Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 366

 

 

Л.О нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ө , З.Н нарт холбогдох

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Сарнай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Дэлгэрсайхан, Н.Эрдэнэбилэг,

Хариуцагч: З.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Н бид найзууд бөгөөд 2004 онд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр,  тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй орон сууцыг маань банкны барьцаанд тавиад эргэлдүүлж байгаад буцааж, орон сууцыг чинь өгье гэж гуйхад нь би зөвшөөрсөн болно. 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг З.Н болон түүний нөхөр Г.Ө  нартай байгуулж, миний нэр дээрх орон сууц З.Н өмчлөлд шилжсэн. Гэтэл барьцаалагч Анод банк дампуурсан, дахин өөр иргэний барьцаанд тавих зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Г.Б шилжиж, улмаар Г.Б дахин цааш нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б шилжүүлсэн байсан. Гэвч З.Н орон сууц чинь буцааж өгнө. Харин шүүхийн маргаан шийдэгдэх хүртэл түр хүлээж байгаач гэж удаа дараа хэлж, баталгаа бичиж өгч байсан тул би итгэж З.Н миний орон сууцыг буцаан өмчлөх эрхийн гэрчилгээтэй болтол нь хүлээж өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд З.Н хэлсэндээ хүрч удаа дараагийн шүүхийн шийдвэрээр буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01131 дугаар шийдвэрээр Г.Б шилжүүлсэн хэлцлийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00957 дугаар шийдвэрээр Б.Б шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, З.Н нэр дээр манай орон сууцны 000715223 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Энэхүү орон сууцанд миний бие 1981 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн охин О.С  болон түүний гэр бүл үр хүүхдийн хамт оршин сууж, амьдарч, өмчилж байгаа бөгөөд харин З.Н худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Тиймээс ч 2004 оны гэрээнд орон сууцаа зах зээлийн ханшнаас илт доогуур үнэлэн бичсэн ба мөнгө төлбөр ч өгч, авсан зүйлгүй юм. Нэгэнт З.Н надад амалсан амлалт, баталгаа нь бодитоор бий болсон учир өөрийн орон сууцны өмчлөх эрхийг буцаан авч, тухайн үед дүр үзүүлэн хийсэн хэлцлээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Түүнчлэн хариуцагч нар зөвшөөрч байгаа боловч З.Н нь шүүхийн шийдвэрээр өөр бусад этгээдэд төлбөртэйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын дагуу манай орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хязгаарлан битүүмжилсэн ба хамгийн сүүлд л гэхэд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн эд хөрөнгийн хадгалалтыг бидэнд хариуцуулсан байгаа тул миний бие өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ анхнаасаа бодитоор хүсэл зоригоо илэрхийлж, байгуулаагүй гэрээг хуульд заасан журмын дагуу хууль бус байсныг тогтоолгох нь зүй ёсны асуудал юм. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, иргэн Л.О миний Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ө , З.Н бид эхнэр, нөхөр бөгөөд хамгийн анх Л.О орон сууцыг бид өөрсдийн өмчлөлд авах, эзэмших, ашиглах зорилгогүйгээр 2004 онд худалдах, худалдан авах талаар гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ Л.О нэхэмжлэлдээ бичсэн шиг бид мөнгө эргэлдүүлсэн, ашиг хонжоо олох гэж орон сууц нь өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй санаатайгаар удаашруулсан, улмаар түүнийг хохироосон зүйл байхгүй бөгөөд харин ч түүнийг хүнд хэцүү үед нь чадах чинээгээрээ тусалж өдийг хүрсэн. Тодруулбал, орон сууцны өмчлөх эрхийг нь буцаан шилжүүлэх үйл явдал нь биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас буюу биднээс шилжүүлэн авсан этгээдүүд дам, дам цааш нь өөр этгээдүүд шилжүүлсэн байсны улмаас бид шууд Л.О нэр дээр шилжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн ба энэ талаарх үйл баримтыг бид нэхэмжлэгчид тухай бүрт нь хэлж ойлгуулж тайлбар, баталгааг ч хангалттай гаргаж өгч байсан. Харин дээрх үйл баримтууд нэгэнт болж өнгөрсөн бөгөөд биднээс шалтгаалах зүйл дээр бид ямар нэгэн татгалзал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О хариуцагч Г.Ө , З.Н нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нэг бүрийг шийдвэрлээгүй байх бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа, маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт авч үзээгүй нь хэргийг бүхэлд нь шийдвэрлэх чиг үүргээ биелүүлээгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэхэмжлэгч болон хоёр хариуцагчийн хэн аль нь гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байдаг тул дангаараа Г.Ө  гэрээ байгуулсан гэж үзэх нь буруу. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээг байгуусанд тооцохоор хуульчилсан байдаг. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарын хэн алинд хамаатай тул З.Н холбогдох хэсгийг огт шийдвэрлээгүй орхисон байдаг. Нөгөөтэйгүүр, зөвхөн Г.Ө тай гэрээ байгуулсан гэж үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буй нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх боломжгүй бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр үлдэх үндэслэл болохгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг гэрээний хүчин төгөлдөр байдалтай хольж, улмаар гэрээний зүйлийн үнийг нь нөхөн төлүүлэх эрхийг хязгаарлах зэргээр дээрх хуулийн зохицуулалтыг илт буруу тайлбарлан хэрэглэжээ. Орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагын хүрээнд хариуцагч З.Н нөхөр Г.Ө тайгаа байгуулсан хэлцлийн үндсэн дээр өмчлөгч болсон учир орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй байна гэж үзсэн нь мөн учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, хариуцагч нарын нэг ашиг сонирхол бүхий нэг гэр бүлийн гишүүд ба хэний нэр дээр байгаагаас нь үл шалтгаалаад хамтран өмчлөх эрхтэй байгаа нь зохигчдын тайлбараар нотлогдох бөгөөд энэхүү нөхцөл байдал дээр талууд огт маргадаггүй тул шүүхэд илэрхий үйл баримт юм. Тодруулбал, өөрсдийн нэр дээр бүртгэлтэй байгаа орон сууцны бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарын хэн аль нь мэдэхийн зэрэгцээ шилжүүлэх ч бүрэн боломжтой нь анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдож байгаа дээрх үйл баримтуудыг огт үндэслэл болгоогүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Түүнчлэн уг маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэх ч шаардлагагүй буюу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч бид нэхэмжлэгчийн орон сууцыг худалдан авах ямар нэгэн хүсэл зориггүй байсан, одоо ч тийм байгаа бүр цаашлаад буцаан шилжүүлэх ч ёстойгоо ойлгон ухамсарлаж буй энэхүү нөхцөл байдлыг ямар шалтгаан нөхцөлийн улмаас үл тоомсорлон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох туйлын зорилгыг агуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.1-д зэрэг иргэний эрх зүйн хамгаалалтад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Г.Ө , З.Н нарт холбогдуулан, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талууд маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Үүнд: хариуцагч Г.Ө , З.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч Г.Ө  болон З.Н нь өөрийн өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.О өмчлөлд буцаан шилжүүлэх” гэж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

 

Талууд дээрх нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Г.Ө , З.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Ө , З.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариуцагч З.Н өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 25 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2205012098 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч Л.О өмчлөлд буцаан шилжүүлэхээр эвлэрч уг нөхцлийг хариуцагч З.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу үүргээ биелүүлэх” агуулгаар байгуулсан тул зохигчид эвлэрлийг баталж, Л.О нэхэмжлэлтэй, хариуцагч Хариуцагч Г.Ө , З.Н нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ