Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00397

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00028 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 640.2 ам.доллар буюу 16 354 813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралддааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Х ХХК-ийн хүсэлтийн дагуу ачаа тээвэрлэх үйл ажиллагааг 2014 оноос хойш гүйцэтгэж, хамтран ажиллаж ирсэн.  2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 2 компани тээвэрлэлтийн хөлсний тооцоог гаргаж төлбөрийг богино хугацаанд дуусгахаар тохиролцсон. Уг тооцоогоор хариуцагч нь манай компанид 37 828.2 ам.долларын тээврийн хөлсний өртэй байсан ба тооцоо нийлснээс хойш 31 188 ам.доллар төлж, үлдэгдэл 6 640.2 ам.доллар төлөөгүй, сайн дураар төлөхөөс зайлсхийж байна. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 37 828.2 ам.долларын тооцоон дээр 4 контейнерын тээврийн зардал 14 400 ам.доллар нэмэгдэж нийт 52 288.2 ам.долларын өглөгтэй байснаас Х ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 13-нд 27 200 ам.доллар, 2017 оны 7 дугаар сарын 24-нд 17 450 ам.доллар, 2017 оны 8 дугаар сарын 03-нд 938 ам.доллар, нийт 45 588 ам.доллар төлсөн, үлдэгдэл 6 640.20 ам.доллар төлөөгүй.

 Иймд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2 463 төгрөгөөр тооцож, 16 354 813 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-тай 2016 онд Итали загварын тавилга бүхий ачаатай чингэлэгийг Индонез улсын Semerang боомтоос Улаанбаатар боомт хүртэл тээвэрлэн хүргэх, энэхүү тээвэрлэлтийн хөлсийг чингэлэг тус бүр нь 3 600 ам.доллар байхаар тохиролцсон.

Талууд 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тооцоо нийлснээр тооцооны үлдэгдэл  ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 оноос хойш ачаа тээвэрлэлтийг хожимдуулан, ачуулсан бараанд гэмтэл гарах гэх мэт асуудал гарч эхэлсэн. Нэхэмжлэгч тал 4 кантейнерын тээвэрлэлтийн хөлс 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  нэхэмжлэл байгаа. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тооцоо нийлээд 37 828 ам.доллар дотор 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн кантейнерын 3600 ам.доллар орсон, мөн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн, нэхэмжлэгч 4 кантейнерын үнийг нэхэмжилж байгаа.

Нэг кантейнерын үнэ 3600 ам.доллар, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн кантейнерийн хөлс 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тооцоонд орсон. 37 828 ам.доллар дээр 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн кантейнер буюу 10 800 ам.долларыг 37 820 ам.доллар дээр нэмэхээр 48 800 ам.долларын гарна. Х ХХК 45 588 ам.доллар төлсөн бөгөөд 48 628 ам.доллараас 45 588 ам.долларыг хасахад 3 040 ам.доллар гарч байгаа. Цоорхой кантейнерт бараа ачуулснаас болоод барааны гэмтэл гарсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 3 040 ам.долларын гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн. Гэмтлийг удаа дараа арилгуулахыг шаардсан боловч А ХХК нь хохирлыг төлөөгүй учраас үлдэгдэлд тооцож мөнгийг суутгасан учраас тээвэрлэлтийн хөлсийг төлөх үндэслэлгүй, хөлсийг төлсөн гэж үзэж байна. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл тооцоо нийлээд Х ХХК-ийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 37 228 ам.долларын үлдэгдэлтэй болсныг баталгаажуулсан. Уг тооцоонд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн чингэлгийн тооцоо орсон учраас 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тооцоо нийлсэн. Х ХХК нь А ХХК-д 27 288 ам.долларыг 2017 оны 6 дугаар сарын 13-нд талууд дахин тооцоо нийлээд 17 820 ам.долларын үлдэгдэлтэй гэж гарсан. Манайх 48 628 ам.доллар төлөхөөс  45 588 ам.доллар төлсөн, 3 040 ам.долларын үлдэгдэлтэй.

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаалиар орж ирсэн чингэлэг ашиглагдах худалдан борлуулах боломжгүй нь Худалдаа аж үйлдвэрийн импекс, экспортын хэлтсээс үзлэг хийгээд 3 040 ам.долларын хохирол учирсан нь тогтоогдсон. Хариуцагчаас 3 040 ам.долларт суутгаад тээвэрлэлтийн бүх зардлаа төлсөн учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-иас /РД:5849713/ тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 040 ам.доллар буюу 7 487 520 /долоон сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан, А ХХК-д /РД:2785447/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 600 ам.доллар буюу 8 866 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 725 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 134 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нь 52 288.2 ам.долларыг төлөх үүрэгтэйгээс 2017 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн тооцоогоор төлсөн 31 100 ам.доллар дээр 17 450 ам.доллар, 938 ам.долларыг нэмээд нийт 49 576 ам.долларыг төлсөнд тооцож шийдвэр гаргасан байна. Гэтэл 31 188 ам.долларыг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр төлсөн гэж шүүх үзэж байгаа бол 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 27 200 ам.долларыг юу гэж ойлгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл бүрдэж байна. шүүхэд нэхэмжлэл гаргах үед 31 188 ам.долларыг шууд хасч болохгүй. Учир нь хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар өгсний дараа нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж тооцоонд ороогүй 4 чингэлэгийн тээврийн хөлсийг тодорхойлсон.

Иймд нэхэмжлэлээс 3 600 ам.доллар буюу 8 866 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тээвэрлэлтийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой үүссэн харилцаанд хамаарах нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хээрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 6 640.2 ам.доллар буюу 16 354 813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2016 онд Индонез улсын Семеранг /Semerang/ боомтоос Улаанбаатар боомт хүртэл загварын тавилга бүхий ачаатай чингэлэгийг тээвэрлэн хүргэж, энэхүү чингэлэг тус бүрийн тээвэрлэлтийн хөлсийг 3 600 ам.доллар байхаар амаар тохиролцсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг дуусталх хугацаанд үүссэн тооцоогоо нийлж,  хариуцагч Х ХХК нь 37 828.20 ам.долларын өглөгтэй гарсныг баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон. Хариуцагч 3 040 ам.долларын үлдэгдэлийн талаар маргаагүй. /х.х-ийн 6 дугаар тал/ Харин 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд үүссэн тооцоогоо нийлж, хариуцагч Х ХХК нь 17 828.20 ам.долларын өглөгтэй гэж баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ. /х.х-ийн 87 дугаар тал/

Дээрх тооцоо нийлсэн баримтууд, Голомт банкны дансны хуулга, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Х ХХК-ний нийт төлөх 52 288.2 ам.доллараас төлсөн 49 576 ам.долларыг хасч тооцоход 2 271.2 ам.долларын үлдэгдэл гарч байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэг зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болно. Хариуцагч нь  өөрийн  тайлбартаа 3 040 ам.долларын өрийн  үлдэгдэл байгааг зөвшөөрч  байх тул 7 487 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хариуцагч Х ХХК-иас 7 487 520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тооцоонд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ачааны тооцоо ороогүй гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирсэн ачааг мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэхээр шаардсан баримтууд авагдсан байна. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй учраас гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                    Д.БАЙГАЛМАА