Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2021         01             20                                         2021/ДШМ/03

 

                                                   О.Үад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 658 дугаар захирамжтай О.Үад холбогдох 2038003710453 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ууганборх овогт Очиржанцангийн Ү, 1974 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч О.Ү нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг иргэн Я.Паас “ямаа авч өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 658 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ууганборх овогт Очиржанцангийн Үад холбогдох эрүүгийн 2038003710453 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч О.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан дээд шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг”-г мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тодруулаагүй байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч О.Ү нь хохирогч Я.Паас “ямаа авч өгнө” гэж худал хэлэн хууран мэхэлж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1,000, 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг авсан болох нь нотлогдсон учраас яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн утгыг “Яллагдагч О.Ү нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01- ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг иргэн Я.Паас “ямаа авч өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж авсан” гэж тэмдэглэсэн, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Б.Наранбаатар нь хохирогч Я.Паас 350,000 төгрөгийг авч яллагдагч О.Үыг Завхан аймгаас авч ирэх зардалд зарцуулсан тул яллах дүгнэлтийн хавсралтад “Яллагдагч О.Ү нь хохирогч Я.Пд 7,350,000 төгрөгийн хохирол учруулсан ба нөхөн төлөөгүй болно” гэж бичсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь яллагдагч О.Ү нь мөрдөгчийн болон прокурорын дуудсан цагт ирэхгүй байсан учраас хохирогчийн зүгээс хэргээ хурдан шийдүүлэх, хохирлоо хурдан барагдуулах хүсэл сонирхлын үүднээс яллагдагч О.Үыг Завхан аймгаас ирүүлэх зардлын мөнгийг мөрдөгчид өгсөн болох нь хэргийн материалаас харагдаж байдаг.

Иймд яллагдагч О.Үыг Завхан аймгаас авчирсан зардалд зарцуулсан гэх 350,000 төгрөг нь хохирогч Я.Паас гарсан мөнгө учраас хохирогч Я.Пд эргэн төлөгдөх учиртай бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх”-тэй холбоотой зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах талаар заасан боловч яллагдагч О.Үыг албадан ирүүлэх шийдвэр гараагүй учраас хохирогч Я.Паас гарсан 350,000 төгрөг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэсэн заалтад хамаарах ойлголт юм.

Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгч О.Ү шүүх хуралдаанд “би хавдар өвчтэй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж хавтаст хэрэгт тусгах нь зүйтэй гэжээ.

Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд энэ талаарх баримт авагдсан байгаа болно. Захирамжид “шүүгдэгчийн ар гэрийн байдлыг тодруулах, түүнчлэн яллах дүгнэлтэд регистрийн дугаар буруу бичигдсэн” гэсэн байна. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Засаг даргын тодорхойлолт, яллагдагч О.Үын мэдүүлгийн биеийн байцаалт зэрэгт ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт, мөн хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан О.Үын иргэний үнэмлэхийн хуулбарт регистрийн дугаарыг ИА74082300 гэсэн зэрэг нь зөрүүгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, регистрийн дугаарын ИА гэсэн серийн дугаарын нэг үсгийг буруу бичсэн зэрэг яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн дээрх заалтуудыг шүүгч шүүх хуралдаан дээр захирамж танилцуулахдаа дурдаагүй болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/658 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтээр О.Үыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг иргэн Я.Паас “ямаа авч өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлоогүй гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэдэн төгрөг болсон, ямар хууль журмын дагуу хохирогчоос 350 000 төгрөгийг мөрдөгч Б.Наранбаатар авсан, ямар үндэслэлээр мөрдөгч Д.Бат-Очирт 230 000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогчоос авсан мөнгөнөөс мөрдөгч Б.Наранбаатар 120 000 төгрөгийг ямар зүйлд зарцуулсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй нь хохирол тооцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Энэ талаар анхан шатны шүүх гэрч, хохирогч нарын мэдүүлгийг иш үндэс болгон үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа “...нийт 7 000 000 төгрөгийг иргэн Я.Паас ямаа авч өгнө гэж худал хэлэн залилан мэхэлж авсан...” гэж бичсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт “...7 350 000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй болно.” гэж хохирлын хэмжээг хоёр өөр үнийн дүнтэйгээр ойлгомжгүй байдлаар бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад  гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан ба энэ хэргийн тухайд бодит хохирол нь 7 000 000 төгрөг эсхүл 7 350 000 төгрөгийн аль нь болохыг мөрдөгч, прокурор нь эргэлзээгүй нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.Үыг хавдар өвчтэй эсэхийг нэмж шалгуулах шаардлагатай, яллах дүгнэлтэд шүүгдэгчийн ам бүлийн тоо, регистрийн дугаарыг буруу бичигдсэн техникийн шинжтэй алдааг шүүх хуралдааны шатанд засварлах боломжгүй гэж шүүгчийн захирамжид дурдсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/1721 дугаартай албан бичгийн хуулбар, Завхан аймгийн Улиастай сумын “Биндэргарав” өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаартай албан бичгийн хуулбар, О.Үын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул дахин шалгах шаардлагагүй юм.

Харин прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгчийн захирамжид дурдсан ам бүлийн тоо, регистрийн дугаар зэргийг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг цаашид гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/658 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.БАЯРХҮҮ