Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2018/02346

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2018/02346

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Л.Э нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: Гэр март ХХК,

Хариуцагч: Д.******* нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 7,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, гэрч Л.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Л.******* миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 14 цаг 00 минутын үед тус дэлгүүрээс ус буцалгагч авах гэж ороод дэлгүүрийн дотор байрлах шатруу тулгаж тавьсан лангуу буруу зохион байгуулсны улмаас хий гишгэн шатруу унасан. Баруун хөл гишгэж болохгүй болсон байсан. Тус дэлгүүрийн худалдагч хоёр охин наана чинь дандаа хүүхэд, хүн унадаг юм гэж хэлсэн. Утсаар нөхрөө дуудаж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл баруун хөлний гол шөрмөс 100 хувь тасарсан байна яаралтай хагалгаанд орно. Хөдөлж болохгүй гээд гипс тавьж хоёр суга таяг авахыг зөвлөөд мэс засалд орохыг шаардсан. Би хүүхдүүдтэйгээ зөвлөлдөөд Гранд мед эмнэлэгт хэвтэж 9 дүгээр сарын 24-ний өдөр хагалгаанд орсон. 2015 оны 10,11,12,1,2,3 cap хүртэл 2 суга таягтаа хүүхдийнхээ асрамжинд байсан. Энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж тус дэлгүүрийн эзэнд шатандаа туслах хаалт бариул анхааруулах тэмдэглэлээ хийчихгүй гэж бодон гомдоллож байна. Гранд мед эмнэлгийн хагалгааны дараах эмчилгээ тарианы мөнгө 4,000,000 төгрөг болж бэлнээр төлсөн. Хүнээс хүүтэй мөнгө зээлж эмчилгээний төлбөрөө төлсөн. Миний бие нь 3 дугаар хороололд Билэг их дэлгүүрт гутлын лангуу ажиллуулдаг өөрөө сууж наймаагаа хийж ажлаа явуулдаг байсан. Бэртэл авснаас хойш ажлаа хийж чадахгүй өөрийнхөө оронд 10 дугаар сараас эхлэн худалдагчийн 1 сарын 600,000 төгрөгийн цалингаар цалинжуулж ажиллуулж байгаа. Иймд худалдагчийн цалин болох 3,600,000 төгрөг, эмчилгээний зардал 4,000,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг Гэр март ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

       Хариуцагч Гэр март ХХК-ийн захирал Д.Отгонбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Л.*******ийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 7,600,000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад Д.Отгонбаяр би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.Отгонбаяр би Гэр март ХХК-ийг 2012 оноос үүсгэн байгуулж ажиллаж байна. Их дэлгүүр дэх үйлчилгээний төвийг 2012 оноос түрээслэн ажиллуулж өдийг хүрэхэд нэг ч удаа шатны буруу байрлалаас болж хүн бэртсэн, гэмтсэн тухай гомдол санал гарч байгаагүй, уг шатны орчим комод гэх мэт овор хэмжээ ихтэй бараа тулган тавьж хүн унах аюулгүй байлгадаг төдийгүй бүрэн камержуулж үйлчлүүлэгч болон үйл ажиллагаа явуулж буй харилцагчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж ирсэн болно. Нэхэмжлэл гаргасан Л.******* нь 2015 оны 9 сарын 21-ний өдөр унасан гэж хэлээд байгаа нь тухайн үед өөрөө камерын бичлэгтэйг мэдсээр байж яагаад зохих газарт нь хандаж шалгуулж, шүүлгүүлж болоогүй юм бэ гэдэгт эргэлзээ төрж байна. 2015 оны 4 сард миний гар утасруу залгаж 4,000,000 төгрөг өг гэж хэлсэн би юу болсон талаар уулзаж яръя гэхэд уулзаад тэтгэвэрт байдаг амьдрал хэцүү байна гээд байхаар нь өрөвдөн танд би 1,000,000 төгрөг өгье таныг үнэхээр манай буруугаас унасан бэртсэн гэж би дүгнэхгүй хувь хүний хувьд өгч болно гэхэд үгүй заавал 4,000,000 төгрөг авна гээд байхаар нь би хүлээн зөвшөөрөөгүй юм. Түүнээс хойш манай дэлгүүр дээр ирж үйлчилгээний угтагч нарыг загнан ойр орчмыг нь зайчлуулж чөлөөлж байгаад шатны зураг дараад явсан байсан. Иймд хэн нэгэн хүний бие хянаж чадахгүй хий гишгэсний улмаас хохирол учирлаа гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Гэр март ХХК, Д.******* нарт холбогдуулан үений мэс заслын хагалгаа, эмчилгээний төлбөр 4,000,000 төгрөг, худалдагчийн цалин 3,600,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* нь хамтран хариуцагч Д.*******аас татгалзсан болно.

 

Хариуцагч Гэр март ХХК нь манай дэлгүүрийн шатнаас унаж гэмтсэн гэдэг нь нотлогдоогүй, шатны ойр орчимд овор хэмжээ ихтэй бараа тулган тавьсан хүн унах боломжгүй төдийгүй бүрэн камержуулсан, тухайн үед нь камерын бичлэгийг зохих газарт хандаж шалгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбар ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбараар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй, хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Л.******* нь Гэр март ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ус буцалгагч авах гэж ороод шат руу унаж баруун хөлний гол шөрмөсөө тасалж Гранд мед эмнэлэгт өсгийний арын шөрмөс сэргээх мэс заслын хагалгаа хийлгэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл-ийн дэвтэр, Гэр март дэлгүүрийн дотор талын шатны фото зураг, өвчний түүх, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Гэр март дэлгүүрийн дотор талын хашлагагүй шатны зураг болон шатанд хашлага байгаагүй талаар хариуцагч маргаагүй болно.

 

Шүүх бүрэлдэхүүн хариуцагч Гэр март ХХК нь үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрийн шатанд бариултай хашлага хийх ёстой байсан, хийгээгүй буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч Л.******* шатнаас унаж гэмтсэн гэж үзлээ.

 

Тодруулбал, Гэр март ХХК нь орон сууцны зориулалттай байранд өргөтгөл хийсэн талбайд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан байна.

 

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын барилгын норм ба дүрэм батлах тухай 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын барилгын норм ба дүрэм орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн 8 дүгээр зүйлийн 8.4-т ...Шатны марш болон шатны талбай, бариултай хашлагатай байна гэжээ.

 

Үүнээс үзвэл Гэр март ХХК нь орон сууцны зориулалттай байранд өргөтгөл хийсэн талбайд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахдаа шатны марш болон шатны талбайг бариултай, хашлагатай байлгах үүрэгтэй байжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь Гранд мэд эмнэлэгт хагалгааны төлбөрт 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нийт 3,507,000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдсон. /хх-ийн 77 дахь тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,  505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж  заасны дагуу хагалгааны төлбөр 3,507,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Гэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу хагалгааны төлбөр 3,507,000 төгрөгийн 70 хувь буюу 2,454,900 /3,507,000-1,052,100/ төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Л.******* нь шатнаас унах эрсдэл байгаа талаар өөрөө ойлгон болгоомжтой байх ёстойгоо ухамсарлаж, үүнд өөрөө хэтэрхий болгоомжгүй үйлдэл байгааг зөвшөөрөн тайлбарласан тул түүний бурууг 30 хувиар тооцон хохирлын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь бэртэл авснаас хойш ажлаа хийж чадахгүй өөрийнхөө оронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн худалдагч авч ажиллуулан 1 сарын 600,000 төгрөгийн цалингаар цалинжуулж ажиллуулсан худалдагчийн цалин гэж 3,600,000 төгрөгийг нэхэмжилж, Арга билэг групп ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/133 дугаар Л.*******ийн бизнесийн ажил байдлын тодорхойлолт, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Т.Умын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч гэмтлийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэсгүй, мөн цалинтай холбоотой буюу цалин өгч  байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймээс 3,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Гэр март ХХК-иас 2,454,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,145,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Гэр март ХХК-иас 2,454,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,145,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 136,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэр март ХХК-иас 54,228.4 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



 

 ДАРГАЛАГЧ                                Т.НАРАНЦОГТ

 

       ШҮҮГЧИД                                Ж.БАЙГАЛМАА

 

Т.ЭНХТУЯА