Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00035

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12сарын30өдөр

181/ШШ2020/00035

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.О /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Ө /РД:/

Хариуцагч: З.Н /РД:Ч/ нарт холбогдох

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Г.Ө, З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгончимэг нар оролцов.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.О миний бие болон З.Н бид найзууд бөгөөд 2004 онд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй орон сууцыг маань Банкны барьцаанд тавиад эргэлдүүлж байгаад буцааж байрыг чинь өгье гэж гуйхад нь би зөвшөөрсөн болно. Ингээд 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г З.Н болон түүний нөхөр Г.Ө нартай байгуулж, миний нэр дээрх орон сууц З.Нгийн өмчлөлд шилжсэн. Гэтэл барьцаалагч Анод банк дампуурсан, дахин өөр иргэний барьцаанд тавих зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөигө худалдах, худалдан авах гэрээ-гээр Г.Баярсайханд шилжиж, улмаар Г.Баярсайхан дахин цааш нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Баясгаланд шилжүүлсэн байсан. Гэвч З.Н Найз нь чиний байрыг яасан ч буцааж өгнө. Хүнд үед тусалсан болохоор заавал буцааж өгнө. Харин шүүхийн маргаан шийдэгдэх хүртэл түр хүлээж байгаач гэж удаа дараа хэлж баталгаа ч бичиж өгч байсан тул би итгэж З.Нг миний байрыг буцаан өмчлөх эрхийн гэрчилгээтэй болтол нь хүлээж өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд З.Н хэлсэндээ хүрч удаа дараагийн шүүхийн шийдвэрээр буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дугаар шийдвэрээр Г.Баярсайханд шилжүүлсэн хэлцлийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00957 дугаар шийдвэрээр Б.Баясгаланд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, З.Нгийн нэр дээр манай байрны 000715223 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарсан байгаа билээ. Энэхүү байранд миний бие 1981 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн охин О.Сарнай болон түүний гэр бүл үр хүүхдийн хамт оршин сууж, амьдарч, өмчилж байгаа бөгөөд харин З.Нд худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Тиймээс ч 2004 оны гэрээнд орон сууцаа зах зээлийн ханшнаас илт доогуур үнэлэн бичсэн ба мөнгө төлбөр ч өгч, авсан зүйлгүй юм. Нэгэнт З.Нгийн надад амалсан амлалт, баталгаа нь бодитоор бий болсон учир өөрийн байрны өмчлөх эрхийг буцаан авч тухайн үед дүр үзүүлэн хийсэн хэлцлээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 181/Ш32019/01194 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт З.Н, Г.Ө нар нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээ зөвшөөрч байгаа бол уг хэлцлийнхээ үр дагаврыг яагаад сайн дураараа арилгаж, орон сууцны өмчлөгчөөр Л.Оийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа нь тодорхойгүй байна гэжээ. Хэдийгээр хариуцагч нар зөвшөөрч байгаа боловч З.Н нь шүүхийн шийдвэрээр өөр бусад этгээдэд төлбөртэйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын дагуу манай орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хязгаарлан битүүмжилсэн ба хамгийн сүүлд л гэхэд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн эд хөрөнгийн хадгалалтыг бидэнд хариуцуулсан байгаа тул миний бие өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ анхнаасаа бодитоор хүсэл зоригоо илэрхийлж байгуулаагүй гэрээг хуульд заасан журмын дагуу хууль бус байсныг тогтоолгох нь зүй ёсны асуудал юм. Иймд Л.О, З.Н болон түүний нөхөр Г.Ө бидний хооронд байгуулагдсан 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, иргэн Л.О миний Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оийн нэхэмжлэлтэй Г.Ө, З.Н бидэнд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Г.Ө, З.Н бид эхнэр нөхөр бөгөөд хамгийн анх Л.Оийн орон сууцыг бид өөрсдийн өмчлөлд авах, эзэмших, ашиглах зорилгогүйгээр 2004 онд худалдах, худалдан авах талаар гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ Л.Оийн нэхэмжлэлдээ бичсэн шиг бид мөнгө эргэлдүүлсэн, ашиг хонжоо олох гэж байрных нь өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй санаатайгаар удаашруулсан, улмаар түүнийг хохироосон зүйл байхгүй бөгөөд харин ч түүнийг хүнд хэцүү үед нь чадах чинээгээрээ тусалж өдийг хүрсэн. Тодруулбал, орон сууцны өмчлөх эрхийг нь буцаан шилжүүлэх үйл явдал нь биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас буюу биднээс шилжүүлсэн авсан этгээдүүд дам дам цааш нь өөр этгээдүүд шилжүүлсэн байсны улмаас бид шууд Л.Оийн нэр дээр шилжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн ба энэ талаарх үйл баримтыг бид нэхэмжлэгчид тухай бүрт нь хэлж ойлгуулж тайлбар, баталгааг ч хангалттай гаргаж өгч байсан. Харин дээрх үйл баримтууд нэгэнт болж өнгөрсөн бөгөөд биднээс шалтгаалах зүйл дээр бид ямар нэгэн татгалзал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Г.Ө, З.Н нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Л.О, Г.Ө нарын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хх-8 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Л.О нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Г.Өд 12,000,000 төгрөгөөр худалдах, Г.Ө нь 12,000,000 төгрөгийг Л.Од төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх ба уг гэрээний худалдан авагч талын хамтран өмчлөгчид гэсэн хэсэгт Зулбадрахын Нарантуяа гэсэн нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байна.

Уг гэрээний Худалдагч гэсэн хэсэгт Л.О гэсэн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан, Худалдан авагч гэсэн хэсэгт Г.Ө гэсэн нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байх тул уг гэрээний худалдагч талыг Л.О, худалдан авагч талыг Г.Ө гэж үзнэ.

Уг гэрээ байгуулагдсаны дараа Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Ө, З.Н нар бүртгэгдэж, 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 000132708 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээ /хх-68 тал/ олгогдсон байх ба 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г.Ө, З.Н нарын хооронд Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нэртэй хэлцэл /хх-70 тал/ хийгдэж, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Н бүртгэгдэж, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий 000195286 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-71 тал/ олгогдсон байна.

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Баярсайхан болон З.Н нарын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх Г.Баярсайханы өмчлөлд /хх-74 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Г.Баярсайхан, Б.Баясгалан нарын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр Б.Баясгалангийн өмчлөлд /хх-77 тал/ тус тус шилжиж, шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өмчлөх эрх 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр З.Нгийн өмчлөлд шилжсэн /хх-93 тал/ байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Өтай байгуулсан 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлан уг хэлцлээр шилжсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсан бол хариуцагч нар нь мөн уг хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн тайлбарыг гаргаж орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрч байгаа, гэсэн хэдий ч уг орон сууц шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдэн хураагдсан шалтгаанаар орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй байгаа талаар тайлбарласан.

Хэрэв хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Г.Өтай байгуулсан, уг гэрээний худалдан авагч тал нь Г.Ө байх тул хэрэв хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бол тухайн хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хэлцлийн нэг тал болох Г.Өаас шаардах эрхтэй.

Гэвч 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Г.Өы өмчлөлд бүртгэлгүй, З.Нгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Г.Өаас орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардаж буй нь үндэслэлгүй болсон байна.

Хариуцагч З.Нгийн хувьд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж буй 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний худалдан авагч тал биш бөгөөд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тухайн үед бүртгэгдсэн, улмаар 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г.Ө, З.Н нарын хооронд хийгдсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нэртэй хэлцлийн үр дүнд орон сууцыг дангаар өмчлөх болсон, одоогийн байдлаар орон сууцыг дангаар өмчилж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хэлцлийн тал биш этгээдээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж буй хэлцлийн үндсэн дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Оийн хариуцагч Г.Ө, З.Н нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Оийн хариуцагч Г.Ө, З.Н нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР