Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00350

 

  Н.Ариунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Н.Нямжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01645 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737 дугаар магадлалтай, 

Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй,

Би Жи Эй транс ХХК-д холбогдох, 

Алданги 24 659 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Би Жи Эй транс ХХК-тай байр захиалах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орц, М-8 тоот хаягт байршилтай, 44.9 м.кв талбай бүхий орон сууц захиалж, 1 м.кв талбайг 1 100 000 төгрөгөөр тооцож, нийт 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тухайн өдөр урьдчилгаа төлбөр 7 000 ам.доллар /1 ам.доллар=1 697 төгрөг/ буюу 11 900 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 500 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 300 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 ам.доллар, нийт 13 430 ам.долларыг тус компанид төлсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу гүйцэтгэгч нь 2014 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй ба 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан. Гэрээний 4.1-т А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги хоног тутамд төлөхөөр заасан. Иймд хариуцагчийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 259 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Алдангийг гүйцэтгэх ёстой үүргийн нийт дүн болох 49 390 000 төгрөгөөс тооцоход хоног тутамд 148 170 төгрөг, нийт 38 376 030 төгрөг төлөх үүрэг Би Жи Эй транс ХХК-д үүссэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 24 695 000 төгрөгийн хэмжээнд тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ариунаатай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 44.9 м.кв талбай бүхий 2 өрөө байр захиалах гэрээ байгуулсан. Тэрээр хөрөнгө оруулагч нартай найз нөхдийн холбоотой байсан тул 1 м.кв-ийн үнийг зах зээлийн үнээс маш хямдаар буюу 1 100 000 төгрөгөөр тооцож, 2016 оны 8 дугаар сараас өмнө гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж байраа хүлээж авахаар тохиролцсон. Гэрээний 3.9-т төлбөрийг бүрэн хийсэн ба гэрээний зүйлийг улсын комисс хүлээж авсан тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгч эрхийн бичиг олгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 2 дугаар сараас хойш гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй байж 2017 оны 8 дугаар сард урьд төлсөн байрны төлбөрийг буцаан авах, хугацаа хэтэрч ашиглалтад орсон гэх үндэслэлээр алданги тооцуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Хэргийг шүүх хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хоёр талын алдангийг нэхэмжлэгчээс 83 090 809 төгрөг, хариуцагч 12 409 381.5 төгрөгөөр тооцон гаргаж, харилцан тулгаж хассаны үндсэн дээр нэхэмжлэгчээс 13 189 023 төгрөгийн алданги төлөхөөр тогтоосон. Шүүх нэхэмжлэгчийг эцсийн дүнгээр алданги болон үндсэн төлбөртэй нийлээд 39 567 069 төгрөг төлөөд захиалсан орон сууцаа хүлээн авахыг даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдсан боловч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үл тоон үлдэгдэл төлбөрөө барагдуулан захиалсан орон сууцаа хүлээж авахгүй дахин гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01645 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн гаргасан хариуцагч Би Жи Эй транс ХХК-д холбогдох 24 695 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737 дугаар магадлалаар:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01645 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Би Жи Эй транс ХХК-иас алдангид 11 505 977 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 189 023 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Би Жи Эй транс ХХК-иас 199 046 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаа давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 425 төгрөгийн 199 046 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Ариунаа нь хариуцагч Би Жи Эй транс ХХК-аас байр захиалах гэрээний үүргийн биелэлтэд 24,695,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь хариуцагч Би Жи Эй транс ХХК нь 2014-01-21-ний өдөр талуудын хооронд бичгээр байгуулагдсан Байр захиалах гэрээ-ний 3.1-т заасны дагуу орон сууцны барилгыг 2014 оны 01 дүгээр улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, орон сууцыг 259 хоногийн дараа буюу 2014-12-15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-12-01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-02-14-ний өдрийн 496 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон, уг шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон байдаг. Тиймээс Н.Ариунаа нь гэрээний 4.1-т А тал үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-тай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж заасны дагуу А тал болох Би Жи Эй транс ХХК-ийн хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу орон сууцны үнийн дүн 49,390,000 төгрөгөөс хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож, Иргэний хуулийн 232.6, 232.4-т заасны дагуу 24,695,000 (49,390,000/2) төгрөгийг "Би Жи Эй транс ХХК-аас нэхэмжилсэн болно. Давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Би Жи Эй транс ХХК-аас алдангид 11 505 977 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 189 023 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ, үүрэг гүйцэтгэгч Би Жи Эй транс ХХК-ийн Н.Ариунаад төлөх ёстой алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232.6 болон талуудын хооронд байгуулагдсан байр захиалах гэрээний 4.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч талын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс биш харин үүрэг гүйцэтгүүлэгчийн гүйцэтгэсэн үүргийнх нь үнийн дүнгээс тооцсон явдал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч "Би Жи Эй транс ХХК-ийн Н.Ариунаад төлөх ёстой алдангийн хэмжээг тооцохдоо нэхэмжлэгч Н.Ариунаагийн өөрийнх нь төлсөн орон сууцны төлбөр болох 23,011,954 төгрөгөөс тооцож түүнд олгох алдангийн хэмжээг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүх хариудагч "Би Жи Эй транс ХХК-ийг гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн буюу орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсоор байтал алдангийн хэмжээг дээрх байдлаар тооцсон нь хариуцагч Би Жи Эй транс ХХК-ийг хуулийн дагуу төлөх ёстой алдангиас тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөх давуу байдал олгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 13,193,023 төгрөгийг хариуцагч Би Жи Эй транс ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Ариунаад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтыг талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн зөв зүйтэй дүгнэн холбогдох хуулийн заалтуудыг зөв хэрэглэн ИХШХШТХ-ийн 116.-р зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэрийг гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх ИХ-ийн 343-р зүйл, 343.1 дэх хэсэг, мөн хуулийн 232-р зүйл, 232.6, 232.4 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 11.505.977 төгрөгийг Би Жи Эй Транс ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч Би Жи Эй Транс ХХК-ийг орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгчид алданги төлөх үндэслэл болсон гэж дүгнэж магадлалд заах болсон гол үндэслэлээ талуудын тэгш эрх болон шударга ёсны зарчим ёсоор хандах үйл баримт гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. ИХШХШТХ-ийн 40-р зүйл. 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримтанд хамаарах үйл баримт буюу нэхэмжлэгч Н.Ариунаа нь гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй, гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь СХДИХАШШ-ийн 2017-12-01-ний өдрийн №184/ШШ2017/02742 тоот шийдвэрээр нотлогддог. Өөрөөр хэлбэл Н.Ариунаагийн шаардах эрх нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн төлбөрөө бүрэн төлж барагдуулснаар нээгдэх юм. Би Жи Эй Транс ХХК болон захиалагч Н.Ариунаа нарын хэн аль нь 2014-01-21-ний өдөр байгуулсан Байр захиалах гэрээ-ний хугацаа нь 2014-01-р улиралд багтаахаар анх байгуулагдсан гэрээнд заасан боловч гэрээний талууд төлбөрийн нөхцлийг нэг бус удаа сунгаж Н.Ариунаад 2016-08-01-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээний төлбөрийг төлж дуусгахаар сунгалт хийсэн байна. Энэ сунгалт хийсэн баримт талуудын аль алинд нь хадгалагдаж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд авагдсан байдаг. Талуудын хооронд хийгдсэн гэрээнд хэн аль нь өөр хоорондоо нэмэлт хугацаа тогтоох нөхцөл байдал үүссэн нь дан ганц хариуцагч Би Жи Эй ТрансХХК-д хамааралтай үйл баримт биш юм. Өөрөөр хэлбэл ИХ-ийн 226-р зүйл, 226.1.2 дох хэсэгт зааснаар талууд гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэхээр нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй үйл баримт гэрээнд тусгагдсан байхаас гадна анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж ИХ-ийн 198-р зүйл, 198.2 дахь хэсэг, 222-р зүйл, 222.2, 223-р зүйл, 223.2 дахь хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ ..Н.Ариунаа нь гэрээ ёсоор тохирсон алдангийг төлсөн 23.011.954 төгрөгөөс тооцож нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болох нь хариуцагч Би Жи Эй Транс XXК нь нэхэмжлэгч Н.Ариунаад 2014-01-21 -ний өдрөөс нийт 3 удаа үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоон өгч 2014-12-р сард байрыг улсын комисст хүлээлгэн өгснөөсөө хойш хариуцагч тал Н.Ариунаад 2016-08-01-ний өдөр хүртэл байрны мөнгийг гүйцээн төлөх боломж хугацаа өгсөөр байтал нэхэмжлэгч өнөөдрийн өдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаагаар нотлогдох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Ариунаа нь үлдэгдэл 26.378.900 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй учир .....гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө 100% төлсөний дараа ажлын үр дүн болох орон сууцыг хүлээлгэн өгөхөөр талууд тохирсон ... гэрээ байгуулсан цаг хугацаа, төлбөр төлөх хуваарь болон гэрээний холбогдох бусад заалтууд, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлоход нэхэмжлэгч Н.Ариунаа хариуцагч Би Жи Эй Транс ХХК-ний хооронд байгуулагдсан 2014-01-24-ний өдөр Байр захиалах гэрээ-гээр ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцны үнийг захиалагч тал бүрэн төлсний дараа хүлээлгэж өгөхөөр тохиролцсон гэж үзэв гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй дүгнэлт учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Ариунаа Би Жи Эй транс ХХК-д холбогдуулан 24 659 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Хэрэгт баримтаар Н.Ариунаа, Би Жи Эй транс ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Байр захиалах гэрээ авагджээ.

Гэрээгээр Н.Ариунаа нь Би Жи Эй транс ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд баригдаж буй 40 айлын орон сууцнаас, 44.9 м.кв талбай бүхий орон сууц захиалж, үнэ 49 390 000 төгрөг төлөх, хариуцагч уг орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр хэлэлцэн тохирсон байна. Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул хэн аль нь гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй болжээ.

Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, 2014 оны 12 дугаар сарын 15-нд улсын комисс ажиллаж ашиглалтад авсан болон нэхэмжлэгч гэрээний үнээс 23 378 900 төгрөг төлсөн, 2015 оны 2 дугаар сараас хойш дахин төлбөр төлөөгүй талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч энэ маргаанаас өмнө Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32 711 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь Н.Ариунаагаас гэрээний үүргийн биелэлтэд 57 690 000 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 39 567 069 төгрөгийг Н.Ариунаагаас гаргуулж Би Жи Эй транс ХХК-нд олгон, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж хаягт байрлах 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхрын М-8 тоот орон сууцыг хүлээн авахыг Н.Ариунаад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 122 931 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх маргааныг шийдвэрлэсний дараа Н.Ариунаа гэрээний үүргийн биелэлтэд 24 695 000 төгрөг нэхэмжилж маргаан үүсгэсэн боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ба хариуцагч компани орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг улсын комисс хүлээн авах хүртэл 259 хонгоор хэтрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч гэрээгээр тохирсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар шаардах эрхтэй болно.

Орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд хүлээлгэн өгнө гэж хариуцагч гэрээгээр үүрэг хүлээсэн, хэн аль нь үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээний хариуцлага хүлээхээр тохиролцсон байгааг анхан шатны шүүх анхаарахгүйгээр үнийг бүрэн төлснөөр байрыг хүлээлгэж өгөхөөр тохирсон гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан гэрээний тохиролцоог хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдол хангагдахгүй юм.

Алдангийг үүргийн нийт үнийн дүнгээс буюу байрны үнэ 49 300 000 төгрөгөөс тооцоогүй нь буруу гэх нэхэмжлэгчийн гомдол мөн хангагдах хуулийн үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь зохигч гэрээний 4.1-д А тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-тай тэнцэх алдангийг хоног тутам төлнө гэж тохиролцсон боловч захиалагч байрны үнэд 23 011 954 төгрөг төлсөн тул давж заалдах шатны шүүх алдангийг захиалагчийн байрны үнэд төлсөн төлбөрийн дүнгийн 50% -иар тооцож 11 505 977 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1737 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 223 895 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 199 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД

                                                           ШҮҮГЧИД                                                   Б.УНДРАХ

                                            Х.СОНИНБАЯР

                                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                   Д.ЦОЛМОН