Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00957

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 09 07                                                                                   001/ХТ2021/00957

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00111 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 387 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.01-ний өдрийн 181/ШШ2016/01117 дугаартай захирамжаар төлбөр төлөгч ******* ХХК-иас 66,161,250 төгрөг гаргуулж, Шунхлай трейдинг ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй, 49.45 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дугаар заалтыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулууны 2019.10.02-ны өдрийн 273 дугаар тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Хөрөнгө эстимэйт ХХК нь дээр дурдсан хөрөнгийг 2019.10.10-ны өдөр 72,865,700 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн үнэлгээнд дор дурдсан эргэлзээтэй асуудлууд байгаа учир үнэлгээг бодитой болсон гэж үзэхгүй байна. Үнэлгээний тайлангийн огноо 2019.10.10-ны өдөр гэж байх боловч 2019.10.10, 11, 12-ны өдрүүдэд борлуулахаар зарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зарлалыг ашигласан байна. Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг 2019.10.10-ны өдөр хийсэн байхад 2019 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зарлагдсан үл хөдлөх хөрөнгүүд 65 сая төгрөг, 68 сая төгрөг, 88.9 сая төгрөгөөр зарагдсан тухай мэдээллийг ямар эх сурвалжаас хэзээ олж тогтоосон нь тодорхойгүй байна. Үнэлгээг 3 аргаар хийсэн гэх боловч 2 аргын үр дүнг орхиж, зөвхөн нэг аргын үр дүнг авч үнэлгээний суурь болгосон байтлаа ямар үндэслэлээр 2 аргыг орхисон тухай тайлбарлаагүй байна. Үнэлсэн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан үл хөдлөх хөрөнгийг зарах тухай зурагтай зарлалыг хавсаргасан байх бөгөөд тэрхүү зурган дээр Өчигдөр 14:28 гэх мэдээлэл байгаа нь энэ зарлал хэзээний зарлал болох тухай мэдээллийг бүрхэгдүүлж байна. Дээр дурдсан нөхцөлүүдийг үндэслэн үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй, 49.45 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019.10.10-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.01-ний өдрийн 181/ШШ2016/01117 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 66,650,006 төгрөгийг гаргуулж Шунхлай трейдинг ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2016.12.15-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Нэхэмжлэгч ******* ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 53 дугаар байр 24 тоот хаягт байрлах Ү-2204054714 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 72,865,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчөөгүй байна. Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүйгээс харахад төлбөр төлөхөөс зайлсхийж олон жилийн хугацаанд шүүхийн байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл тоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байна гэж үзэх хангалттай үндэслэл байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 225-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч*******ийн 2019.10.02-ны өдрийн №273 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж, 53 дугаар байр, 24 тоот хаягт байрлах 49.45 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилогдсон. Бид үнэлгээг тогтоохдоо тухайн байранд үзлэг, шинжилгээ хийж Олон улсын үнэлгээний стандартын дагуу үнэлгээний тайланг бичсэн. Үнэлгээг хийхдээ орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцож зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг хийхдээ тухайн үед уг орон сууцны ойролцоо зарагдаж байгаа ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж зах зээлийн үнэлгээг гаргасан болно. Уг 49.45 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ 72,865,700 төгрөгөөр үнэлсэн. 1 м.кв-ын үнийг 1,473,500 тогтоосон. Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордноос Цайз 16 өгсөөд зам дагуу орон сууцнуудын судалгаа хийхэд 1 м.кв-ын дундаж үнэ 1,350,000-1,600,000 төгрөгийн хооронд зарагдаж байсан. Иймд зах зээлийн ханшаас доогуур үнэлэх ямар ч үндэслэлгүй болно гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00111 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Гөүлдэн нэст ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/12193 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 387 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 00131 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүх 2020.02.14-ний өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцэж, 387 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн болно. Манай компани дээрх шийдвэр болон магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргыг голчлон авч үзсэн байна. Ингэхдээ нэр бүхий 3 үл хөдлөх хөрөнгийг сонгон авч хүснэгтээр харьцуулжээ. /тайлангийн 5-р хуудас/ 1-р баганад харьцуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн нийтэд санал болгосон үнэ нь 63 сая төгрөг, харин зарагдсан үнэ нь 65 сая төгрөг. Санал болгосон үнээсээ 2 сая төгрөгөөр илүү зарсан байна. 2-р баганад харьцуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн нийтэд санал болгосон үнэ нь 67 сая төгрөг, харин зарагдсан үнэ нь 68 сая төгрөг. Санал болгосон үнээсээ 1 сая төгрөгөөр илүү зарсан байна. 3-р баганад харьцуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн нийтэд санал болгосон үнэ нь 88,935,000 төгрөг, зарагдсан үнэ нь 88,935,000 төгрөг. Санал болгосон үнээсээ нэг ч төгрөг нэмж хасалгүй яг санал болгосон үнээрээ зарсан болж харагдаж байна. Зах зээлийн нийгэмд орсноор бид наймаа хийж сурч байгаа гэж бодож байна. Ганц нэг гулууз хонины мах авахдаа хүртэл үнээ ярилцаж, үр дүнд нь үнэ нэмэх биш харин бага зэрэг буулгадаг байхад ийм өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн наймаа хийхдээ харьцуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн нэгийг нь яг үнээр нь борлуулж, харин нөгөө хоёрыг нь 1-2 сая төгрөгийн илүүгээр зарсан болж таараад байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна гээд 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9 дүгээр зүйлийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана гээд 9.3.8-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж заажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс Зарын сайт дээрх зарлал бол нийтэд санал болгож байгаа үнэ болохоос зарагдсан гэдгийг батлахгүй шүү дээ. Та яаж зарагдсан үнэ гэдгийг тогтоосон бэ гэж асуухад Би зарлал гаргасан хүмүүстэй утсаар ярьж тодруулсан гэж хариулсан болно. Утсаар ярьсныг нотлох баримт юу байна гэхэд Байхгүй гэж хариулсан байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгч зар гаргасан хүмүүстэй утсаар ярьсан зүйлээ батлахгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний хуулийн 9.3.8-р заалтыг зөрчсөн байна. Хариултаас харахад үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ ашигласан гол мэдээлэл, нотолгоо, үндэслэлээ тайланд тусгаагүй байх тул хүчингүй үнэлгээ болох учиртай гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 00131 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 387 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гуравдагч этгээдийн төлөөлөгч зар гаргасан хүмүүстэй утсаар ярьсан зүйлээ батлахгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний хуулийн 9.3.8 дахь заалтыг зөрчсөн. ...үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ ашигласан гол мэдээлэл, нотолгоо, үндэслэлээ тайланд тусгаагүй байх тул хүчингүй үнэлгээ болох учиртай... гэх хяналтын гомдол үндэслэлгүй.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.01-ний өдрийн 181/ШШ2016/01117 дугаартай шүүгчийн захирамжаар Гөүлдэннэст ХХК нь Шунхлай трейдинг ХХК66,161,250 төгрөгийг 2016.11.15-ны өдрийн дотор төлж барагдуулах, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 53-р байр, 24 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн биелэлтэнд хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2017.01.06-ны өдрийн 17/01-06 дугаартай тогтоолоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019.9.10-ны өдрийн 225/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан байх бөгөөд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн, талууд үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ...тодорхойлно гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2019.10.02-ны өдрийн шинжээч томилох 273 дугаар тогтоолоор томилогдсон Хөрөнгө-Эстимэйт ХХК нь барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 53-р байр, 24 тоотын 49.45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд үнэлгээ хийхдээ тухайн үед зарагдаж байгаа, уг орон сууцтай ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж, 72,865,700 төгрөгөөр үнэлэн, үнэлгээний тайланд үнэлгээтэй холбоотой баримтуудыг хавсаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, бодитой үнэлээгүй, үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00111 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 387 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ