Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

2019       05          21                                    74

 

 

О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Э ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00069 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

Өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан цалин хөлсний зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч О-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Намхай овогтой Одонтуяа би 2006 оны 9 сарын 30-ны өдөр, Э ХХК Орос 6-р цэцэрлэгт туслах багшаар орж Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу байнгын хөдөлмөрийн гэрээ" байгуулан ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2007 оны 9 сард ээлжийн амралтаа аваад залгуулан жирэмсний амралтаа авч 2007 оны 11 сард амаржсан. Мөн 2008 оны 4 сард ажилдаа эргэн ороход ажлыг үндэслэлгүйгээр өөрчилж албан тасалгааны үйлчлэгч болгосон. Миний хөдөлмөрийн хөлс мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан. Яг одоогийн байдлаар туслах багш 1.160.000 /нэг сая нэг зуун жар/ албан тасалгааны үйлчлэгч 1.034.000 /нэг сая гучин дөрвөн мянга/ төгрөг бөгөөд цалинд 126.000 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 107-р зүйлийн 107.1-т заасны дагуу “Э” ХХК-иас ажлын байрандаа буюу туслах багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлыг байрыг өөрчилснөөс дутуу авсан  хөдөлмөрийн  хөлсний  зөрүү  нэхэмжилж  байгаа тул нэхэмжлэлийн

шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О- нь тус компанид 2006 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 44 тоот орон сууцны цехийн даргын тушаалаар цэцэрлэгийн багшийн туслахаар ажилд орсон бөгөөд 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчлэгчээр ажиллах хүсэлтийг өөрөө гаргасантай холбогдуулан 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03-01/69 тоот тушаалаар үйлчлэгчийн орон тоон дээр шилжүүлэн ажиллуулсан болно. Мөн О- нь дээр дурдсан тушаал гарснаас хойш туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00069 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хангалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгч нь туслах багшийн албан тушаалд биш харин албан өрөөний үйлчлэгчийн орон тоон дээр шилжин ажиллаж байгаа энэ нь түүний эрх ашгийг хохироож байгаа талаар мэдэх боломжгүй энэ талаар 10 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ. Надад “Э” ХХК-ийн зүгээс өөр ажилд шилжүүлсэн тухай тушаал болон шийдвэрийг албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч огт авч хэрэгсээгүй. Одоо ч албан ёсоор гардуулж өгөөгүй байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ/2019/00069 дугаартай шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О- “Э” ХХК-иас ажлын байрандаа буюу туслах багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлыг байрыг өөрчилснөөс дутуу авсан хөдөлмөрийн хөлсний зөрүү нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд “... нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчлэгчээр ажиллах хүсэлт гаргасны дагуу уг ажилд шилжүүлэн томилсон, хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О- Э ХХКомпаний орос 6 дугаар цэцэрлэгийн захиргаанд 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр албан өрөөний цэвэрлэгчийн ажилд шилжүүлэн ажиллуулах тухай өргөдөл гаргасны дагуу тус сургуулийн захирлын 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 03-01/69 дугаар тушаалаар албан өрөөний цэвэрлэгчийн ажилд томилсноос хойш уг ажил үүргийг гүйцэтгэж ирсэн ба шүүх нэхэмжлэгчийг  өөр ажилд буруу шилжүүлсэн талаарх нэхэмжлэл, гомдлоо гаргаж байгаагүй, хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн   гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч О-гийн гаргасан “...туслах багшийн ажлаас албан өрөөний цэвэрлэгчийн ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн гаргасан тушаал шийдвэрийг гардаж аваагүй, шаардсан боловч огт авч хэрэгсэхгүй” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Тухайлбал: нэхэмжлэгч О- нь туслах багшийн ажилд орохдоо Хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан , цэвэрлэгчийн ажилд шилжүүлэх тухай өргөдөл гаргаж байсан, 2016 оны 4 сараас  хойш тасралтгүй  ажиллаж цалин хөлс авч байсан нь баримтаар нотлогдсон байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул түүний гаргасан “...ажил олгогч өөр ажилд шилжүүлсэн тухай тушаалыг одоо болтол гардуулж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгч О-г Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааны дотор зохих байгууллагад ажлаас буруу шилжүүлсэн тухай гомдлоо гаргаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой зааж бичээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ/2019/00069 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан О-гийн туслах багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлын байрыг өөрчилснөөс дутуу авсан цалин хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ