Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

 

Н.Ц, Б.С-, Х.М- нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Цийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Ц, Б.С-, Х.М- нарт холбогдох эрүүгийн 2016 2503 2183 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаар тогтоолын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Ц, Б.С-, Х.М- нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-ын автобусны буудлын орчим хохирогч Х.Т-, Э.З-, Д.Д- нарыг “машин дотор юу гээд байсан бэ” гэж өдөж хоргоон үл ялих зүйлээр шалтаглан зодож, Б.С- нь хохирогч Х.Т-г газарт унагаж нүүрэн тус газарт өшиглөж, бие махбодид нь “тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хацарт няцарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Н.Ц, Х.М- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.С-г Н.Ц, Х.М- нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Цийг Х.М-, Б.С- нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.М-ыг Н.Ц, Б.С- нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд 3 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Х.М-д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-, Б.С- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цийн цагдан хоригдсон нийт 7 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.С-, Х.М- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарт нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, Н.Ц, Б.С- нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц давж заалдах гомдолдоо: “…Миний бие хэргийн зүйлчлэл болон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний энэ хэргийн хохирогч гэх гурван залуу гурвуулаа урд сууж байсан залуу Хайлаастын давхарын буудал дээр нөгөө хоёроо аваад буусан гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг гарсан газар бол Хайлаастын 15-ын буудал бөгөөд энэ буудлын хоорондын зай 1 километр гаран байдаг. Машин дотор хохирогч болох гурван залуу манай дүү Х.М-тай маргалдаад байсан. Тэр үед хохирогч нар архи уусан байсан болохоор би маргааныг тасалж найз, дүү хоёроо аваад буусан. Жолоочид хандан чи наад гурван залуугаа хүргэж өгчихөөд ирээрэй гэсэн. Тэгээд хүлээж байтал машин нэг хэсэгтээ ирэхгүй байсан болохоор хойноос нь 15-ын буудал руу алхаад очтол машин асаалттай, хаалга нь онгорхой зогсож байсан. Жолоочоос юу болсон талаар асуугаад зогсож байтал “түрүүний машин дотор маргалдаад байсан бацаанууд байна, бид бол Хайлаастын атаманууд, та нар мэдэх үү” гээд гудамжны үзүүрээс орилоод байсан чинь Х.М-, Б.С- хоёр гүйгээд очсон. Би очоод салгах гэхэд нэг залуу намайг барьж аваад салахгүй байхаар нь түлхэж холдуулаад нөгөө хоёрыгоо “одоо больцгоо, болно” гээд аваад явсан. Би өмнө хэрэгт холбогдож байсан болохоор ахиад асуудалд холбогдохыг хүсээгүй учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөн таслан зогсоохыг хичээж салгасан байтал байцаагч болон прокурор гэмт хэргийн үнэн зөвийг олохын оронд хэт нэг талыг баримтлан ажилласанд гомдолтой байна. Бид гурвуулаа нийлж давамгай хүчээр цөөн хүнийг зодож хохироогоогүй байтал бүлэглэж хүн зодсон, шөнийн 1 цаг өнгөрч байхад бидний машиныг явуулахгүй гудамжны үзүүрт гурван согтуу залуу ямар учраас биднийг отоод зогсож байсныг, шөнийн цагт гудамж талбайд болсон хэргийг олон нийтийн газар догшин авирлаж бусдыг бүлэглэж зодсон гэж зүйлчилж яллаж байгааг ойлгохгүй байна. Ц- миний хувьд иргэн хүний үүргээ биелүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлж таслан зогсоохыг хичээж салгасан байтал намайг урьд өмнө ял эдэлж байсан гэх шалтгаанаар яллаж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж сэдэлтийг тогтоож, хэргийг зөв зүйлчилж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхийн тулд эхлээд заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан үндсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтоох ёстой. Гэтэл анхан шатны шүүх энэ үндсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан 3 шүүгдэгч, 3 хохирогч, 1 гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан харахад Н.Ц нь яг ямар хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шинэ хуульд нийцүүлэн шийдвэрлэхдээ Н.Цийг яг ямар гэм буруутай үйлдэл гаргаж гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг тогтоогоогүй. Хэрэгт авагдсан хохирогч Т-, Замбалдорж, Дашням нарын болон 3 шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгүүдээр Н.Ц яг ямар гэм буруутай хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, эсэх нь тогтоогдоогүй. Иймд Н.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.     

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.С-, Н.Ц, Х.М- нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-ын автобусны буудлын орчим хохирогч Х.Т-, Э.З-, Д.Д- нарыг “машин дотор юу гээд байсан бэ” гэж өдөөн хоргоож, Б.С- хохирогч Х.Т-г газарт унагаж нүүрэн тус газарт өшиглөж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан, Н.Ц, Х. Х.М- нар нь хохирогч Э.З-, Д.Д- нарыг өшиглөсөн, цохисон зэргээр тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Х.Т-гийн “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр би хамт ажилладаг Дашням, Замбалдорж нарын хамт Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн тэнд нэг пабад тус бүр 2 шил пиво авч уугаад 00 цаг өнгөрч байхад гараад автобусны буудал дээр очсон. ...би такси барих гээд гараа өргөсөн чинь нэг хэсэг такси олдохгүй байсан. Тэгсэн чинь нэг жижиг машин ирээд жолооч нь “хаашаа явах уу” гээд асуухаар нь “Хайлааст явна” гэж хэлсэн. Тэр машин дотор жолоочоос гадна 3 хүн сууж явсан. Бид гурав орой болсон байхаар нь хамгийн ойрхон Замбалдоржийн гэрт нь очиж хонох гэж байсан. Тэгээд такси олдохгүй байх гэж бодоод бид гурав чихээд суусан. Миний санаж байгаагаар бид гурав хойд талд нь нэг танихгүй залуутай суугаад урд талын суудал дээр хоёр залуу давхарлаж суусан байсан. Замд явж байхад Замбалдорж хэзээ ингээд чихээд явдаг такси байдаг юм гэсэн чинь хойд талд хамт сууж байсан нэг залуу нь Замбалдоржтой маргалдаад байсан. Тэр үед бид нар хоорондоо тийм их сүртэй маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ тэгээд л өнгөрсөн. Машин Хайлааст руу өнгөрөөд явж байхад нөгөө гурван залуу машинаас бууя гээд нэг газар буусан. Тэгээд дээшээ дахиад өгсөж байхад Замбалдорж “15-ын буудал биш байна, 84-н буудал байна, хэтэрчихсэн байна” гэсэн чинь нөгөө жолооч нь буцаж эргээд бид гурвыг нөгөө гурван залуугийн буусан газар буулгасан.

 Тэгээд зам хөндлөн гарсан чинь нөгөө гурван залуу араас дуудаад над руу дайрахаас илүү Замбалдорж, Дашням хоёр руу дайраад байсан. Би тэд нарыг нэг хэсэг салгах гэж оролдож байхад нэг залуу намайг цохиж унагаагаад нүд рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Би тэр үед нүдний шилтэй байсан. Нэг хэсэг ухаан балартаад байж байхад нэг залуу ирээд миний утсыг “утсаа ав” гээд надад өгчихөөд яваад өгсөн. Тэгээд Замбалдоржийн гэрт нь очоод үзсэн чинь нүднээс цус гарсан байсан. ...Намайг тэр хүмүүсийн нэг нь цохиж унагаагаад нүд рүү нэг удаа өшиглөсөн...” /1хх-18-20/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.З-ийн “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ... Т- ах такси барих гээд гараа өргөж байсан. Тэгсэн чинь удалгүй такси олчихлоо гээд очсон чинь дотор нь 3-4 хүн байсан. Тэгээд өөр такси олдохгүй болохоор нь арга буюу чихээд суусан бөгөөд бид гурав ар талын суудал дээр нэг танихгүй хүнтэй суугаад урд талын суудал дээр өөр хоёр хүн давхарлаад сууж байсан. Тэгээд явж байхдаа шахалдаад байхаар нь би жолоочид нь хандаж “такси чинь ингэж чихэж явдаг болчихсон юм уу” гэж хэлсэн чинь хойд талын суудал дээр бид нартай сууж байсан залуу “сүртэй юм бэ адилхан л шахцалдаад явж байна шүү дээ” гээд бид нар жоохон маргалдсан. Тэгээд Т- ах “боль боль” гээд жаахан явж байгаад давхарын буудал дээр бид гуравтай цуг явж байсан гурван залуу буусан. ... Тэр үед жолооч нь машины гэрлээр дохиод байсан нь сонин санагдсан. Тэгээд юм бодолгүй бид гурав буугаад зам гараад алхаж байсан чинь араас гурван залуу дуудсан бөгөөд “хэн бэ” гээд очих гэсэн чинь Т-, Дашням хоёр намайг “боль боль” гээд цаашаа авч явсан бөгөөд “Аяз” караокены цаад талын гудамжинд очоод тэр гурав бид гурвыг зодсон. Намайг нэг нь барьж аваад газар унагаагаад өшиглөөд байсан. Нөгөө хоёрыг маань яаж зодож байсныг хараагүй. Тэгээд тэр гурав яваад өгсөн бөгөөд бид гурав манай гэрт очсон чинь Т- ахын нүд нь хавдчихсан байхаар эмнэлэг орж үзүүлсэн. ...Тухайн үед харанхуй байсан бөгөөд нэг нь намайг барьж аваад газар унагаагаад нэг, хоёр удаа нуруу руу өшиглөсөн...” /1хх-24-25/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-ын “...Бид гурав ар талын суудал дээр нэг танихгүй хүнтэй суугаад урд талын суудал дээр өөр хоёр хүн давхарлаад сууж байсан. Тэгээд явж байхдаа шахалдаад байхаар нь Замбалдорж жолоочид нь хандаж “такси чинь ингэж чихэж явдаг болчихсон юм уу” гэсэн чинь хойд талын суудал дээр бид нартай хамт сууж байсан залуу “сүртэй юм бэ” гээд тэд нар жоохон маргалдсан. Тэгээд Т- ах “хэрэггүй” гээд ...удалгүй бид гуравтай цуг явж байсан гурван залуу буусан. Тэгээд бид нар дээшээ Хайлааст руу явсан бөгөөд нэг харсан чинь Хайлаастын 15-ын буудал өнгөрчихсөн байхаар нь Замбалдорж жолоочид нь хэлээд буцаж эргээд Хайлаастын 15-ын буудал дээр буусан. Тэгээд бид гурав буугаад зам гараад алхаж байсан чинь араас гурван залуу дуудсан бөгөөд нөгөө таксинд сууж байсан гурван залуу байсан ба Замбалдорж “хэн бэ” гэхээр нь бид хоёр “боль боль” гээд цаашаа авч явсан бөгөөд нэг гудамжны үзүүрт очоод тэр гурав бид гурвыг зодсон. Намайг газар хальтарч унахад нэг нь миний бие рүү өшиглөөд цохиод байсан. Тэр үед би хальтарч унаад байж байхад нэг залуу нь хүрч ирээд миний бие рүү 2-3 удаа өшиглөөд гараараа бас цохиод байсан...” /1хх-27-28/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 15360 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-43/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-14/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8-11/, эд зүйлийн үнэлгээ /1хх-119/, хохирогч Х.Т-д 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 352.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /1хх-146/, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 176.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тухайн хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Н.Ц, Б.С-, Х.М- нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба Н.Ц, Б.С-, Х.М- нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар тухайн Эрүүгийн хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний нэгэн шинж болох “догшин авирлаж” үйлдсэн гэх шинж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, тэдний тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг, гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.С- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Н.Ц, Х.М- тэнсэхээр шийдвэрлэв.

Харин 2015 оны Эрүүгийн хуульд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С- нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж,  уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан ба уг хугацаа дуусахаас өмнө олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолтой 2 жил 6 сарын хорих ялыг хорих ялыг сэргээж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Б.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.М-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь хуулийн үндэслэлтэй байгаа боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцүүлэн, Х.М-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Цийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусад нөхцөл байдлыг харгалзан шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд уьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолд дээрхи үндэслэлүүдээр зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Н.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.