Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 00416

 

        Ё.Ж-ны нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ё.Ж-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар надаас 150 859 893 төгрөгийг гаргуулан “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаалсан хөрөнгийг хураан авч, надаас үнийн санал авахад Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 10-01 тоот Ү-2201017855 дугаартай 84 м.кв хувийн сууцаа 40 000 000 төгрөг, мөн Ү-2201015575 дугаартай 126 м.кв хувийн 2 давхар сууцаа 100 000 000 төгрөг, тус хаягт байрлах Г-2201001384 дугаартай 624.58 м.кв газраа 40 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч харилцан тохиролцоогүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Шинжээч Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 10-01 тоотод Ү-2201017855 дугаартай 84 м.кв хувийн сууцыг 23 951 100 төгрөгөөр, Ү-2201015575 дугаартай 126 м.кв хувийн сууцыг 40 344 900 төгрөгөөр, тус хаягт байрлах Г-2201001384 дугаартай газрыг 68 856 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 176 тоот Ү-2205008689 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 100 666 700 төгрөгөөр үнэлгээ тогтоосон “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан.

Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газар нь төв замаас 120 м, дүүрэгт 100 м, бохир дулааны болон цэвэр бохир холбох боломжтой давуу талуудыг үнэлгээний тайланд тусгаж үнийг харгалзаж үзээгүй. Дүүргийн ойр орчмын газар нь газарт орж орон сууц баригдаж байгаа. Хоосон хашаанууд нь 100-120 саяд зарагдаж байгаа зэргийг харгалзаж судалгаа хийгдээгүй. Мөн Баянгол дүүргийн 29 дүгээр байр нь засал хийгдсэн, цонх нь модон вакум, хаалганууд нь хар модоор хийсэн зэргийг харгалзаж үнэлээгүй. Хувийн сууцны барилгын материалын өнөөгийн үнэлгээг бодолцож үзээгүй хэт доогуур үнэлсэн, ойролцоох болон ижил төстэй барилгатай харьцуулалт хийж үнэлээгүй учир үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн үнэлсэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 233 819 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/Ш32016/07032 дугаар захирамжаар Ё.Ж-аас 150 859 893 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017855 дугаарт бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015575 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-2201001384 дугаарт бүртгэлтэй 624,58 м.кв талбайтай өмчлөлийн газар, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 176 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008689 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураан авсан барьцаа хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017855 дугаарт бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015575 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 2201001384 дугаарт бүртгэлтэй 624.58 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг 133 153 200 төгрөгөөр, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 176 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008696 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100 666 700 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Ж-аас хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017855 дугаар бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201015575 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201001384 дугаарт бүртгэлтэй 624,58 м.кв талбайтай өмчлөлийн газар, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 176 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008696 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Ж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Ж давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн хөрөнгийг доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгөнд харьцуулалт хийгдээгүй, судлаагүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч, үзэж зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2016/07032 дугаар захирамжаар хариуцагч Ё.Ж зээлийн гэрээний үүрэгт 150 844 893 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 15 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ХААН банк ХХК-д төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /х.х-ийн 7 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Ё.Ж шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч НШШГГ-т нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 625 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 1 тоот, 84 м.кв талбайтай, Ү-2201017855 дугаартай палк, тоосгоор өрж барьсан хувийн сууц, тус хаягт байрлах 126 м.кв талбайтай, Ү-2201015575 дугаартай, 2 давхар хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 11 тоот, 624.58 м.кв талбайтай Г-2201001384 дугаартай газар, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 176 тоот, Ү-2205008689 дугаартай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна. /х.х-ийн 37-45 дугаар тал/  

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйн улмаас төлбөр авагч ”ХААН банк” ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн НШШГГ-т Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгожээ. /х.х-ийн 50-62 дугаар тал/

Иймээс шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шинжээч үл хөдлөх хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнийг 233 819 900 төгрөгөөр тогтоосон, тухайн үнэлгээг бага гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

     Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                      ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА