Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00500

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00500

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О ХХК-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 01/613 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 8а байр, 15 давхар 91 тоот хаягт байрлах 46.55 м.кв орон сууцыг худалдан авахдаа өөрийн өмчлөлийн 1944УБН улсын дугаартай 2014 оны 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орж ирсэн Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын хар саарал өнгийн авто машин, мөн 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын хар өнгийн машинуудыг компанид хүлээлгэн өгч гэрээний дагуү 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууцанд орох нөхцөлтэйгөөр орон сууц тоног төхөөрөмж хүлээлцэх акт, орон сууц ашиглалт, хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулж орон сууцны түлхүүрийг хүлээн авсан юм. Гэтэл О ХХК гэрээний 2.1, 7-р заалт, мөн гэрээний 4.4 дахь заалтад заасан орон сууцны барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг саадгүй гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг олгоход саад болж байгаа тул О ХХК-аас зохих баримт бичгийг гаргуулахыг даалгаж, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-ийн зүгээс Д.Гтэй 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №01/631 дугаартай Орон сууц захиалан байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тус гэрээнд захиалагч Д.Г нь О ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 8а байрны 91 тоот 46.55 м.кв талбайтай орон сууцны 100 хувийн төлбөрт 1944 УНБ улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсад орж ирсэн Додж рам 1500 маркын автомашин, 2015 онд үйлдвэрлэгдсэн дугаар аваагүй, гаалийн бичигтэй Ауди А5 маркийн автомашинуудыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч Д.Г нь гэрээнд заасан автомашинуудын өмчлөх эрхийг компанид шилжүүлэн өгөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй ба нэхэмжлэгчээс энэ талаар тодруулахад С.Энхтуяад шилжүүлэн өгсөн, С.Энхтуяа танай компанийг төлөөлж, надаас машинуудыг авсан гэх тайлбарыг хэлдэг ба С.Энхтуяад өөрийн машинуудаа шилжүүлэн өгсөн болох нь үйл баримтаар тогтоогддог. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримт дээр ч тус хоёр автомашиныг С.Энхтуяа гэх хувь этгээдтэй автомашиныг хүлээлцсэн гэх баримтыг гаргаж өгсөн байна. Хэрэв гэрээнд заасны дагуу автомашиныг компанид шилжүүлэн өгсөн бол автомашины өмчлөх эрх О ХХК-ийн нэр дээр шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдэх ёстой байсан. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нд орон сууцыг Д.Гт хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй ба тус гэрээний 4.1 дэх хэсэгт Энэхүү гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг бариулан, улсын комисс ажиллуулсны дараа Б талд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан боловч Д.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, О ХХК-д орон сууцны төлбөр тооцуулах үүргээ биелүүлээгүй учир компани Д.Гт орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан. Дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.Гээс гэрээнд заасны дагуу автомашинуудыг шилжүүлэн өгөхийг шаардахад С.Энхтуяа авсан, С.Энхтуяа зараад мөнгийг нь компанид өгнө гэж итгүүлсэн тул О ХХК-ийн зүгээс Д.Г, С.Энхтуяа нарт итгэж орон сууцны төлбөр төлөгдөөгүй байхад нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн. О ХХК-ийн зүгээс Д.Гт автомашинуудыг С.Энхтуяа гэгчид хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй ба С.Энхтуяад ч компанийг төлөөлөн Д.Гээс автомашиныг шилжүүлэн авах талаар эрх олгоогүй юм. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г тус компанийн захирал Д.Ганзориг гарын үсэг тамга даран баталгаажуулж, борлуулалтын ажилтан Э.Эрхэмбаатар гарын үсэг зурж, гэрээг Д.Гт тайлбарлаж өгсөн байдаг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба үүний дагуу О ХХК-ийг төлөөлж, гэрээ хэлцэл хийх, эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэх эрх нь зөвхөн гүйцэтгэх захирал Д.Ганзоригт, эсхүл түүнээс итгэмжлэл авсан этгээдэд хадгалагдаж байна. Иймд компаниас ямар нэгэн эрх олгоогүй С.Энхтуяад автомашиныг хүлээлгэн өгсөн асуудлыг О ХХК-д шилжүүлэн өгсөн гэж үзэж үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэж тодорхойлсон байх ба О ХХК нь бусдад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий байгууллага биш ба Д.Г нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй, орон сууцны төлбөрт машинуудыг шилжүүлээгүй байж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Гт шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 077 312.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-аас 1 077 312.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрт:"... 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Г болон "О" ХХК-ийн хооронд "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж ... дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх заалтад заасан арилжааны гэрээний харилцаа байна. ... арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч Д.Г нь О ХХК-ийн төслийн удирдлага, санхүү эрхэлсэн захирлын ажлыг гүйцэтгэж байсан С.Энхтуяад хүлээлгэн өгсөн, С.Энхтуяа нь машинуудыг хүлээн авсан болох нь С.Энхтуяагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Гийг "Орчлон костракшн" ХХК-ийн өмчлөлд автомашин шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох С.Энхтуяад шилжүүлэн өгсөн гэх тайлбар гаргаж байх боловч гэрч С.Энхтуяагийн "О" ХХК-ийн захирал Д.Ганзоригийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Д.Гээс хүлээн авсан гэх мэдүүлэг, Орот сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь заалтад "2018 оны 12 дугаар сарын 19-ний дотор орон сууцны 100 хувийн төлбөрт ... тухайн 2 автомашиныг тооцуулав" гэсэн байгаа зэргээс үзэхэд "О" ХХК нь автомашинуудыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт зааснаар Д.Г нь 2 автомашиныг "Орчлон коснтракшн" ХХК-ийн төслийн удирдлага, санхүү эрхэлсэн захирлын ажлыг гүйцэтгэж байсан С.Энхтуяад хүлээлгэн өгсөн нь өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ. ... нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан байх ба ... уг шаардлагын агуулга нь орон сууцны өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн өгөхийг шаардсан агуулгатай байна. ... орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. ... орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна" гэж үзэж Д.Гт маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргажөгөхийг хариуцагч "О" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал, С.Энхтуяаг "Орчлон коснтракшн" ХХК-ийн төслийн удирдлага, санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд Д. Ганчимэгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь гэрч С.Энхтуяагийн "О" ХХК-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан эсэх, түүнтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал миний зүгээс С.Энхтуяа нь тус маргаан бүхий гэрээ байгуулагдах үед "О" ХХК-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан гэх үйл баримттай маргахгүй гэх тайлбар гаргаснаар шүүхээс нэгэнт маргаангүй үйл баримтыг нотлох зорилготой баримтыг хариуцагчаас гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж С.Энхтуяагийн хөдөлмөрийн гэрээ, ажлаас түдгэлзүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаал зэргийг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн гэрч С.Энхтуяагийн мэдүүлэгт тусгагдсаны дагуу огт үндэслэлгүйгээр С.Энхтуяа нь "О" ХХК-ийн төслийн удирдлага, санхүү эрхэлсэн захирал гэжтусгасан нь С.Энхтуяа нь компанийг төлөөлж, тухайн автомашинуудыгхүлээн авах эрхтэй этгээд мөн гэж дүгнэх үндэслэл болсонд гомдолтой байна."О" ХХК нь С.Энхтуяатай 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан ба тус гэрээнд түүний албан тушаалыг санхүү, бүртгэл эрхэлсэн захирал гэж тусгасан боловч Компанийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь гүйцэтгэх захирал байх тул түүний албан тушаалын нэршил нь санхүү, бүрттэл эрхэлсэн дарга, эсхүл санхүү, бүртгэлийн албаны дарга, санхүү, бүртгэл хариуцсан удирдах албан тушаалтан гэх зэргээр зөвтгөгдөх ёстой ба С.Энхтуяа нь манай компанийн төслийн удирдлагаар ажиллаж байсан гэх нэг ч баримт хэрэгт авагдаагүй, С.Энхтуяа нь төслийн удирдлагаар ажиллаж байгаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Г нь орон сууцны төлбөрт тооцуулах автомашиныг С.Энхтуяад шилжүүлэн өгснийг "О" ХХК-д шилжүүлэн өгсөн гэж үзсэн нь үндэслэлгүй талаар: 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Д.Гээс "О ХХК-ийн зүгээс автомашиныг С.Энхтуяа нь хүлээн авна гэж мэдэгдсэн үү, захирал Д.Ганзориг нь С.Энхтуяад эрх олгосон, үүрэгдсэн, эсхүл автомашиныг С.Энхтуяад өгөхийг танд зөвшөөрсөн үйл баримт болсон уу" гэх асуултыг асуухад "Д.Ганзориг захирал С.Энхтуяад үүрэг өгсөн эсэхийг мэдэхгүй, надад С.Энхтуяад өг гэж хэлсэн зүйл байхгүй" гэх хариултыг өгсөн ба гэрч С.Энхтуяагаас энэ үйл баримтыг тодруулахад надад Д.Ганзориг захирал амаар үүрэг болгосон гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл компанийн зүгээс С.Энхтуяад ямар нэгэн эрх олгоогүй, үүрэг болгосон зүйлгүй, бичгээр итгэмжлэл олгоогүй гэдгээ удаа дараа тайлбарласаар байхад зөвхөн гэрч С.Энхтуяагийн мэдүүлэгт үндэслэн, хэрэгт авагдсан бусад баримтыг бүрэн гүйцэт үнэлэж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь заалтад "2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор орон сууцны 100 хувийн төлбөрт ... тухайн 2 автомашиныг тооцуулав" гэж тусгасныг үндэслэн автомашиныг хүлээн авч, төлбөрт тооцуулсан нь гэрээний зүйл заалтанд тусгагдсанаар баталгаажсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Д.Г нь гэрээ байгуулагдсаны дараа автомашиныг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг хэлсээр байхад гэрээнд тусгагдсан үг үсгийн зөрүүтэй тэмдэглэгээг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартай зөрчилдөж байна. "О" ХХК-ийн зүгээс Д.Гт автомашинуудыг С.Энхтуяа гэгчид хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй ба С.Энхтуяад ч компанийг төлөөлөн Д.Гээс автомашиныг шилжүүлэн авах талаар эрх олгоогүй ба нь нэхэмжлэгч Д.Гийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар давхар нотлогддог. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631 дугаартай "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г тус компанийн захирал Д.Ганзориг гарын үсэгтамга даран баталгаажуулж, борлуулалтын ажилтан Э.Эрхэмбаатар гарын үсэг зурж, гэрээг Д.Гт тайлбарлаж өгсөн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу "О" ХХК-ийг төлөөлж, гэрээ хэлцэл хийх, эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэх эрх нь зөвхөн гүйцэтгэх захирал Д.Ганзоригт, эсхүл түүнээс итгэмжлэл авсан этгээдэд хадгалагдаж байна. Гэтэл шүүхээс зөвхөн гэрч С.Энхтуяагийн мэдүүлэгт үндэслэн "О" ХХК нь автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний дагуу талууд харилцан бие биедээ арилжих эд зүйлсийн өмчлөх эрхийг шилжүүлнэх үүрэгтэй. Шүүхээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг шүүхийн шийдвэртээ тайлбарлаж, С.Энхтуяад шилжүүлэн өгсөн нь "Орчлон коснтракшн" ХХК-ийн өмчлөлд автомашиныг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн автомашинуудыг С.Энхтуяа ч биш, түүний охин Гүн-Үйлс гэгчид итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн нь нотлох баримтаар тогтоогддог ба бодит байдал дээр Д.Гийн бартерд өгсөн гэх автомашинуудын нэг ч "О" ХХК-ийн өмчлөлд шилжээгүй байдаг. Гэтэл шүүхээс талуудын шүүхэд гаргасан тайлбар, шүүгчээс болон талууд бие биенээсээ асуулт асууж, мэтгэлцэж, шүүхийн шатанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэж дүгнээгүй гэж үзэхээр байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч орон сууцны төлбөрт шилжүүлэх ёстой байсан автомашинуудыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох, 8а дугаартай байрны 15 дугаар давхарт байрлах, 91 тоот хаягтай, 46.55 м.кв талбайтай орон сууцыг Д.Гт хүлээлгэн өгөх, Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор орон сууцны төлбөрт 1944УНБ улсын дугаартай, Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын автомашин, мөн 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын автомашинуудыг О ХХК-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-9 дүгээр тал/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г нь 1944УНБ улсын дугаартай, Додж рам 1500 /Dodge ram 1500/ маркын автомашин, мөн 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын автомашинуудыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр О ХХК-ийн Төслийн удирдлага, Санхүү эрхэлсэн захирлын ажлыг гүйцэтгэж байсан С.Энхтуяад хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн ...О ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох С.Энхтуяад шилжүүлэн өгсөн гэх тайлбар, гэрч С.Энхтуяагийн ...О ХХК-ийн захирал Д.Ганзоригийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Д.Гээс хүлээж авсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна./хэргийн 32-33, 124-128 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэг зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Гэрч С.Энхтуяагийн мэдүүлгийг хариуцагч талаас үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул С.Энхтуяаг гэрээний үүргийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан гэж шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Тодруулбал, Ауди 5 маркын автомашин нь одоо байгаа бөгөөд Додж рам 1500 маркын автомашиныг тухайн үед эзэмшигчээр бүртгэлтэй байсан Д.Гийн дүү гэх Ц.Зоригтбаатараас С.Энхтуяа нь өөрийн охин Т.Гүн-Үйлсэд итгэмжлэл хийлгэн авч, улмаар уг автомашиныг Эм эл жи финанс ХХК-д шилжүүлсэн болох нь гэрч С.Энхтуяагийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Гийг гэрээнд заасан автомашинуудыг О ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн, шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн баримтаар талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээнд дурдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох, 8а дугаартай байр нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а тоот хаягт байршилтай, О ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Манай байр ХХК-ийн захиалгаар баригдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/836 дугаартай дүгнэлтээр ашиглалтад орсон болон О ХХК нь Манай байр ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 15/13 тоот Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу О ХХК нь иргэдтэй гэрээ байгуулах, түүнийг бүртгүүлэх, санхүүжилт босгох болон бусад гэрээ хэлцэл хийх зэрэг менежментийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд уг байрны 91 тоот хаягт байрлах орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 75-95 дугаар тал/

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар зохицуулсан тул мөн хуулийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч худалдаж буй хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд тухайн орон сууцны хаалганы цоожны голыг хариуцагч сольсон талаар талууд тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгч Д.Гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Гт шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 077 313 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

С.ЭНХТӨР