Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 383

 

Ц.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дулмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, Т.Б болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 689 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар магадлалтай, Ц.Н-д холбогдох 201725011148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ц-О-ын Н.

Ц.Н- нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 0600 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ахмадын хороолол”-ын 76 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр иргэн Р.Б-ыг зодож, амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Н-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 216 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Н гаргасан гомдолдоо “...Миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа дээрх гэмт хэргийг үйлдсэн. Өөрийн гэм буруутай үйлдлийг анхнаасаа ойлгож ухамсарлан үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үед ямар нэг хэрэг зөрчил гаргалгүй хэргээ эцэслэн шийдвэрлүүлсэн. Түүнчлэн хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан. Миний бие 2017 оны 04 дүгээр сард зүүн өвдөгөндөө хагалгаа хийлгэсэн бөгөөд одоо болтол бэхэлгээтэй байдаг. Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б гаргасан гомдолдоо “...Ялтан Ц.Н нь миний нөхөр Р.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байгааг мэдсээр байж хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Ц.Н нь тангараг өргөсөн эмч бөгөөд хүнийг үхэлд хүргэх талаар мэдлэг эзэмшсэн, хохирогчийн эрүүл мэндийн байдал, согтолт, бие хамгаалах чадваргүйг далимдуулж, хүний эмзэг, хамгийн нарийн бүтэцтэй гэмтэл авбал шууд үхэлд хүргэж болох хэсэгт хүчтэй олон дахин цохиж, зэрлэг, хүнлэг бус авирлаж, хохирогчийн амь насанд хүрсэн нь түүний хувийн байдлыг тодотгож байна. Ялтан Ц.Н-гийн өгсөн 27.745.083 төгрөг нь зөвхөн оршуулгын зардал бөгөөд манай гэр бүлд учирч байгаа сэтгэл санаа, санхүүгийн болон бусад хохиролтой харьцуулахад маш өчүүхэн зүйл юм. Талийгаач бизнес эрхэлж байх үедээ “Файнэншилтрипл групп” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, 2017 оны 06-р сарын 25-ны өдрийн байдлаар 37.313.805.59 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдөр хүү алданги хэдэн төгрөг болж өсөн нэмэгдэж биднээс хичнээн төгрөг нэхэмжлэхийг мэдэхгүй байна. Мөн ах дүү хамаатан садангуудаас авсан 200.000.000 гаран төгрөгийн өр төлбөртэй нэхэгдэж байна. Миний бие 9-15 насны 3 хүүхэдтэй тодорхой эрхэлсэн ажилгүй цаашид эдгээр өр төлбөрөө төлж барагдуулах боломжгүй байдалд байна. Хүүхдүүдийн сургалтын төлбөр, ирээдүйн боловсролд хөрөнгө мөнгө бодитой шаардагдаж байна.  Давж заалдах шатны шүүх Ц.Н-д 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хийсэн гэмт хэрэгт тохироогүй, хэт хөнгөн ял шийтгэсэн гэж үзэж хохирогчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ц.Н-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, ялыг хүндрүүлэх, “Файнэншилтрипл групп” банк бус санхүүгийн байгууллагын 37.313.805.59 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү, алдангийн хамт гаргуулах, мөн ах дүү хамаатан садангуудаас авсан өр төлбөрийг хамтад нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын өмгөөлөгч Н.Тэрбиш хэлсэн саналдаа “Т.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь шат шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргадаг. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт оногдуулсан ял хуульд заасан төрөл хэмжээний хамгийн хөнгөн ял байгаа гэтэл хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй юм. Талийгаач ямар ч буруу зүйл хийгээгүй, шүүгдэгчийн эхнэрт тусалж явсныхаа төлөө амь насаа алдсан. Хохирогч нар шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хүлээцтэй хандсаар ирсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н-гийн өмгөөлөгч А.Дулмаа хэлсэн саналдаа  “Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн хор уршиг зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгчид оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилсөн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн биеийн байдлын талаар гомдолд тодорхой дурдсан гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад хор уршгийг жич нэхэмжлэх эрхтэй гэсэн үг өгүүлбэр орсон байсан. Үүнийг гэм хор гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд заасан үндэслэлийг хохирогч талаас шаардах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цочрон давчидсан гэсэн ойлголт нь Шүүхийн сэтгэц эмгэг судлалын ойлголт биш хууль зүйн ойлголт байтал үүнд шинжээч томилсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.21-т заасан үндэслэлээс давсан шаардлагыг шинжээч тавьсан нь тус хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар бүлэгт цочрон давчдах гэдэг ойлголтыг тодорхойлсон. Хэрэг гарах үед шүүгдэгч түүний эхнэр, талийгаач ямар нөхцөл байдалтай байсан, мөн доромжлогдсон гэдэг үг нь гэм буруутай этгээдийн сэтгэл зүйд хамаарч байгаа хууль зүйн ойлголт байх тул шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Такси болон 77 дугаар байрны камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харгалзаж, такси ирсний дараа талийгаач нас барах хүртэл 36 секунд болсон нь хоромхон зуур цочрон давчдах гэсэн ойлголтод нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой. Барьцааны 3.000.000 төгрөгийг буцааж олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ буцааж олгох талаар даалгасан зүйл байхгүй байгаа нь шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Н нь Р.Б-ыг зодож, санаатай алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдэлд хүндрүүлэх шинжтэй бусдыг алах нөхцөл байдал үгүйсгэгдэж байгааг дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Ц.Н-гийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн хэдий ч хуульд заасан үндэслэл, журамд нийцэхгүй нотлох баримтыг иш татаж дурдсан нь буруу байна.  

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр  илэрдэг ойлголт  юм.

Гэтэл дээрх хууль зүйн ойлголтыг сэтгэцийн эмгэгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах замаар тогтоож Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шинжилгээ хийлгэх үндсэн агуулга, зарчмыг зөрчсөн бөгөөд шинжээчийн энэхүү дүгнэлтийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруу гэж үзнэ.

Гагцхүү сэтгэл санааны хүчтэй цочролыг хэрэг хариуцах чадваргүй байдалд хүргэсэн сэтгэцийн түр зуурын гүн эмгэгээс ялгах үүднээс сэтгэцийн эмгэгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг болно.

Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Н нь хохирогч Р.Б-ыг өөрийн эхнэр Б.Э-тай хардах нөхцөл байдлын улмаас зодож, амь насыг нь хохироосон гэж мэдүүлж байгаа боловч Р.Б, Б.Э нарын хооронд гэр бүлээс гадуур дотно харилцаа бодитой үүсгэсэн гэх, энэ нь байнга удаан хугацаатай үргэлжлэн гэр бүлийн хагаралд хүргэх хэмжээнд хүрч, улмаар хүндээр доромжлогдсон сэтгэгдэл шүүгдэгчид үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж болохоор байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл болон агуулгын хувьд шүүгдэгч рүү шууд чиглэсэн ичгүүр сонжуургүй, хэтэрхий увайгүй байдлаар хүндээр доромжилсон байдал тогтоогдоогүй байх тул хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний дагуу Ц.Н-д хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, дэглэмийг тогтоосон байхад давж заалдах шатны шүүх хорих ял эдлүүлэх дэглэмийг “тохироогүй” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийж өөрчилсөн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ барьцаа 3.000.000 төгрөгийг хэрхэхийг заагаагүйгээс гадна хохирогчид учирсан гэм хорын асуудлыг хор уршигтай андуурч бичсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 689 дугаар шийтгэх тогтоолд “барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон барьцаа 3.000.000 төгрөгийг шүүгдэгчид буцаан олгосугай” гэсэн нэмэлт оруулж, мөн тогтоолын 7 дахь заалтын “хор уршгийн” гэснийг “гэм хорын” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН