Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00151

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00151

 

 

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02346 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г- ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 7 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э- миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 14 цаг 00 минутын үед тус дэлгүүрээс ус буцалгагч авах гэж ороод дэлгүүрийн дотор байрлах шат руу тулгаж тавьсан лангуу буруу зохион байгуулсны улмаас хий гишгэн шатруу унасан. Баруун хөл гишгэж болохгүй болсон байсан. Гранд мед эмнэлэгт хэвтэж 9 дүгээр сарын 24-ний өдөр хагалгаанд орсон. 2015 оны 10,11,12,1,2,3 cap хүртэл 2 суга таягтаа хүүхдийнхээ асрамжинд байсан. Энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж тус дэлгүүрийн эзэнд шатандаа туслах хаалт бариул анхааруулах тэмдэглэлээ хийчихгүй гэж бодон гомдоллож байна. Гранд мед эмнэлгийн хагалгааны дараах эмчилгээ тарианы мөнгө 4.000.000 төгрөг болж бэлнээр төлсөн. Хүнээс хүүтэй мөнгө зээлж эмчилгээний төлбөрөө төлсөн. Миний бие нь 3 дугаар хороололд Билэг их дэлгүүрт гутлын лангуу ажиллуулдаг өөрөө сууж наймаагаа хийж ажлаа явуулдаг байсан. Бэртэл авснаас хойш ажлаа хийж чадахгүй өөрийнхөө оронд 10 дугаар сараас эхлэн худалдагчийн 1 сарын 600.000 төгрөгийн цалингаар цалинжуулж ажиллуулж байгаа. Иймд худалдагчийн цалин болох 3.600.000 төгрөг, эмчилгээний зардал 4.000.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг Г- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г- ХХК-ийн захирал Д.Отгонбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Их дэлгүүр дэх үйлчилгээний төвийг 2012 оноос түрээслэн ажиллуулж өдийг хүрэхэд нэг ч удаа шатны буруу байрлалаас болж хүн бэртсэн, гэмтсэн тухай гомдол санал гарч байгаагүй. Нэхэмжлэл гаргасан Л.Э- нь 2015 оны 9 сарын 21-ний өдөр унасан гэж хэлээд байгаа нь тухайн үед өөрөө камерын бичлэгтэйг мэдсээр байж яагаад зохих газарт нь хандаж шалгуулж, шүүлгүүлж болоогүй юм бэ гэдэгт эргэлзээ төрж байна. 2015 оны 4 сард миний гар утас руу залгаж 4.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Би юу болсон талаар уулзаж яръя гэхэд уулзаад тэтгэвэрт байдаг амьдрал хэцүү байна гээд байхаар нь өрөвдөн танд би 1.000.000 төгрөг өгье таныг үнэхээр манай буруугаас унасан бэртсэн гэж би дүгнэхгүй хувь хүний хувьд өгч болно гэхэд үгүй заавал 4.000.000 төгрөг авна гээд байхаар нь би хүлээн зөвшөөрөөгүй юм. Иймд хэн нэгэн хүний бие хянаж чадахгүй хий гишгэсний улмаас хохирол учирлаа гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Г- ХХК-иас 2.454.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.145.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Д.Баярсайханд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 136.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-иас 54.228,4 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хурлын тов мэдэгдэх, мэтгэлцэх зарчим хангахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 4.000.000 төгрөг, худалдагчийн цалин 3.600.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Гэр март дэлгүүрийн дотор талын шатны фото зураг, нэхэмжлэгчийн өвчний түүх, бэлэн мөнгөний орлогын баримтаар нэхэмжлэгч Л.Э- нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Гэр март дэлгүүрийн шатнаас унаж баруун хөлний гол шөрмөсөө тасалж Гранд мед эмнэлэгт өсгийний арын шөрмөс сэргээх мэс заслын хагалгаа хийлгэсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 14-20/

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Гэр март дэлгүүрийн дотор талын хашлагагүй шатны зураг болон шатанд хашлага байгаагүй талаар хариуцагч маргаагүй. Мөн анхан шатны шүүх Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын барилгын норм ба дүрэм батлах тухай 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын барилгын норм ба дүрэм орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтий 8.4-т заасныг тухайн маргаанд хамааруулан дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч Л.Э- нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохирлыг хариуцагч Г- ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч байгууллага нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Л.Э- худалдагчийн цалин 3.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх гэмтлийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, нотлогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Энэ асуудлаар хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулахад гэм буруугуй болохоо өөрөө нотлох үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотолж шүүхэд гаргасан нотлох баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хэмжээгээр хангасныг буруутгах боломжгүй.

Харин шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хохирлын хэмжээг бууруулсан учир дутагдалтай байх боловч нэхэмжлэгч хууль буруу хэрэглэж, хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг багасгасан талаар гомдол гараагүй болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч Г- ХХК-ийн захирал Д.Отгонбаярын гэрийн хаягаар шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийн оролцогчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах заалтад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 54 300 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ