Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00473

 

Н.Д-ын  нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03482 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Д-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А, Г.Г нарт холбогдох

 Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Г.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.А, Г.Г нар “Эй Ар И Си Моргаж Корпорейшн ББСБ” ХХК-иас зээл авч, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00737 дугаар  захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй. Санал болгох хурлаар зээлдэгчид үл хөдлөх хөрөнгөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Н.Д нь “Эй Ар И Си Моргаж Корпорейшн ББСБ” ХХК-иас холбогдох зөвшөөрлийг авч, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг 86 дугаар гудамж, 2678 тоот хаяг байршилтай газрын өмчлөгч болсон. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш С.А, Г.Г нар гэр бүлийн гишүүдийн хамтаар өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн газрыг суллаж өгөлгүй амьдарсаар байна. Бидний удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн авалгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 86 дугаар гудамж, 2678 тоот хаягтай, 583 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.А, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан өмч бол миний нэр дээр байдаг манай гэр бүлийн 11 гишүүний өмч. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон өмч нь хамтран өмчлөх дундын өмч байна ... гэсэн хуулийн хүрээнд 11 гишүүний өмч мөн. Энд ганц миний бие амьдардаггүй. Тийм болохоор бусад 10 гишүүний өмнөөс би дангаараа хариулт өгөх боломжгүй. Уг өмч бий болж бүртгүүлэхэд насанд хүрээгүй байсан. Энэ нь нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг эзэмшдэггүй тул Н.Д надаас юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Бас Н.Д-ын  эрх ашгийг С.А би хэрхэн хөндөөд байгаагаа ойлгохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг 86 дугаар гудамж, 2678 тоот хаягт орших, нэгж талбарын 18655311600771 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204023639 дугаар бүхий 583 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хариуцагч Г.Г, С.А нарыг албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 950 төгрөгөөс илүү төлсөн 47 750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Г, С.А нараас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас болон гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтыг хуурамч хэмээн үзсэн хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг шалгуулах зорилгоор 8 төрлийн хүсэлт гаргасан боловч шүүх бүх хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ингэснээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Ийм байдал бий болсноор хариуцагч талын татгалзлаа нотлох бүх бололцоо хаагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Г.Г, С.А нарт холбогдуулан  хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00737 дугаар захирамжаар  хариуцагч С.А, Г.Г нар нэхэмжлэгч “Эй Ар И Си Моргаж корпорейшн ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэгт 13 558 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 5 дугаар хэсэг, 86 дугаар гудамж, 2678 тоот 134 м.кв талбайтай Ү-2204071015, 000406754 дугаар гэрчилгээтэй хувийн сууц, 583 м.кв талбайтай Ү-2204023639, 000321336 дугаартай газрын хамт зээлийн барьцаанд байгааг дурдаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 6 дугаар тал/ Хариуцагч С.А “маргаан бүхий газрыг би эзэмшдэггүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй” гэж, хариуцагч Г.Г “уг үл хөдлөх эд хөрөнгө нь надаас гадна гэр бүлийн 10 гишүүний дундын эд хөрөнгө” гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан хариуцагч Г.Г, С.А нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан “Эй Ар И Си Моргаж корпорейшн ББСБ” ХХК-тай тохиролцон 2017 оны 4 дүгээр сарын 01-ний хүртэл барьцаа хөрөнгө болох хашаа, байшинг худалдаж төлбөрөө төлж дуусгаад буцаан шилжүүлж авах нөхцөлтэйгээр барьцаа хөрөнгийг шилжүүлж байна” гэх хүсэлтийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Эй Ар И Си Моргаж корпорейшн ББСБ” ХХК-ийн ажилтан Н.Д-ын  өмчлөлд 583 м.кв талбайтай газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. /х.х-ийн 94-96, 114-119, 125-127 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч Н.Д  нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булан 5 дугаар хэсэг 86 дугаар гудамж 2678 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2204023636 дугаартай, 583 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул /хх-ийн 7 дугаар тал/ өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Тиймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмлөлчийн 583 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газраас хариуцагч Г.Г, С.А нарыг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч Г.Г “нэхэмжлэлд дурдсан өмч бол миний нэр дээр байдаг, манай гэр бүлийн 11 гишүүний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “газрын өмчлөх эрх нэхэмжлэгчид яаж шилжсэнийг хариуцагч нар мэдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Н.Д-ын  нэрийг “Н.Д” гэж бичсэнийг залруулан өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Н.Д-ийн” гэснийг “...Н.Д-ын ” гэж, 2 дах заалтад “...Н.Д-д” гэснийг “...Н.Д-д” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА