Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/00111

 

 

 

 

 

 

2020 оны 01сарын08өдөр

181/ШШ2020/00111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н.Шт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.*******, гуравдагч этгээд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01117 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Гөүлдэн нэст ХХК-аас 66,161,250 төгрөг гаргуулж, Шунхлай трейдинг ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоололын хотхон, Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй, 49.45 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дугаар заалтыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулууны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Хөрөнгө эстимэйт ХХК-кйг шинжээчээр томилсон байна. Хөрөнгө эстимэйт ХХК нь дээр дурдсан хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 72,865,700 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн үнэлгээнд дор дурдсан эргэлзээтэй асуудлууд байгаа учир үнэлгээг бодитой болсон гэж үзэхгүй байна. Үнэлгээний тайлангийн огноо 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж байх боловч 2019 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд борлуулахаар зарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зарлалыг ашигласан байна. Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн байхад 2019 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зарлагдсан үл хөдлөх хөрөнгүүд 65 сая төгрөг, 68 сая төгрөг, 88.9 сая төгрөгөөр зарагдсан тухай мэдээллийг ямар эх сурвалжаас хэзээ олж тогтоосон нь тодорхойгүй байна. Үнэлгээг 3 аргаар хийсэн гэх боловч 2 аргын үр дүнг орхиж, зөвхөн нэг аргын үр дүнг авч үнэлгээний суурь болгосон байтлаа ямар үндэслэлээр 2 аргыг орхисон тухай тайлбарлаагүй байна. Үнэлсэн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан үл хөдлөх хөрөнгийг зарах тухай зурагтай зарлалыг хавсаргасан байх бөгөөд тэрхүү зурган дээр Өчигдөр 14:28 гэх мэдээлэл байгаа нь энэ зарлал хэзээний зарлал болох тухай мэдээллийг бүрхэгдүүлж байна. Дээр дурдсан нөхцөлүүдийг үндэслээд үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоололын хотхон, Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй, 49.45 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан-гаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Гөүлдэн нэст ХХК-ийн Н.Шт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01117 дугаар шийдвэрээр Гөүлдэн нэст ХХК-аас 66,650,006 төгрөгийг гаргуулж Шунхлай трейдинг ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Нэхэмжлэгч Гөүлдэн нэст ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 53 дугаар байр 24 тоот хаягт байрлах Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Гөүлдэн нэст ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 72,865,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчөөгүй байна. Төлбөр төлөгч Гөүлдэн нэст ХХК нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүйгээс харахад төлбөр төлөхөөс зайлсхийж олон жилийн хугацаанд шүүхийн байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл тоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байна гэж үзэх хангалттай үндэслэл байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 225-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэгийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн №273 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах 49.45 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилогдсон. Бид үнэлгээг тогтоохдоо тухайн байранд үзлэг, шинжилгээ хийж Олон улсын үнэлгээний стандартын дагуу үнэлгээний тайланг бичсэн. Үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийхдээ тухайн үед уг орон сууцны ойролцоо зарагдаж байгаа ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж зах зээлийн үнэлгээг гаргасан болно. Уг 49.45 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ 72,865,700 төгрөгөөр үнэлсэн. 1 м.кв-ын үнийг 1,473,500 тогтоосон. Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордноос Цайз 16 өгсөөд зам дагуу орон сууцнуудын судалгаа хийхэд 1 м.кв-ын дундаж үнэ 1,350,000-1,600,000 төгрөгийн хооронд зарагдаж байсан. Иймд зах зээлийн ханшаас доогуур үнэлэх ямар ч үндэслэлгүй болно. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Гөүлдэн нэст ХХК нь хариуцагч Н.Шт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01117 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-41,42 тал/-аар нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,232,250 төгрөгийг татгалзаж, хариуцагч Гөүлдэн нэст ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,161,250 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршоололын хотхон, Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Гөүлдэн нэст ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 488,756 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 677 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-39 тал/ бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршоололын хотхон, Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 17/01-06 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол /хх-44 тал/-оор битүүмжилж, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 225/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-47 тал/-оор хураасан байна.

Улмаар Н.Ш 2019 оны 09 сарын 24-ны өдөр Гөүлдэн нэст ХХК-д Үнийн санал авах тухай мэдэгдэл /хх-55 тал/-ийг өгч, тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохыг мэдэгдсэн байх ба 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 273 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-56 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-58 тал/ байна.

Нэхэмжлэгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал гаргаж өгөөгүйтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх байгууллага үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хөрөнгө эстимэйт ХХК нь 2019 оны 10 сарын 16-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-61-76 тал/-гаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 72,865,700 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнэлгээний тайлангийн огноо 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж байх боловч 2019 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд борлуулахаар зарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зарлалыг ашигласан гэж дурдсан байх боловч хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний тайлан 2019 оны 10 сарын 16-ны өдрөөр огноологдсон, мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн үнэлгээний тайлан 2019 оны 10 сарын 16-ны өдрөөр огноологдсон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж буй үнэлгээний тайлан үйлдэгдсэнээс хойших хугацаанд борлуулахаар зарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зарлалыг ашигласан, мэдээллийг ямар эх сурвалжаас хэзээ олж тогтоосон нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнэлгээг 3 аргаар хийсэн гэх боловч 2 аргын үр дүнг орхиж, зөвхөн нэг аргын үр дүнг авч үнэлгээний суурь болгосон байтлаа ямар үндэслэлээр 2 аргыг орхисон тухай тайлбарлаагүй гэсэн байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан үнэлгээний тайланд үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг ашигласан, зах зээлийн хандлагын аргачлалд 100 хувийн ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаар тодорхой тусгасан, гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгсөн шалтгааныг үнэлж буй эд хөрөнгө өөрөө орон сууцны зориулалттай эд хөрөнгө байсан тул зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгсөн гэж тайлбарласан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгсөн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дахь заалтад заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан үнэлгээг 3 аргаар хийсэн гэх боловч 2 аргын үр дүнг орхиж, зөвхөн нэг аргын үр дүнг авч үнэлгээний суурь болгосон байтлаа ямар үндэслэлээр 2 аргыг орхисон тухай тайлбарлаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд үнэлгээний байгууллага үнэлгээг хийхдээ зарын сайт дахь тодорхой хөрөнгө зарна гэсэн зарын үнийг тухайн эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ гэж үзсэн нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээсэн зах зээлийн үнэ, ханшийн талаарх мэдээ, мэдээлэл хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санд хамаарахаар заасан тул үнэлгээний байгууллага үл хөдлөх эд хөрөнгө худалдах талаар зарын мэдээллийн сайтад тавьсан мэдээллийг ашигласныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үнэлгээний компани үнэлгээний тайланд үнэлж буй эд хөрөнгийг 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан гэх боловч үнэлгээний тайланд 2 үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл хавсаргасан байсан гэж маргасан боловч нотлох баримт шинжлэн судлах явцад үнэлгээний тайланд 3 үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл хавсаргасан байгааг хүлээн зөвшөөрч байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой хийгдээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Гөүлдэн нэст ХХК-ийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Гөүлдэн нэст ХХК-ийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/12193 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР