Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2019/00036/И |
Дугаар | 142/ШШ2019/00069 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2019/00069
2019 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2019/00069 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *******,******* /регистрийн дугаар: ФА77110361/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /Регистрийн дугаар: 2074192/-д холбогдох,
Өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан цалин хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намхай овогтой Одонтуяа би 2006 оны 9 сарын 30-ны өдөр, ******* ХХК ******* цэцэрлэгт туслах багшаар орж Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу Байнгын хөдөлмөрийн гэрээ" байгуулан ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2007 оны 9 сард ээлжийн амралтаа аваад залгуулан жирэмсэний амралтаа авч 2007 оны 11 сард амаржсан. Мөн 2008 оны 4 сард ажилдаа эргэн ороход ажлыг үндэслэлгүйгээр өөрчилж албан тасалгааны үйлчлэгч болгосон. Миний хөдөлмөрийн хөлс мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан. Яг одоогийн байдлаар туслах багш 1,160,000 /нэг сая нэг зуун жар/ албан тасалгааны үйлчлэгч 1,034,000 /нэг сая гучин дөрвөн мянга/ төгрөг бөгөөд цапинд 126,000 төгрөгний зөрүү гарч байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 68-р зүйлийн 68.1, 107-р зүйлийн 107.1-т заасны дагуу ******* ХХК-аас Ажлын байрандаа буюу туслах багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлыг байрыг өөрчилсөнөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүү нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******гийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.
******* нь тус компанид 2006 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн ******* тоот Орон сууцны цехийн даргын тушаалаар цэцэрлэгийн багшийн туслахаар ажилд орсон бөгөөд 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчлэгчээр ажиллах хүсэлтийг өөрөө гаргасантай холбогдуулан 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03-01/69 тоот тушаалаар үйлчлэгчийн орон тоон дээр шилжүүлэн ажиллуулсан болно.
Мөн ******* нь дээр дурьдсан тушаал гарсанаас хойш туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд хандаж ажилд буруу шилжүүлсэн тул ******* ХХК-ийн ******* цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлыг байрыг өөрчилсөнөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрөө энэхүү ажилд орох хүсэлтийг бичгээр гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, ******* ХХК ******* цэцэрлэгт туслах багшаар орж Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2007 оны 9 сард ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн жирэмсэний амралт авч, 2007 оны 11 сард амаржсан. Мөн 2008 оны 4 сард ажилдаа эргэн ороход ажлыг үндэслэлгүйгээр өөрчилж албан тасалгааны үйлчлэгч болгосон. Миний хөдөлмөрийн хөлс мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ******* нь тус компанид 2006 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн ******* тоот Орон сууцны цехийн даргын тушаалаар цэцэрлэгийн туслах багшаар ажилд орж, 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчлэгчээр ажиллах тухай хүсэлтийг өөрөө гаргасантай нь холбогдуулан 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03-01/69 тоот цех дотор шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар *******г 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 246,600 төгрөгний үндсэн цалинтай албан өрөөний үйлчлэгчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан болох нь ******* ХХК-н Ерөнхий боловсролын 19-р дунд сургуулийн захирлын тушаал, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* цэцэрлэгийн эрхлэгч Ивченкова Е.В-д гаргасан өргөдлийг өөрийн гаргасан өргөдөл мөн эсэх талаар маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.
******* нь 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03-01/69 тоот цех дотор шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гарснаас хойш туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй, мөн 2008 оны 04 дүгээр сард ажилдаа эргэн ороход ажлыг үндэслэлгүйгээр өөрчилж албан тасалгааны үйлчлэгч болгосон гэж тайлбарлаж байгаагаас нь дүгнэхэд нэхэмжлэгч нь уг тушаалыг мэдсэн, мэдэх боломжтой байсан, хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь туслах багшийн албан тушаалд биш харин албан өрөөний үйлчлэгчийн орон тоон дээр шилжин ажиллаж байгаа, энэ нь түүний эрх ашгийг хохироосон талаар мэдэхгүй байх боломжгүй, энэ талаар 10 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН