Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 689

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

иргэдийн төлөөлөгч Т.Амартүвшин,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б түүний өмгөөлөгч Б.Энхдалай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

шүүгдэгч Ц.Н , түүний өмгөөлөгч А.Дулмаа, Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н холбогдох эрүүгийн 2017 2501 1148 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Ц.Н , /РД:

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Н  нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 6 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын 76 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр иргэн Р.Б зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Юуны өмнө хүний амь эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлж байна. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай эхнэр Энхзулын 27 насны төрсөн болсон. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хоноод өдөр 1 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хадам ээж, эгч нар ирсэн байсан. Бид нар хоол унд идээд ярьж сууж байхад 6 цаг өнгөрч байхад эхнэр найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэнэ гэж ярьж тохиролцсон байсан. Би 6 цаг өнгөрч байхад “Peace mall” руу эхнэрээ хүргэж өгсөн. Би хүргэж өгөөд охинтойгоо гэртээ байсан. 10 цагийн үед эхнэртэйгээ холбогдоход эхнэр “хүмүүс ирсэн сууж байна” гэж хэлсэн. 10 цаг өнгөрч байхад охин халуураад, өвчин намдаах эм өгсөн боловч халуун нь буурахгүй, салхин цэцгийн тууралт гарсан байсан. 12 цаг өнгөрч байхад эхнэрийг “ирж байна уу, охин халуураад байна” гэхэд “гарах арай болоогүй байна, хүмүүс гараагүй байна, цагийн дараа гарах байх” гэж хэлсэн. 03 цаг болж байхад дахин холбогдсон. “удахгүй цагийн дараа очлоо, та хоёр сайхан амарч бай, хүүхдийн халуурах яаж байна” гэж хэлсэн. Би хүүхдийн халуун бууж байна гэж хэлсэн. 4 цаг өнгөрөөд хүүхдийн халуун буугаад хэвтэж байгаад унтсан байсан. Хадам ээж намайг дуудаж, цаг их орой боллоо, Энхзулын утас нь болохгүй байна, хүргэж өгсөн газраа очоод ирээч гэж хэлсэн. 5 цаг өнгөрч байхад босоод, гражнаас машинаа асаагаад гарсан. Манай гадаах машины зам нарийн зам байдаг. Замаар ороод явж байхад цагаан өнгийн такси ирж байсан. Хамгаалалтын наалтгүй такси байсан. Нарийн зам байсан учир машин руу анхааралтай харж зөрсөн. Тэгсэн уг машины арын суудалд эрэгтэй эмэгтэй хоёр хүн толгойгоо нийлүүлээд үнсэлцээд сууж байсан. Манай эхнэр ч юм шиг хажуу талаасаа харагдсан. Зогсоол дээр зогсоод араас нь очиход нөгөө хоёр хүн арын суудал дээр үнсэлцэж байсан. Би машинаа зогсоогоод буух гэсэн жолоочийн талын арын хаалга онгойгоод эмэгтэй хүн буугаад ирэхэд манай эхнэр байсан. Би “юу болж байна” гэж машин руу явж очоод, эсрэг талын хаалга онгойлгоод “хэн бэ” гэхэд “нөхөр нь байна” гэж хэлэхэд нэг хүн “боль боль” гэж түлхээд байсан. Тэр залуу сүүлд бодоход жолооч байсан байна лээ. Буцаад эхнэр лүүгээ очоод “юу болж байна” гээд юм яриад байж байтал намайг түлхээд байсан залуу ирээд “энэ хүн бөөлжөөд байна” гэж хэлсэн. Тухайн үед юу болов гээд очиход машины хаалга онгорхой, арын суудалд тонгойгоод бөөлжсөн байдалтай байсан. Юм ярих гэхэд хариулахгүй байсан, ам хамарнаас нь бөөлжис гараад байсан. Би бөөлжсөндөө хахсан байна гэж ойлгоод таксины жолоочийг гуйж өргөж машинаас буулгаад хувцас дээр байсан бөөлжсийг нь цэвэрлээд, таксины жолоочоос салпетка гуйж аваад цэвэрлэж, аманд байсан бөөлжсийг нь амаараа сорж, амьсгалын замыг нь чөлөөлж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд, тухайн үед судасны цохилт бүдэг сонсогдож байсан, амьсгал байхгүй байсан. Таксины залууд хандаж “түргэн дуудаад өгөөч, энэ хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна” гээд, тухайн хүнийг дээш харуулж хэвтүүлээд аманд дахь бөөлжис цэвэрлээд, хамран дахь бөөлжсийг цэвэрлээд амьсгал өгч эхэлсэн. 20-30 минут тусламж үзүүлсэн. Таксины жолоочоор 103 руу дахин залгуулаад түргэн ирж эмч бууж ирээд эмнэлгийн анхны тусламж үзүүлээд үр дүнгүй байна, нас барсан байна гэж бичиг хийж өгөөд таксины жолоочоор цагдаа дуудуулсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ханьтайгаа танилцаад 20 жил, хамт амьдраад 19 жил болсон. 9-15 насны 3 хүүхэдтэй амьдардаг. Миний хань дээд боловсролтой, хүнтэй сайхан харьцдаг, соёлтой хүн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан. Тухайн өдөр бид хоёр өдөржин гадуур ажил хөөцөлдөж байгаад 16 цагийн үед гэртээ орж ирээд хэсэг амарч байгаад би хоолоо хийж байхад, манай нөхөр гадуур хүнтэй уулзаад ирье гээд гараад явсан. Над руу мессежээр харьцдаг байсан. Хамгийн сүүлд өглөө 3 цагийн үед гэрийн ойролцоо “Хаан хийлс”-д ирсэн байна, унтаж бай гэхэд нь би гэрийнхээ ойролцоо ирсэн юм чинь гайгүй хүрээд ирэх байлгүй гэж бодоод унтсан. 7 цагт сэрэхэд байхгүй байсан учир утас руу нь залгахад утсаа авахгүй байсан, 9 цагийн үед найзууд руу нь залгахад мэдэхгүй гээд байсан. Утас руу нь залгахад утсыг нь таслаад байсан. Яасан юм бол гээд дүү рүү нь залгахад дүү холбогдоогүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагаас яриад харамсалтай зүйл сонссон. Энэ хүн хардалтаас болсон гэж хэлж байна. Манай хүнд гэр бүлээс гадуур харилцаа байгаагүй. Бид хоёр 20 жил хамт амьдарсан болохоор би нөхрөө юу хэлэх гэж байгааг үйлдлээр төрсөн аав, ээж, , ах дүү нараас нь илүү мэднэ. Үнэхээр харамсалтай байна. Бизнес хийдэг байсан болохоор нилээн зээлтэй байсан. Эхнээсээ зээл авсан газраас нь утасдаад тайван байлгахгүй байна. Учир байдлаа тайлбарласан боловч нэг жил өнгөрсөн учир үнэхээр хэцүү байдалтай байна. Хүүхдүүдийн хувьд бага хүүхэд бага настай учир арай гайгүй, нөгөө хоёр нь өсвөр настай учир хичээлдээ нэг хэсэг муудсан, одоохондоо арай гайгүй, элэг бүтэн амьдрал, аав нь байхгүй учир том хүүхэд дуугаа хурааж, харьцахад хөндий дотогшоо болсон. 2001, 2004, 2008 онд төрсөн 3 хүүхэд байгаа. Ц.Намжилцэрэн хохирлын талаар оршуулгын зардал 27.500.000 гаруй мянган төгрөг өгсөн. Банк бус санхүүгийн байгууллагад байраа барьцаалсан байсан, байр хурааж авна гэсэн бичиг байн байн ирдэг болсон. Албан ёсоор нэхэмжилсэн нь хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжилсэн төлбөрийг буруутай хүнээс гаргуулах саналтай байна, ялыг нь хүндрүүлэх хүсэлтэй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн төрсөн дүү. Хэрэг явдал болсноос хойш 371 хоногийн дараа анхан шатны шүүх хурал болж байна. Бид 371 хоног зовж явлаа. Шүүх, төр чамд ялыг өгнө. Гэхдээ амьдрал бол насан туршид алуурчин гэж нэр зүүж өгнө гэдгийг ойлгож яваарай.

Хоёрдугаарт камерын бичлэгийн талаар яриагүй байна. Харилцан яриа үүссэн зүйл огт байхгүй. Та бүхэн үзсэн байх, уг бичлэгт бүх зүйл тодорхой байгаа. Энэ хүний эхнэр гэж байгаа Энхзулын анхны мэдүүлэгт байраа зарж борлуулах гэж ажил хэргийн шугамаар танилцсан, намайг хүргэж яваад ийм зүйл болсон гэж хэлсэн байдаг. Дараа нь нэг хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг өөрчилж бэлгийн дарамж гэж элий балай зүйл хэлсэн. Миний ах тийм зүйл хийж явсан хүн бишэээ, архитектер хүн байсан. Оюутаны хотхон, 14 дүгээр хороолол, доод талын хотхоны бүх зураг төслийг хийж өгсөн. Би ч ялгаа байхгүй 18 жил төрд ажиллаж байгаа хүн. Аав маань нас барж амьдралын нөхцөлөөс болж хувийн хэвшлийн ажил хийж ар гэр, хамаатан садныхаа хүмүүсийн амьдралыг дааж явдаг байсан хүнээ алдаад нэг жил болж байна. Маш их гомдолтой байна. Хэрэг болсноос хойш Эрүүгийн хууль шинэчлэгдсэн байгаа. Өмнөх хуулиар 91.1-д заасан гэмт хэрэг нь доод хэмжээ нь 12 жилийн хорих ялтай байсан бол, шинэ хуулиар 10.1 болж доод хэмжээ нь 8 жил болж буурсан байна. Энэ бол төрийн гаргаж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандана. 91.2-т заасан гэмт хэрэг гэж эсэргүүцэл гаргасан. Үүнийг бүрэн хангасугай гэдэг прокурорын тогтоол байдаг нь дараа нь өөрчлөгдсөн байдаг. Үүнийг мөн адил хүндэтгэлтэй хүлээж авна. Шүүгч шийдвэр гаргахдаа ялыг хүндрүүлэх талаар харж үзээч гэж хэлмээр байна гэв.

Шүүгдэгч Ц.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 сарын 7-ны өдөр манай эхнэр Б.Энхзул төрсөн өдрөө тэмдэглэхээр болж би түүнийг орой 18 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байх Пэйс молл төвийн ресторанд хүргэж өгсөн.Тэгээд би хүүхдээ харсан,эхнэр маань төрсөн өдрөө тэмдэглээд гэртээ ирж хоноогүй.Тэгээд би 5 өнгөрөөгөөд боссон бөгөөд эхнэрээ нөгөө төрсөн өдрөө тэмдэглэсэн ресторанд нь очиж авахаар машинтайгаа хотхон дундуур гараад явах гэж байхад надтай такси зөрсөн бөгөөд уг таксин дотор манай эхнэр Энхзул нэг залуутай хамт арын суудал дээр нь суучихсан бие биенээ налсан байдалтай,нөгөө залуу нь эхнэрийг тэвэрчихсэн нэлээд дотно явж байгаа харагдсан.Тэгээд би буцаж эргээд байрныхаа гадаа таксины ард машинаа тулгаж зогсоогоод буугаад очиход уг таксины арын суудал дээр эхнэр маань танихгүй залуутай үнсэлцэж байгаа харагдсан,би нөгөө далуу байгаа талаар хаалгыг нь нээгээд “хэн вэ чи “ гэхэд өөдөөс нөхөр нь байна гэсэн тэгэхээр нь би нөхөр нь гэж хэлсэнээ санаж байна тэгээд нэг мэдэхэд таксины жолооч намайг боль гэх шиг болсон.тэгэхэд би нөгөө залуутай зууралдаад машины арын суудал дээр байж байсан ба тухайн үедээ хэл амаараа бие биенээ доромжлон маргаж зууралдсан байж байсан…би машинаас буугаад эхнэрээ  өөрийнхөө машин руу оруулаад юм яриад байж байхад таксины жолооч “энэ хүн чинь бөөлжөөд байна гэж хэлсэн.тэгээд би машинаас буугаад очиход нөгөө залуу машины арын сандал дээр хэвтчихсэн байдалтай амнаас нь бөөлжис гарчихсан дахин огиулаад хэвтэж байхаар нь би машинаас буугаад бөөлжсийг цэвэрлээд уг хүнд эмнэлэгийн анхны тусламж болох амьсгалын зам чөлөөлөх,хиймэл амьсгал,зүрхний массаж буюу иллэг хийсэн,тэгсэн нөгөө залуу ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ба таксины жолоочид түргэн дууд гэж хэлсэн.тэгээд түргэн 20-30 минутын дараа ирсэн ба тэр хуацаанд би амьсгалуулах талаар анхны тусламж  бүгдийг хийсэн  ...” гэх мэдүүлэгэргийн 1 хавтас 143-145,148-150 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр 2017 оны 4 сарын 7-ны 18 цаг 30 минутад гэрээсээ ажлын шугамаар хүмүүстэй уулзаад ирнэ гээд гарсан…тэгээд 03 цаг 09 минутад миний хань унтаж бай гэж мессеж ирсэн.Би 03 цаг 30 минут гээд унтчихсан байсан өглөө 07 цаг болж байхад сэрээд талийгаачийн утас руу залгаж авахгүй болохоор нь хаана байгаа юм вэ гэж мессеж явуулахад хариу өгөөгүй.Нийт 27.745.983 төгрөгний оршуулгын зардал гарсныг нэхэмжилж байна.Намжилцэрэн гэгчээс хүүхдүүдийн сургалтын төлбөр болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг нэхэмжилж байна  ...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 хавтас,53-56 , 237 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “…миний бие талийгаач Р.Б төрсөн дүү учраас эрүүгийн хэрэгт өөрийн ар гэрийг төлөөлж хохирогч,иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.Манай ар гэрийн зүгээс талийгаачийг өөрийгөө хянах ямар нэгэн чадваргүй гүн согтолттой байсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар зүйлчилж өгнө үү гэж хүсэж байна….маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 236 хуудас/

 Гэрч Х.Наранболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ахмадын хорооллын 76 байрны урд очиж зогсоход гэнэт миний машины буруу талын хаалга  онгойлгоод би хэн вэ гээд миний машинд сууж байсан залууг цохисон.Машинд сууж байсан залуу суудал дээр унахад нөгөө залуу дээрээс нь гараараа нүдээд эхэлсэн…би түргэн тусламж цагдаад дуудлага өгөөд түргэн тусламж түрүүлж ирж нөгөө зодуулсан залууг үзээд нас абрсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 хавтас 57-59 дугаар хуудас/,  2017 оны 9 сарын 14-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт “…намайг ахмадын хорооллын хойд байрны зогсоол дээр очиж зогсоход хойно сууж байсан эмэгтэй нь буугаад хаалга хаагдаад хөдлөх гэтэл минйи машины буруу талын хойд  хаалга онгойгоод  нэг залуу “чи хэн вэ “ гэж хэлээд шууд нүүр лүү нь цохисон.Талийгаач  шууд л унасан.Тэгээд нөгөө залуу дээрээс бөмбөр шиг нүдээд цохиод байсан.Тэгэхээр нь би машинаасаа буугаад тойрч очоод “боль, чи хүн аллаа шүү дээ “ гэж хэлээд тэр залууг түлхсэн.Тэгээд нөгөө залуу уурлаад нөгөө эмэгтэйг цохиод цаашаа машинд суу гэж хэлсэн…талийгаач ямар ч хариу өгөөгүй.Тэр залуу шууд цохиод унагасан …”гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 68-69 хуудас/

Гэрч Б.Энхзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн; “…2017 оны 4 сарын 7-ны өдөр миний төрсөн өдөр болсон.Баяр над руу төрсөн өдрийн мэнд хүргэж залгахаар нь би дуудсан юм. Үүрийн 5 цаг болж байхад би харихаар болж Баяр надад такси дуудаж өгөөд  намайг таксигаар гэр рүү хүргэж өгсөн….21 цагийн үед надад цэцэгт мэндчилгээ ирсэн бөгөөд Баяраас явуулсан байсан ба цаг гарангийн дараа 22 цаг өнгөрч байхад өөрөө ирсэн.Тэгээд шөнийн 03 цаг хүртэл Лоунждаа суусан ба тэндээсээ бид нар гарахад Баяр “Хаан вийлс “ явах санал тавьсан.Тэгээд Шинэцэцэг, Тэмүүлэн, Баяр бид 4 Хаан вийлсд очсон.Очиход 03 цаг өнгөрч байсан бөгөөд бид нар 1 цаг хийгээд дуулаад зассан ширээндээ үргэлжлүүлэн найралж эхэлсэн ба хийсэн цаг дуусаад Шинэцэцэг,Тэмүүлэн нар харихаар болсон.Тэр үед би харих гэтэл Баяр намайг түр хүлээж бай,би чамд ийм их сэтгэл гаргаж байхад ингээд явчих юм уу,надтай хэдэн үг солиод жаахан суучих гэсэн.Тэр үед би үнэхээр явж чадаагүй ,учир нь Баярын гаргаж байгаа үйлдэлд баригдсан гэж болно.Тэгээд бид 2 юм ярьж суугаад удаагүй 5 болчихсон ба би харих талаар хэлсэн.Тэр үед Баяр надтай бэлгийн харьцаанд орох талаар санал гаргасан ба яг одоогоор ингээд бэлгийн харьцаанд орчиход эрт байгааг хэлсэн ба намайг Баяр бэлэн болтол хүлээхээр амлаад бид 2 явахаар болж такси дуудсан.Такси 20-25 минут болоод ирсэн.Би гараад таксинд суугаад харих гэтэл хамт суугаад чамайг эхэлж хүргэж өгөөд дараа нь өөрөө харина гээд бид 2 хамт таксинд суугаад манай гэрлүү явсан.Тэгээд гэрийн гадаа ирээд Баяр миний уруул дээр үнсээд баяртай гэсэн ба би машинаас бууц байх үед  нөгөө талын хаалга нээгдээд манай нөхөр Намжилцэрэн Баяраас “чи хэн вэ хөөе” гэсэн чинь Баяр би нөхөр нь байна гэж хэлсэн.Баяр ямар учиртай нөхөр нь байна гэж хэлснийг мэдэхгүй,тэгээд л үгийн зөрүүгүй зууралдаад,хэрэлдээд ноцолдоод эхэлсэн.Тэр үед би машины гадаа зогсож байсан ба таксины жолооч тэр хоёрыг салгасан …”гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 60-65 хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 756 дүгнэлтэд “ Талийгаач Р.Б цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр тархины битүү гэмтэл , их бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх орой завсар,суурийг хамарсан тархмал цус харвалт,тархины ховдолууд дахь шингэн цус,дагзны баруун доод хэсгийн хуйхны дотор,булчингийн цус хуралт,ооч,доод уруул,хэл,баруун жавьжны шарх,буйл,жавьж,баруун чихний ар хэсэг,хүзүүний цус хуралт,баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, өвчүү яс,зүүн 2-5 –р хавирганы шууд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.Талийгаач нь тархины битүү гэмтэл зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас баржээ.

4.5.Талийгаачийн цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарна. Талийгаачийн шээсэнд мансууруулах бодис илрээгүй,эд эрхтэнд хорт бодис илрээгүй болно.

6.Талийгаач нь элэг,нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргэхгүй болно гэх дүгнэлт  /хэргийн 1 хавтас 90-92 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3678 дугаар дүгнэлтэд “…Шинжилгээнд ирүүлсэн Р.Баяр гэж хаягласан цусанд 2.5 промилли, ходоодны шингэнд 5.8 промилли,шээсэнд 2.8 промилли спиртийн агууламж илэрч байна,шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй,эд эрхтэнд нитритын давс, демодрол илрээгүй” / хэргийн 1 хавтас 94 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3679 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Баярын гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна” хэргийн 1 хавтас 95 хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3663 дугаар дүгнэлтэд “ Шинжилгээнд ирүүлсэн Ц.Н гийн гэх 10 ширхэг хумсан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй“ /хэргийн 1 хавтас, 107 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2198 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хумснуудад утас, хялгас, даавууны тасархай байхгүй байна” /хэргийн 1 хавтас,109 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3664 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “арчдас” гэсэн бичигтэй ХГҮ-ээр цогцосны хажуу талын улаан хүрэн зүйлийн арчдас,10000 төгрөгний дэвсгэрт,3 ширхэг салфитка,84х175.5 смхэмжээтэй улаан хүрэн өнгийн хивсэн дээр цус илэрсэн.Дээрхи эд зүй дээрх цус нь АВО О/1/ бүлгийн харьяалалтай байна.10000 төгрөгийн дэвсгэрт дээрхи цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” /хэргийн 1 хавтас ,114 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3662 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн даавуун өмд,хар хөх өнгийн цамцан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй,хар хөх өнгийн цамцан дээрхи цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай байна. Цэнхэр өнгийн даавуун өмдөн дээрхи цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Бор өнгийн тэлээ,цагаан саарал өнгийн дотуур өмд,ногоон өнгийн футболка,хар хөх өнгийн ноосон майк, хар улаан өнгийн хос пүүз, бор өнгийн хос өвдгөвч, ногоон өнгийн хос оймсон дээр цус болон биологийн гаралтайул мөр илрээгүй.”/хэргийн 1 хавтас,116 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2197 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.Хар хөх майканд гарсан 7 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна.Хөх өмдөнд гарсан 41 мм,47 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна.Дээрхи гэмтлүүдийг хэрэг үйлдэх үед гарсан эсэхийг тогтоох боломжгүй.Бусад хувцас уранхайгүй.” /хэргийн 1 хавтас,119 хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4865 дугаар дүгнэлтэд “Ц.Н гийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал,баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 1 хавтас,123 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2199 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамцны дээрээсээ 2 дахь товч татах,чангаах хүчний үйлчлэлийн улмаас унаж бэхэлгээний утас үлдсэн байна.Хар өнгийн оймсны нэг өмсгөлийн өлмийд үрэлтийн хүчний үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна.Бусад хувцаснууд урагдалтгүй байна.” /хэргийн 1 хавтас 125 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3665 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн бор саарал өнгийн пиджак,цагаан өнгийн срочикон цамц,цагаан өнгийн майк,хөх өнгийн джинсэн өмд,хар өнгийн тэлээ,бор өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Бор саарал өнгийн пиджак,цагаан өнгийн срочикон цамц,цагаан өнгийн майкан дээрх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай байна. Хөх өнгийн джинсэн өмд,хар өнгийн тэлээ,бор өнгийн хос гутал дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.Цэнхэр өнгийн дотоож,хар өнгийн ноосон хос оймсон дээр цус илрээгүй.”/хэргийн 1 хавтас, 129 хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд;Сэтгэцийн онош эрүүл. Хэрэг болсон тухайн нөхцөлд Ц.Н д санаа сэтгэлийн гэнэтийн цочролд орж,сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх эмнэл зүйн шинэ тэмдгүүд илрээгүй байна.Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээгээр талийгаачийн ямар зүй бус үйлдэл гаргасныг тогтоох боломжгүй юм” /хэргийн 2 хавтас 43-46/

Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Талийгаачийн биед учирсан дээрхи гэмтлүүдээс өвчүү, зүүн 2-5 дугаар хавирганы шууд хугарал гэмтлүүд нь талийгаачид яаралтай тусламж үзүүлж, зүрхэнд массаж хийх үед үүсэх боломжит гэмтлүүд юм. Харин бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих,цохигдох зэрэг олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Талийгаач тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвах гэмтлийн улмаас нас барсан байна…хүчтэй зэргийн согтолттой хүн ухамсарт ухаан бүрэн алдахгүй, үйлдэл, хөдөлгөөн хийх биеэ хянах чадвартай байна. Тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмлийг авсан хүн ямар нэгэн үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй, газар дээрээ нас барсан байна….өвчүү хугарал, 2-5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь цохилтоос үүссэн хугарал биш байсан…” гэх мэдүүлэг /хэргийн 96-97,240-241 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 158 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 152 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Н  нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 6 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын 76 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр иргэн Р.Б зодож амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ,эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч  гэмт хэргийн  үйл явдал буюу автомашины зогсоол дээр зогссон таксинд сууж байхад нь амь хохирогч Р.Б зодож амь насыг хохироосон болохыг хүлээн мэдүүлж байх бөгөөд түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэг гэм буруутайд тооцуулахаар гаргасан саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ц.Н  нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын 76 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр өөрийн эхнэр Б.Энхзулыг төрсөн өдрөө тэмдэглэж яваад Р.Б хамтаар таксигаар хүргүүлэн ирэхэд нь Р.Б зодож амь насыг нь хохироосон байна.Амь хохирогч нь шүүгдэгч Ц.Н д болон ойр дотно хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдэл гаргаагүй болох нь гэрч Б.Энхзулын “…тэгээд гэрийн гадаа ирээд Баяр миний уруул дээр үнсээд баяртай гэсэн ба би машинаас бууж байх үед нөгөө талын хаалга нээгдээд манай нөхөр Намжилцэрэн Баяраас чи хэн вэ, хөөе гэсэн чинь Баяр би нөхөр нь байна гэж хэлсэн” гэх мэдүүлэгээр /хэргийн 1 хавтас 64 хуудас /гэрч Х.Наранболдын “гэнэт миний машины буруу талын хаалга онгойлгоод нөгөө приусны жолооч залуу “чи хэн вэ” гээд миний машинд сууж байсан залууг цохисон. Тухайн үед хаана нь цохисоныг би хараагүй,их хурдан болсон” гэх мэдүүлгүүдээр болон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “Хэрэг болсон тухайн нөхцөлд Ц.Н д санаа сэтгэлийн гэнэтийн цочролд орж,сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх эмнэл зүйн шинэ тэмдгүүд илрээгүй байна.”гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.Н гийн санаа мэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх үзэх нөхцөл тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн болон гэрч Б.Энхзулын  мэдүүлсэн амь хохирогч Р.Баяр нь “би нөхөр нь байна “гэж хэлсэн гэх мэдүүлэг нь гэрч Х.Наранболдын мэдүүлэг, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Шинжээчийн 756  дугаартай дүгнэлтээр “Талийгаачийн цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарна “ гэсэн боловч гэрчийн мэдүүлэгээр хохирогч нь такси дуудаж,таксины жолоочид “хүн буулгаад эргээд Дүнжингарав орно шүү”гэж байсан болон Х.Наранболдын мэдүүлэгт “ хоорондоо шивнээд юм яриад явсан,юу ярьж байсныг би сонсоогүй “гэх мэдүүлэг зэргээс түүнийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд нөгөө талаар шүүгдэгч нь таксины арын суудал дээр хохирогчийг сууж байхад нь хохирогчтой ямар нэгэн байдлаар харилцалгүйгээр шууд хаалгыг нээж зодсон бөгөөд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж алсан гэж үзэх боломжгүй  байна.   

Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон бусад зардалд 27.745.083 төгрөгийг төлсөн байна.Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн  үлдэгдэл төлбөр болон хүүг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байгааг шүүх бүрэлдэхүүн хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.Хэргийн 2 дугаар хавтас 179-196 дугаар хуудсуудад банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар ,зээл эргэн төлөх хуваарь зэргийг хавсаргажээ.Хохирогч нь банк бус санхүүгийн байгууллагаас 80.000.000 төгрөгний зээлийг байшин барих зориулалтаар авч байшин нь ашиглалтад орсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хохирогчийн байшин барихад зориулж аваад ашигласан зээлийн төлбөрийн үлдэгдлийг шүүгдэгч төлөх үндэслэлгүй байна.

 Шүүх шүүгдэгч Ц.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн саналыг  гаргасан болно.

Шүүгдэгч нь 2017 оны 4 сарын 8-ний өдрөөс 2017 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл 216 хоног цагдан хоригдсонийг эдлэх ялд нь оруулан тооцож, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон барьцаа 3.000.000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээж,цус мэт улаан хүрэн толбоос авсан арчдас, 3 ширхэг салфеткийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,цус мэт зүйлээр бохирлогдсон 10.000 төгрөгийг Монгол Банкинд шилжүүлэхээр тогтов.