Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00355

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00355

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Өнөр хороололд байрлах Өнөр сууц өмчлөгчдийн холбоо *******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Өнөр хороолол ******* тоотод оршин суух, Заамбулагт овогт *******н ******* /*******/-д холбогдох

360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 142/2019/00259/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Д.******* нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Өнөр хорооллын 101 дүгээр байрны 30 тоот орон сууцанд оршин сууж байна. Өнөр хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 сард 7500 төгрөг байхаар тогтоосон байдаг. Д.******* нь 101 дүгээр байрны 30 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 4 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 360000 төгрөг болно. Уг 360000 төгрөгийг задлаж үзвэл 2015 онд 90000 төгрөг, 2016 онд 90000 төгрөг, 2017 онд 90000 төгрөг, 2018 онд 90000 төгрөг нийт 360000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс Д.*******эс Өнөр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамаалалтын хөлс болох 360.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь 2015 оноос хойш Өнөр хотхоны 101-р байранд оршин сууж байгаа. Өнөр хорооллын бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардал гэж сард 7500 төгрөг байхаар тогтоосон байдаг. Нийт 4 жилийн хугацааны дундын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын төлбөрийг огт төлөөгүй байгаа. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч харуулын албатай байхыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Бүх гишүүдийн хурлаас 89 хувиар харуулын албатай байсан нь зөв гэсэн шийдвэр гарсны дагуу харуулын албатай болсон учраас хариуцагч ******* нь энэ зардлыг төлөх үүрэгтэй юм. Иргэний хуулийн 148.3-т заасныг үндэслэл болгон авч үзэж байна. 2013 онд 20 гаруй хүн цуглаад СӨХ-ны хурал хийсэн гэж байна. Тухайн үед 39 айл орон сууцандаа орсон байсан. *******э гуай өөрөө тэр үед байгаагүй. 2013 онд 20 айл, 2013 оны 08 сард хуралдсан хуралд 19 айл оролцсон. СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2 дахь заалт буюу 50 хувиас дээш хувь нь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Ийм учраас хурал хүчин төгөлдөр болсон гэж үзсэн. Үүний дагуу 2013 оны 08 сарын 26-ны өдөр 2 дугаартай тогтоол гарч харуулын алба ажиллуулах нь зүйтэй байна гэж үзсэн. 2016 оны 01 сард бүх гишүүдийн хурал хийсэн байдаг. Ирц хүрээгүй учир 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахиж санал авсны дагуу харуул хамгаалалтын алба ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн өмчлөгч зүй ёсны гишүүн учир үүргээ биелүүлэхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд үндэслэсэн. Энэ хуульд зааснаар иргэд өөрсдөө хүсвэл өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийг хамгаалуулах зорилгоор СӨХ байгуулна гэж заасны дагуу СӨХ байгуулсан. Манай СӨХ 2013 онд байгуулагдсан. 2013 онд СӨХ байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. СӨХ-ны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлаар манай оршин суугчид нийтлэг нэг байр суурьтай байдаг. СӨХ-ны үйл ажиллагаа маш сайн явдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн өмчлөгчийн хувийн эд хөрөнгийнх нь үнэ цэнэ юун дээр бий болдог вэ? гэхээр тухайн эд хөрөнгийн эргэн тойронд байгаа дундын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, орчин тойрноосоо эхлээд тухайн хувь хүний хөрөнгийн үнэ цэнийг өсгөдөг үйл ажиллагаа байгаа. Манай харуул хамгаалалт байх уу?, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. Анхнаасаа харуул хамгаалалттай байя гэдэг асуудлыг 2013 онд 39 оршин суугч байхдаа 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болон 08 дугаар сард болсон хэсэгчилсэн хурлаар бүх оршин суугчдын 100 хувийн саналаар харуул хамгаалалтай байх нь зүйтэй юм байна гээд тухайн байрны гүйцэтгэгч компани болох Номин констракшн компаниас санхүүжилт авч явсан. 2014 оны сүүл, 2015 оноос эхлээд харуулын зардлын асуудлыг яах юм бэ?, цаашид байх юм уу? гэдэг асуудал ярьсан. Хүмүүс харуулыг байлгаад дундын хөрөнгүүдээ харуулах, мөн зарим нэг хэсэг нь хуваарьт хөрөнгөө харуулахыг хүсдэг. Нийт оршин суугчид 2013 онд нэг удаа, 2016 онд дахин нэг удаа хуралдаж харуул хамгаалалтыг тусгай харуулын албаар хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй юм байна. Ингэж байгуулсан нь бид нарын дундын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд сайн үр дагавартай юм байна гэдэг асуудал яригдаж шийдэгдсэн. Нэгэнт харуул байлгах гэж байгаа бол түүнтэй холбоотой зардлын асуудлыг ярих ёстой. Хэрэгт Өнөр СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн 2 удаагийн аудитын дүгнэлт өгсөн. Энэ дүгнэлт дээр орлого, зарлагыг бүгдийг нь заачихсан байгаа. Энэ орлого, зарлагаас оршин суугчдын сар болгон өгсөн 8700 төгрөг юунд зарцуулагддаг нь харагдана. Оршин суугчид СӨХ-нд сард нэг удаа 8700 төгрөг өгдөг. Энэ өгч байгаа мөнгийг юунд зарцуулж байгааг мөн гаргаж тайлагнадаг. Энэ мөнгөнөөс үйлчлэгч, туслах ажилтны цалин, захирлын цалинг олгож нийгмийн даатгал төлдөг байгаа. Харин дундын эд хөрөнгийн хадгалалтын асуудлыг 24 цагаар харуулж байхаар харуулын албатай тохирсны үндсэн дээр ажиллуулж, үүний үндсэн дээр манай дундын эд хөрөнгө бүрэн бүтэн байдаг. Бүх гишүүдийн хурал дээр энэ асуудлыг ярихаар 2013 онд цөөхөн байсан. Түүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурал дээр мөн дахиад энэ асуудлыг ярьсан. Оршин суугчдын 90 гаран хувь нь харуул хамгаалалттай байх нь зүйтэй байна гэсэн асуудлыг ярьдаг. Тийм учраас харуул хамгаалалтын асуудлыг оршин суугчдын саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэсэн. Хууль зүйн хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т энэ асуудлын талаар заасан байдаг. Нийтлэг зардлыг тогтоохдоо СӨХ бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж энэ хуульд заасан байдаг. Мөн энэ хуулийн 13.2-т сууц өмчлөгчийн үүргийг заасан байдаг. Мөн хуулийн 13.2.3-т Дундын эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлуудыг хуульчлахдаа Иргэний хуулийн 147.2-т заасан болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 147.2-т Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж заасан байдаг. Тэгэхээр манай оршин суугчдын хувьд энэ зардлыг тогтоохдоо нийт оршин суугчдын хурлаар хэлэлцэхээс гадна тухайн оршин суугчдын саналыг нэг бүрчлэн бичгээр авч хуралд оролцох бололцоогоор нь хангаж хурал хийх гэхээр манай оршин суугчид орж ирдэггүй асуудал яригддаг. Тийм учраас энэ хурлыг 2016 онд эчнээ санал хураалтын хэлбэрээр явуулж эчнээ санал хураалтаар оршин суугчдын дийлэнх нь дэмжсэн учраас энэ зардлыг тогтоосон. Хуульд зааснаас гадна манай өмчлөлийн хөрөнгө дотор ногоон байгууламж мод, хашаа, зам гэрэлтүүлгийн шон, дундын өмчлөлийн зам талбай гээд бүх хөрөнгүүд орж байгаа. Энэ хөрөнгүүдийг иргэн *******, Ганзориг нар гарч ирээд манадаггүй юм. Тийм учраас оршин суугчид энэ байранд 24 цагийн хамгаалалт хэрэгтэй юм байна гэдэг асуудлыг дэмждэг учраас шийдээд явсан. Хариуцагчийн хэлж байгаа 8700 төгрөгөнд хүмүүсийн цалин, засвар үйлчилгээ, цэвэрлэгээний материал бүгд ордог. Энэ зардлыг тооцож үзвэл энэ мөнгө нь хаана ч хүрдэггүй. Энэ мөнгөн дотроо дахиад харуулын хөлсийг оруулж тооцно гэдэг нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 147.5-т Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр манай байрны дундын эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад энэ хүн санал өгсөн эсэх, зөвшөөрсөн эсэх нь хамаагүй хуульд заасан зардлыг төлөх үүрэг нь Иргэний хуулийн 148.2.1, 147.2, 148.3-т зааснаар үүснэ. Энэ үүргээ биелүүлээд явах нь иргэн хүний үүрэг юм гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Баримтын хувьд харуулд мөнгө төлдөг эсэх асуудал нь 2 удаагийн аудитын тайлан дээр харуулын зардлыг тусгаж өгсөн байгаа гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дээрх нэхэмжлэлийг эсэргүүцэн тайлбар гаргаж байна. 2013 оны 03 сард 101-р байрны гадаа СӨХ байгуулах тухай хурал болсон. Би тэр хурал гэх жүжгийг тавцан дээрээсээ харсан. Номингийн өөрийн байгуулсан тоглоомын СӨХ-ны дарга Баттуяаг даргаар нь сонгосон. Хуралд 21 хүн оролцсон. Дараа нь харуулын мөнгө гэх 7.500 төгрөгийг бүх оршин суугчдаас нэхэх болсон. Би хуулийн дагуу СӨХ-ны мөнгө 8.600 төгрөгийг сар бүр төлдөг. Эхнэр бид 2 группт байдаг. Группийн мөнгө тун бага, ийм учраас хууль бус зүйлийг дэмжиж чадахгүй. Би бүх гишүүдийн хуралд нэг удаа суусан. Эхний удаад бол полконоороо хурал хийж байхыг нь харсан. Энэ СӨХ бол оршин суугчдын дундаас томилогдсон СӨХ ерөөсөө биш юм. Эхний ээлжинд 24 хүн гадаа хурал хийсэн. Тэр хурал дээр Баттуяаг даргаар тавъя гэж байсан. Би 2013 онд энэ байранд орсон. Тэр хурал дээр тиймэрхүү юм яригдаад харуул хамгаалалттай байя гэсэн санал тавьсан. Харуул хамгаалалт байх ёстой гэвэл байг. Гагцхүү тэр надаас гарч байгаа 8700 төгрөгтөө энэ харуулын зардлаа багтаамаар байна. Бид шинэ байранд орсон оршин суугчид. Нэг ширхэг хадаас ч хадах, нэг ширхэг будаг түрхэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг биднээс илүү аваад байна. СӨХ-ны хүмүүс харуул асар их юм харж байгаа гэдэг юм. Монгол улсын хуульд дундын өмчлөлийн өмч хөрөнгө гэж юу вэ? гэхээр байшингийн гадна хана, даацын хана, доод хонгил, дээвэр, цахилгаан болон явган хүний шат гээд бүх юм. Тэр байтугай хогийн сав, цонх, хаалга, саравч, хүүхдийн тоглоомын талбай олон нийтийн зориулалтаар байгуулсан усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж гэдэг нь дундын өмчид орно гэж байгаа. Надаас авч байгаа мөнгөө СӨХ энэ зүйлд зарцуулж байна гэж ойлгож байгаа. Харуул хамгаалалтыг оршин суугчид хүсвэл харуул хамгаалалт гаргаж болох байх. Хамгийн гол нь Монгол улсын ерөнхийлөгчөөсөө эхлээд СӨХ-ны дарга хүртэл хулгайн зүйл хийж байгаад харамсаж байна. Одоогийн залуучууд ямар нэг зүйл бүтээхдээ хэнийг таних вэ?, хэнд хэдэн төгрөг өгөх вэ? гэдэг асуудал хайдаг болсон байна. Харуул ерөөсөө байхгүй гэж би хэлээгүй. Тэр СӨХ-ны мөнгө гэж сар болгон аваад байгаа 8000 төгрөгнөөсөө харуул хамгаалалтын төлбөрөө зохицуул гэж хэлдэг. Тэр байтугай зарим нэг СӨХ-ны хүмүүс 7500 төгрөг бага байна. 10000 төгрөг болгохгүй бол хүрэхгүй байна гэж байгаа. Шударга бус байгаа зүйлийг үзэж чадахгүй байна. Манай СӨХ-ны дарга Баттуяа намайг сайн танихаас гадна хүндэлдэг. Нэг удаа хурал дээр зориуд хүн явуулж хуралд орооч гэсэн. Би тэр хуралд нь оролцсон. Тэр өдрийн хуралд 16 хүн орсон. 16 хүний 3 нь харуул, 2 нь цэвэрлэгч, нягтлан, ганц нэг хөгшин хүмүүс, хүүхэд байсан. Тэр хурал дээр дахиад нөгөө асуудлаа хэлсэн. Үнэхээр харуул хэрэгтэй бол машинтай хүмүүсээс нь тэр төлбөрөө ав гэж хэлсэн. Машингүй хүмүүсээс битгий ав гэсэн. Би 80 айлын санал авсан. Дээрх 80 айл харуулын мөнгө авч байгаа дээр нь СӨХ-ны мөнгө авч байгаа нь 2 давхар юм болоод байна гэж үзсэн. Өнөөдөр 189 айлын эрх ашгийг тэр үеийн 20, 30 хүний санал хангах боломжгүй юм. Энэ байрны зарим айлууд олон гомдол хэлдэг. Жишээлбэл 104-11 тоотод оршин суудаг охин гэртээ засвар хийж байгаад коридортоо шинэ буйдангаа гаргаад тавьчихсан байсан чинь харуул нь ачаад явчихсан байсан. Мөн 104-51 тоотын оршин суугч машинаа 2 удаа шүргүүлсэн. Тэгээд харуулд хэлэхээр бид нар харах албагүй гэдэг. Харуул дээр камер байдаг. Нэг нүдтэй би битгий хэл 2 нүдтэй хүн тэрийг харахгүй байна. Хүчин чадал үнэхээр муу байна. Хүмүүст энэ камер ажиллаж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Одоо 189 айлын эрх ашгийг тэр үеийн 30 хүн шийдэхгүй гэж үзэж байна. Хуульд нийт өрхийн 50 хувь нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.*******д холбогдуулан Өнөр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйл 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх хуулийн заалтад үндэслэн нэхэмжлэгч Өнөр СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалттай холбогдон гарах зардлыг сууц өмчлөгч нараас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргаас 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 01 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч Өнөр СӨХ нь 2013 оны 04 дүгээр сарын 22-нд үүсгэн байгуулагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 101, 102, 104-р байрны 207 сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажиллах эрх, үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Өнөр СӨХ-ны бүх гишүүдийн 2016 оны 01 сарын 30-ны өдрийн хурлаар дундын өмчлөлийн хамгаалалтын хөлсийг нэг өрхөөс 7500 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн, хуралд 185 өрх бичгээр санал өгч, 50 сууц өмчлөгч хуралд биечлэн оролцож, эчнээ санал хураалтаар хурлын ирц 89.3 хувийн ирцтэй байсан тул тухайн өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хариуцагч Д.******* биелүүлэх ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.... гэж тайлбарлаж, хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх үндэслэлээ ...харуул хамгаалалт байх ёсгүй гэж үзэхгүй байна, бид нараас СӨХ-ны мөнгө гэж авдаг 8000 төгрөгнөөсөө харуул, хамгаалалтын зардлыг гаргаад явах боломжтой, тухайн үед хуралд оролцсон 20, 30 хүний саналаар нийт айлын эрх ашгийг шийдвэрлэх боломжгүй, хуульд нийт өрхийн 50 хувь нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Хурлын ирц бүрдээгүй байхад хамгаалалтын хөлс гэж сар бүр нэг өрхөөс 7500 төгрөг авахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.. гэж тайлбарлаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Өнөр СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай Харуул хамгаалалтын албыг ажиллуулах тухай тогтоолоор сууц өмчлөгчдийн холбооны 2013 оны 07 сарын 03, 2013 оны 08 сарын 25-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэнийг үндэслэн Өнөр хотхоны оршин суугчдын хуралд танилцуулагдсан Сектек хамгаалалтын албатай 24 цагийн харуул хамгаалалтын албатай гэрээ хийж ажиллах, харуул хамгаалалтын зардлыг одоогийн оршин суугчдын нийт өрхийн тооны судалгаагаар үндэслэн нэг өрхөөс 7500 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн /хэргийн 54-63-р тал/, мөн Өнөр СӨХ-ны бүх гишүүдийн 2016 оны 01 сарын 16-ны өдрийн хурлаар бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй тул хурлыг 14 хоногоор хойшлуулж 2016 оны 01 сарын 30-ны өдрийн 11.30 цагт товлох, хуралд биечлэн оролцох боломжгүй сууц өмчлөгч, түүний төлөөллөөс хурлаар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлаар саналыг бичгээр авч дараагийн хуралд танилцуулах, энэ нь хуралд эчнээ санал хураалтаар оролцож санал өгсөн гэж тооцохоор шийдвэрлэв гэж, 2016 оны 01 сарын 30-ны өдрийн хурлаар нийт 207 сууц өмчлөгчөөс 50 сууц өмчлөгч хуралд биечлэн ирж хурлаар дундын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтын байдлыг харгалзан цаашид гэрээт харуул ажиллуулж, хөлсийг нь өмнө мөрдөж байсан 1 өрх 7500 төгрөг байхаар тогтоох гэж /хэргийн 40-45-р тал/ тус тус шийдвэрлэжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүлйин 8.5-д Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ. гэж, 8.8-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна. гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Өнөр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын материал 2015 он гэх 205 хуудас баримтыг эх хувиар нь нотлох баримтаар судлуулсан ба 55-р хуудасны Асуулга гэх баримтын санал асуулгын зорилго нь: Оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дундын эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, арчлалтыг сайжруулах ажлыг зохион байгуулахад оршин суугчдыг татан оролцуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино гээд СӨХ-ны үйл ажиллагааг үнэлж дүгнэвэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, арчлалт хэр зэрэг байгааг дүгнэвэл, харуул хамгаалалтыг цаашид ажиллуулах шаардлагатай эсэх, харуул хамгаалалтыг зардлыг яаж хуваарилах нь зүйтэй талаар, цаашид СӨХ ямар ажил зохион байгуулах шаардлагатай талаар гэсэн асуултуудад хариулт авах хэлбэрээр авагдсан байх ба уг асуулгаар Өнөр СӨХ-ны 2015 оны ажлын тайлангийн хурлыг 2016 оны 01 сарын 23-нд, 2016 оны 01 сарын 30-ны алинд нь хийх эсэх талаар оршин суугчдаас санал асуух хэлбэрээр авагдсан болохоос биш Өнөр СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар Өнөр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардал, хөлсийг хэдээр тогтоох, ямар байдлаар шийдвэрлэх талаар хуралд оролцохгүй бол саналаа бичгээр, эчнээ хэлбэрээр өгөх талаар ойлгомжтой, тодорхой асууж, санал авах хэлбэрээр авагдаагүй байна.

Өнөр СӨХ-ны 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хуралд тус холбооны нийт 207 сууц өмчлөгчөөс 50 сууц өмчлөгч биечлэн оролцож хурлаас Өнөр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлсийг нэг өрхөөс сар бүр 7500 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэсэн заалттай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 01 сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Д.Эрдэнийн төлөх ёстой байсан харуул, хамгаалалтын хөлс болох 2015 оны 90000 төгрөг, 2016 оны 90000 төгрөг, 2017 оны 90000 төгрөг, 2018 оны 90000 төгрөг нийт 360000 төгрөгийг хариуцагч Д.******* нэхэмжлэгч Өнөр СӨХ-д төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч Өнөр сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ