Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00038

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сар 30өдөр

181/ШШ2020/00038

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Г /РД:А/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  О.К ХХК /РД/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, гэрч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г миний бие О.К ХХК-тай 2018 оны 12 сарын 19-ний өдөр 01/613 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 8а байр, 15 давхар 91 тоот хаягт байрлах 46.55 м.кв орон сууцыг худалдан авахдаа өөрийн өмчлөлийн 1944УБН улсын дугаартай 2014 оны 2018 оны 09 сарын 09-ний өдөр орж ирсэн Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын хар саарал өнгийн авто машин, мөн 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын хар өнгийн машинуудыг компанид хүлээлгэн өгч гэрээний дагуү 2018 оны 12 сарын 30-ны өдөр орон сууцанд орох нөхцөлтэйгөөр орон сууц тоног төхөөрөмж хүлээлцэх акт, орон сууц ашиглалт, хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулж орон сууцны түлхүүрийг хүлээн авсан юм. Гэтэл О.К ХХК гэрээний 2.1, 7-р заалт, мөн гэрээний 4.4 дахь заалтад заасан орон сууцны барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг саадгүй гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг олгоход саад болж байгаа тул О.К ХХК-аас зохих баримт бичгийг гаргуулахыг даалгаж, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гийн нэхэмжлэлтэй, О.К ХХК-д холбогдох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт хариуцагч О.К ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. О.К ХХК-ийн зүгээс Д.Гтэй 2018 оны 12 сарын 19-ний өдөр №01/631 дугаартай Орон сууц захиалан байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Тус гэрээнд захиалагч Д.Г нь О.К ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 8а байрны 91 тоот 46.55 м.кв талбайтай орон сууцны 100 хувийн төлбөрт 1944 УНБ улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 09 сарын 02-ны өдөр Монгол улсад орж ирсэн Додж рам 1500 маркын автомашин, 2015 онд үйлдвэрлэгдсэн дугаар аваагүй, гаалийн бичигтэй Ауди А5 маркийн автомашинуудыг 2018 оны 12 сарын 19-ний өдрийн дотор өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч Д.Г нь гэрээнд заасан автомашинуудын өмчлөх эрхийг компанид шилжүүлэн өгөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй ба нэхэмжлэгчээс энэ талаар тодруулахад С.Энхтуяад шилжүүлэн өгсөн, С.Энхтуяа танай компанийг төлөөлж, надаас машинуудыг авсан гэх тайлбарыг хэлдэг ба С.Энхтуяад өөрийн машинуудаа шилжүүлэн өгсөн болох нь үйл баримтаар тогтоогддог. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримт дээр ч тус хоёр автомашиныг С.Энхтуяа гэх хувь этгээдтэй автомашиныг хүлээлцсэн гэх баримтыг гаргаж өгсөн байна. Хэрэв гэрээнд заасны дагуу автомашиныг компанид шилжүүлэн өгсөн бол автомашины өмчлөх эрх О.К ХХК-ийн нэр дээр шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдэх ёстой байсан. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нд орон сууцыг Д.Гт хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй ба тус гэрээний 4.1 дэх хэсэгт Энэхүү гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг бариулан, улсын комисс ажиллуулсны дараа Б талд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан боловч Д.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, О.К ХХК-д орон сууцны төлбөр тооцуулах үүргээ биелүүлээгүй учир компани Д.Гт орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан. Дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.Гээс гэрээнд заасны дагуу автомашинуудыг шилжүүлэн өгөхийг шаардахад С.Энхтуяа авсан, С.Энхтуяа зараад мөнгийг нь компанид өгнө гэж итгүүлсэн тул О.К ХХК-ийн зүгээс Д.Г, С.Энхтуяа нарт итгэж орон сууцны төлбөр төлөгдөөгүй байхад нь 2019 оны 07 сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн. О.К ХХК-ийн зүгээс Д.Гт автомашинуудыг С.Энхтуяа гэгчид хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй ба С.Энхтуяад ч компанийг төлөөлөн Д.Гээс автомашиныг шилжүүлэн авах талаар эрх олгоогүй юм. 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 01/631 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г тус компанийн захирал Д.Ганзориг гарын үсэг тамга даран баталгаажуулж, борлуулалтын ажилтан Э.Эрхэмбаатар гарын үсэг зурж, гэрээг Д.Гт тайлбарлаж өгсөн байдаг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба үүний дагуу О.К ХХК-ийг төлөөлж, гэрээ хэлцэл хийх, эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэх эрх нь зөвхөн гүйцэтгэх захирал Д.Ганзоригт, эсхүл түүнээс итгэмжлэл авсан этгээдэд хадгалагдаж байна. Иймд компаниас ямар нэгэн эрх олгоогүй С.Энхтуяад автомашиныг хүлээлгэн өгсөн асуудлыг О.К ХХК-д шилжүүлэн өгсөн гэж үзэж үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэж тодорхойлсон байх ба О.К ХХК нь бусдад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий байгууллага биш ба Д.Г нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-гээр хүлээсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй, орон сууцны төлбөрт машинуудыг шилжүүлээгүй байж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч О.К ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрт шилжүүлэх ёстой байсан автомашинуудыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, О.К ХХК нь бусдад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий байгууллага биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Г болон О.К ХХК нарын хооронд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ /хх-5-9 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр О.К ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох, 8а дугаартай байрны 15 дугаар давхарт байрлах, 91 тоот хаягтай, 46.55 м.кв талбайтай орон сууцыг Д.Гт хүлээлгэн өгөх, Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор орон сууцны төлбөрт 1944УНБ улсын дугаартай, Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын автомашин, мөн 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын автомашинуудыг О.К ХХК-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дахь заалтад заасан арилжааны гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дахь заалтад зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч Д.Г нь 1944УНБ улсын дугаартай, Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын автомашин, мөн 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын автомашинуудыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр О.К ХХК-ийн Төслийн удирдлага, Санхүү эрхэлсэн захирлын ажлыг гүйцэтгэж байсан С.Энхтуяад хүлээлгэн өгсөн бөгөөд С.Энхтуяа нь Д.Гээс автомашинуудыг хүлээн авсан, Ауди 5 маркын автомашин нь одоо С.Энхтуяад байгаа бөгөөд Додж рам 1500 маркын автомашиныг С.Энхтуяа нь Д.Гийн дүү гэх тухайн үед Додж рам 1500 маркын автомашины эзэмшигчээр бүртгэлтэй байсан Ц.Зоригтбаатараас өөрийн охин Т.Гүн-Үйлсэд итгэмжлэл хийлгэн авч, улмаар уг автомашиныг Эм эл жи финанс ХХК-д шилжүүлсэн болох нь гэрч С.Энхтуяагийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Г нь автомашинуудыг О.К ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох С.Энхтуяад шилжүүлэн өгсөн гэх тайлбар нь хариуцагчид автомашинуудыг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж маргаж байх боловч шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн С.Энхтуяа нь дээрх автомашинуудыг О.К ХХК-ийн захирал Д.Ганзоригийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Д.Гээс хүлээж авсан гэж мэдүүлсэн, мөн талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01/631 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь заалтад 2018 оны 12 сарын 19-ни й дотор төлбөрийн 100 хувийн төлбөрт 1944УНБ улсын дугаартай 2014 оны, 2018 оны 09 сарын 02-нд орж ирсэн Додж рам 1500 /Dodge ram1500/ маркын хар саарал өнгийн автомашин, 2015 оны дугаар аваагүй, гаалийн бичигтэй /1987898 бүртгэлийн дугаартай/ Ауди А5 /Audi A5/ маркын хар өнгийн автомашинуудыг тооцуулав гэсэн байгаа зэргээс үзэхэд хариуцагч О.К ХХК нь нэхэмжлэгч Д.Гээс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын автомашин, Ауди 5 /Audi 5/ маркын автомашинуудыг орон сууцны төлбөрт тооцон хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь дээрх автомашинууд О.К ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй, Ауди А5 Маркын автомашин С.Энхтуяад байгаа, Додж рам 1500 маркын автомашин нь Эм эл жи финанс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа тул Д.Гийг О.К ХХК-ийн өмчлөлд автомашинуудыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн зүйлийн 111.2.1 дахь заалтад өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан, нэхэмжлэгч Д.Г нь гэрээнд заасан автомашинуудыг О.К ХХК-ийн Төслийн удирдлага, Санхүү эрхэлсэн захирлын ажлыг гүйцэтгэж байсан С.Энхтуяад хүлээлгэн өгсөн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд автомашинуудыг орон сууцны төлбөрт тооцсон талаар дурдсан байх тул нэхэмжлэгч Д.Гийг гэрээнд заасан автомашинуудыг О.К ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан байх ба хариуцагч О.К ХХК нь бусдад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий байгууллага биш тул уг шаардлага үндэслэлгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн уг шаардлагын агуулга нь орон сууцны өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн өгөхийг шаардсан агуулгатай байна.

Нэхэмжлэгч Д.Г нь автомашинуудыг орон сууцны төлбөрт тооцон О.К ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас орон сууцны өмчлөлийг өөрт шилжүүлэн өгөх, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээнд дурдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох, 8а дугаартай байр нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а тоот хаягт байршилтай, О.К ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Манай байр ХХК-ийн захиалгаар баригдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/836 дугаартай дүгнэлтээр ашиглалтад орсон, О.К ХХК нь Манай байр ХХК-тай 2013 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан 15/13 тоот Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу О.К ХХК нь иргэдтэй гэрээ байгуулах, түүнийг бүртгүүлэх, санхүүжилт босгох болон бусад гэрээ хэлцэл хийх зэрэг менежментийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд уг байрны 91 тоот хаягт байрлах орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Гт шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О.К ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Гт шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О.К ХХК-д даалгасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,077,312.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.К ХХК-аас 1,077,312.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР