Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2017/00103

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр           Дугаар 182/ШШ2017/00103         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.О-д холбогдох,

 

“8,080 ам.доллар буюу 19,561,276 төгрөг, алданги 8,802,574 төгрөг, нийт 28,363,850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,  хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Б.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Р.Г нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ч.Од 10,000 ам.доллар зээлдүүлсэн бөгөөд дээрх зээлээс 1,920 ам.долларыг буцааж төлсөн ба үлдэгдэл 8,080 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох тухай зээлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулж нотариатаар батлуулсан.

Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 8,080 ам.доллар буюу 19,561,276 төгрөг, 90 хоногийн алданги 8,802,574 төгрөг, нийт 28,363,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү. Ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргасан өдрийн Монголбанкны ханшийг үндэслэв /2,420.95/. Ч.Отэй анзын гэрээ байгуулахдаа ямар нэгэн шахалт дарамт үзүүлээгүй, хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан.

Нэхэмжлэгч Р.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие нэхэмжлэгч Р.Гээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгав.

Үндсэн зээлийн 8,080 ам.доллар, алданги 3,636 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцохоор багасгаж байгаа ба мөнгөн дүнгээр үзвэл үндсэн зээлийн 8,080 ам.долларын 19,561,276 төгрөгийг 16,750,567 төгрөг, алданги 8,802,574 төгрөгийг 7,537,733 төгрөгөөр, нийт 28,363,850 төгрөгийн нэхэмжлэлийг 24,288,322 төгрөгөөр тооцохоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгав.” гэв.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8,080 ам.долларыг хүлээн зөвшөөрч байгаа, татгалзах зүйл байхгүй. Төлөхдөө 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцож төлөх саналтай байна. Энэ өдрийн ханшаар тооцвол 16,119,279 төгрөг болж байгаа. Алданги гэж байгаа 90 хоногийн алдангийг доллараар бодохоор 3,636 ам.доллар болж байгаа. Алдангийн ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ байгуулсан өдрийн ханшаар буюу 08 дугаар сарын 01-ний өдрөөр алдангийг тооцож төлмөөр байна. Тэр өдөр алданги төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. 8,080 ам.долларыг төлөхөөс татгалзахгүй байна. Алданги дээр санал нийлэхгүй байгаа. Гэрээ байгуулах үед алданги төлөх нь үнэн гэж бодож байсан. 08 дугаар сарын 10-ны өдөр өнгөрөхөд Р.Г байнга утасдаж мөнгөө нэхэж байсан. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр би жирэмсэн болж, 09 дүгээр сарын 02-ны өдөр над руу залгаж загнасны дараа өдөр би үр зулбасан. Нэгдүгээр төрөхөд би 4 хоног хэвтсэн. Эмнэлэгт байх хугацаанд Р.Г надруу залгаж мөнгөө нэхэж байсан. Эцсийн эцэст хүний аминаас чухал зүйл гэж байхгүй. Би сэтгэл санааны хувьд хохирсон болохоор алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлээ төлнө. Төлөхдөө 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцож төлмөөр байна. Тухайн үед би алдангийг төлөх сэтгэл зүйтэй байсан. Сэтгэл зүйн хувьд хохирсон, ийм хэмжээний мөнгө төлсөн. Дээр нь алданги төлөх гомдолтой байна. Нэгдүгээр төрөхийн архиваас эмчилгээ хийлгэсэн өвчний түүхээ авах боломжтой юм байна лээ. Алдангийг би төлнө гэж бодож байсан боловч одоо би төлөхөд хохиролтой байна. Би төлөхгүй гэж татгалзаагүй.

2016 оны 08 дугаар сарын сүүлээр намайг дарамтлаагүй байсан бол би алдангиа төлөх байсан. Одоо үндсэн зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Ч.Од холбогдуулан зээлийн төлбөрт 8080 ам.доллар буюу 19,561,276 төгрөг, алданги 8,802,564 төгрөг, нийт 28,363,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд нь 8,080 ам.доллар болон  алданги 3,636 ам.долларыг тус тус тооцохдоо 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкны зарласан ханш 2,073.09 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4,075,528 төгрөгөөр багасгаж, нийт 28,363,850 төгрөг нэхэмжилсэн байсныг 24,288,322 төгрөг болгон багасгасан болно.

 

Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Ч.Отэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 14 хоногийн хугацаатай 10,000 ам.долларыг хүүгүйгээр зээл олгож, энэ талаар харилцан амаар тохиролцсон, үндсэн зээлээс хариуцагч Ч.О нь 1,920 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Р.Гд төлж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд “Зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай” гэрээ буюу анзын гэрээ байгуулагдаж, зээлийн үлдэгдэл 8,080 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож, гэрээнд тохирсон хугацаандаа дээрх төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгээс /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн/ 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан бөгөөд дээрх гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дүгээр сарын 01-ны өдрийн “Зээлийн өр төлбөр төлж барагдуулах тухай” гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Зээлдэгч болох Ч.О нь нэхэмжлэгч Р.Гээс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000 ам.долларыг зээлж авч, уг мөнгөнөөс 1,920 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Р.Гд буцаан төлж, улмаар үндсэн зээлийн төлбөр 8,080 ам.долларыг төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай” гэрээгээр тогтоогдож байх бөгөөд зохигчид нь энэхүү нөхцөл байдлын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нэхэмжлэгч Р.Г нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ч.Од 10,000 ам.доллар зээлдүүлсэн бөгөөд дээрх зээлээс 1,920 ам.долларыг буцааж төлсөн ба үлдэгдэл 8,080 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох тухай зээлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулж нотариатаар батлуулсан.

Үндсэн зээлийн 8,080 ам.доллар, алданги 3,636 ам.долларыг тооцох хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр бус 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцохоор багасгаж байгаа ба мөнгөн дүнгээр үзвэл үндсэн зээлийн 8,080 ам.долларын 19,561,276 төгрөгийг 16,750,567 төгрөг, алданги 8,802,574 төгрөгийг 7,537,733 төгрөгөөр, нийт 28,363,850 төгрөгийн нэхэмжлэлийг 24,288,322 төгрөгөөр тооцохоор багасгав.” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ч.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8,080 ам.долларыг хүлээн зөвшөөрч байгаа. Татгалзах зүйл байхгүй.

Гэрээ байгуулсан өдрийн ханшаар буюу 08 дугаар сарын 01-ний өдрөөр алдангийг тооцож төлмөөр байна. Тэр өдөр алданги төлөхөөр тохирч гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулах үед алданги төлөх нь үнэн гэж бодож байсан. 08 дугаар сарын 10-ны өдөр өнгөрөхөд Р.Г байнга утасдаж мөнгөө нэхэж байсан. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр би жирэмсэн болсон. 09 дүгээр сарын 02-ны өдөр над руу залгаж загнасны дараа өдөр буюу 09 дүгээр сарын 03-ны өдөр би үр зулбасан. Би сэтгэл санааны хувьд хохирсон болохоор алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийг би төлнө гэж бодож байсан боловч одоо би төлөхөд хохиролтой байна. Би төлөхгүй гэж татгалзаагүй.

2016 оны 08 дугаар сарын сүүлээр намайг дарамтлаагүй байсан бол би алдангиа төлөх байсан. Одоо үндсэн зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцох, 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

 

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Р.Г нь зээлдэгч буюу хариуцагч Ч.Оюун-Эрдэнийн өмчлөлд 10,000 ам.долларыг хүлээлгэн өгснөөр тэдний хооронд 10,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид хожим нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн зохицуулалтад нийцүүлж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай” гэрээг бичгээр байгуулж, 8,080 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож, уг гэрээний 3-т “Энэ гэрээгээр тохирсон хугацаандаа дээрх төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгээс /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн/ 0.5 хувиар алданги тооцохоор тохиров” гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 4/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан тул хариуцагч Ч.О нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон алдангийг нэхэмжлэгч Р.Гд төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Г нь алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 8,080 ам.доллараас тооцож, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай гэрээний хугацаа дууссан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацааны алданги 3,636 ам.долларыг нэхэмжилсэн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ч.О нь алданги 3,636 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй учир нь дарамт шахалт үзүүлсэн гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1 ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монголбанкны зарласан албан ханш 2,420.95 төгрөгөөр бус талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай” гэрээ байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкны зарласан албан ханш 2,073.09 төгрөгөөр тодорхойлсон болно. /хх-ийн .... дугаар тал/

 

 Иймд хариуцагч Ч.Оюу-Эрдэнээс үндсэн зээлийн төлбөрт 8,080 ам.доллар буюу 16,750,567 төгрөг, алданги 3,636 ам.доллар буюу 7,537,755 төгрөг, нийт 11,716 ам.доллар буюу 24,288,322 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гд олгох нь зүйтэй байна.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Оэс 24,288,322 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,769 /хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун жаран есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 279,392 /хоёр зуун далан есөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС