Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0750

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б*******

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э********, гэрч Ш.С********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ эцсийн байдлаар

1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах,

2. Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилохыг даалгах,

3. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

4. 2021 оны 4 дүгээр сарын **-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

            5. Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлаа “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай" Б/***дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даалгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 “Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 12 дахь хэсэгт "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй", Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар булгийн 7.1.2-т “цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах” гэж тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэхээ гаргаж байна.

 Миний бие Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хэрэв хугацаа сунгах тохиолдолд "Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж заасан боловч тус гомдлын талаар өнөөдрийг хүртэл хариу мэдэгдээгүй байна.

Иймд миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу тус гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй тул хугацаа өнгөрсөн гэж үзээд дараагийн шат буюу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж гаргаж байна. 

Ажлаас чөлөөлсөн /халсан/ тушаалын үндэслэл хэсэгт заасан “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д "Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу аар ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх буюу халж, шаардлага хангаагүй иргэнийг тус ажлын байранд томилох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Төрийн нарийн бичгийн даргын баталсан бүтэц, орон тоогоор Дээд боловсролын газар нь Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болж, орон тоо буураагүй ба үндсэн чиг үүргийн хувьд ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Тус газрын Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн болгон өөрчилсөн байна. Тус ажлын байранд гадаад оюутны асуудал нэмэгдэж орсон боловч өмнө хэрэгжиж байсан чиг үүргүүд хэвээр үлдсэн байгаа.

Энэхүү албан тушаалын тодорхойлолт дахь чиг үүрэгт өмнөх тодорхойлолтын чиг үүргүүдийг бичиглэлийн хувьд салгаж, ангилан бичсэн бөгөөд тус ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг хэрэгжүүлээгүй болно.

 Дээд боловсролын салбарын хуний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд ажиллах ажилтныг томилохдоо тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халж, төрийн албаны шаардлага хангаагүй иргэнийг тус газрын Тэгш хамран сургалт, дээд боловсролын сургалтын орчны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг танилцуулж, сонсох ажиллагаа хийчхээд хүчээр өөр ажлын байр /миний ажлын байр/-нд томилсон.

Мөн миний ажлын 2021 оны эхний хагас жилийн үр дүнгийн тайланг Дээд боловсролын газрын дарга 2021 оны 6 дугаар сарын 14-нд 98.2 хувиар үнэлэн хангалттай гэж дүгнэсэн байхад бүтцийн өөрчлөлтөөр өөр хүнийг томилохын тулд тус үнэлгээг маань дахин бууруулсан байна.

 Дээрх томилгоог хийхдээ ажлын байрны шаардлагад нийцэж буй эсэхийг чухалчлан харахаас илүүтэй ажлын байр нь байхгүй болсон хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй учраас чиний оронд томилж, чамд энэхүү дордуулсан шийдвэрийг гаргаж байна. Чи арай залуу хүн тул ойлгож хүлээж аваарай гэж төрийн албан хаагчид байх боломжгүй ёс зүйгүй үйлдлээр илэрхийлж сонсох ажиллагааг тулгасан нь шударга бус шийдвэр гэж үзэж байна.

 Энэ хугацаанд ажиллахдаа миний бие ажлын цагийг чанд баримтлан үр бүтээлтэй ажиллаж, илүү цаг, амралтын өдрөөр үргэлж өмнөх ажилдаа анхаарлаа хандуулж ачаалалтай ажиллаж ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би амралтгүй ажилласан. Гэвч намайг 2021 онд ээлжийн амралтын хугацаанд дуудан ажиллуулж, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс өнөөдрийг хүртэл БШУЯамны Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гэрээгээр ажиллуулна гэж хуурч, хуурамч тушаал, шийдвэрүүд удаа дараа гаргаж, түүнийгээ буцааж хүчингүй болгон намайг удаа дараа хуурсан. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга надад чөлөөлсөн шийдвэрийг танилцуулсны дараа манай нэгжийн дарга болон намайг өрөөндөө дуудаж уулзаад та бүхэн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд түр хүлээж бай, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц орон тоо нэг сарын дараа дахин өөрчлөгдөнө. Энэ үед Э.Б*******ийг 2021 оны 12 дугаар сарын 31 өдөр гэхэд Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуучин ажиллаж байсан ажлын байранд дахин томилно, үүнийг би та хоёрт өөрийн биеэр амлаж байна. Энэ тухай зөвшилцлийг би мөн бусад удирдлагатай тохирсон байгаа. Миний энэ амлалтыг та хоёр бичлэг хийгээд эсвэл цаасан дээр буулгаад баталгаажуулаад ав, үүнийг би зөвшөөрч байна гэж амласан байгаа. Мөн миний ажиллаж байсан ажлын байранд хууль бусаар томилогдсон мэргэжилтэн тухайн ажлын ачааллыг дийлэхгүй тус ажлын байрнаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна. Гэвч тус амлалт өнөөдрийг хүртэл биелээгүй байна.

Иймээс миний бие Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай" Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг шаардаж байна.” гэжээ.

Улмаар нэхэмжлэгч нь “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нэхэмжлэгч Э.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Э.Б*******ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/***дугаартай тушаалыг хүчингүй болгож, Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Маргаан бүхий тушаалаар яамны бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэх үндэслэлийг заасан боловч тухайн бодит байдлаар нэхэмжлэгчийн албан тушаалыг байхгүй болсон асуудал үүсээгүй бөгөөд энэ нь түүнийг ажлаас чөлөөлсөн өдөр түүний ажиллаж байсан ажлын байранд н.Амирдаг томилсноор тогтоогддог.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц н ь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан байдаг.

Гэвч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх бодит нөхцөл байдал үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын 2021 оны 265 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 23 дугаар тогтоол зэрэг тогтоолуудыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын **-ны өдрийн Б/** дугаартай Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Яамны ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан.

Уг тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дээд боловсролын газар нь Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газар нэртэй, болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан байх бөгөөд тус газар нь дарга болон 4 мэргэжилтэнтэй байхаар тушаалд тусгагдсан.

Ажлын байрны нэр

Ангилал, зэрэглэл

1

Дарга

ТЗ-13

2

Сургалтын байгууллагын хөгжил, чанарын баталгаажуулалтын удирдлага зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч

ТЗ-10

3

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт, хариуцсан шинжээч

ТЗ-9

4

Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, сургалтын орчны бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч

ТЗ-9

5

Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

ТЗ-8

Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаалаар Дээд боловсролын газрын Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээний мэргэжилтэн албан тушаалд түр томилогдсон бөгөөд төрийн албаны тусгай шалгалтыг өгсний дараа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан албан тушаалд томилогдсон. Дээрх 2 ажлын байрны мэргэжлийн шаардлага нь менежмент буюу нэхэмжлэгч нь мэргэжлийн шаардлага хангасан байдаг гэдгийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Б******* нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж байх хугацаандаа Дээд боловсролын газрын Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээний мэргэжилтэн албан тушаалд түр томилогдсон бөгөөд төрийн албаны тусгай шалгалтыг өгсний дараа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан албан тушаалд ажиллаж байсны хувьд дээрх ажлын туршлагадаа албан тушаалд эгүүлэн тогтоолгох боломжтой гэж үзэж байна.

Гэвч Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/24 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан тус яамны дээрх Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт нь Э.Б*******ийн өмнө ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүд нь Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргүүдтэй хамгийн ихээр дүйцэхээр байна.

Гэвч ТК-8-д хамаарч байх бөгөөд ажлын байрны мэргэжлийн шаардлага нь нэхэмжлэгч Э.Б*******ийн мэргэжлийн шаардлагатай нийцэхгүй байна.

Иймд Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэгтэй хамгийн их тохирч байх тул дээрх албан тушаалд томилохыг даалгах.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална”, 23.7-д “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Э.Б*******ийг шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Төрийн албан ы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, Засгийн газрын 2019 оны *** дугаар тогтоол зэргийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай Зөвшөөрөл олгох тухай тогтоолыг гаргахдаа /4 дүгээр хавсралт/ Төрийн тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчсөн байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоох,

Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/** дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Дээд боловсрол мэргэжлийн Боловсролын удирдлага зохицуулалтын газрын Оюутны хөгжил, насан туршийн Суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлахдаа Төрийн тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчсөн байх тул Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/** дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт Албан тушаалын мэргэжлийн шаардлага хэсэгт "менежмент" мэргэжлийн шаардлагыг хассан нь хууль бус болохыг тогтоож, Албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж батлахыг Төрийн албаны зөвлөл болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах.

2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч н.Э****** Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Э.Б*******ийн хувьд уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг анх удаа харсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт болон үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нөгөө талаар тухайн үед сахилгын шийтгэл ногдуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа болно.” гэжээ.

   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд Э.Б******* нь "Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай" Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Тус яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" *** дугаар тогтоолоор яамны бүтцийг дахин шинэчлэн батлагдсан.

Энэхүү бүтцийн хүрээнд яамны албан хаагчдын ажлын байрны нэр, албан тушаалын тодорхойлолт хийгдэж байгаа тул шүүх хуралдаан, хариу тайлбар гаргах хугацааг түр хойшлуулж өгнө үү. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э.Б*******тэй яамны албан тушаалын тодорхойлолт батлагдсаны дараа тодорхой ажлын байранд зевшилцөх, эвлэрэхээр яригдаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа "Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Э.Б*******ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/***дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн" ний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 265 дугаар тогтоолоор яамны бүтэц шинэчлэн батлагдсан. Энэхүү тогтоолын дагуу яамны бүтэц, орон тоо 110 байсныг цөөрүүлэн 88 байхаар тогтож 22 албан тушаалыг цомхотголд оруулсан.

 1. Иргэн Э.Б*******ийг "Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/***дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн"-ний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Учир нь Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай" 265 дугаар тушаалаар яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөн байгуулагдсан ба тус тушаалаар "Мэдээлэл, технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтэн"-ний орон тоог цомтгосон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох" гэж заасны дагуу яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн зохион байгуулагдаж ажлын байраар хангуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн албаны тухай хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх олговор олгож иргэн Э.Б*******ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс сонсох явуулсан, мөн энэхүү нэхэмжлэлийн агуулгатай холбоо бүхий гомдлыг иргэн Э.Б******* нь Төрийн албаны зөвлөлд гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ыг тус тус зөрчиж томилогдсон нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/** тоот албан бичигт дурдсан байна.

Яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д "62,1.3, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”-т зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох." гэж тус тус заасныг зөрчөөгүй болно.

Жич: Ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэдэгт өмнөх албан тушаалын чиг үүрэгт ямар нэгэн өөрчлөлт, зохион байгуулалт зэрэг ороогүй байхыг ойлгоно.

Иймд иргэн Э.Б*******ийг дээрх албан тушаалаас чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн “Э.Б*******ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай" Б/***дүгээр тушаал холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй.

Яамны зүгээс ажлын байрны давхардлыг арилгах, үр бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж ирсэн бөгөөд төрийн албан хаагчдыг хохироохгүй байх бодлогыг барин ажиллаж, бүтэц, орон тооны цомхотголд орсон албан хаагчдыг яаманд гэрээгээр ажиллуулах, харьяа байгууллага болон Боловсролын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах боломжийг олгож ажиллаж байсан.

 Иргэн Э.Б*******д Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс боломжит бүх ажлын байрны санал, хүсэлтийг тавьж байсан хэдий ч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул 3 сарын тэтгэмж олгож албан тушаалаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч нь анх “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлснийг[1] шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.

Улмаар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” *** дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хууль бус болохыг тогтоох”, Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлахдаа менежмент мэргэжлийн шаардлагыг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж батлахыг Төрийн албаны зөвлөлд даалгах, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн[2] байна. 

Нэхэмжлэгч нь эцсийн байдлаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэмэгдүүлсэн болно. Үүнд:

1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалаар Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах,

2. Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилохыг даалгах,

3. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

4. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

             5. Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах,

           Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд, “Төрийн албаны зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудаасаа болон дээрх 5 дахь шаардлага буюу ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсанаа бичгээр илэрхийлсэн ба шүүх тус шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

                 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар “мэргэжлийн боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалд түр томилогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуусах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж тодруулсан болно.

 

                  Нэг: Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

                 1. Маргаан бүхий захиргааны акт болох Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э.Б*******ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” тушаалаар нэхэмжлэгчийг “яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул” гэсэн үндэслэлээр Дээд боловсролын газрын дээд боловсролын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна. 

                 2. Нэхэмжлэгчийг анх Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаалаар[3] Дээд боловсролын газрын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд түр томилсон байна.

                 3. Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалаар тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 17 дугаар тогтоол зэргийг үндэслэн дээд боловсролын газрын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон байна.

                 4. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/**[4] тушаалаар нэхэмжлэгч Э.Б*******ийг Дээд боловсролын газрын дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

                 5. Маргаан бүхий захиргааны актаар буюу Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны  Б/***дүгээр тушаалыг гаргахдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл батлах” тухай  А/***дугаар тушаалыг[5] үндэслэсэн байна.

                 6. Дээрх Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/103 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны нэр “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн” гэж, албан тушаалын зэрэглэл нь ТЗ-7-оос ТЗ-8 болж өөрчлөгдсөн байна.

                 7. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана”, 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан байна.

                 8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол төрийн жинхэнэ албан хаагч уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдахаар, өөрөөр хэлбэл томилох эрх бүхий этгээд нь чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байх агуулгаар хуульчилсан байна. 

                 9. Хэрэгт цугларсан “Дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ний албан тушаалын тодорхойлолт[6] болон “Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтууд[7], хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр батлагдсан Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтод агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байна. 

                 10. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд, “ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасныг хэрэгжүүлэн намайг шинэ ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

                 11.Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаалд тавигдах шаардлага, томилох шалгуурыг хангасны үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагч болсон болох нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаал, төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хариуцагч зөрчсөн байна.

                 12. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдахаар заасан.

                 13. Иймд шүүх Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Э.Б*******ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажиллаж байсан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд нэхэмжлэгчийг томилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

                 14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

                 15. Шүүх Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Э.Б*******ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажиллаж байсан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд томилж шийдвэрлэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

                 16. Харин нэхэмжлэгч нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/**[8] тушаалаар “Дээд боловсролын газрын дээд боловсролын салбарын хүний нөөц, оюутны хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байр”-д албан тушаалын ТЗ-7 зэрэглэлээр цалинжин ажиллаж байсан байна.

                 17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон албан тушаал буюу шүүхийн эгүүлэн томилсон албан тушаал нь Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Яамны ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл шинэчлэн батлах тухай” Б/** тушаалын[9] дагуу албан тушаалын ТЗ-9 зэрэглэлд хамааран батлагдсан байна.

                 18. Иймд Төрийн нарийн бичгийн даргын дээрх Б/20 тушаал 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ТЗ-7 зэрэглэлээр, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ТЗ-9 зэрэглэлээр цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй байна.

                 19. Нэхэмжлэгч нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Э.Б*******ийг ажилд түр томилох тухай” Б/113 дугаар тушаалаар[10] мэргэжлийн боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд түр томилогдсон тул 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойших цалинг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

                 20. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байна.

                 21. Нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулахаар маргаж буй албан тушаал нь ахлах түшмэл, харин урьд ажиллаж байсан албан тушаал нь дэс түшмэл байх ба эгүүлэн томилуулах албан тушаал нь ангиллын хувьд ахлах түшмэл болж өссөн байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн албаны тусгай шалгалт өгч шалгарсан этгээд уг албан тушаалд ажиллахаар байна.

                 22. Иймээс, нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар “сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаал”-д эгүүлэн тогтоох байдлаар хангаж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

                

                 23. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/** тоот албан бичгийн тухайд:

                 Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/** тоот албан бичигт[11] “...судлан үзэхэд .. мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалтад таныг бүртгэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 49 дүгээр тогтоол, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/26 дугаар тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байхад тухайн албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл Таныг Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлагыг хангахгүй байхад тухайн албан тушаалын тусгай шалгалтад бүртгэж, сонгон шалгаруулж, уг албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчин томилсон байна” гэсэн байна.

                 Дээд боловсролын газрын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоор[12] бизнесийн удирдлага, менежмент гэсэн мэргэжилтэй байх тусгай шаардлагыг заасан байна.

                 Нэхэмжлэгч нь анх тус яаманд томилогдох үед бизнес удирдлагын бакалаврын болон магистрын зэрэгтэй, бизнес, менежментийн ухааны мэргэжил эзэмшсэн байсан болох нь холбогдох дипломууд[13], уг дипломын хавсралтуудаар тогтоогдож байна.

                 Иймд дээрх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01/54 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй байна.

                 24. Дээрх үндэслэлүүдээр:

                 1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах,

2. Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилохыг даалгах,

3. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах,” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/36 дугаар тушаалыг[14] хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Төрийн албаны тухай хуулийн 48.9.Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно. гэж заасан байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байна.

4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах боломжтой байна.

5. Иймд “тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

               Гурав: Төрийн албаны зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагууд болон ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд, “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 166 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хууль бус болохыг тогтоох”, Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлахдаа менежмент мэргэжлийн шаардлагыг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж батлахыг Төрийн албаны зөвлөлд даалгах болон ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсанаа бичгээр илэрхийлсэн талаар дээр тайлбарласан.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана”, 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж тус тус заасан байна.

3. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагуудаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

                

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1.. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Э********* ********-ийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б*******ийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилж, Э.Б*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ТЗ-7 зэрэглэлээр, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ТЗ-9 зэрэглэлээр зохих журмын дагуу тооцон олгож, Э.Б*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б*******ийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 166 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хууль бус болохыг тогтоох”, Оюутны хөгжил, насан туршийн суралцахуйн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлахдаа менежмент мэргэжлийн шаардлагыг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалын тодорхойлолтыг дахин боловсруулж батлахыг Төрийн албаны зөвлөлд даалгах болон ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй нь улмаас олгох мөнгөн урамшууллыг олгохыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаас нэхэмжлэгч Э.Б******* татгалзсаныг баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

                 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

                  

                

 

[1] 3 дугаар хавтаст хэргийн 200-204 дүгээр хуудас,

[2] 3 дугаар хавтаст хэргийн 217-220 дугаар хуудас,

[3] 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 226-228 дугаар хуудас,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 193-197 дугаар хуудас,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 217-225 дугаар хуудас,

[7] 2 дугаар хавтаст хэргийн 176-182 дугаар хуудас,

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 226-228 дугаар хуудас,

[9]  2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудас,

[10] 3 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас

[11] 2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,

[12] 4 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас,

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 152-160 дугаар хуудас,

[14] 3 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас,