Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Н.Цогтгэрэл, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

шүүгдэгч Б.Сайннямбуу, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг, 

шүүгдэгч Х.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогос овогт Хатанбаатарын Мөнхсайхан, Лочин овогт Нямсүрэнгийн Цогтгэрэл, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Батжаргалын Сайннямбуу нарт холбогдох эрүүгийн 201625032183 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар  сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэл, 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 48 дугаар гудамжны 601 тоотод оршин суух хаягтай,

2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 дүгээр захирамжаар хугацааны өмнө буюу эдлээгүй үлдсэн 04 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УХ93031236.

2. Боржгон овгийн Батжаргалын Сайннямбуу, 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 33 дугаар гудамжны 407 тоотод оршин суух хаягтай,

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УИ94061256.

3. Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайхан, 1997 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41-846 тоотод оршин суудаг боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 18 дугаар байрны 78 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УХ97010417.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.Мөнхсайхан, Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 2016 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-н автобусны буудлын орчим хохирогч А.Түвшинхүү, Э.Замбалдорж, Д.Дашням нарыг машин дотор юу гээд байсан бэ гэж өдөж хоргоон үл ялих зүйлээр шалтаглан зодож яллагдагч Б.Сайннямбуу нь хохирогч А.Түвшинхүүг газарт унагаж нүүрэн тус газарт өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Цогтгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан газар бол Хайлаастын 15-ын буудал. Давхар дэлгүүр, 15-ын буудал хоёрын хооронд нэг автобусны буудлын зайтай байдаг багаар бодоход 1 км гаран зайтай. Гэтэл гурван хохирогч гурвуулаа урд сууж байсан залуу давхар дэлгүүрийн буудал дээр нөгөө 2 залуугаа аваад буусан гэж мэдүүлсэн байдаг. Хойно машин дотор манай дүүтэй нэг залуу маргалдаад байхаар нь би урд нь гэмт хэрэгт холбогдож үзсэн учир гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой дүү, найз хоёрыгоо аваад Хайлаастын 15-ын буудал дээр машинаас буусан. Чи наад гурван залуугаа хүргэж өгчихөөд ирээрэй гээд машин барьж байсан найзыгаа явуулсан. Тэгээд хүлээж байтал машин нэг хэсэгтээ ирээгүй. Машин ирэхгүй байсан болохоор хойноос нь яваад очиход асаалттай хаалга нь онгорхой зогсож байсан. Машин дээр яваад очиход хохирогч гэх гурван залуу гүйж ирээд түрүүний машин дотор маргалдаад байсан бацаанууд байна. Бид нар Хайлаастын атманууд та нар мэдэх үү гэж дайрч давшилсан. Хохирогч нар мэдүүлэхдээ дандаа бид нарыг дайрч давшилсан мэтээр мэдүүлэг өгсөн байна. Бид нар зүгээр байгаа хүмүүсийг зодох шаардлага байхгүй. Тухайн үед хохирогч нар архи үнэртүүлсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар архи дарс хэрэглээгүй байсан. Ямар зорилгоор машиныг маань явуулахгүй отоод байж байсан бэ гэдгийг ялгаж салгаж өгнө үү гэж хүсэж байна…” гэв.

Шүүгдэгч Б.Сайннямбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би сандраад мэдүүлэг өгч чадахгүй нь, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Х.Мөнхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гурван залуу машинд орж ирсэн, гурвуулаа согтуу байсан. Хойно сууж байсан залуу нь хөгшөөн чи урагшаа суугаач гэхээр нь урд талын сандалд тулаад байна ямар сүртэй юм бэ гэж хэлсэн. Машин дотор сүртэй маргалдаагүй, Тэр үед Цогоо ах машинаас бууя гээд бид нар буусан, гэтэл машин эргэж ирээд нөгөө гурван залуу бацаануудаа Хайлаастад бид нарыг мэдэх үү гэсэн. Бид явж очсон нь бид нарын буруу болсон. Надтай хэрэлдээд байсан хар куртиктэй жижиг биетэй залуу өөрөө бацаануудаа гээд байхаар нь дугтарч унагаад дээрээс нь дарсан. Тэгэхэд Цогоо ах за явъя гэсэн, тэгээд бид машинд сууж тэндээс яваад манай эмээгийн гэрт очиж хоносон. Миний буруу...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Түвшинхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр би хамт ажилладаг Дашням, Замбалдорж нарын хамт Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн тэнд нэг пабад тус бүр 2 шил пиво авч уугаад 00.00 цаг өнгөрч байхад гараад автобусны буудал дээр очсон. Замбалдорж, Дашням 2 хоорондоо барьцалдаад барилдаж байхад би такси барих гээд гараа өргөсөн чинь нэг хэсэг такси олдохгүй байсан. Тэгсэн чинь нэг жижиг машин ирээд жолооч нь хаашаа явах уу гээд асуухаар нь Хайлааст явна гэж хэлсэн. Тэр машин дотор жолоочоос гадна 3 хүн сууж явсан. Бид гурав орой болсон байхаар нь хамгийн ойрхон гэртээ Замбалдоржийн гэрт нь очиж хонох гэж байсан. Тэгээд такси олдохгүй байх гэж бодоод бид гурав чихээд суусан. Миний санаж байгаагаар бид гурав хойд талд нь нэг танихгүй залуутай суугаад урд талын суудал дээр хоёр залуу давхарлаж суусан байсан. Тэгээд замд явж байхад Замбалдорж хэзээ ингээд чихээд явдаг такси байдаг юм гэсэн чинь хойд талд хамт сууж байсан нэг залуу нь Замбалдоржтой маргалдаад байсан. Би одоо юу гэж хэрэлдэж байсан талаар санахгүй байна. Тэр үед бид нар хоорондоо тэгж сүртэй маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ тэгээд л өнгөрсөн. Машин Хайлааст руу өнгөрөөд явж байхад нөгөө гурван залуу машинаас бууя гээд нэг газар буусан. Тэгээд дээшээ дахиад өгсөж байхад Замбалдорж 15-н буудал биш байна. 84-н буудал байна, хэтэрчихсэн байна гэсэн чинь нөгөө жолооч нь буцаж эргээд бид гурвыг нөгөө гурван залуугийн буусан газар буулгасан. Тэгээд зам хөндлөн гарсан чинь нөгөө гурван залуу араас дуудаад надруу дайрахаас илүү Замбалдорж, Дашням хоёр руу дайраад байсан. Би тэд нарыг нэг хэсэг салгах гэж оролдож байхад нэг залуу намайг цохиж унагаагаад нүд рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Би тэр үед нүдний шилтэй байсан. Нэг хэсэг ухаан балартаад байж байхад нэг залуу ирээд миний утсыг надад утсаа ав гээд өгчихөөд яваад өгсөн. Тэгээд Замбалдоржийн гэрт нь очоод үзсэн чинь нүднээс цус гарсан байсан... Намайг тэр хүмүүсийн нэг нь цохиж унагаагаад нүд рүү нэг удаа өшиглөсөн...” гэжээ /хх 18-20/.

Хохирогч Э.Замбалдорж  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хамт ажилладаг Түвшинхүү, Дашням нартай хамт 32-н тойргийн уулзварын орчим байдаг караокед орж тус бүр 2 шил пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад бид 3 манай гэр рүү явах гээд такси барих гэсэн боловч олдохгүй байсан ба жоохон халамцуу байсан болохоор Дашням бид 2 гадаа барилдсан. Түвшинхүү ах такси барих гээд гараа өргөж байсан. Тэгсэн чинь удалгүй такси олчихлоо гээд очсон чинь дотор нь 3-4 хүн байсан. Тэгээд өөр такси олдохгүй болохоор нь арга буюу чихээд суусан бөгөөд бид гурав ар талын суудал дээр нэг танихгүй хүнтэй суугаад урд талын суудал дээр өөр 2 хүн давхарлаад сууж байсан. Тэгээд явж байхдаа шахалдаад байхаар нь би жолоочид нь хандаж такси чинь ингэж чихэж явдаг болчихсон юм уу гэж хэлсэн чинь хойд талын суудал дээр бид нартай сууж байсан залуу сүртэй юм бэ адилхан л шахцалдаад явж байна шүү дээ гээд бид нар жоохон маргалдсан. Тэгээд Түвшинхүү ах боль боль гээд жаахан явж байгаад давхрын буудал дээр бид гуравтай цуг явж байсан гурван залуу буусан. Тэгээд бид нар дээшээ Хайлааст руу явсан бөгөөд нэг харсан чинь Хайлаастын 15-н буудал өнгөрчихсөн байхаар нь жолооч нь буцаж эргээд Хайлаастын 15-н буудал дээр буулгасан. Тэр үед жолооч нь машины гэрлээр дохиод байсан нь сонин санагдсан. Тэгээд юм бодолгүй бид гурав буугаад зам гараад алхаж байсан чинь араас гурван залуу дуудсан бөгөөд хэн бэ гээд очих гэсэн чинь Түвшинхүү, Дашням хоёр намайг боль боль гээд цаашаа авч явсан бөгөөд Аяз караокены цаад талын гудамжинд очоод тэр гурав бид гурвыг зодсон. Намайг нэг нь барьж аваад газар унагаагаад өшиглөөд байсан. Нөгөө хоёрыг маань яаж зодож байсныг хараагүй. Тэгээд тэр гурав яваад өгсөн бөгөөд бид гурав манай гэрт очсон чинь Түвшинхүү ахын нүд нь хавдчихсан байхаар эмнэлэг орж үзүүлсэн. ...Тухайн үед харанхуй байсан бөгөөд нэг нь намайг барьж аваад газар унагаагаад 1, 2 удаа нуруу руу өшиглөсөн...” гэжээ /хх 24-25/.

Хохирогч Д.Дашням  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид гурав  ар талын суудал дээр нэг танихгүй хүнтэй суугаад, урд талын суудал дээр өөр хоёр хүн давхарлаад сууж байсан. Тэгээд явж байхдаа шахалдаад байхаар нь Замбалдорж жолоочид нь хандаж такси чинь ингэж чихэж явдаг болчихсон юм уу гэсэн чинь хойд талын суудал дээр бид нартай хамт сууж байсан залуу сүртэй юм бэ гээд тэд нар жоохон маргалдсан. Тэгээд Түвшинхүү ах хэрэггүй гээд явж байгаад удалгүй бид гуравтай цуг явж байсан гурван залуу буусан. Тэгээд бид нар дээшээ Хайлааст руу явсан бөгөөд нэг харсан чинь Хайлаастын 15-н буудал өнгөрчихсөн байхаар нь Замбалдорж жолоочид нь хэлээд буцаж эргээд Хайлаастын 15-н буудал дээр буусан. Тэгээд бид гурав буугаад зам гараад алхаж байсан чинь араас гурван залуу дуудсан бөгөөд нөгөө таксинд сууж байсан гурван залуу байсан ба Замбалдорж хэн бэ гэхээр нь бид хоёр боль боль гээд цаашаа авч явсан бөгөөд нэг гудамжны үзүүрт очоод тэр гурав бид гурвыг зодсон. Намайг газар хальтарч унахад нэг нь миний бие рүү өшиглөөд цохиод байсан. Тэр үед би хальтарч унаад байж байхад нэг залуу нь хүрч ирээд миний бие рүү 2-3 удаа өшиглөөд гараараа бас цохиод байсан...” гэжээ /хх 27-28/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ¹15360 дугаар акт:

“1. А.Түвшинхүүгийн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-43/.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-91-98/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-119/, хохирогч А.Түвшинхүүд 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 352.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-146/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 176.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Мөнхсайхан, Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 2016 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-н автобусны буудлын орчим хохирогч А.Түвшинхүү, Э.Замбалдорж, Д.Дашням нарыг машин дотор юу гээд байсан бэ гэж өдөж хоргоон үл ялих зүйлээр шалтаглан зодож яллагдагч Б.Сайннямбуу нь хохирогч А.Түвшинхүүг газарт унагаж нүүрэн тус газарт өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ¹15360 дугаар акт, шүүгдэгч Х.Мөнхсайхан, Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Б.Сайннямбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Мөнхсайхан, Н.Цогтгэрэл нарт мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Мөнхсайхан, Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нар нь хохирогч А.Түвшинхүүд учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Сайннямбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дахь хэсэгт заасан тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа дахин дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Н.Цогтгэрэл нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 дүгээр захирамжаар хугацааны өмнө буюу эдлээгүй үлдсэн 04 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж суллагдсан бөгөөд ялтай байх хугацаандаа дахин хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Цогтгэрэл урьд нь хорих ял эдэлж байсан боловч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Харин шүүгдэгч Х.Мөнхсайханыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Цогтгэрэлийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Х.Мөнхсайхан, Б.Сайннямбуу нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Батжаргалын Сайннямбууг Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэл, Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайхан нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 -Шүүгдэгч Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэлийг Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайхан, Боржгон овгийн Батжаргалын Сайннямбуу нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайханыг Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэл, Боржгон овгийн Батжаргалын Сайннямбуу нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сайннямбууд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэлд 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Мөнхсайханд 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайннямбуугийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай. 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхсайхан, Б.Сайннямбуу нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цогтгэрэлийн цагдан хоригдсон нийт 7 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарт нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Мөнхсайханд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.  

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сайннямбууд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Х.Мөнхсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

           

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН