Элсүүлэлтийн хэлтсүүд нь тусдаа байдаг талаар нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй болно. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-42-33/-д тодорхой тусгасан байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч “Элсүүлэлтийн хэлтсийн чиг үүрэг нь Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулах хэлтсийн сонгон шалгаруулалтын дагуу авсан ажилтанд дугаар үүсгээд эрүүл мэндийн үзлэгт бүртгүүлээд сайтруу явуулах үйл ажиллагаа хийдэг” гэсэн тайлбар өгсөн байдаг /2хх-42-33/.

Ж.Солонго нь Хүний нөөцийн хэлтэст харьяалагддаг бөгөөд ажлын байрны тодорхойлолт /2хх-28-30/-д заасан ажил үүргийн хувьд ажилтан бүрдүүлэлт болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай огт хамааралгүй атал давж заалдах шатны шүүхээс Т.Бгийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа мэтээр дүгнэлт хийснийг үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Т.Бгийн үндсэн ажил үүрэг нь ажилтан бүрдүүлэлт буюу шинэ ажилтан элсүүлэхэд шаардлагатай сонгон шалгаруулалт хийх, ажилтантай ярилцлага хийх зэрэг байхад тэдгээрээс огт өөр ажил, чиг үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудтай харьцуулж ижил мэтээр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

3.  Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудыг үндэслэж “тухайн байгууллагын бүтцээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр бодитоор байхгүй болсон буюу тухайн байгууллагад уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэргийн бусад баримтаар хангалттай нотлогдохгүй байна” гэсэн явцуу дүгнэлт хийсэн. Учир нь Т.Бгийн ажлын байрны орон тоо хасагдсан хэдий ч Ажилтан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын хэлтэс компанид байгаа, хэвээр тул тэрхүү хэлтэст ажиллаж байгаа зарим ажилтны нийтлэг чиг үүрэг Т.Бгийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй давхцаж болох нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл Т.Бгийн ажлын байр хасагдсан хэдий ч тус багийн бүтэц, чиг үүрэг нь компанид хэвээр хадгалагдан үлдэж болно. Мөн Т.Бгийн ажлын байр компанид дахин бий болоогүй бөгөөд түүний гүйцэтгэж байсан чиг үүрэг компанид цаашид шаардлагагүй болсон.

Түүнчлэн Б.Хулан нь одоогийн албан тушаалдаа 2018 оны 7 сарын 20-ны өдрөөс хойш ажиллаж байгаа /1хх-130-136/ тул Т.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш түүний ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэх болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм. Харин Ж.Солонго нь 2020 оны 01 сарын 16-нд компанитай гэрээ байгуулсан бөгөөд дээр дурдсанчлан Т.Бгийн албан тушаалтай огт хамааралгүй, өөр ажил, чиг үүрэг гүйцэтгэдэг болно.

Харин анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь түүний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд түүний ажлын байрны чиг үүргийг ажилтан Б.Хулан, Ж.Солонго нар гүйцэтгэж байгаа тул орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт баримтаар авагдсан Б.Хулан болон Ж.Солонго нарын ажлын байрны тодорхойлолтуудад заасан ажил үүрэг нь Т.Бгийн эрхэлж байсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт зохицуулагч”-ийн ажлын байрны орон тоог дахин бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж зөв дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт “...2019 оны 5 сарын 9-ны өдрийн гүйцэтгэх захирлын “Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай” /1хх-200-202/ тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан компанийн ажил, албан тушаалын жагсаалтыг хүчингүй болгож, зарим орон тоог хасах, цөөрүүлэх өөрчлөлт оруулах талаар дурдсан байх боловч хэргийн баримтаар өмнө нь батлагдсан нийт ажлын байрнаас хэдэн орон тоо хасагдаж, цөөрсөн эсэх үйл баримт тогтоогдсонгүй. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж буй тохиолдолд тэрээр уг үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй...” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэж заасан. Улмаар компани нь 2019 оны 5 сарын 9-ны өдрийн гүйцэтгэх захирлын 089/19 тоот тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж Т.Бгийн орон тоог хассан. Тус тушаалын хавсралт А /1хх-203/-д компанийн бүтцээс нийт 8 орон тоо хасагдаж, 5 орон тоон дахь ажилтнуудын тоог цөөрүүлсэн талаар тодорхой тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх түүнийг үнэлээгүй орхигдуулсан.

Түүнчлэн 089/19 тоот тушаалын хавсралт В-д өмнө нь батлагдсан бөгөөд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хүчингүй болгох ажил, албан тушаалын жагсаалтыг хавсаргасан байдаг. Т.Бгийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч” албан тушаал нь хавсралт В-ын 391-д дурдагдсан байдаг /1хх-210-211/ бөгөөд бүтцийн өөрчлөлтийн дараах албан тушаалын жагсаалт болох хавсралт С-д Т.Бгийн албан тушаал хасагдсан байдаг.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан орон тоо хасч, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байхад талуудын маргаагүй асуудлаар, хэрэгт цугларсан нотлох баримт (ялангуяа 089/19 тоот тушаал)-ын холбогдох хэсгийг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр дүгнэлт гаргаж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тус компанийн ажиллах хүчний шаардлага нь “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн төслийн тодорхой үе шатуудтай шууд холбоотой байдгаас гадна тухайн төслийг хэрэгжүүлэх “Оюу Толгой” ХХК-ийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаас бүрэн хамаардаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 -т “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан. Гэтэл компани өнөөдрийг хүртэл Т.Бгийн ажлын байранд буюу түүнтэй ойролцоо ажлын байранд ямар ч ажилтан шинээр аваагүй төдийгүй Т.Бгийн ажлын байр компанид цаашид шаардлагагүй болсон.

Компанийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн бөгөөд компанийн хувьд ажил олгогчийн хувиар эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай.

Магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Т.Б нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааг энэхүү шүүх хуралдаан болж буй 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэж тодорхойлж, нийт 22 955 000 төгрөгөөр хохирч байна гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг шинээр тодорхойлсон байдлаар талуудыг мэтгэлцүүлэх боломжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.” гэсэн дүгнэлт хийсэн хирнээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Т.Б 2019 оны 9 сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин, урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12 000 000 төгрөг нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүхээс сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан нь талуудын мэтгэлцэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн.

Нэхэмжлэл гаргасан үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийг өөрчлөх ихэсгэх багасгах, татгалзах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид хамаарахаас бус шүүх хэрэгжүүлэх эрх биш юм. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим алдагдаж, хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйл, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасны дагуу “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэх” ёстой байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуульд тусгайлан заасан журам зөрчсөн гэж үзэж байна.

Т.Б нэхэмжлэлийн үндэслэлдээ 2016 оны 7 сард компанид “Хүний нөөцийн администратор” албан тушаалд ажиллаж байснаа дурдаж ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг албан ёсоор тодруулахгүйгээр “Хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч” гэсэн өөр албан тушаалд эргүүлэн томилж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00225 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 16-ны өдрийн 588 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б “У” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Бг “У” ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт хариуцсан зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас “12 000 000 төгрөг” гаргуулахаар шийдвэрлэснийг “12 509 014 төгрөг” гэж, дээрх үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Т.Бг “У” /хуучин нэрээр Ж/ ХХК-д бүрдүүлэлт хариуцсан зохицуулагч албан тушаалд ажиллаж байхад нь Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 143/19 тушаалаар “ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5., Гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №089/19 дугаартай тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд ажил олгогч “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

Орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон байх бөгөөд тухайн ажил, ажлын байрыг хасах болсон үндэслэл тодорхой байх бөгөөд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай.

Нэхэмжлэгч Т.Б ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч, “...намайг ажлаас халснаас хойш тухайн ажил дээр ажлын байр сонгон шалгаруулаад авсан, мэйлээр орж үзэхэд туслах Уламбаяр миний хийдэг ажлыг хийгээд, дотоод сүлжээгээр 23 ажлын байр зарласан, сайт дээр 14 ажлын байр зарлагдсан. Энэ ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэхээр байхад ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд “...компанийн хувьд ажилтан бүрдүүлэх, сонгон шалгаруулалт гээд баг байгаа, хажууд нь элсүүлэлт болон аялал зохицуулах баг, хүний нөөцийн хэлтэс гэсэн гурван хэлтэс тус бүрдээ ажилтантай, Т.Б бол багийн нэг хэсэг, Т.Бгийн ажлын байр, орон тоо хасагдсан хэдий ч компанийн ажил хэвээр үргэлжилж байгаа тул зарим ажилтны нийтлэг чиг үүрэг Т.Бгийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй давхцаж болох нь зүйн хэрэг, өөрөөр хэлбэл Т.Бгийн ажлын байр хасагдсан хэдий ч тус багийн бүтэц чиг үүрэг нь компанид хэвээр хадгалагдан үлдэж болно...” гэж маргажээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй.

Хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтаар нэхэмжлэгч Т.Бгийн ажлын байр, гүйцэтгэж байсан ажил үүрэг нь компанид ямар нэг байдлаар хадгалагдаж үлдсэн гэж үзэхээр байх тул ажлын байр, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн тус компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх болсон шаардлага, нэхэмжлэгчийн ажлын байр, орон тоог хасах болсон үндэслэл, шалтгаанаа хариуцагч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.           

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн алдааг засч, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас чөлөөлсөн 2019 оны 7 сараас 10 сарыг дуусталх хугацаагаар тооцож 12 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-нд шийдвэрлэж байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацааны олговрыг нэхэмжилсэн нь хуралдааны тэмдэглэлд /2 дугаар хавтас, хх-38/ тусгагдсан байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээд хэргийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр “...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 588 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД