Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

2021          06             03                                          2021/ШЦТ/158

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, 

Шүүгдэгч О.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ү-ад холбогдох эрүүгийн 2038003710453 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Ү.

Шүүгдэгч О.Ү- нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөгийг иргэн Я.П-аас “ямаа авч өгнө” гэж худал хэлэн залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.Ү- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Я.П-аас “ямаа авч өгнө” гэж 1.000.000 төгрөгийг, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөгийг, нийт 7.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
  • 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Я.П О- нэрээр “ямааны үнэ” утгаар 1.000.000 төгрөгийг Ж.Г-н ... дугаарын данс руу шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Я.П- О нэрээр “ямааны үнэ” утгаар 6.000.000 төгрөгийг О.Ү-ын ... дугаарын данс руу шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Ж.Г-, шүүгдэгч О.Ү- нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
  • Хохирогч Я.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “2018 оны намар 10 сарын эхээр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Шивээ багийн нутаг Сант гэх газарт Завхан аймгийн Алдархаан сумаас явж байна гэж хэлээд гурван хүн 1000 орчим тооны хонь туугаад Дархан-Уул аймаг руу явж байна гээд морь уначихсан явж байсан. Би тэр хүмүүсийг хол газраас оторт явж байна ядарч зүдэрч байгаа байх гэж санаад хоол унд хийж гэртээ хонуулаад замыг нь зааж өгөөд явуулсан. Энэ явдлаас хойш би тэр хүмүүстэй байнга холбоотой байж утсаар ярьж ер нь таньдаг болж байсан. Тэгтэл 2019 оны 6 сарын 01-ний өдөр О.Ү- надтай утсаар яриад “би энэ жил Завхан аймгаас Дархан-Уул аймаг руу 5000 орчим хонь тууж аваачин зарах гэж байна. Танд надад захих юм байвал захиарай” гэж хэлэхээр нь би “өвөөд нь 200 ямаа хэрэгтэй байна чи Завхан аймгаас туугаад ирж болох уу” гэхэд “болно болно та надад мөнгөө өгчих ямаа манай энд хямд үнэтэй байна, юу л байна ямаа байна 200 тооны ямаа ойролцоогоор 7.000.000 төгрөг болно та над руу мөнгөө явуулчих” гэхээр нь би зөвшөөрч эхний ээлжинд буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ж.Г- гэсэн хүний ... дугаартай данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 07 сарын 01-ний өдөр О.Ү- яриад “та үлдэгдэл 6.000.000 төгрөгөө явуулчих ямаа тууж гарах гэтэл мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би Очиржанцан овогтой О.Ү- гэж хүний ... дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Би энэ явдлаас хойш О.Ү-тай удаа дараа утсаар холбогдон ямаа хэзээ авч ирэх талаар асуухад би танд худалдсан малаа тоо ёсоор нь удахгүй авч очноо эсвэл, би хадлангаа авч байна дуусаад очно, эсвэл би танд худалдах малаа таргалуулж байна удахгүй аваад очно, эсвэл ажил явдал гарчихлаа гэх мэтээр удаа дараа худал зүйл ярьж намайг залилан мэхэлж байна. Сүүлдээ бүр утсаа авахаа больж таг чиг алга болсон. Надад өгсөн утаснууд руу нь залгахаар өөр хүн утсыг нь аваад тийм хүн байхгүй энэ дугаар зарагдсан гэхээр нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-34 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Их-Уул сумын иргэн Я.П-аас гаргасан Завхан аймгийн Улиастай сумын иргэн О.Ү- гэх эмэгтэйд 7.000.000 төгрөг залилуулсан гэх хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж байх хугацаандаа О.Ү- гэх эмэгтэйг Хөвсгөл аймагт ирж мэдүүлэг өгөх талаар дуудсан боловч ирээгүй. Мөн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.М- Ж.Г-ын дуудан ирүүлэх хуудсыг өгсөн ч мөн адил О.Ү- гэх эмэгтэйд хүргүүлэхэд ирээгүй тул О.Ү- гэх эмэгтэйг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авч ирэхэд гомдол гаргагч Я.П-аас 350.000 төгрөг авсан нь үнэн. Би Я.П-аас авсан 350.000 төгрөгийг Завхан аймагт ажлаар явж байсан Шинэ-Идэр сумын хэсгийн төлөөлөгч Д.Б-ын данс руу шилжүүлж Д.Б- нь Завхан аймгаас О.Ү-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авч ирэх зардалд зарцуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 118 дугаар хуудас/,
  • Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний эзэмшлийн данс руу О.Ү- гэх эмэгтэй нэг сая төгрөг шилжүүлж авсан. Мал авах мөнгө гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгчийн хамт Завхан аймаг руу ажлаар явах гэж байхад Б.Н- төлөөлөгч утсаар залгаад би чиний данс руу мөнгө шилжүүлье, Завхан аймгаас О.Ү- гэх эмэгтэйг аваад ирээч, прокурорын дуудах хуудас өгөөд ирэхгүй байгаа нэг эмэгтэй байгаа юм гэж хэлээд миний хувийн данс руу 230.000 төгрөг шилжүүлсэн юм. ..би тухайн мөнгөөр шатахуун хийгээд явж байхад дахин шатахуун дууссан тул дахин Завхан аймгийн Их-Уул сумаас 120.000 төгрөг өөрөөсөө гаргаж шатахуун хийж ирсэн. Би Б.Н-т дахин 120.000 төгрөгөөр шатахуун авснаа хэлж Б.Н-аас 120.000 төгрөгөө бэлнээр авсан. ...Би тэгээд О.Ү- гэх эмэгтэйг Завхан аймгийн төв Улиастай хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авч ирж мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45, 116 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 онд мал тууж явахдаа Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат Я.П- гэдэг өвөөтэй танилцаад 2019 оны 06 дугаар сард Я.П- өвөө өөрөө над руу залгаад “чи мал авч өгч чадах уу” гэж асуухаар би олж өгч чадна. Би хүнээс асуучихаад тань руу эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд би нутгийнхаа хүмүүсээс зарах мал асууж сураглахад нэг борлон ямаа 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр олдохоор байхаар нь би Я.П- өвгөнд 45.000 төгрөгөөр олдохоор байна гэж хэлэхэд Пурэвжал өвгөн зөвшөөрсөн. Би тэгээд Я.П- өвгөнөөс эхлээд 1.000.000 төгрөгийг өөрийн хамаатны Ж.Г- гэдэг хүний дансаар дамжуулж авсан. Тэгээд сарын дараа өөрийн дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авсан. Би өөрөө савны хавдар өвчтэй байсан тул тухайн мөнгийг эмчилгээндээ зарцуулсан юм. Тэгээд л би бусдыг залилсан хэрэгт холбогдсон. ...Би тухайн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг ямаа авахад хэрэглээгүй. Өөрийн эмчилгээний зардалд хэрэглэсэн. Гэхдээ би эхэлж шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрөө зарцуулаад өөрийнхөө малаас 10 ишигтэй ямаа өгч болох уу гэж асуухад Я.П- өвгөн болно гэж хэлсэн юм. Харин 6.000.000 төгрөгийг өөрийн эмчилгээндээ хэрэглэсэн. ...Би Я.П- гуайгаас авсан 7.000.000 төгрөгөөс гадна 350.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгө нь намайг Завхан аймгаас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авч ирэхэд зарцуулсан мөнгө гэж хэлж надаас авсан. ...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, энэ үйлдэлдээ харамсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 120 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Улиастай сумын “Биндэргарав” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн бусдад итгэмтгий байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд болон хувийн байдал, хууль зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч О.Ү- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч О.Ү- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Я.П-аас “ямаа авч өгнө” гэж 1.000.000 төгрөгийг, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөгийг, нийт 7.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Я.П- Отгон нэрээр “ямааны үнэ” утгаар 1.000.000 төгрөгийг Ж.Г-ын ... дугаарын данс руу шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 16 дугаар хуудас/, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Я.П- Отгон нэрээр “ямааны үнэ” утгаар 6.000.000 төгрөгийг О.Ү-ын ... дугаарын данс руу шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 17 дугаар хуудас/, Ж.Г-, шүүгдэгч О.Ү- нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-24 дүгээр хуудас/, хохирогч Я.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-34 дүгээр хуудас/, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 118 дугаар хуудас/, гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45, 116 дугаар хуудас/, шүүгдэгч О.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52, 120 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч О.Ү- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч О.Ү-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 7.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ү- нь хохирогч Я.П-д 7.350.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлж эвлэрлийн гэрээ /хх-ийн 77/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Ү-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харЖ.Г-зан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлага гаргасан, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харЖ.Г-зан үзсэн болно.

Шүүгдэгч О.Ү- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал” гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харЖ.Г-зан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү- нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч О.Ү-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР