Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 649

 

Р.Гэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Гэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэд холбогдох    

8 080 ам.доллар буюу 19 561 276 төгрөг, алданги 8 802 574 төгрөг нийт 28 363 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, Ц.Өлзийбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Гэрэл нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ч.Оюун-Эрдэнэд 10 000 ам.доллар зээлдүүлсэн бөгөөд 1920 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 8080 ам.долларыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Иймд нэхэмжлэл гаргасан өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн /2420,95/ 8080 ам.доллар буюу 19 561 276 төгрөг, 90 хоногийн алданги 8 802 574 төгрөг, нийт 28 363 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байхад Ч.Оюун-Эрдэнэтэй байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцож үндсэн зээл 8080 ам.доллар 16 750 567 төгрөг, алданги 7 537 733 төгрөг нийт 24 288 322 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 8080 ам.долларыг хүлээн зөвшөөрч татгалзахгүй. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцож төлөх саналтай байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ байгуулсан өдрийн ханш буюу 8 дугаар сарын 01-ний өдрөөр алданги тооцож төлнө. Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр жирэмсэн болсон бөгөөд Р.Гэрэл 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр над руу залгаж загнасны дараа өдөр миний үр зулбасан. Би сэтгэл санааны хувьд хохирсон тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Тэгэхдээ би төлөхгүй гэж татгалзаагүй. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр намайг дарамтлаагүй бол би алданги төлөх байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс 24 288 322 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гэрэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 279 392 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гэрэлд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Р.Гэрэлтэй 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр амаар зээлийн гэрээ байгуулж, 10 000  ам.доллар зээлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1920 ам.доллар төлсөн. Нэхэмжлэлийн шаардлага 8 080 ам.долларыг хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй. Төлөхдөө 2016 оны 5 дугаар сарын 30-нь өдрийн ханшаар буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцох хууль зүйн үндэслэлтэй. Энэ ханшаар тооцвол 16 119 279 төгрөг болох бөгөөд алданги дээр санал нийлэхгүй. Учир нь: тухайн үед би жирэмсэн байсан бөгөөд биеийн байдал муудсанаас үр зулбаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Миний бие тус шүүхэд гэрээний үүрэг үүсэх үеийн ам.долларын ханшыг Монголбанкнаас лавлагаа аван хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хурал болохоос өмнө хэргийн материалтай танилцсан. Гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 4 075 528 төгрөгөөр багасгаж үлдэх 24 288 322 төгрөгийг Монголбанкны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын ханшаар тооцож нэхэмжилсэнтэй холбоотой Монголбанкны лавлагаа бүхий нотлох баримтыг гарган өгсөн. Тухайн нотлох баримттай танилцуулаагүй атлаа тэрхүү нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 38 дугаар зүйлд заасан эрхийг минь зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй тул шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн зээл 16 750 567 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрийн ам.долларын ханшаар тооцож 16 119 279 төгрөг болгож, алдангиас чөлөөлж, 8 169 049 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Гэрэл нь хариуцагч Ч.Оюун-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 363 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай” гэрээгээр  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Р.Гэрэлээс 10 000 ам.долларыг 14 хоногийн хугацаатай зээлж, 1920 ам.долларыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлсөн, үлдэгдэл 8080 ам.долларыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр Ч.Оюун-Эрдэнэ нь үүрэг хүлээж,  хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон /хх-4/ байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтын талаар талуууд маргаагүй, харин хариуцагч нь үүрэг үүсэх үеийн ханш буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханшаар гэрээний үүргийг тооцно гэж маргажээ.

Дээрх 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай” хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан бичгийн хэлцэл хийх шаардлагад нийцсэн, гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчихгүй байх тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талууд зээлийн гэрээний үүргийг гадаад валютаар тодорхойлсон бөгөөд уг үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн шүүхэд хандсан нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар үүргийн хэмжээг тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь заасантай нийцнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд зээлийн гэрээний үүргийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ам.доллар /2073,09/-ын ханшаар тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байх тул ийнхүү тооцон, үүргийг тодруулсан анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм.          

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисгугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА