Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00090

 

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2018/00090

 

 

Я.С-н нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Э-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Я.С-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Э-д холбогдох,

Гэм хорын хохирол 1.507.108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Э-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.С, хариуцагч Ж.Э-, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Алтай төвд шинэ жилээ тэмдэглэгчихээд гарч явж байтал Э- намайг урд нь тонгойсон байхад араас өвдөглөж, дэгээдэж унагаасны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, духны ясанд цууралт, баруун шанаанд зулгаралт үүссэн гэмтэл учирсан. Тухайн үед уруул язраад цус гарсан. Цусаа тогтоосон боловч маргааш нь босч чадахгүй толгой өвдөөд өвчин намдаах эм уучихаад ажилдаа явсан. Ажил дээрээ очоод 2 төрлийн өвчин намдаах эм уусан. Тэгээд 2 өдөр хоол идээгүй. Гэтэл үйлдвэрийн эмч толгойдоо гэмтэл авсан байж магад эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд нь би гүрийгээд эм уугаад яваад байсан боловч 2017 оны 12 сарын 28-ны өдөр ажил дээрээ ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн. Томографикийн зураг авахуулахад толгойны яс цууралттай байна гэсэн. Түүний улмаас гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гарч ирээд 10 гаруй хоног зүгээр болохгүй байсан учраас Тайхар эмнэлэгт хэвтсэн. Мөн МRI зураг авахуулсан. Энэ асуудалд Ж.Э-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Ж.Э- нь надад 60.800 төгрөг, 63.400 төгрөг 100.000 төгрөгийг эм тариа, толгойн зураг авахуулахад өгсөн. Дараа нь нэмж 49.000 төгрөгийн ор хоног болон эм тарианы зардал 35.000 төгрөг, 14.000 төгрөг банкны дансанд хийсэн. Нийдтээ 273.200 төгрөг өгсөн. Миний бие БОЭТ-д хэвтэн эмчлүүлж, улмаар Нейротоп эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн учир нөхөр Ц- ажлаасаа цалингүй чөлөө авч намайг сахиж байсан бөгөөд Ж.Э-д дэгээдүүлж унасны улмаас шүд эмтэрч хугарсан юм. Эмтэрч гэмтсэн шүдийг бүрүүлэх зардал 580.000 төгрөг мөн Нейротоп эмнэлгийн зардал 300.000 төгрөг нөхөр Ц-сахисан гэх баримт авагдаагүй гээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн юм. Иймд одоо би Ж.Э-гээс Нейротоп эмнэлгийн эмчилгээний зардал 300.000 төгрөг, эм тариа авсан 24.400 төгрөг, нөхөр Ц-н сарын цалин 550.000 төгрөг, замын зардал 80.900 төгрөг, Орхон эм хангамжаас авсан эмийн үнэ 40.260 төгрөг, миний дутуу авсан цалингийн зөрүү 511.548 төгрөг, нийт 1.507.108 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ж.Э- шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.С-н нэхэмжилж байгаа 1.507.108 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. Нейротоп эмнэлэгт хэвтэхдээ 300.000 төгрөг төлсөн гэх баримтаа ирүүлээгүй байна. Эм тарианы мөнгө 24.400 төгрөг, 40.250 төгрөгийн НӨАТ-ын баримтгүй, нөхөр Ц-н цалин, замын зардал 630.900 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцохгүй тул төлөхгүй. Мөн дутуу авсан 511.548 төгрөгийн цалин баримтаар нотлогдохгүй байна. 2017 оны 12 сарын 18-ны өдөр шөнө шинэ жил 12 өнгөрч байхад тарсан. Тэндээс гараад шөнийн клуб руу орохоор явсан. Би Я.Сог хөөш гэсэн болохоос түлхэж унагаагүй. Гэтэл намайг хэн түлхэчихэв гэхээр нь би түлхчихсэн гэж хэлсэн. Амнаас нь цус гарч байсан. Сог ухаан алдаж унаад эмнэлэг явсан гэхэд нь манай ажлынхан 51.000 төгрөг цуглуулаад өгсөн. Нэг найз нь надад 500.000 төгрөг өгөөрэй. Хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Гэмтлийн эмчтэй нь уулзахад юун хагалгаа, томо графикт оруулна гэж хэлсэн. Эмч нь намайг гарч эм, тариаг нь авч ир гэж хэлсэн. 1 дүгээр микрт байрлах Сөд эмнэлэгээс 60.400 төгрөгөөр эм аваачиж өгсөн. Би Сог гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь утасдаж биеийг нь асуудаг байсан. Тайхар эмнэлэгт хэвтсэнээс нь хойш эргээгүй. Нэхэмжилж байгаа мөнгөнүүдийг нь эсэргүүцэж байгаа. Энэ хүнд амбулаторийн карт нь байгаа. 2 дахь төрөлтөөсөө хойш унаж тусдаг өвчтэй болсон гэсэн. Кавинтинтай натри уудаг гэж хэлдэг байсан. Нөхрийнх нь нийгмийн даатгалын дэвтрийг бодитоор хармаар байна. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Нийт 270 гаран мянган төгрөг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00511 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Э-гээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.344.881 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Сд олгож, нэхэмжлэлээс 162.227 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж.Э-гээс улсын тэмдэгтийн хураамж 36.468 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Э- давж заалдсан гомдолдоо:

Ж.Э- миний бие Я.С-г эмчилгээний зардал нэхэхэд тухай бүрт нь өдөр өдрийн эмчилгээний зардлыг нь дансаар шилжүүлэн өгч, толгойн зургыг нь авхуулж байсан бөгөөд Я.С ч гэсэн шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ үүнийг хүлээн зөвшөөрдөг. Миний бие өдөр бүрийнх нь эмчилгээний төлбөрийг төлж, нэхэмжлэгч нь бүрэн эмчилгээгээ хийлгэж бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгаас гарсан. Тухайн үед миний бие гэмтлийн эмчтэй уулзахад хөнгөн гэмтлийн зэрэгтэй байна асуудалгүй эмчилгээ хийгээд зүгээр гэж байсан. Бүрэн эмчилгээгээ хийгээд гарлаа гэсэн мөртлөө одоо дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.Анхан шатны шүүх надаас нэхэмжлэгчийн нөхөр О.Ц-н сарын цалин 550.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд миний бие тус 2 хүн албан ёсны гэр бүл мөн эсэхийг тодруулах үүднээс гэрлэлтийг баталгааг гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас ам бүлийн тодорхойлолтоо авчирч өгсөн. Дахин гэрлэлтийг гэрчилгээ авах хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй болно. Албан ёсны гэр бүл мөн эсэх нь эргээлзээтэй, хөнгөн зэргийн гэмтэлтэй хүн сахиуртай эмнэлэгт хэвтсэн зэрэг нь эргэлзээтэй байхад тус мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч миний бие тус хэргийн материалтай огт танилцаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас ямар ямар баримт нотлох баримтаар ирүүлснийг мэдээгүй болно.Тухайн хэрэгтэй танилцаагүйн улмаас миний бие өөрийн татгалзлаа батлах баримтуудыг шүүхэд гаргаж өгч чадаагүй.Мөн шүүхээс надад шийдвэрийг гардуулсны дараа миний бие давж заалдах гомдол гаргах хугацаагаа асуухаар шүүгчийн туслах дээр очиход таньд нэг шүүгчийн гарын үсэг зураагүй шийдвэрийг өгчихсөн байна гээд хавтас хэргээс өөр шийдвэр авч өгч, надад байсан шийдвэрийг буцааж авсан болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00511 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Я.С гэм хорын хохирол-1.507.108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Э- эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хариуцагч Ж.Э-гээс хохирол 13 төгрөг гаргуулж, үлдэх төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч Ж.Э- 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой тус сумын Алтай төвийн гадаа нэхэмжлэгч Я.С-г араас нь өвдөглөж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж улмаар нэхэмжлэгчийн биед тухайн үед гавал тархны битүү гэмтэл, тархи доргилт, дух ясанд цууралт, баруун шанаанд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн, уг гэмтэл гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Я.С Нейротоп ХХКомпаний Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 300.000 төгрөг, эм тарианы үнэ 64.660 төгрөг, нөхөр О.Ц-н сарын цалин 550.000 төгрөг гаргуулах тухай нотлох баримтыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийн материалаас хуулбарлаж ирүүлсэн, О.Ц-тэй гэр бүл эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн асарсан тухай эмнэлгийн магадлалгаа нь огноо зөрүүтэй бичигдсэн, 2017 оны 12 дугаар сарын 24-нээс хойш тухайн байгууллагад ажил үүргээ гүйцэтгээгүй байхад шүүх уг хохиролыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь нэхэмжлэгч Я.С гэм хор учруулсан этгээдээс хохирлоо шаардах эрхтэй ч тэрээр хуульд заасны дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч нь хохирол 80.900 төгрөг буюу замын зардлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлт хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Я.С нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээр хуульд заасны дагуу тэтгэмж авсан болох нь тогтоогдсон, замын зардал 80900 төгрөгийн баримт нь нотлох баримтанд үнэлэх боломжгүй тул цалингийн зөрүү 511.548 төгрөгийг хариуцагч Ж.Э-гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 995.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Ж.Э-гийн ...хэргийн материалтай танилцаагүйгээс нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй, гарын үсэг зурагдаагүй шийдвэр авсан... гэх гомдлын тухайд: Хариуцагч Ж.Э-д шүүх хэрэг хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан, тэрээр шүүх хуралдаанд хуулиар олгогдсон эрхийн дагуу нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00511 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...1344.881 төгрөг... гэснийг ...511.548 төгрөг..., гэж, ...162.227 төгрөг... гэснийг ...995.560 төгрөг... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...36.468... төгрөг гэснийг ...15.996 төгрөг... гэж, улсын орлогод оруулсугай гэсний дараа нэхэмжлэгч Я.С-н эмчлүүлэгчийн картыг буцааж олгосугай гэж нэмж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Э-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ