Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/04077

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/04077

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н. Д 

 

Хариуцагч: С.А

 

Хариуцагч: Г. Г

Гэр бүлийн хэрэгцээний газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.А, Г. Г нар нь ******* ББСБ ХХК-аас зээл авч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул 2016 оны 01-р сарын 19-ний өдрийн Дугаар101/ШШ2016/00737 тоот БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ-р Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй. Санал болгох хурлаар зээлдэгчид нь үл хөдлөх хөрөнгөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Н.Д нь ******* ББСБ ХХК-аас холбогдох зөвшөөрлийг авч БЗД-н 28-р хороо, ******* 86-р гудамж,******* тоот хаягтай газрын өмчлөгч болсон. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2017.01.10-ны өдрөөс хойш С.А, Г.Г нар нь гэр бүлийн гишүүдийн хамтаар өнөөдрийг хүртэл тус газар дээр байгаа бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд амьдарч, миний өмчлөлийн газрыг суллаж өгөлгүй амьдарсаар байна. Бидний удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн авалгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Баянзүрх дүүргийн 28-р хороо, *******,******* тоот хаягтай  нэгж талбарын дугаартай 583 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.А, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ууганзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь ББСБ-с зээл авсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж зөвшөөрөл баталсан. Шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж гараад эд хөрөнгийг санал болгох хурлаар ороод байшинг ББСБ-д, газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Газрын гэрчилгээ гарсанаас хойш тодорохой хугацаанд мөнгөө төлөөд эд хөрөнгөө авах талаар хүлээсэн боловч төлөөгүй, хөрөнгөө суллаж өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлд бичсэн газраас хариуцагчийг албадан нүүлгэж өгнө үү.

Зээл авах үед газрын өмчлөгч нь Г байсан. 11 өмчлөгч байдаг гэсэн байгаа боловч энэ талаар зээл авах үед мэдэгдээгүй. Дээд шүүхийн тайлбараар гэр бүлийн өмчлөлийн талаар байдаг. Хариуцагч нарт мөнгөө төлөөд эд хөрөнгөө буцааж аваач гээд очиж уулзахад хариуцагч нарын гэр бүл цуг амьдарч байсан гэв.

 

Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Дын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан өмч бол миний нэр дээр байдаг манай гэр бүлийн 11-н гишүүний өмч. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан. Хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон өмч нь хамтран өмчлөх дундын өмч байна гэсэн хуулийн хүрээнд 11-н гишүүний өмч. Энд ганц миний бие амьдардаггүй. Тийм болохоор бусад 10 гишүүний өмнөөс би дангаараа хариулт өгөх боломжгүй. Уг өмч бий болж бүртгүүлэхэд миний бие насанд хүрээгүй байсан. Энэ нь нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан газрыг эзэмшдэггүй тул Н.Д С.А надаас юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Бас Н.Дын эрх ашгийг С.А би хэрхэн хөндөөд байгаагаа ойлгохгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь Баянзүрх дүүргийн 28-р хороо, *******,*******,******* тоот хаягт байрлах, 583 мкв, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Г нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь надаас гадна манай гэр бүлийн 10 гишүүний дундын эд хөрөнгө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч С.А нь уг газрыг би эзэмшдэггүй тул нэхэмжлэгчийн эрх, ашгийг хэрхэн хөндөж байгаа нь ойлгомжгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.*******ын хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2 удаа хойшилж тухай бүр шүүх хуралдааны товыг хариуцагч нарын төлөөлөгчид мэдэгдэж байсан байна. Гэвч хариуцагч нарын төлөөлөгч нь тус шүүхэд болсон өөр шүүх хуралдаанд оролцсон боловч энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд эмнэлэгт хэвтэж байгаа гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлсэнийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын маргаж буй Баянзүрх дүүргийн 28-р хороо, *******,*******,******* тоот хаягт байрлах, 583 мкв, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар нь нэхэмжлэгч Н.Дын өмч болох нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Ийнхүү Н.Д нь тухайн эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.

Улмаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

Хариуцагч Г.Г нь уг газрыг эзэмшиж байгаа болох түүний тайлбараар тогтоогдсон. Харин хариуцагч С.Агийн хувьд нэхэмжлэгч нь уг газрыг эзэмшиж байгаа гэж тайлбарласан боловч хариуцагч С.А нь үүнийг үгүйсгэсэн байна. Хэрэв хариуцагч С.А нь маргаж буй газрыг эзэмшдэггүй байх тохиолдолд түүний эрх, ашиг сонирхол болон энэхүү шийдвэрт нөлөөлөхгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Г, С.А нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 28-р хороо, *******,*******,******* тоот хаягт байрлах, 583 мкв, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дд олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД