Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00130

 

Хайрхан ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

******* ТӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00759 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хайрхан ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, П.Ганбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, П.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 11-р сард Эрдэнэтийн дулааны Цахилгаан станц" болон *******" ХХК нарын хооронд 18-А/118 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу 2018 оны 11-р сарын 08-нд 34,5 тонн, 11 дүгээр сарын 10-ны өдөр 36,8 тонн, 11-р сарын 14-ний өдөр 26,1 тонн буюу нийт 97,4 тонн мазут чанар стандартын шаардлагад нийцэж тус гэрээний 3-р зүйлийн 3.2 дах заалт, 4-р зүйлийн 4.5 дах хэсэгт заасны дагуу ЭДЦС ТӨХК нь хүлээн авсан байдаг. Худалдан авагч тал болох ЭДЦС ТӨХК нь 80 тонн мазут захиалсан боловч урьдчилан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр худалдагч тал болох ******* ХХК нь машин, техникийн багтаамжаас шалтгаалан 17,4 тонн мазут илүү тээвэрлэн хүлээлгэн өгсөн. Гэрээний нийлүүлэх нөхцөлд заасны дагуу складны нөхцөлөөр ЭДЦС ТӨХК-ийн станцын химийн лабораторид тээвэрлэн ирсэн барааг шинжилж стандартад нийцэж зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь батлагдаж хүлээн авсан бөгөөд манай компанийн зүгээс хүсэлт тавьж ЭДЦС ТӨХК-ийн хэрэгцээ шаардлагад нийцэх чанарын шаардлага хангасан ба зах зээлийн үнээс хямд үнэтэй байгаад дээрх гэрээний үнээр нийлүүлэхээр тохиролцож 2018 онд багтаан төлбөр тооцоог дуусгахаар харилцан зөвшилцсөн боловч өнөөдрийн байдлаар илүү тээвэрлэгдсэн 17,4 тонн мазутын төлбөр төлөгдөөгүй байна. Иймд илүү тээвэрлэгдсэн 17,4 тонн мазутын үнэ болох 23490000 төгрөгийг ЭДЦС" ТӨХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, П.Ганбат нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* болон Хайрхан ойл ХХК-ийн хооронд 2018 оны 11-р сарын 07-ны өдөр 18-А/118 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргээ талууд зохих ёсоор биелүүлсэн. Хоёр талын гэрээний 3.3-т заасанчлан нэхэмжлэгч тал гэрээнд заасан 80 тн мазутаасаа 17.4 тонноор илүүг манайд нийлүүлсэн гэж 23.490.000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Ирсэн мазут нь авто цистернд ачихдаа халааж ачсан учраас жингийн нэмэгдэл өөрчлөлттэй байсан. Ачиж ирсэн мазут 40-50С байсан тул сорьцыг хөргөж шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байсан (халаасан мазут тэлдэг, мөн устай байсан). Устай мазутыг хэрэглэх боломжгүй. Иймээс сорьц авч шинжилгээ хийж М-100 маркийн мазут мөн эсэхийг тогтоохоор буулгасан. Цистернтэй мазут халуун байсан тул мазутын эстакодийн лотокоор хүлээн авах бак руу шууд өөрөөр нь буулгасан. Буулгах үед дотоод хяналтын хэлтсийн хяналтын инженер Ч.Нямдэлэг, зуухан цехийн ашиглалтын инженер Д.Гансүх, ээлжийн дарга, касс, шатах тослох материалын нярав Д.Жаргалсайхан нар хүлээн авсан. Мазутыг албан ёсоор хүлээн авсан болохоо нотолж 2018 оны 12 сарын 24-ний өдөр протокол үйлдэж *******" ХХК 2018-А/118 тоот гэрээгээр нийлүүлсэн мазутыг хүлээж авч усыг дренажилж, ууршилт явуулж шахсаны дараа ирсэн нийт мазут 1.00.1 м х 0,85=85.1 тн болохыг тогтоосон. Тийм учраас Хайрхан-Ойл ХХК-ийн нэхэмжилсэн 17.4 тн мазут буюу 23.490.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Харин илүү гарсан 5.1 тн мазутын төлбөрийг тухайн үеийн ханшаар буюу 1.350 төгрөгөөр тооцож 6.885.000 төгрөгийг гэрээний 3.3-т заасны дагуу хариуцан төлөх үүрэг хүлээхгүй. Хуучин нэрээр Худалдаа үйлдвэрийн яамны 1994 оны 152-р тушаалын №9 газрын тосны бүтээгдэхүүний хэвийн нормыг хэрэглэх зааврын 2 дугаар бүлгийн 1.3-т намар, өвлийн улиралд мазут, битум, тос зэрэг царцамтгай нефтийн бүтээгдэхүүнийг тусгай халаагуураар халааж буулгасан үед хүлээн авахад гарах хэвийн хорогдлыг тооцохдоо нормыг дараах байдлаар нэмэгдүүлнэ. Үүнд: Бүтээгдэхүүнийг /11-20/С хүртэл халаасан бол 1.2 дахин, /31-50/С халаавал 1.5 дахин, 50С-аас дээш халаавал 2 дахин хорогдол тооцно гэсэн байна. Иймд Хайрхан-Ойл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00759 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.5, 251 дүгээр зүйлийн 251.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХК-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 275.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, П.Ганбат нар давж заалдсан гомдолдоо:

Хайрхан-Ойл ХХК, ЭДЦС ТӨХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 11 сарын 07- ны өдрийн 18/А-118 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу Хайрхан-Ойл ХХК нь 80 тн мазутын бүтээгдэхүүнийг нийлүүлж 2018 оны 11 сарын 14-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдэж, худалдан авагч ЭДЦС ТӨХК нь бүтээгдэхүүний үнэ 108.000.000 /нэг зуун найман сая/ төгрөгийг гэрээ дүгнэсэн актанд дурьдсан хугацаанд төлсөн. Гэрээ дүгнэсэн актын 7.2-т талуудын дунд ямар нэгэн маргаантай асуудал гараагүй гэж дүгнэсэн. Гэрээг дүгнэсэн актанд худалдагч компанийн ерөнхий захирал Д.Энх, үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Нора нар гарын үсгээ зурж тамга дарсан. Манай байгууллага 2018 оны 12 сарын 24-нд халаасан мазут ирүүлснийг хөргөж дренажпахад 85,1 тн мазут байсан. Гэрээний 3.3-д зааснаар илүү 5.1тн-ийн үнийг төлөх үндэслэлгүй гэж протокол үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актыг гол баримт болгох ёстой. Гэрээ дүгнэснээс хойш худалдан авагчийн тогтоосон жин 85,1 тн болсон гэснийг ч баримтлах ч ёсгүй, үүнийг нэхэмжлэлийг үгүйсгэсэн баримт, тайлбар гэж үзэх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 251-257 дугаар зүйлд зарчмын хувьд зөвхөн худалдан авагчийн эрхийг зохицуулдаг талаар Иргэний хуулийн тайлбарт тусгасан байна.Биет байдлын доголдол гэдэг нь тоо хэмжээ, чанар буурсан тохиолдолд гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хайрхан ойл ХХКомпани хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...******* болон Хайрхан ойл ХХК-ийн хооронд 2018 оны 11-р сарын 07-ны өдөр 18-А/118 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргээ талууд зохих ёсоор биелүүлсэн. Хоёр талын гэрээний 3.3-т заасанчлан нэхэмжлэгч тал гэрээнд заасан 80 тн мазутаасаа 17.4 тонноор илүүг манайд нийлүүлсэн гэж 23.490.000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Ирсэн мазут нь авто цистернд ачихдаа халааж ачсан учраас жингийн нэмэгдэл өөрчлөлттэй байсан. Ачиж ирсэн мазут 40-50С байсан тул сорьцыг хөргөж шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байсан (халаасан мазут тэлдэг, мөн устай байсан). Устай мазутыг хэрэглэх боломжгүй... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ТӨХК-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХКомпани талуудын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 80 тн мазут нийлүүлэхээс 97.4 тн мазут бэлтгэн нийлүүлсэн байх ба 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн Худалдах, худалдан авах 18/А-118 тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн акт, ******* ХХК-тай хийгдсэн М100 мазут 80 тн нийлүүлэх ажлыг хүлээн авсан протокол-д нэхэмжлэгч тал 80 тн мазут бэлтгэн нийлүүлсэн, хариуцагч мазутын төлбөрт 108.000.000 төгрөг төлөх, тоо хэмжээ болон чанарын доголдолтой холбоотой гомдол гаргаагүй гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХКомпани нь илүү хүлээн авсан 17.4 тн мазутын үнийг төлөхөөр хариуцагчтай амаар тохиролцсон гэж тайлбар гаргасан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, хавсралт нь гагцхүү бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох ба энэ хүү гэрээний салашгүй хэсэг болно, 7.2-д маргаантай асуудал гарвал харилцагч хоёр компаний захирлуудын хэмжээнд хэлэлцэн шийдэх ба эс шийдвэл Монгол улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу энэхүү илүү нийлүүлсэн мазутын тоо хэмжээ, үнийн талаар хэрхэн хэлэлцсэн тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй тул 17.4 тн мазутын төлбөрийг хариуцагч тал төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээргүй байна.

Харин хариуцагч ******* ТӨХК-д гэрээний гүйцэтгэлийг дүгнэсний дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс нийлүүлсэн мазутын тоо хэмжээг дахин хэмжиж нийт хүлээн авсан мазутын цэвэр жинг 85.1 тн гэж тогтоож дүгнэсэн тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т ...Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу 5.1 тн мазутын үнийг хариуцагчаас гаргуулах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ТӨХКомпаниас 5.1 тн мазутын үнэ 6.885.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16.605.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00759 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...хариуцагч ******* ТӨХК-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-д олгосугай гэснийг ...хариуцагч ******* ТӨХКомпаниас 5.1 тн мазутын үнэ 6.885.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16.605.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дугаар заалтыг ...нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 275.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-д олгосугай гэснийг ..Хайрхан ойл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 125.110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хайрхан ойл ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ******* ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 275.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ