Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2018/00511

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2018/00511

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Манханы ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* РД:/*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг,******* тоотод оршин суух ******* ******* ******* //-д холбогдох,

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1507108 төгрөг гаргуулах тухай 142/2018/00455/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ж., иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маралмаа нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж. нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Алтай төвд шинэ жилээ тэмдэглэгчихээд гарч явж байтал намайг урд нь тонгойсон байхад араас өвдөглөж, дэгээдэж унагаасны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, духны ясанд цууралт, баруун шанаанд зулгаралт үүссэн гэмтэл учирсан. Тухайн үед уруул язраад цус гарсан. Цусаа тогтоосон боловч маргааш нь босч чадахгүй толгой өвдөөд өвчин намдаах эм уучихаад ажилдаа явсан. Ажил дээрээ очоод 2 төрлийн өвчин намдаах эм уусан. Тэгээд 2 өдөр хоол идээгүй. Гэтэл үйлдвэрийн эмч толгойдоо гэмтэл авсан байж магад эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд нь би гүрийгээд эм уугаад яваад байсан боловч 2017 оны 12 сарын 28-ны өдөр ажил дээрээ ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн. Томографикийн зураг авахуулахад толгойны яс цууралттай байна гэсэн. Түүний улмаас гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гарч ирээд 10 гаруй хоног зүгээр болохгүй байсан учраас Тайхар эмнэлэгт хэвтсэн. Мөн МRI зураг авахуулсан. Энэ асуудалд Ж.д эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Ж. нь надад 60800 төгрөг, 63400 төгрөг 100000 төгрөгийг эм тариа, толгойн зураг авахуулахад өгсөн. Дараа нь нэмж 49000 төгрөгийн ор хоног болон эм тарианы зардал 35000 төгрөг, 14000 төгрөг банкны дансанд хийсэн. Нийдтээ 273200 төгрөг өгсөн. Миний бие БОЭТ-д хэвтэн эмчлүүлж, улмаар Нейротоп эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн учир нөхөр Цэвээнпүрэв ажлаасаа цалингүй чөлөө авч намайг сахиж байсан бөгөөд Ж.д дэгээдүүлж унасны улмаас шүд эмтэрч хугарсан юм. Эмтэрч гэмтсэн шүдийг бүрүүлэх зардал 580000 төгрөг мөн Нейротоп эмнэлгийн зардал 300000 төгрөг нөхөр Цэвээнпүрэв сахисан гэх баримт авагдаагүй гээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн юм. Иймд одоо би Ж.гээс Нейротоп эмнэлгийн эмчилгээний зардал 300000 төгрөг, эм тариа авсан 24400 төгрөг, нөхөр Цэвээнпүрэвийн сарын цалин 550000 төгрөг, замын зардал 80900 төгрөг, Орхон эм хангамжаас авсан эмийн үнэ 40260 төгрөг, миний дутуу авсан цалингийн зөрүү 511548 төгрөг, нийт 1507108 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Я.******* нь гэм хорын зардалд 1507108 төгрөг нэхэмжилсэн. Орхон аймаг дахь сумдын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үйл явдлын улмаас гэм хор учирсан гэж үзсэн. Биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсны улмаас Солонгын хөдөлмөрийн чадвар нь түр хугацаагаар сарнисан. Авах ёстой цалин хөлсөө авч чадаагүй, эмчилгээний зардал гэсэн. Эмчлүүлэхтэй нь холбоотой гэр бүлийн харилцаа бүхий 2 хүүхдийнх нь эцэг Цэвээнпүрэв Ховд аймгийн Хөшөөт сумын Бамбай секьюрити ХХК-ийн салбараас цалинүй чөлөө авч эхнэрээ асарч байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа. Хариуцагч хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа хэдий ч 2017 оны 12 сарын 18-нд Солонгыг өвдөглөж унагаасан нь үнэн, эм тариаг тухайн үед нь авч өгсөн, нөхөр нь ирж сахьсан, Тайхар эмнэлэгт хэвтсэн нь үнэн гэдгийг хариуцагч тайлбараараа давхар нотолж байна. Нэхэмжлэгчийг урьд нь унаж татдаг өвчтэй байсан гэж байгаа боловч няцааж байгаа үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Үндэслэл нь цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Нейротоп эмнэлэгт хэвтсэн гэх байдал нь баримтаар нотлогдохгүй байна гэж байгаа боловч энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн сторын хуулбар, Тайхар эмнэлэгт мөнгө төлсөн тухай эмнэлгийн тодорхойлолт, НӨАТ-ын баримтуудаар нотолсон. Цэвээнпүрэвийн цалингийн талаар Хөшөөт дэх Бамбай секьюрити ХХК-ийн салбарын дарга, санхүүгээс тодорхойлсон байгаа. Цалин хөлс, орлоготой байсан гэдгийг нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар нотолж байгаа. Өнөөдөр үйлчилгээний бүх байгууллага НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа, өгөхгүй тохиолдолд тухайн байгууллагаас бараа авсан гэдгийг зарлагын падаан нотолж өгнө. Ингээд Ж. нь Я.Солонгын эрүүл мэндэд гэм хор учруулсан нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор тогтоогдсон. Иймд гэм хор учруулсан нь тогтоогдсон учраас гэм хорыг арилгах үүрэгтэй. ******* өвдөөд эмнэлэгт хэвтэхэд насанд хүрээгүй 2 хүүхэд нь ээжийгээ сахиж асарч чадахгүй учраас нөхөр Цэвээнпүрэв ажлаасаа цалингүй чөлөө авч эхнэр Солонгыг сахьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Я.Солонгын нэхэмжилж байгаа 1507108 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. Нейротоп эмнэлэгт хэвтэхдээ 300000 төгрөг төлсөн гэх баримтаа ирүүлээгүй байна. Эм тарианы мөнгө 24400 төгрөг, 40250 төгрөгийн НӨАТ-ын баримтгүй, нөхөр Цэвээнпүрэвийн цалин, замын зардал 630900 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцохгүй тул төлөхгүй. Мөн дутуу авсан 511548 төгрөгийн цалин баримтаар нотлогдохгүй байна. 2017 оны 12 сарын 18-ны өдөр шөнө шинэ жил 12 өнгөрч байхад тарсан. Тэндээс гараад шөнийн клуб руу орохоор явсан. Би Я.*******ог хөөш гэсэн болохоос түлхэж унагаагүй. Гэтэл намайг хэн түлхэчихэв гэхээр нь би түлхчихсэн гэж хэлсэн. Амнаас нь цус гарч байсан. *******ог ухаан алдаж унаад эмнэлэг явсан гэхэд нь манай ажлынхан 51000 төгрөг цуглуулаад өгсөн. Нэг найз нь надад 500000 төгрөг өгөөрэй. Хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Гэмтлийн эмчтэй нь уулзахад юун хагалгаа, томо графикт оруулна гэж хэлсэн. Эмч нь намайг гарч эм, тариаг нь авч ир гэж хэлсэн. 1 дүгээр микрт байрлах Сөд эмнэлэгээс 60400 төгрөгөөр эм аваачиж өгсөн. Би *******ог гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь утасдаж биеийг нь асуудаг байсан. Тайхар эмнэлэгт хэвтсэнээс нь хойш эргээгүй. Нэхэмжилж байгаа мөнгөнүүдийг нь эсэргүүцэж байгаа. Энэ хүнд амбулаторийн карт нь байгаа. 2 дахь төрөлтөөсөө хойш унаж тусдаг өвчтэй болсон гэсэн. Кавинтинтай натри уудаг гэж хэлдэг байсан. Нөхрийнх нь нийгмийн даатгалын дэвтрийг бодитоор хармаар байна. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Нийт 270 гаран мянган төгрөг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч Ж., нэхэмжлэгч Я.*******огийн хувийн орон зайнд халдсан гэмтэй. *******огийн өвдсөн цагаас эдгэрсэн өдөр хүртэлх эм тариа, замын зардал, эрүүл мэндийн картны нотлох баримт бүрэн байвал хариуцагч төлөх нь зөв гэж үзэж байна гэв.

Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан гэм хорын хохирол 1507108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлага болох 1507108 төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Хариуцагч Ж. нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Алтай төвийн гадаа нэхэмжлэгч Я.Солонгыг араас нь өвдөглөж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгч Я.Солонгын эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 21 дүгээр магадлал, Тайхар эмнэлгийн №70 дугаартай өвчний түүх, Орхон аймгийн Нейротоп ХХК-ийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 9 дугаартай тодорхойлолт, Я.Солонгын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нэхэмжлэгч Я.******* нь Нейротоп ХХК-ийн Тайхар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 300000 төгрөг, эм тарианы зардал 24400, 40260 төгрөг, нөхөр О.Цэвээнпүрэвийн сарын цалин 550000 төгрөг, түүний замын зардал 80900 төгрөг, өөрийн дутуу авсан цалингийн зөрүү 511548 төгрөг, нийт 1507108 төгрөг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч Я.******* нь Нейротоп ХХК-ийн Тайхар эмнэлэгт 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл 10 хоног 300000 төгрөгийн төлбөртэйгээр хэвтэж эмчлүүлсэн, мөн 64660 төгрөгийг эм тариа авч хэрэглэсэн нь эмнэлгийн тодорхойлолт, эм авсан зарлагын баримт, эмнэлгийн төлбөр, эм тариа авсан төлбөрийн Е баримтууд /хэргийн 12, 30, 54, 57-р тал/-аар, нэхэмжлэгч Я.Солонгын нөхөр О.Цэвээнпүрэв нь Бамбай секьюрити ХХК-ийн Ховд аймаг дахь Хөшөөт салбарт сарын 550000 төгрөгийн цалинтай хамгаалагчаар ажилладаг бөгөөд 2017 оны 12 сарын 23-ны өдрөөс эхнэр Я.Солонгыг эмнэлэгт сахиж асарсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Засаг даргын 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 29 тоот тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, О.Цэвээнпүрэвийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Бамбай секьюрити ХХК-ийн хүний нөөцийн менежерийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, тодорхойлолт зэрэг баримтууд /хэргийн 19, 20, 26, 27, 28, 56-р тал/-аар, нэхэмжлэгч Я.******* нь Эрдэнэт текс ХХК-ийн ээрэх үйлдвэрийн бэлтгэх цехэд эрчлэгчээр сарын 500000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт /хэргийн 21, 25-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, эм тарианы зардал болон өвчтэй байх хугацаанд түүний аваагүй цалингийн зөрүү болон түүнийг эмнэлэгт сахиж асарсан нөхөр О.Цэвээнпүрэвийн 1 сарын цалин зэргийг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нөхөр О.Цэвээнпүрэвийн замын зардалд 80900 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн тайлбар, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болохыг дурдвал зохино.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.******* нь 2017 оны 12 сарын 18-наас 2018 оны 01 сарын 15-ны хооронд 69779 төгрөгийг тэтгэмжид авсан байх тул түүний 1 сарын цалин болох 500000 төгрөгнөөс тэтгэмж 69779 төгрөгийг хасч аваагүй цалингийн зөрүү 430221 төгрөг, Нейротоп ХХК-ийн Тайхар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 300000 төгрөг, эм тарианы зардал 64660 төгрөг, нөхөр О.Цэвээнпүрэвийн сарын цалин 550000 төгрөг, нийт 1344881 төгрөгийг хариуцагч Ж.гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 162227 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийн 10, 11, 13-18 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36468 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.гээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1344881 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.*******д олгож, нэхэмжлэлээс 162227 /нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж.гээс улсын тэмдэгтийн хураамж 36468  /гучин зургаан мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                     Б.ХИШИГДАВАА

 

Р.ҮҮРИЙНТУЯА