Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 632

 

С.Дэлгэрдалайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00118 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Дэлгэрдалайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Дэлгэрдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэл,шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч С.Мягмар-Отгон, Л.Алтансансар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр ХД 65 байрны 09 тоот авто зогсоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 15 000 000 төгрөгөөр зарах болсонд гомдолтой байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж байгааг зөвшөөрөхгүй  тул хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5553 дугаар захирамжаар С.Мягмар-Отгон, Л.Алтансансар нараас 26 115 710 төгрөгийг Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Дэлгэрдалайгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012619 дугаарт бүртгэлтэй ХУД, 15 дугаар хороо, Үйлдвэр, ХД 65 байрны 09 тоот авто зогсоолыг хуульд зааснаар битүүмжилж, хураан авсан. Өмчлөгч нь 30 000 000 төгрөгөөр хөрөнгөө үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон үнэ болох 30 000 000 төгрөгөөс албадан дуудлага худалдааг хуульд зааснаар зарласан. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Дэлгэрдалайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрдалай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  С.Мягмар-Отгон, Л.Алтансансар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  09 тоот авто зогсоолыг 2 дахь албадан дуудлага худалдаагаар 15 000 000 төгрөгөөр зарах болсонд гомдолтой, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангаж, шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрдалай нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2 дах албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч болон өмчлөгч нартай харилцан тохиролцож тогтоосон” гэж маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/05553 дугаар захирамжаар С.Мягмар-Отгон, Л.Алтансар нараас 25 971 805.33 төгрөгийг гаргуулж ХААН банкинд олгож, шийдвэрлэжээ. /х.х-ийн 15-16/

 

Төлбөр төлөгч С.Мягмар-Отгон, Л.Алтансар нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Дэлгэрдалайгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 65 байрны 09 тоот авто зогсоолыг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 158/01 тоот тогтоолоор хураан авсан, уг үйл баримтад зохигчид маргаагүй. /хх-ийн 25-28, 33-36/

 

Дуудлага худалдаагаар худалдан борлуулах эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заажээ. Өмчлөгч С.Дэлгэрдалай, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар дээрх 09 тоот авто зогсоолын санал болгох доод үнийг 30 000 000 төгрөгөөр тохиолцжээ. Тохиролцсон үнийн 70 хувь болох 21 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоосон, мөн 2 дах албадан дуудлага худалдаанд талуудын тохирсон үнийн 50 хувь болох 15 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон үнийн 70, 50 хувиар тогтоогоод байгаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үнэ тогтоогоод байгаа явдал биш, харин энэ үнээс эхлэн үнийг өсгөх замаар үнэ хаялцуулах ажиллагаа явагдах агуулгатай хуулиар тогтоосон журам юм. Харилцан тохиролцсон үнэ болох 30 000 000 төгрөгийн 50 хувиар хоёр дах дуудлага худалдааг явуулахаар тогтож байгаа нь дуудлага худалдаанд санал болгох, эхэлж дуудах  доод үнэ болохоос үл хөдлөх хөрөнгийг худалдах үнэ биш юм.

 

Нэгэнт нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд санал болгох үнийг 30 000 000 төгрөг гэж үнэлсэн, 2 дах албадан дуудлага худалдааны үнэ нь зах зээлийн үнээс хэт доогуур хууль зөрчсөн гэх байдлыг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдол түүний хүрээ хязгаарыг зөвхөн хоёр дах дуудлага худалдааны үнэлгээнд гаргаж байгаа гомдол гэж тодорхойлсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч харилцан тохиролцож дуудлага худалдаанд санал болгох үнийг тогтоосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дур мэдэн хууль зөрчин, зах зээлийн үнээс доогуур, дуудлага худалдааны үнийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. 

Анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1” гэж нэмж, “34 дүгээр зүйлийн 34.4” гэснийг “37 дугаар зүйлийн 37.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дэлгэрдалайгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД