Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00759

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00759

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 13, Лэндмарк цамхаг, ******* тоотод байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаанбагт байрлах, ******* ******* ******* ******* *******-д холбогдох,

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 28ы өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 142/2019/00190/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 11-р сард ******* ******* Цахилгаан *******" болон Хайрхан Ойл" ХХК нарын хооронд 18-А/118 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу 2018 оны 11-р сарын 08-нд 34,5 тонн, 11-р сарын 10-ны өдөр 36,8 тонн, 11-р сарын 14-ны өдөр 26,1 тонн буюу нийт 97,4 тонн мазут чанар стандартын шаардлагад нийцэж тус гэрээний 3-р зүйлийн 3.2 дах заалт, 4-р зүйлийн 4.5 дах хэсэгт заасны дагуу ЭДЦС ******* нь хүлээн авсан байдаг. Худалдан авагч тал болох ЭДЦС ******* нь 80 тонн мазут захиалсан боловч урьдчилан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр худалдагч тал болох Хайрхан Ойл ХХК нь машин, техникийн багтаамжаас шалтгаалан 17,4 тонн мазут илүү тээвэрлэн хүлээлгэн өгсөн. Гэрээний нийлүүлэх нөхцөлд заасны дагуу складны нөхцөлөөр ЭДЦС *******-ийн *******ын химийн лабораторид тээвэрлэн ирсэн барааг шинжилж стандартад нийцэж зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь батлагдаж пүүлэн хүлээн авсан бөгөөд манай компанийн зүгээс хүсэлт тавьж ЭДЦС *******-ийн хэрэгцээ шаардлагад нийцэх чанарын шаардлага хангасан ба зах зээлийн үнээс хямд үнэтэй байгаад дээрх гэрээний үнээр нийлүүлэхээр тохиролцож 2018 онд багтаан төлбөр тооцоог дуусгахаар харилцан зөвшилцсөн боловч өнөөдрийн байдлаар илүү тээвэрлэгдсэн 17,4 тонн мазутын төлбөр төлөгдөөгүй байна. Иймд илүү тээвэрлэгдсэн 17,4 тонн мазутын үнэ болох 23490000 төгрөгийг ЭДЦС" *******-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сард ЭДЦС ******* болон Хайрхан Ойл ХХК-ийн хооронд 18-А/118 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 34,5 тн, 11 дүгээр сарын 10-ны өдөр 36,8 тн, 11 дүгээр сарын 14-ны өдөр 26 тн буюу нийт 97,4 тн мазутыг чанар стандартын шаардлагад нийцэж, тус гэрээний 3-р зүйлийн 3.2 дахь заалт, 4-р зүйлийн 4.5 дахь хэсэгт заасны дагуу ЭДЦС ******* хүлээн авсан байдаг. Тус компани нь 80 тн мазут захиалсан боловч урьдчилан ярилцсаны үндсэн дээр худалдагч тал болох Хайрхан Ойл ХХК нь машин техникийн багтаамжаас шалтгаалан 17,4 тн мазутыг илүү тээвэрлэн хүлээлгэн өгсөн. Гэрээний нийлүүлэх нөхцөлд заасны дагуу тус компанийн химийн лабораторид тээвэрлэн ирсэн барааг шинжлэн стандартад нийцэж, зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа нь батлагдаж, пүүлэн авсан бөгөөд манай компанийн зүгээс хүсэлт тавьж, ЭДЦС *******-ний хэрэгцээ шаардлагад нийцсэн чанарын шаардлага хангасан ба зах зээлийн үнээс хямд үнэтэй байсан учир дээрхи гэрээний үнээр борлуулахаар тохиролцож, 2018 онд үлдэгдэл төлбөрөө дуусгахаар харилцан зөвшөөрөлцсөн боловч өнөөдрийн байдлаар илүү тээвэрлэгдсэн 17,4 тн мазутын үнэ болох 23,490,000 төгрөгийг ЭДЦС ******* төлөхгүй байгаа учир гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хайрхан-Ойл ХХК нь ******* ******* ******* ******* төрийн өмчит хувьцаат компаниас Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг гаргасан байна. Тус нэхэмжпэлийн шаардлагыг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

1. ******* ******* ******* ******* болон *******-ийн хооронд 2018 оны 11-р сарын 07-ны өдөр 18-А/118 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргээ талууд зохих ёсоор биелүүлсэн.

2. Хоёр талын гэрээний 3.3-т заасанчлан нэхэмжпэгч тал гэрээнд заасан 80 тн мазутаасаа 17.4 тонноор илүүг манайд нийлүүлсэн гэж 23.490.000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Ирсэн мазут нь авто цистернд ачихдаа халааж ачсан учраас жингийн нэмэгдэл еөрчлөлттэй байсан. Ачиж ирсэн мазут 40-50С байсан тул сорьцыг хөргөж шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байсан (халаасан мазут тэлдэг, мөн устай байсан). Устай мазутыг хэрэглэх боломжгүй. Иймээс сорьц авч шинжилгээ хийж М-100 маркийн мазут мөн эсэхийг тогтоохоор буулгасан. Цистернтэй мазут халуун байсан тул мазутын эстакодийн лотокоор хүлээн авах бак руу шууд өөрөөр нь буулгасан. Буулгах үед дотоод хяналтын хэлтсийн хяналтын инженер Ч.Нямдэлэг, зуухан цехийн ашиглалтын инженер Д.Гансүх, ээлжийн дарга, касс, шатах тослох материалын нярав Д.Жаргалсайхан нар хүлээн авсан. Буулгасан мазутыг хадгалах бэлтгэл бак №1 рүү шахах үүрэг өгсөн тухайн үед МБ №1 түвшин 0.01.3м байсан.

2018.11.8-нд 36,8 тн мазут ирж шахахад МБ №1-н төвшин 0.59.0м

2018.11.10-нд 34,5тн мазут ирж шахахад МБ №1-н төвшин 0.79.0м

2018.11.14-нд 26,18 тн мазут ирж шахахад МБ №1 төвшин 1 .ЗЗ.Ом болсон.

2018.11.16-наас 2018.12.02 хүртэл МБ №1-ийн усыг дренажлаж мазут гарсан тул зогсоож төвшин тогтоохоор болсон.

2018.12.03-нд ДХХА цехийн хэмжүүрийн инженер Д.Эрдэнэбаяр МБ №1-ийн төвшинг 1.27.2 м-ээр тогтоосон бөгөөд 4,5 тн ус ялгарч гарсан. Мазутын усны хольц бүрэн ялгараагүй байгаа учир бакийг халааж ууршуулах үүрэг өгсөн.

2018в12в13-наас 2018.12.22 хүртэл мазутын бак №1-ийг насосоор эргүүлж халааж эхэлсэн ба 82С-аар тогтмол барьж ууршилт сайн явуулж хольцгүй болгож МБ №1 төвшин 1.04.0м болсон.

2018.12.22-нд МБ №1-ийн мазутыг МБ №3-т шахахад төвшин 0.60.Ом-с 1.60.1м болсон. МБ №3-т нэмэгдэж орсон мазут 1.00.1м

Мазутыг албан ёсоор хүлээн авсан болохоо нотлож 2018 оны 12 сарын 24-ний өдөр протокол үйлдэж Хайрхан Ойл" ХХК 2018-А/118 тоот гэрээгээр нийлүүлсэн мазутыг хүлээж авч усыг дренажилж, ууршилт явуулж шахсаны дараа ирсэн нийт мазут 1.00.1 м х 0,85=85.1 тн болохыг тогтоосон. Тийм учраас Хайрхан-Ойл ХХК-ийн нэхэмжилсэн 17.4 тн мазут буюу 23.490.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Харин илүү гарсан 5.1 тн мазутын төлбөрийг тухайн үеийн ханшаар буюу 1.350 төгрөгөөр тооцож 6.885.000 төгрөгийг гэрээний 3.3-т заасны дагуу хариуцан төлөх үүрэг хүлээхгүй. Хуучин нэрээр Худалдаа үйлдвэрийн яамны 1994 оны 152-р тушаалын №9 газрын тосны бүтээгдэхүүний хэвийн нормыг хэрэглэх зааврын 2 дугаар бүлгийн 1.3-т Намар, өвлийн улиралд мазут, битум, тос зэрэг царцамтгай нефтийн бүтээгдэхүүнийг тусгай халаагуураар халааж буулгасан үед хүлээн авахад гарах хэвийн хорогдлыг тооцохдоо нормыг дараах байдлаар нэмэгдүүлнэ. Үүнд: Бүтээгдэхүүнийг /11-20/С хүртэл халаасан бол 1.2 дахин, /31-50/С халаавал 1.5 дахин, 50С-аас дээш халаавал 2 дахин хорогдол тооцно гэжээ. Иймд Хайрхан-Ойл ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэсэн заалтын дагуу манай байгууллага үүргээ зохих ёсоор биелүүлсэн учраас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн худалдах, худалдан авах 18-А/118 тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэж акт үйлдсэн байгаа. Гэрээ дүгнэсэн актын 7.2-т талуудын дунд маргаантай асуудал гараагүй гэж үзсэн байна. Үүнийг батлан ЭДЦС *******-ийн гэрээ дүгнэх эрх бүхий албан тушаалтнууд болон Хайрхан Ойл ХХК-ийн захирал Д.Энх, үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Нора нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Тус компанийн шаардлагын дагуу манай хоёр компани гэрээний актыг үйлдэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ гүйцэтгэж, гэрээний нийт үнэ болох 108,000,000 төгрөгийг ямар нэгэн маргаангүй шилжүүлж, гэрээг дүгнэж акт үйлдсэн. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээг дүгнэсэн актыг нотариатаар батлуулж, хэрэгт өгсөн байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 97,4 тонн гэсэн протокол байхгүй. Харилцан гарын үсэг зуралцсан баримт байхгүй. Гэрээ хийгээд гэрээний дагуу мазут ирж буух нь буусан. Гэхдээ Газрын тосны хуулиар газрын тос жижиглэнгээр болон бөөнөөр худалдах компани тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Зөөх тусгай зөвшөөрлийн машинтай, өөрсдөө хэмжих багажтай байх ёстой. Эдний компани яагаад зарлагын баримт ирүүлээгүй вэ? 3 удаа ачилт ирүүлэхэд яагаад 80 тонноос илүү ачуулсан бэ? Тэр ирүүлсэн мазутаа яагаад заавал ажлын бус цагаар ирүүлж байсан бэ?. Тухайн үед манай хүлээж авсан ажилчид мөн шинэ хүмүүс байсан. Манайх өмнө цистернээр авдаг байсан. Мазут өөрөө зунгааралдсан байдаг бөгөөд шууд буухгүй, уураар халааж буулгаад түүнийгээ дренажлаад бодит хэмжээгээ гаргадаг. Хэрвээ эдний компани газрын тос нийлүүлдэг тусгай зөвшөөрөлтэй юм бол бүх юм нь стандартад нийцсэн байх ёстой. Зунгааралттай мазутыг бид нар халаах ёстой байтал эд нар халаасан мазут явуулсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны байгуулагдсан 18-А/118 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-д газрын тосны бүтээгдэхүүн Мазут/М-100-г 80 тонныг 108,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч уг 80 тонн мазутыг худалдан авагч талд 2018 оны 12 сарын 01-ний өдрийн дотор багтааж нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулагдсан байна./хэргийн 6-8-р тал/

Гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 80 тонн мазут нийлүүлэх ёстой байсан боловч худалдагч тал болох ******* нь ******* ******* ******* ******* *******-д 2018 оны 11 сарын 08-нд 34.5 тонн, 2018 оны 11 сарын 10-нд 36.8 тонн, 2018 оны 11 сарын 14-нд 26.1 тонн буюу нийт 97.4 тонн мазут буюу гэрээнд зааснаас 17.4 тонн мазутыг илүү нийлүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, 2018 оны 12 сарын 24-ний Мазут нийлүүлэлтийн тухай протокол, Битумина сэнтрал азиа ХХК болон *******-ийн хооронд байгуулагдсан ачаа тээвэрлэлтийн гэрээ, гэрээний хавсралт, *******-ийн агуулахаас бараа материал гаргах зөвшөөрлийн баримт, худалдах худалдан авах 18/А-118 тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн акт, М100 мазут 80 тонн нийлүүлэх ажлыг хүлээн авсан протокол, тосны шинжилгээний протокол №15, 16, 18, зарлагын баримт, пүүний баримт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 11, 23, 44-49, 64-68-р тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...шатах тослох материал өөрөө их хувирамтгай бөгөөд халсан тохиолдолд багтаамж нь тэлж хүйтэнд буюу хөрөхөөрөө багтаамж нь хэвийн байдалдаа ордог учраас нэхэмжлэгч тал мазутаа гурван удаа нийлүүлэхдээ нийлүүлсэн мазут нь халуун байсан, мазутыг албан ёсоор хүлээн авсан болохоо нотлож 2018 оны 12 сарын 24-ний өдөр протокол үйлдэж Хайрхан Ойл" ХХК 2018-А/118 тоот гэрээгээр нийлүүлсэн мазутыг хүлээж авч усыг дренажилж, ууршилт явуулж шахсаны дараа ирсэн нийт мазут 85.1 тонн болохыг тогтоосон... гэж тайлбарлаж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний талууд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мазутын хэмжээн дээр маргасан учир мазутыг эзлэхүүн болон массын алинаар нь тооцож хүлээж авдаг, хорогдол нэмэгдлийг хэрхэн тооцдог талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон боловч уг асуудалд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч тал 2018 оны 12 сарын 24-ний өдөр буюу нэхэмжлэгч талаас мазут нийлүүлж дууссанаас хойш 1 сар 10 хоногийн дараа мазут нийлүүлэлтийн тухай протокол үйлдэж уг баримтаар *******-с 85.1 тонн мазут хүлээж авсан гэж дүгнэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг үйлдэхдээ гэрээний нэг талаас хүн оролцуулаагүй байна.

Худалдах худалдан авах 18/А-118 тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн актаар худалдагч тал нь Монгол улсын чанар, стандартад нийцсэн барааг нийлүүлэв гэж дүгнэж, бараа материал хүлээн авахдаа тосны шинжилгээний протоколыг үйлдсэн байх ба Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS 4633:2006 стандартаар газрын тосны хэмжилт тооцоололтыг хүндийн нэгж кг-аар тооцож гаргана гэж заажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 2.4.3-т Худалдан авагч нь барааг хүлээцсэн акт, баримтаар орлогод авах ба худалдагчийн нэхэмжлэл, паданаар нийлүүлэгдсэн өдрөөс хойш тооцож календарын 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна., 3.3-т Барааны марк, тип, тоо хэмжээ, үнэ өөрчлөгдсөн, шаардлагатай бичиг баримтууд хавсаргагдаагүй тохиолдолд хүлээн авахгүй байх эрх эдлэнэ. Энэ талаар гарсан хохирлыг худалдан авагч хариуцахгүй гэж заасан.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан ба худалдан авагч тал илүү тээвэрлэж ирсэн мазутыг мэдсээр байж хүлээж авсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5-д худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана гэж заасан бөгөөд худалдан авагч буюу хариуцагч ******* ******* ******* ******* ******* гэрээнд зааснаас илүү тээвэрлэгдэн ирсэн 17.4 тонн мазутыг хүлээж авахгүй, буцаах боломжтой байсан боловч хүлээн авсан байх тул илүү нийлүүлсэн 17.4 тонн /1тонн мазут гэрээнд зааснаар 1350000 төгрөг/ 23490000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч ******* дулаан ******* ******* *******-с 17.4 тонн газрын тосны бүтээгдэхүүн Мазут/М-100-ын үнэс 23490000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Хэргийн 24-33, 50-53, 71-92 дугаар талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.5, 251 дүгээр зүйлийн 251.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* далааны ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 275.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ