Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 439

 

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02104 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч  Н.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БЖЭТ" ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлт 24 695 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр " БЖЭТ " ХХК-тай Байр захиалах гэрээ"-г байгуулж Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Хүнс трейд гудамжны 12 тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны М-8 тоот 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Уг гэрээгээр орон сууцны 1м2 талбайн үнэ 1.100.000 төгрөгөөр тооцож, 49.390.000 төгрөг буюу 29.100 ам.доллар бүхий үнийн дүнтэй гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 11.900.000 төгрөг буюу 1 долларыг 1.697 төгрөгөөр тооцож 7.000 доллар, 2014 оны 5 дугаар сарын 12-нд 2.300 доллар, 2014 оны 8 дугаар сарын 12-нд 1.300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 14-нд 1.500 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-нд 1.300 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-нд 30 доллар, нийт 13.430 ам.долларыг тус компанид төлсөн. Байр захиалах гэрээний 3-р зүйлийн 3.1-т заасны дагуу гүйцэтгэгч "Би Эй Транс" ХХК нь орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагч Н Ариунаад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл " БЖЭТ " ХХК нь 2014 оны 01 дугээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй хугацаа хэтэрч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулсан байдаг. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т "А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө" гэж талуудын хүлээх хариуцлагыг тусгаж өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаа буюу 259 хоногоор хэтрүүлсэн хугацааны алдангийг гүйцэтгэгч компанийн 2014 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх үүрэг буюу гүйцэтгэх ёстой үүргийн нийт өртөг болох 49.390.000 төгрөгөөс тооцоход хоног тутамд 148.170 төгрөгийн алданги буюу 38.376.030 төгрөгийн алдангийг төлөх үүрэг " БЖЭТ " ХХК-д үүссэн. Иймд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр 24.695.000 төгрөгийн хэмжээнд тооцон БЖЭТ ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч “БЖЭТ " ХХК-ийн төлөөлөгч П.Батгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай компанитай 44.9 м.кв талбайтай 2 өрөө байр захиалах гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагч нарын найз нөхөд учир түүнд 1м.кв-ийн үнийг тухайн үеийн зах зээлийн үнээс маш хямд, доогуур буюу 1.100.000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 8 дугаар сараас өмнө гэрээний дагуу төлбөрийг 100% төлж байраа хүлээж авна гэж тохирсон юм. Мөн гэрээний 3.9 дэх заалтанд 100 хувь төлбөр хийсэн, Улсын комисс хүлээж авсан тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгч Эрхийн бичиг олгоно гэж заасан байдаг.  Гэвч  нэхэмжлэгч 2015 оны 2 дугаар сараас хойш гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө огт төлөөгүй байж 2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө төлсөн байрны төлбөрийг буцааж авах, мөн хугацаа хэтэрч байр ашиглалтанд орсон гэж алданги тооцуулах тухай  гомдол. гаргасан байдаг. Уг хэргийг шүүх хүлээн авч хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 01-нд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хоёр талын  тооцоо тулгаж хассаны   үндсэн дээр нэхэмжлэгчийг 13.185.023 төлөхөөр тогтоосон болно. Шүүхээс нэхэмжлэгчийг эцсийн дүнгээр алданги, үндсэн төлбөртэй нийлээд 39.567.069 төгрөгийг төлөөд захиалсан байраа хүлээн авахыг даалгасан шийдвэр гаргасан юм. Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг   хүртэл үлдэгдэл төлбөрөө барагдуулж, захиалсан байраа авахгүй мөртлөө хууль зөрчин нэгэнт шийдэгдсэн хэргийг дахин давтан шүүхэд гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхүлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч " БЖЭТ " ХХК-иас 24.695.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ариунаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281.425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч " БЖЭТ " ХХК-иас 281.425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “БЖЭТ " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч алдангийг тооцохдоо анх захиалсан 49.390.000 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэн алдангийг тэр хэмжээнд ньтооцон гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Н.А нь захиалсан барилга нь ашиглалтанд орсон хугацаа буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 351 дүгээр зүйл, 351.2 дох хэсэгт зааснаар тухайн өдөр ажлын үр дүнг хүлээн авсанаар тооцох учиртай. Гэхдээ нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн гэж үзэж буй 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн төлбөрөө бүрэн гүйцэд төлсөн байх ёстой. Гэвч нэхэмжлэгч шүүхэд хандан анх нэхэмжлэл гаргасан үедээ ч одоогийн нэхэмжлэл гаргах үедээ ч ажлын үр дүнг хүлээн аваагүй эрхээ зөрчигдсөн гэж шүүхэд тайлбарладаг бөгөөд энэ шалтгаанаа өөрийн хувийн үзэл бодол буюу гэрээний үүрэгтэй огт хамаагүй этгээдүүдтэй маргаантай байсны улмаас хүлээн аваагүй гэж тайлбарладаг. Энэ тайлбар нь хуульд хэрхэн нийцэж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Талуудын хооронд байгуулагдсан" Байр захиалах гэрээ" байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж буй 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгуй, төлбөрөө төлж барагдуулаагүй учир хариуцагчаас алданги шаардах эрхээ алдсан болох нь хэрэгт авагдсан гэрээний нэмэлт хугацаа тогтоон өгч байсан үндсэн гэрээний хуудсанд нэмэлтээр бичсэн тооцоог сунгах тохиролцоогоор тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэж байна. Мөн нөгөө талаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчин хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Н.А нь " БЖЭТ” ХХК-ийг хариуцагчаар татсан байх бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хуулийн этгээдийн захирал П.Батгэрэлд гардуулж хариу тайлбарыг авсан атлаа шүүхийн хэлэлцүүлэгт иргэн С.Мягмархоролыг оролцуулсан асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч " БЖЭТ " ХХК-д холбогдуулан алданги 24 695 000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч " БЖЭТ " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Мягмархоролыг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн боловч түүнд итгэмжлэл олгогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дах хэсгүүдэд заасныг  зөрчжээ.

Хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлд " БЖЭТ " ХХК-ийн борлуулалтын менежер С.Мягмархоролоос П.Батгэрэлд түүнийг төлөөлөх талаар заасан байх тул энэ хэргийн хувьд С.Мягмархоролд шүүх хуралдаанд оролцох эрх олгосон итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргасан, улмаар хэргийн оролцогчийн эрхийг хангасан, зохигчид мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй болгосон байна. /хх-ийн 50/ Уг итгэмжлэлд заасан төлөөлөгч П.Батгэрэл нь хариуцагч " БЖЭТ " ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх боловч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болох нь тодорхой бус, С.Мягмархорол нь итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх нь тодорхой бус байна. /хх-ийн 22/

Түүнчлэн, шүүх хариуцагч талд хэрэгт авагдсан нотлох баримтыг огт танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар  дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийг оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. /хх-ийн 49/

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаатай явуулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд мэтгэлцээгүй нөхцөлд анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02104 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “БЖЭТ " ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ