Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/00185

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э:Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ё.Ж-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлдцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар надаас 150,859,893 төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний барьцаалсан хөрөнгийг хураан авч надаас үнийн санал авахад би Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Баянголын 0 тоот Ү-0 дугаартай 84 м.кв хувийн сууцаа 40,000,000 төгрөг, мөн Ү-1 дугаартай 126 м.кв хувийн 2 давхар сууцаа 100,000,000 төгрөг, тус хаягт байрлах Г-0 дугаартай 624.58 м.кв газраа 40,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн боловч харилцан тохиролцоогүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн.

Тэр шинжээч нь Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 10-01 тоотод Ү-0 дугаартай 84 м.кв хувийн сууцыг 23,951,100 төгрөгөөр, Ү-1 дугаартай 126 м.кв хувийн сууцыг 40,344,900 төгрөгөөр, тус хаягт байрлах Г-0 дугаартай газрыг 68,856,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот Ү-2 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 100,666,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болохыг надад мэдэгдсэн. Энэхүү үнэлгээг тогтоосон Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан.

Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газар нь төв замаас 120м, дүүрэгт 100 м, бохир дулааны болон цэвэр бохир холбох боломжтой давуу талуудыг үнэлгээний тайланд тусгаж үнийг харгалзаж үзээгүй. Дүүргийн ойр орчмын газар нь газарт орж орон сууц баригдаж байгаа. Хоосон хашаанууд нь 100-120 саяд зарагдаж байгаа энэ болгоныг харгалзаж судалгаа хийгдээгүй. Мөн Баянгол дүүргийн 0 дүгээр байр нь засал хийгдсэн, цонх нь модон вакум, хаалганууд нь хар модоор хийсэн зэргийг харгалзаж үнэлээгүй. Хувийн сууцын барилгын материалын өнөөгийн үнэлгээг бодолцож үзээгүй хэт доогуур үнэлсэн, ойролцоох болон ижил төстэй барилгатай харьцуулалт хийж үнэлээгүй учир үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Х ХХК-ийн үнэлсэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 233,819,900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/Ш32016/07032 дугаар захирамжаар Е.Ж-аас 150,859,893 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжны 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжны 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжны 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй 624,58 м.кв талбайтай өмчлөлийн газар, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны  0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэргийг битүүмжилж хураасан.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураан авсан барьцаа хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Х ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжны 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй 624,58 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг 133.153.200 төгрөгөөр, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 176 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100.666.700 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч Ш-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж, хариуцагч талаас ...хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбар гарган маргадаг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7032 дугаартай захирамжаар Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ё.Жд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 150,844,893 төгрөг гаргуулах тухай хэргийг ...Ё.Ж 150,844,893 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээг /хх 7/ баталгаажуулж шийдвэрлэсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5153 дугаар захирамжийн дагуу 625 тоот гүйцэтгэх хуудас /хх 26/ бичигдсэн байна.

 

Ш 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай 18270738/02 тоот мэдэгдэл хүргүүлж, /хх27-30/ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Ё.Жтай уулзаж төлбөрөө хэрхэн төлж барагдуулах талаар тэмдэглэл үйлджээ.

 

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18270738/03 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамж, 0 тоот 84 м.кв талбайтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамж, 0 тоот 126 м.кв талбайтай, Ү-1 улсын бүртгэлийн дугаартай, 2 давхарт хувийн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамж, 0 тоот 624.58 м.кв талбайтай Г-0 дугаартай өмчлөлийн газрыг,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18270738/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот 40 м.кв талбайтай, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж /хх 37-38/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18270738/06 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот 40 м.кв талбайтай, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг/хх 41/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18270738/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамж, 0 тоот 84 м.кв талбайтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамж, 0 тоот 126 м.кв талбайтай, Ү-1 улсын бүртгэлийн дугаартай, 2 давхарт хувийн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамж, 0 тоот 624.58 м.кв талбайтай Г-0 дугаартай өмчлөлийн газрыг тус тус хураасан /хх 43/ байна.

 

Хаан банк ХХК-ийн хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгө эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 0 дугаарт бүртгэлтэй 624,58 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг 133,153,200 төгрөгөөр, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100,666,700 төгрөгөөр тус тус үнэлж, энэ талаар /хх 63-64/ хариуцагчид мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууц болон газрыг хэт доогуур үнэлсэн бөгөөд ижил төстэй барилга, газар, дэд бүтэц, дахин төлөвлөлт, зах зээлийн үнэ зэрэгт харьцуулалт хийж үнэлээгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэл нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-д шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч болох Хаан банк ХХК-ийн хүсэлтээр эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж үнэлгээ гаргуулсан, мөн гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Ё.Жы үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Жаас хариуцагч Ш-д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10 дугаар гудамжны 01 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэлтэй 84 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй 624,58 м.кв талбайтай өмчлөлийн газар, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Жы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ