Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00288

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00288

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах *******-д холбогдох,

 

*******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6701504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 142/2019/00018/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.******* нь 2010 оны 09 дүгээр сарын 14-нд *******-д эдийн засагчийн ажил албан тушаалд ажиллахаар орж 2015 оны 8 дугаар сарын 27-нд компаний ерөнхий нягтлан бодогчоор, 2017 оны 01 дүгээр сарын 25-нд компаний ТУЗ-ын тогтоолоор Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хууль тогтоомж, санхүү бүртгэлийн хууль болон бусад хууль эрх зүйн актын дагуу ажил, албан тушаалын үүргээ гүйцэтгэж ирсэн билээ. 2015 оны 8 дугаар сарын 27-нд компаний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдоод хөдөлмөрийн гэрээг компаний гүйцэтгэх захирал байгуулсан. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 23-нд компаний ТУЗ-ийн дарга Д.Нэмэхбаяр нь санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээг тус тус надтай байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 13-нд компаний гүйцэтгэх захирлаар Л.Энхбат ажиллах болсон. Тэрээр сум дундын шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдсон юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 тоот гүйцэтгэх захирал *******ын тушаалаар хөдөлмөрийн хуулийн-37-р зүйл, 43-р зүйл, мөн компаний гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг ханган ажиллах чадваргүй, компанийн хэвийн үйл ажиллагаа, ажилтан хамт олонд үйлчлэх санхүүгийн ажиллагаанд удаа дараалан, хүндрэл чирэгдэл учруулж ирсэн нь цаашид ажиллуулах нөхцөл алдагдсан тул гэсэн нөхцлөөр санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гээд ажлаас халлаа. Энэхүү ажлаас халж буй үйл процесс нь хуулийн үндэслэл муутай байгаа бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн зүгээс гэрээг цуцлах үндэслэлийг бий болгоогүй. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй, байнгын ажлын байрны нөхцөлтэй байтал хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн тул намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 21752000*2=4,201,504 төгрөг болон урамшуулалт цалин жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 13-р сарын цалинг 2500000 төгрөг буюу нийт 6701504 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 он 09 дүгээр сарын 14-ний өдөр *******-д эдийн засагчаар ажилд орсон. 5 жил ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхий нягтлан бодогч болсон. *******-д нийт 8 жил ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажилдаа тэнцэхгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнийг үндэслэж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Би албан үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасны дагуухийж гүйцэтгэдэг. Би ажлын байрны тодорхойлолтоос гадна өөр зүйл шаардаагүй. Шаардах ёстой зүйлээ шаардсан. Би ерөнхий нягтлан бодогч болоод 3 жил болсон. Би яаж санхүүгийн тайланг буруу гаргах юм бэ?. Зүгээр нэг ажилчид хүрч ирээд чи буруу шаардлага тавилаа гэдэг нь үндэслэлгүй байна. Намайг мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоох ёстой. Зүгээр нэг хүмүүсийн яриагаар дүгнэж болохгүй гэж бодож байна. Тайлан балансаа буруу гаргасан гэж байна. Би эдийн засагчтайгаа хамтраад тайлан баланс гаргахад дарга ойлгоогүй. Дахиж тайлан гаргаад дахиж танилцуулахад дарга өөрөө ойлгоогүй. Тухайн үед гарсан орлого, зарлага нь тэр байсан. Тухайн үед алдагдалтай гарсан гэдэг нь үнэн. Миний ажлыг хянаж, шалгадаг өчнөөн байгууллага байгаа. Би буруу зөрүү тайлан гаргаагүй гэв.

 

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн Гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.*******тай Ерөнхий нягтлан бодогчийн орон тоо буюу ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна. Гэтэл түүнтэй тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр 2018 оны 05 дугаар сарын 23-нд компанийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын орон тоо буюу ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны гэрээ дуусгавар болжээ. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга нь ажилтан Л.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд бус бөгөөд мөн хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл, 83, 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул Л.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны Б/356 тоот тушаалаар дуусгавар болгосон нь үндэслэлтэй болно.

Ажилтан Л.******* нь Компанийн дүрмийн Ес дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар Компанийн эрх бүхий албан тушаалтан буюу Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч ажлын байран дээр ажиллаж байсан байна. Ийнхүү компанийн хариуцлагатай албанд ажиллахын тулд ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ажлын туршлага, тавигдах шаардлагыг бүрэн хангасан, зохих сонгон шалгаруулалтаар шалгарсан байх учиртай боловч Л.******* нь ийм шалгуур шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалтны үзэмжээр ажилд томилогдож, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс үүдэн компанийн Санхүү, эдийн засгийн байдал, үзүүлэлт, цалин хөлсний талаар ажиллагсдын төлөөллийн байгууллага *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой зөрчилдөж, мэргэжлийн хувьд тухайн байгууллагын санхүүгийн ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байгаагийн улмаас ажилчдын цалин хөлс, ашиг алдагдалыг буруу тооцож байна гэсэн үндэслэлүүдээр тус үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд уг ажилтны талаар удаа дараа шаардлага, мэдэгдэл ирүүлсэн нь Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцэж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулий 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан үндэслэлийг бий болгосон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд иргэн Л.*******гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд *******-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ хугацаанд Л.*******тай 2 сар гарангийн хугацаанд хамтарч ажилласан. Л.******* РЦС ХХК-ний санхүү, төсвийг ямархуу байдалтай авч явж байсан талаар өөрийнхөөрөө дүгнэлт хийж байсан. Тухайн үед 3-р улирлын тайлан баланс гарч Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхэд Л.******* байгууллагын санхүүг дордуулсан байсан. Энэ бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яг энэ асуудалтай холбогдуулж намайг ажлаас чөлөөлсөн. Би ажлаас чөлөөлөгдсөн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс тухайн асуудлыг шийдвэрлэж намайг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоосон. Би 2018 оны 06 дугаар сард ажилдаа эргэж орсон. Намайг ажилдаа орсны дараа Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр ерөнхий нягтлан Л.******* болон Банзрагчтай холбоотой гомдол ирүүлсэн. Энэ хоёр хүнийг нэн яаралтай ажлаас чөлөөлж мэдлэг чадвартай ажлын дадлага туршлагатай боловсон хүчинээр сольж ажиллуулж өгнө үү гэсэн. Би судалгаа хийсэн. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахиад албан шаардлага өгсөн. Ямар шаардлага өгсөн бэ? гэхээр мөн Л.*******, Банзрагч нарыг ажлаас нь чөлөөл гэсэн. Хамт олон энэ хоёр хүнтэй хамт ажиллаж чадахгүй байна. Мэргэжил болон ёс зүйн хувьд энэ ажлыг хийж чадахгүй хүмүүс байна гэсэн. Би ийм асуудал болоод байна гэж Төлөөлөн удирдах зөвлөл болон хамт олонд танилцуулсан. Дахин дахин хамтарч ажиллах гэж үзсэн. Би ямар нэгэн байдлаар хувийн сонирхлоор ажлаас халаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин Үйлдвэрчний эвлэлийн хорооноос албан шаардлага ирүүлсэн. Дахиад Л.******* гэдэг хүн санхүүгийн хэлтсийг тусдаа байгууллага болгоод байна. Үйлдвэрийн мастер болон хэсгүүдийн ажлыг хийлгэхгүй байна. Ямар нэгэн байдлаар хардаж сэрдэж бүх юмыг хянаж цагдаж хүмүүсийн ажлыг хийлгэхгүй байна. Цалин хөлс нэмэхгүй байна гэж шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулж удирдах ажилтан, мастер, хэсгийн дарга, захиргааны ажилчдыг оролцуулж хурал хийсэн. Хурлын тэмдэглэлийг хэрэгт өгсөн байгаа. Мөн ялгаагүй бүгд энэ хоёр хүнийг эсэргүүцсэн. Санхүүгийн үйл ажиллагааг тайлбарлаж чадаагүй. Байгууллагын санхүүг явж авч явдаг талаар нотолж хэлж чадаагүй. Өмнө нь байгууллагын санхүү яагаад ийм байдалтай яваад байгаа юм бэ? гэж зөндөө асууж байсан. Надад санхүүтэй холбоотой материал гаргаж өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Л.*******г ажлаас нь чөлөөлсөн. 2018 оны 03 дугаар улирлын тайлан баланс ашиг муутай гарсан. 2018 оны 06 дугаар сарын 30-ны хооронд манайх 7 тэрбум 400 сая төгрөгийн ашигтай ажил хийгээд тэрбум гаран төгрөгний ашигтай ажиллаж байхад 4 тэрбум 7 сая төгрөгийн ажил хийгээд 200 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж тайлан гаргаж өгсөн. 7 тэрбум төгрөгийн ажил хийгээд тэрбум төгрөгийн ашиг гарч байхад яахаараа 200 сая төгрөгийн ашиг гарсан юм бэ? гэж асуухад тайлбар хэлж чадаагүй. Үүнээс болж ажилчдын шагналт цалин, цалин хөлс нэмэх ажил хийгдээгүй. 3-р улирлын тайлан баланс гарч Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан. Мөн танай санхүүгийн тайлан баланс үнэн гарч байгаа юм уу? гэсэн асуудал яригдсан. 2018 оны 10 дугаар сард дахиад сарын тайлан баланс гарах гэж байхад даргаа тайлан баланс 40 сая төгрөгийн алдагдалтай гарах гэж байна гэж танилцуулсан. Яагаад алдагдалтай гарч байгаа юм бэ? гэсэн чинь дахиад бодож үзье гэж байгаад 20 сая төгрөгийн алдагдалтай гарах гээд байна гэсэн. *******г мэргэжил болон ёс зүйн талаар шаардлага хангахгүй гэсэн ажилчдын шаардлагаар ажлаас нь халсан, тайлан мэдээгээ зөв гаргадаггүй, захиргаа болон ажилчидтай зүй бусаар харьцдаг, мэргэжлийн дагуу санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг удирдлагад өгдөггүй. Ийм учраас ажлаас нь халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч бол *******-ний Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хийж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б/356 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаал нь юуг үндэслэж гарсан бэ? гэхээр ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах шаардлагад тэнцэхгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан, цаашид ажиллуулах нөхцөл алдагдсан гэсэн үндэслэлээр тушаал гарсан. Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2, 3 удаагийн мэдэгдэл, шаардлагыг үндэслэж тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа. Л.*******гийн хувьд энэ байгууллагад 2010 оноос хойш ажиллаж байгаа. Ажиллаж байх явцдаа 2015 онд компаний нягтлан бодогчоор, 2017 онд Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Шатлал дэвших маягаар ахиж дэвшиж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Энэ тушаалыг яагаад зөвшөөрөхгүй байна вэ? гэхээр нэгдүгээрт компани ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэл болгохдоо хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэдэг үндэслэлийг гаргасан. Хуульд тогтоомжид заасан эрх бүхий байгууллага гэдэгт Үйлдвэрчний эвлэлийн хорооны шаардлагыг ярьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь өөрөө ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн тухай хуульд зааснаар ямар нэгэн захиргаа, ажил олгогчтой гэрээ хэлцэл хийх, хамтын гэрээ байгуулах, хяналт тавих гээд 6,7 эрхийг эдэлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-дэх заалтыг үндэслэхдээ Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид Л.*******г ажлаа хийх чадваргүй, ёс зүйгүй гэсэн гол үндсэн асуудлыг тавьж шаардлага хүргүүлсэн. Ажилчдын эрх ашгийг хохироож байна гэсэн шаардлага тавиагүй гэж ойлгож байна. Л.******* бол өөрөө дангаараа ажилчдын цалин хөлсийг дур мэдэн нэмэх эрхтэй субъект биш. Нөгөө талаараа ажиллах чадваргүй, ийм, ийм алдаа дутагдал гарсан гэдгийг цаг хугацаагаар нь баримтжуулсан зүйл болон компаний зүгээс арга хэмжээ авсан зүйл байхгүй байсан. Гүйцэтгэх захирлын ярьж байгаагаар надад мэдрэгдээд байсан, тайлан балансаа гаргаж чадахгүй байсан гэдэг ерөнхий зүйл ярьж байна. Энэ байдлыг ямар нэгэн мэргэжлийн байгууллагаар шалгуулж, ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа талаар тогтоолгосон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Л.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг баримталсан нь өөрөө үндэслэл муутай байна. Эрх бүхий байгууллага шаардсан гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхээр хариуцагч байгууллагын төлөөлөгч эрх бүхий байгууллага гэдэгт Үйлдвэрчний эвлэлийн хороо орно гэж байна. Үйлдвэрчний эвлэлийн хороо бол иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хохироосон асуудлаар ажил олгогчид санал хүсэлт, шаардлага гаргаад удирдах ажилтан гэрээг цуцлах үндэслэл байхгүй гэж бодож байна. Тийм үндэслэл байсан юм бол компаний дотоод журам, дүрэмд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гүйцэтгэх үүргийг тусгасан тийм тодорхой заалт байхгүй. Тэгэхээр энэ тушаал нь хууль зүйн үндэслэл муутай гарсан гэж үзэж Л.*******г хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэхээр гүйцэтгэх захирлын ярьж байгаагаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа нь өөрт нь мэдрэгдээд байсан юм бол шалгалт оруулъя гэж тушаал гаргаад Л.*******г энэ ажил мэргэжлийн шаардлагад тэнцэх эсэх дээр нь дүгнэлт гаргуулаад тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болох байсан. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Л.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар эрх бүхий байгууллагын шаардлагаар цуцалсан. Яагаад эрх бүхий байгууллага гэдэгт Үйлдвэрчний эвлэлийн хороог хамруулаад байна вэ? гэхээр 1991 онд батлагдсан үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрхийн тухай хуулийн 5.1.4, 5.1.5-д заасан байдаг. 5.1.4-т ажилчдын эрх ашгийг хохироосон захиргааны аль нэг шийдвэрийг түдгэлзүүлэх, зогсоох, өөрчлөх, гэрээг хүчингүй болгох, ажилтнуудын санал хүсэлтийг судалж захиргаанд шаардлага, мэдэгдлэл хүргүүлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг төлөөлөх гэж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол хуульд заасан эрх бүхий этгээд юм. Зүгээр нэг нотлогдоогүй зүйл яриагүй. 2018 оны 06 дугаар сарын 16, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус шаардлага ирүүлсэн байсан. Энхбат бол Үйлдвэрчний эвлэлийн хорооны шалгасан зүйл дээр шинжээч томилж шалгах эрхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хороо дахиж шаардлага ирүүлсэн. Удаа дараагийн шаардлагын дагуу гуравдагч этгээдийн санаачлагаар Л.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэл, тогтоол дээр байсан. Л.*******г сольж дадлага туршлагатай хүмүүсийг ажилд томилж өгнө үү гэсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн хорооны шалгасан зүйлийг ажил олгогч шалгах эрх байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлахад Л.******* ямар хүн бэ? гэдэг нь харагдаж байгаа. Энд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний 49, 51 хувийн улс төржсөн асуудал явж байгаа. Ажилтнуудын эрх ашиг хохирч байна гэж үзэж Үйлдвэрчний эвлэлийн хороо 4 удаа шаардлага хүргүүлсний үндсэн дээр Л.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг гуравдагч этгээдийн санаачлагаар цуцалсан нь үндэслэлтэй байна. Тиймээс Л.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлсөн тушаалыг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа юм бэ? гэдгээ тодорхой бичээгүй байна гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6701504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдож, *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай 2018 оны 05 сарын 23-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ /хэргийн 12-18-р тал/ байгуулж ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн Б/356 дугаартай тушаалаар /хэргийн 06-р тал/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Л.*******г *******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн Б/356 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйл, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл, *******-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Л.******* нь Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг ханган ажиллах чадваргүй, компанийн хэвийн үйл ажиллагаа, ажилтан хамт олонд үйлчлэх санхүүгийн ажиллагаанд удаа дараалан хүндрэл, чирэгдэл учруулж ирсэн нь компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн шаардлагаар тогтоогдсон ба Л.*******г цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл алдагдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

 

*******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос *******-ийн гүйцэтгэх захиралд *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоол, хурлын тэмдэглэлээр Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5 дахь заалт, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 2018 оны 7 сарын 5-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн тогтоох нь *******-ийн гүйцэтгэх захирал *******ад шаардлагыг хэрэгжүүлэхийг уламжлах нь: 1...санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Л.******* нарыг яаралтай сольж, мэргэжлээрээ олон жил ажилласан, мэргэшсэн мэргэжилтнийг сонгон ажиллуулах... гэх, *******-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018 оны 06 сарын 16-ны өдрийн 24 тоот албан бичгээр ...ажилтнуудын эрх ашигтай холбогдуулан дараах албан шаардлагыг хүргүүлж байна. ....цалин нэмэх боломжгүй гэсэн...эдийн засагчид, хэлтсийн даргыг чадваржуулах, эсвэл хөдөлмөрийн эдийн засагчаар сольж ажиллуулах хүсэлтэй байгаа тул шаардлага хүргүүлж байна... гэх, *******-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 45 тоот тогтоол, хурлын тэмдэглэлээр Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5 дахь заалт, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн тогтоох нь...1...санхүү, эдийн засгийн хэлтсийн даргыг сольж туршлагатай олон жил ажилласан мэргэшсэн мэргэжилтнийг сонгон ажиллуулах... гэх /хэргийн 32-49-р тал/ албан шаардлагуудыг хүргүүлсэн байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээ цуцлахыг шаардах, 5.1.5-д хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх гэж Үйлдвэрчний эвлэлүүдийн хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа эдлэх үндсэн эрхийг хуульчилж өгсөн байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгч нар ...нэхэмжлэгч Л.*******г бид тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос удаа дараалан ирүүлсэн албан шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, харин ажил олгогчийн санаачлагаар ажлаас нь чөлөөлөөгүй юм гэж тайлбарлаж байх боловч компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар Л.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө зөвхөн тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэмдэглэлд үндэслэн ирүүлсэн албан шаардлагын дагуу ажилтныг ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Өөрөөр хэлбэл Л.******* нь Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг ханган ажиллах чадваргүйг шалгаж тогтоосон баримтгүй, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд удаа дараалан хүндрэл, чирэгдэл учруулж, ажилчдын эрх ашгийг хохироосон байдлыг шалгаж тогтоохгүйгээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болжээ. Мөн тус компанийн дүрэм, дотоод журам, ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтныг хуульд заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлөх талаарх зохицуулалт байхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагын төлөөлөгч ...*******г мэргэжил болон ёс зүйн талаар шаардлага хангахгүй гэсэн ажилчдын шаардлагаар ажлаас нь халсан, тайлан мэдээгээ зөв гаргадаггүй, захиргаа болон ажилчидтай зүй бусаар харьцдаг, мэргэжлийн дагуу санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг удирдлагад өгдөггүй... гэж тайлбарлаж, тус компанийн 2018 оны 1, 2, 3-р улирлын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг тайлангаар нэхэмжлэгч Л.*******гийн тайлан мэдээгээ буруу гаргасан, ажил мэргэжлийн шаардлагад тэнцэхгүй гэх байдлыг нотлох баримт болохгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, болон өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.******* нь Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг ханган ажиллах чадваргүй, компанийн санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд удаа дараалан хүндрэл, чирэгдэл учруулсан байдал тогтоогдохгүй байх тул *******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн Б/356 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн *******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн Б/356 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

 

 

Нэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны 2 сарын үндсэн цалин 4201504 төгрөг, жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 13-р сарын цалин 2500000 төгрөг нийт 6701504 төгрөг нэхэмжилсэн ба мөн нэхэмжлэгчийн жилийн эцсийн ажлын үр дүнг үнэлж дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Тус компанийн цалин хөлсний нягтлан бодогчоос нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтыг 2 удаа гаргаж ирүүлсэн /хэргийн 22, 90-р тал/ боловч цалингийн тодорхойлолтод заасан цалин зөрүүтэй байх тул түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалинг баримталж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцож хариуцагч байгууллагаас 3557062 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3144442 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд хуульд зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3557062 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 71862 төгрөг, нийт 142062 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******г *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Л.*******гийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3557062 төгрөг /гурван сая таван зуун тавин долоо мянга жаран хоёр төгрөг/-ийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлээс 3144442 /гурван сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч *******-иас 142062 /нэг зуун дөчин хоёр мянга жаран хоёр/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ