Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/шш2017/00118

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/00118

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.А-нд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч С.Мягмар-Отгон, Л.Алтансансансар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХУД, 15 дугаар хороо, үйлдвэр, ХД 65 байрны 09 тоот авто зогсоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 15 000 000 төгрөгөөр зарах болсонд гомдолтой байна.

Миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5553 дугаар захирамжаар С.Мягмар-Отгон, Л.Алтансансар нараас 26 115 710 төгрөгийг Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Дгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012619 дугаарт бүртгэлтэй ХУД, 15 дугаар хороо, үйлдвэр, ХД 65 байрны 09 тоот авто зогсоолыг хуульд зааснаар битүүмжилж, хураан авсан.

Өмчлөгч нь 30 000 000 төгрөгөөр хөрөнгөө үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон үнэ болох 30 000 000 төгрөгөөс албадан дуудлага хуульд зааснаар зарласан.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хуулийн явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Анд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр, ХД 65 байрны 09 тоот авто зогсоолын 2 дахь албадан дуудлага худалдалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Үл хөдлөх хөрөнгийн хоёр албадан дуудлага худалдаанд орсон Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр, ХД 65 байрны 09 тоот авто зогсоолын өмчлөгч нь С.Д болох, мөн С.Д нь анхлан тухайн авто зогсоолыг өөрөө 30 000 000 төгрөгөөр үнэлсэн гэх үйл баримт дээр талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5553 дугаар захирамжаар С.Мягмар-Отгон, Л.Алтансансар нар нь 26 115 710 төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, холбогдох гүйцэтгэх хуудсыг олгожээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.Дн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр, ХД 65 байрны 09 тоот авто зогсоолыг төлбөр барагдуулах зорилгоор битүүмжилж, хураан авсан байх бөгөөд С.Д нь өөрийн өмчлөлийн авто зогсоолоо 30 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал өгснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон байна. Үүний дагуу анхны албадан дуудлага худалдаанд дээрх авто зогсоолын санал болгох доод үнийг 21 000 000 төгрөгөөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 15 000 000 төгрөгөөр тус тус тогтоож, холбогдох ажиллагааг хийжээ.

Ийнхүү албадан дуудлага худалдааны үнэ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолын талаар тухай бүр нь төлбөр төлөгч болон өмчлөгч С.Д нарт мэдэгдсэн байх ба үүн дээр нэхэмжлэгч тал маргаагүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтооно, 177.4 дэх хэсэгт хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан байдаг тул өмчлөгчийн өөрийнх нь гаргасан үнийн саналд тулгуурлан хуульд заасан хувь хэмжээгээр албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон Г.Аны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Анд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Дн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ