Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00028

 

                               

 

 

                                      

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00028                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,640.2 ам доллар буюу 16,354,813 /арван зурган сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг ба Х ХХК-ийн хүсэлтийн дагуу ачааг тээвэрлэх үйл ажиллагааг 2014 оноос хойш гүйцэтгэж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2 компанийн тээврийн хөлсний тооцоог 2017 оны 6 сарын 06-ны өдрийн байдлаар тооцон гаргаж төлбөрийг богино хугацаанд дуусгахаар тохиролцсон. Уг тооцоогоор хариуцагч нь манай компанид 37,828.20 ам долларын тээврийн хөлсний өглөгтэй байсан ба тооцоо нийлснээс хойш 31,188 ам доллар төлж, үлдэгдэл 6,640.20 ам доллар төлөөгүй байна. Үлдэгдэл тооцоог дуусгах, хэрхэн яаж, хэзээ төлөх талаар захирал М.Хурцбилэгтэй олон удаа холбогдсон ч тодорхой үр дүнд хүрэхгүй, сайн дураар төлөхөөс зайлсхийж байх тул 2018 оны 7 сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2463 төгрөгөөр тооцож, 16,354,813 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдлаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 компанийн хооронд 2017 оны 6 сарын 06-ны өдөр тооцоо нийлж 37,828.20 ам өглөгтэй тухай баталгааг үйлдсэн.  Энэ өдрөөс хойш хариуцагч нь 2017 оны 6 сарын 05, 2017 оны 6 сарын 12, 2017 оны 6 сарын 20, 2017 оны 7 сарын 18-ны өдрүүдэд ирсэн контейнер ачааны тээврийн зардал /3,600х4/ нийт 14,400 ам доллар нь 2017 оны 6 сарын 06-ны өдрийн тооцооны баталгаанд ороогүй ба уг төлбөрийг төлөх тухай нэхэмжлэх дээр гарын үсэг зурж төлбөрийг төлсөн боловч улдэгдлийг төлөөгүй юм. Өөрөөр хэлбэл 2017 оны 6 сарын 06-ны өдрийн 37,828.20 ам долларын тооцоон дээр 4 контейнерын тээврийн зардал 14,400 ам доллар нэмэгдэж нийт 52,288.2 ам долларын өглөгтэй байснаас Х ХХК нь 2017 оны 6 сарын 13-нд 27,200, 2017 оны 7 сарын 24-нд 17,450, 2017 оны 8 сарын 03-нд 938, нийт 45,588 ам доллар төлсөн, одоо үлдэгдэл 6,640.20 ам долар төлөөгүй тул гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2016 онд итали загварын тавилга бүхий ачаатай чингэлгийг Индонез улсын Семеранг боомтоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлэн хүргэх, энэхүү тээвэрлэлтийн хөлсийг чингэлэг тус бүр нь 3,600 ам доллар байхаар тохиролцсон. 2017 оны 6 сарын 06-ны өдөр талууд тооцоо нийлснээр үлдэгдэл 37,828.20 ам доллар байгааг баталгаажуулсан. Энэ төлбөрөөс 2017 оны 6 сарын 13-ны өдөр 20,000 ам доллар, 2017 оны 7 сарын 24-ний өдөр 14,000 ам доллар, 2017 оны 8 сарын 03-ны өдөр 938 ам доллар, нийт 34,938 ам доллар төлсөн. Үлдэгдэл 2,890 ам долларыг тээвэрлэгчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс манай компанид учирсан хохиролд суутган үлдээснийг “А” ХХК-д тухайн үед нь мэдэгдэж байсан бөгөөд одоо тээврийн хөлсийг шаардах болсон үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагадаа огт дурдаагүй байна. Тухайн мөнгийг манай компани санаанаасаа зохион тооцож төлөөгүй бөгөөд ачаа илгээгч болох Индонез улсын Семеранг дахь олон улсын ачаа тээвэрлэгч компани тээвэрлэсэн ачаанд учирсан хохирлыг 3,040 ам доллараар тооцон, тээврийн үлдэгдэл төлбөрөөс суутган үлдээ, бид даатгалын компаниас авчихна гэсэн тул манай компани тээврийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болно. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд “А” ХХК ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг явуулахдаа ачаа илгээгч Индонез улсын компанитай ачаа тээврийн хөлс төлөлт, тээвэрлэлтийн явцад илгээсэн бараа гэмтсэн асуудлаар харилцан мэдээлэл солилцох нь тэдний хооронд байгуулсан гэрээний харилцаанд хамааралтай асуудал юм. Иймд тээвэрлэлтийн үйлчилгээний явц, төлбөр тооцоо, манайд учирсан хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал атал шууд нэхэмжилж буйг хариуцлагагүй шаардлага гэж үзэж байна. Иргэний хуулийн 384.1-д зааснаар “Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу “А” ХХК хариуцлага хүлээх учиртай. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлага болох 6,640.20 ам доллар юуны улмаас үүссэн төлбөр болох нь тодорхойгүй байна. ИХШХШтХ-ийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байхыг хуулиар шаардсан байна. Энэ нь нэхмжлэлийн үндэслэл болох шүүхэд хандах болсон бодит нөхцөл байдал, түүний шаардлаг ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгч тодорхойлсон байх үүрэгтэй байтал 6,640 ам долларыг ямар учраас нэхэмжилж байгаа үндэслэл тодорхойгүй байна. Тээвэрлэлтийн гэрээний гол нөхцөл нь тээвэр хариуцсан этгээд гэрээнд заасан ачааг тогтоосон газарт нь хүргэж өгөх үүргийг, ачаа хүлээн авагч нь зөвхөн тээвэрлэлтийн хөлсийг төлөх үүргийг хүлээдэг. Иймд нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн явцад үүссэн бусад нэмэгдэл хөлсийг хариуцагчаас шаардах эрх зүйн боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хур ирмүүн” ХХК нь 2014 оноос хойш өөрийн компанийн ачааг тээвэрлүүлэхээр А ХХК-тай ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 оноос хойш ачаа тээвэрлэлтийг хожимдуулсан ачуулсан бараад гэмтэл гарах гэх мэт асуудал гарч эхэлсэн. Нэхэмжлэгч тал 4 кантнерын тээвэрлэлтийн хөлс буюу 2017.06.05-ны өдөр, 2017.06.06-ны өдөр, 2017.06.18-ны өдөр, 2017.06.20-ны өдрүүдийг  нэхэмжилж байгаа. 2017.06.06-ны өдөр тооцоо нийлээд 2017.06.05-ны өдрийн 3600 ам.доллар орсон гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. 37.828 ам.доллар дотор 2017.06.05-ны өдрийн кантнерын 3600 ам.доллар орсон. Мөн 2017.06.13-ны өдөр тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч 4 кантнерын үнийг нэхэмжилж байгаа. Нэг кантнерын үнэ 3600 ам.доллар байгаа. 2017.06.05-ны өдрийн кантнерын хөлс 2017.06.06-ны өдрийн тооцоонд орсон. 37.828 ам.доллар дээр 2017.06.18-ны өдрийн кантрнер буюу 10800 ам.долларыг 37.820 ам.доллар дээр нэмэхээр 48.800 ам.долларын дүн гарч байгаа. Хур ирмүүн ХХК нь 45.588 ам.доллар төлсөн байгаа бөгөөд 48.628 ам.доллараас 45.588 ам.долларыг хасахад 3040 ам.доллар гарч байгаа. Цоорхой кантнерт бараа ачуулснаас болоод барааны гэмтэл гарсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлээд 3040 ам.долларын гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн. Гэмтлийг удаа дараа арилгуулахыг шаардсан боловч А ХХК нь хохирлыг төлөөгүй учраас үлдэгдэлд тооцож мөнгийг суутгасан учраас тээвэрлэлтийн хөлсийг төлөх үндэслэлгүй. Тээвэрлэлтийн хөлсийг төлсөн гэж үзэж байна. Талууд удаа дараа тооцоо нийлж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцоо нийлээд Хур ирмүүн ХХК-ийг 2017.06.06 өдрийн байдлаар 37.228 ам.долларын үлдэгдэлтэй болсныг баталгаажуулсан. Уг тооцоонд 2017.06.05-ны өдрийг чингэлгийн тооцоо орсон. Ийм учраас 2016.06.06-ны өдөр тооцоо нийлсэн. Хур ирмүүн ХХК нь А ХХК-ийн дансруу 27.288 ам.долларыг 2017.06.13-ны өдөр, 2017.06.13-ны өдөр талууд дахин тооцоо нийлээд 17.820 ам.долларын үлдэгдэлтэй гэж гарсан. Манай төлөх ёстой тооцоо 48.628 ам.доллараас  45.588 ам.долларыг төлсөн. Нийт 3040 ам.долларын үлдэгдэл үлдсэн. 2016.12.13-ны өдөр гаалиар орж ирсэн чингэлэг ашиглагдах худалдан борлуулах боломжгүй гэдэг нь Худалдаа аж үйлдвэрийн импекс, экспортын хэлтсээс үзлэг хийгээд 3040 ам.долларын хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон. 3040 ам.долларын  асуудлыг шийдэж өгнө үү гэж удаа дараа шаардаж, и-мэйл болон албан бичгүүд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч талаас тэр асуудал шийдэгдсэн мөнгөө төлөхгүй гэж яриад байгаа. 3040 ам.долларыг төлсөн талаарх баримт байгаа юу, төлөгдөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Хариуцагчийн зүгээс 3040 ам.долларт суутгаад тээвэрлэлтийн бүх зардлаа төлсөн учраас  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

А” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,640.2 ам доллар буюу 16,354,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ 2 компанийн нийлсэн тээврийн хөлсний тооцооны үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тайлбарлалаа.

                 

Хариуцагч нь тооцооны дагуу төлбөрийг төлсөн, үлдэгдэл 3,040 ам долларыг ачаанд учирсан хохиролд тооцон суутгасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Тээвэрлэгч буюу “А” ХХК нь тавилга бүхий ачаатай чингэлгийг Индонез улсын Семеранг боомтоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлэн хүргэх, тээвэрлүүлэгч буюу “Х” ХХК нь хэлэлцэн тохирсноор чингэлэг тус бүрт 3,600 ам долларын хөлс төлөхөөр ам хэлцлээр тохиролцсон байх тул талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа гэж үзэхээр ба энэ талаар талууд маргахгүй байна.

 

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй заасан ба “А” ХХК нь ачааг хүргэх үүргээ биелүүлсэн, “Х” ХХК нь хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул гэрээний биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлж 37,828.20 ам долларын тээврийн хөлсний өглөгтэй байснаас 31,188 ам доллар төлсөн гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдэл дээр 4 ачаа тээвэрлэсний 14,400 ам доллар нэмэгдэж 52,288.2 ам доллар төлөхөөс 45,588 ам доллар төлснөөс үлдэгдэл төлбөр гэж зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үүссэн тооцоог 2017 оны 6 дугаар сарын 06-ний өдөр нийлж, 37,828.20 ам доллар гэж, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин нийлж, 17,828.2 ам долларын тооцоотойг 2 тал гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч тал 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тооцоонд 6 дугаар сарын 05-ны өдрийн ачааны тооцоо ороогүй гэж, хариуцагч тал ачааг барьцаалснаас хөлсийг төлж ачаагаа авсан тул тооцоонд орсон гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ачааны хөлс нэхэмжилсэн Нэхэмжлэх баримтыг мөн өдрөө хүлээлгэн өгсөн, харин бусад нэхэмжлэхийг ачаа ирснээс хойшхи өдрөөр хүлээлгэн өгсөн байх тул хариуцагчийн хөлс төлж ачаагаа авсан талаархи тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Талууд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тооцоогоор 37,8282,2 ам доллар гэж тодорхойлоод 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 17,828,2 ам доллар үлдсэн гэж тооцсоноос дүгнэхэд 20,000 ам долларыг хариуцагч төлснөөр үлдэх дүн байх атал хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 27,200 ам доллар төлсөн байгаагаас үзэхэд 4 удаагийн ачааны хөлсийг тооцоонд оруулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл дээр хариуцагчийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гаргасан тооцоогоор 37,828.20 ам доллар төлөхөөс тооцоо нийлснээс хойш 31,188 ам доллар төлсөн, 6,640.2 ам долларын үлдэгдэлтэй гэж тайлбарласнаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч нь 52,288.2 ам долларыг төлөх үүрэгтэйгээс 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тооцоогоор төлсөн 31,188 ам доллар дээр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 17,450 ам доллар, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 938 ам долларыг нэмж нийт 49,576 ам долларыг төлсөнд тооцон, үлдэгдэл төлбөр нь хэдийгээр 2,712.2 ам доллар байгаа боловч хариуцагч нь 3,040 ам доллар үлдэгдэл төлбөртэйг хүлээн зөвшөөрч байгаа тул /3040х2463/ 7,487,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, 3,600 ам доллар буюу төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч нь тээвэрлэсэн ачаанд учирсан хохиролд үлдэгдэл төлбөрийг суутгасан гэж тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй үзэв. Учир нь Иргэний хуулийн 394 дүгээр зүйлд тээвэрлэлтийн гэрээний талуудын гомдлын шаардлага гаргах талаар зохицуулсан бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,725 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 134,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,040 ам доллар буюу  7,487,520 /долоон сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан, “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,600 ам доллар буюу 8,866,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,725 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 134,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

           

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ