Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/01304

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум Майдар хэсэг 1-р баг 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Шархангад овогт Балдандоржийн Гантулга /регистрийн дугаар ГЮ63101176/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-50 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Очирын Чанцалдүүрий /регистрийн дугаар ФЖ69041501/-д холбогдох

Бичиг баримт албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гантулга, хариуцагч Б.Чанцалдүүрий, гэрч Сэнгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Гантулга иргэн Чанцалдүүрийтэй 1998 онд албан ёсны гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Амьдрах хугацаандаа таарч тохирохгүй болсноос 2014 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. Чанцалдүүрийгээс салснаас хойш 2016 он хүртэл ирэн очин хамтран амьдарсан нэр зүүж байсан. Энэ хугацаанд миний өвчтөний картыг надад хэлэлгүйгээр ломбарданд тавьсан. Авах гэхээр одоо хүртэл өгөхгүй байна. Чанцалдүүрий миний өвчтөний картыг хувьдаа ашиглаж эрүүл мэндээр хохироож байна. Үүнээс болж эмч нар 70 хувиар ордог группыг 50 хувь хүртэл бууруулсанд би гомдолтой байна. Ерөнхийдөө хөдөлмөрийн чадвар алдсан мөнгөөрөө эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо миний мөнгө хүрэлцэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Миний өвчтөний картыг надад хэлэлгүй ломбарданд тавьсанд би гомдолтой байна. Үйлдвэрийн осолд 1993 онд орсон. 1995 онд нээлгэсэн өвчтөний карт юм. Би 2014 онд салахдаа хоёулаа тохирч хашаа байшин эд зүйлээ 2 хүүхдийн тэтгэвэрт өгье гэж тохирсон. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд очиж тэтгэвэрийг хаалгасан. Одоо би орох оронгүй айлаар явж байна. Иймд иргэн Чанцалдүүрийгээс үйлдвэрийн осолд орсон өвчтөний түүх, бичиг баримт, жолооны үнэмлэхийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Чанцалдүүрий шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Гантулгын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 04 дүгээр сард Б.Гантулга нь тахир дутуугийн группт орсон боловч, групп нь заавал эмчилгээ хийлгэж байж хугацааг нь сунгах боломжтой гэж надад хэлсэн. Тиймээс мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлэх хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхэд би найз Чанцалдуламаас мөнгө зээлэх гэсэн боловч барьцаагүй бол зээлэхгүй гэж надад хэлсэн. Тэр үед нэхэмжлэгч нь өөрөө өөрийнхөө үйлдвэрлэлийн ослын өвчний картыг барьцаалж гарын үсэг зурж мөнгө авсан. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас надаас жолооны үнэмлэх нэхсэн байна. Б.Гантулгын нэхэмжилсэн жолооны үнэмлэхийг би огт аваагүй. Нэхэмжлэгч өөрөө жолооны үнэмлэхээ солиулах гэж Үүрцайх авто курст өгсөн. Тиймээс надад Б.Гантулгын жолооны үнэмлэх байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа үйлдвэрлэлийн ослын өвчний карт, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримт надад огт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантулга нь Б.Чанцалдүүрийгээс үйлдвэрийн осолд орсон өвчтөний түүхийг /эрүүл мэндийн дэвтэрийг/ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Б.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Б.Чанцалдүүрий нь миний 1995 оноос хойших эрүүл мэндийн дэвтрийг минь өөрийн найз Чанцалдуламд барьцаанд тавьж мөнгө зээлж авсан. Чанцалдулам нь одоо гадаад гараад явсан байна. Миний дэвтэрийг анх Б.Чанцалдүүрий авсан учир Б.Чанцалдүүрийгээс эрүүл мэндийн дэвтэрээ гаргуулах хүсэлтэй байна... гэсэн.

Хариуцагч Б.Чанцалдүүрий: ...өөрөө хамт явж байгаад 2,0 сая төгрөг миний найз Чанцалдуламаас авахуулсан тэр мөнгөөрөө өөрөө групээ сунгуулсан. Тэгээд өөрөө зугтчихсан. Б.Гантулга нь мөнгөө өгөхгүй болохоор нь би Сэнгээ гэдэг хүнээс мөнгө зээлж Чанцалдуламд авч өгсөн. Одоо тэр дэвтэр нь Сэнгээ гэж хүнд байгаа... гэж тайлбарласан.

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Гантулгын эрүүл мэндийн дэвтэрийг Чанцалдуламд мөнгөний барьцаанд тавьсан байх ба, одоо энэ дэвтэр Л.Сэнгээ гэж хүнд Чанцалдүүрий барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

Гэрч Л.Сэнгээ шүүх хуралдаанд: ... 2017 оны 06 дугаар сарын 18, 19-ны үед Б.Чанцалдүүрий ирж, би өрөнд орчоод байна туслаач, намайг мөнгө авч өгөөч гэхээр нь би 2 000 000 төгрөг өгсөн. Тэтгэвэрийн зээл аваад дээр нь мөнгө нэмж өгсөн. Барьцаанд нь Б.Гантулга гэдэг хүний эмнэлгийн дэвтэрийг өгсөн, Б.Гантулгыг манай нөхөр гэж хэлсэн. Би Б.Гантулгыг нь танихгүй ... гэж мэдүүлсэн.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.Гантулгын эрүүл мэндийн дэвтэрийг хариуцагч Б.Чанцалдүүрий нь Л.Сэнгээд барьцаанд тавьж мөнгө авсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Гантулга нь жолооны үнэмлэх, баримт бичгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Иймд Б.Гантулгын өөрийнхөө эрүүл мэндийн дэвтэрийг Б.Чанцалдүүрийгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Б.Чанцалдүүрийгээс, Б.Гантулгын эрүүл мэндийн дэвтэрийг гаргуулан Б.Гантулгад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА