Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2018/00754

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2018/00754

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р багт оршин суух, ВП79031913 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрвээгийн Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р багт оршин суух, ВН81031518 регистрийн дугаартай, Өөлд овогт Сангисүрэнгийн Чулуунбатад холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

С.Чулуунбат нь 2016 оны 11 сард алтны иж бүрэн төхөөрөмж харилцан тохиролцож 8000000 төгрөгөөр үнэлж худалдсан.******* нь уг мөнгөнөөс 3000000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 5000000 төгрөгийг өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би алтны төхөөрөмжийг 8000000 төгрөгөөр Мөнхбат гэж хүнээс авсан. Мөнхбатад мөнгөө төлөхдөө нэг үхэр 1000000 төгрөгөөр тооцож 6 үхэр өгсөн. 6 үхэр дээрээ нэмж 2000000 төгрөг өгөхөөр тохиролцон. Одоо Мөнхбатад үлдэгдэл 1000000 төгрөг төлөөгүй байгаа. 1000000 төгрөгийг*******аас мөнгө авахдаа шууд өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би*******ад алтны төхөөрөмж, 6 баригч, 5 жанам, гэрэл, гэрлийн утас зэргийг 8000000 төгрөгөөр зарахаар тохирч өгсөн. Төлбөрөө төлөхдөө эхлээд 5000000 төгрөг бэлэн өгөөд, сарын дараа үлдэгдэл 3000000 төгрөг өгөхөөр тохирсон. Маргааш нь*******ын эхнэр 3000000 сая төгрөг өгсөн,******* руу утсаар ярихад 2000000 төгрөгийг замын зардалдаа хэрэглэж байна үлдэгдэл 5000000 төгрөгөө бөөнд нь төлье гэж хэлсэн. Гэтэл одоо болтол мөнгөө төлөөгүй байна. Хохирлоо барагдуулж 5000000 төгрөгөө гаргаж авхуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Сангисүрэн овогтой Чулуунбат би 2016 онд Пүрэвийн Дорждуламаас амаар
тохиролцож түүний хэрэглэхгүй орхисон алтны хуурай тоног төхөөрөмжийг 3000000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би уг төхөөрөмжийг Төв аймгийн Заамар суманд хүмүүстэй хамт ажиллуулахаар тохиролцсон байсан бөгөөд хэрэв ашиг олж, сайн ажиллавал 2000000 төгрөг нэмж өгөх талаар хэлж байсан. ******* нь 3000000 төгрөг бэлнээр авсан. Би тус төхөөрөмжийг Төв аймгийн Заамар сум руу ачуулж ашиглах зорилготой байсан бөгөөд төхөөрөмжийг нийт 1300000 төгрөгийн зардал гаргаж ачуулсан. Гэтэл хамт ажилуулахаар тохиролцсон хүмүүс маань сураггүй алга болж би төхөөрөмжийг огт ашиглаагүй. Одоо төхөөрөмж Төв аймгийн Заамар суманд байгаа. Тус төхөөрөмжийг би анх П.Дорждуламаас 3000000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо дахиж нэмж 2000000 төгрөг өгөх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь би огт ашиглаагүй, ашиг олоогүй. Бидний хооронд одоо ямар нэгэн асуудал байхгүй. Хэрэв Дорждулам нь төхөөрмжөө буцаан авах хүсэлтэй бол бид төхөөрөмжийг Төв аймгаас авч ирж харин 3000000 төгрөг болох төхөөрөмж худалдан авсан мөнгөө буцаан авна. Уг төхөөрөмж нь тээвэрлэхэд маш хүнд хэцүү. Дорждулам нь энэ талаар надтай дахиж огт ярьж байгаагүй бөгөөд одоо нэмж мөнгө авах гэж шунаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй цаашид ямар нэгэн байдлаар эвлэрэн хэлэлцэх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 11 сард Өлзийт сумын 2-р баг Ар өнц гэдэг газар манайх өвөлжиж байсан. Хөдөө манай өвөлжөөний урд алтны төхөөрөмж эзэнгүй байсан. Эзнийг нь сураглахад ******* байсан. Тэгээд би зарах талаар асуухад алтны уурхайд ажиллаж байсан хүмүүсээс мал өгсөн мөнгөний барьцаанд авсан алтны төхөөрөмж зарах байгаа гэж хэлсэн. Би эхлээд 3000000 төгрөг өгөөд Төв аймгийн заамарын алтны уурхайд очоод ашигтай ажиллавал үлдэгдэл 3000000 төгрөг өгнө гэж тохирсон. Гэтэл Төв аймгийн заамар суманд хамт ажиллахаар тохирсон хятадууд очих үед байгаагүй. Хятадуудын хамт нилээн цаг хугацаа зарцуулсан төхөөрөмжөө нэг ч удаа ажиллуулж чадаагүй. Ашиг олоогүй болохоор анх тохирсоноороо 3000000 төгрөгөөр төлбөрөө бүрэн өгсөн гэж үзэж байна. Төхөөрөмж одоо төв аймагт байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь*******ад холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч******* нь гэрээний зүйлийг 3 000 000 төгрөг өгч, хэрэв ашиг олвол 3 000 000 төгрөг нэмж төлөх болзолтойгоор гэрээ байгуулан авсан, ашиг олоогүй учир гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд алтны тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр худалдагч тал худалдан авагч талд шилжүүлсэн, талууд гэрээний үүргийн гүйцэтгэлд 3000000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, гэрч В.Дашпунцагийн мэдүүлэг зэргээр нотлогдож, энэ талаар талууд маргаангүй байна.

Харин зохигч гэрээгээр тохирсон үнийн хувьд маргаж, нэхэмжлэгч алтны тоног төхөөрөмжийг 8000000 төгрөгөөр худалдахаар, 5000000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 3000000 төгрөгийг нэг сарын дараа авахаар, хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг 3000000 төгрөгөөр худалдан авсан, хэрэв ашиг олвол мөнгө нэмж төлөхөөр тохиролцсон талаар тус тус тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн уг гэрээний шинж нь хэргийн үйл баримттай нийцэж байх тул зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

Мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан хэдийч мөн зүйлийн 263.4 дэх хэсэгт Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ, 196 дугаар зүйлийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Гэрээгээр тохирсон үнийн хувьд хариуцагч гэрээний зүйлийг 3 000 000 төгрөг өгч, хэрэв ашиг олвол 3 000 000 төгрөг нэмж төлөх болзолтойгоор гэрээ байгуулан шилжүүлэн авсан, ашиг олоогүй учир гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн үндэслэлээр эс зөвшөөрч байх боловч нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь алтны тоног төхөөрөмжийг 8000000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь гэрч Ю.Дашпунцагийн ...алтны төхөөрөмжийг ачихад байсан...******* надад энэ талаар хэлэхдээ 8000000 төгрөгөөр зарж байгаа гэсэн... алтны төмөөрөмжийг 2016 оны 11 дүгээр сарын дундуур ачих үед өргөлцөж өгсөн...гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ... алтны хуурай тоног төхөөрөмжийг 3000000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би уг төхөөрөмжийг Төв аймгийн Заамар суманд хүмүүстэй хамт ажиллуулахаар тохиролцсон байсан бөгөөд хэрэв ашиг олж, сайн ажиллавал 2000000 төгрөг нэмж өгөх талаар хэлж байсан...гэх тайлбар, шүүх хуралдаанд гаргасан ...Би эхлээд 3000000 төгрөг өгөөд Төв аймгийн заамарын алтны уурхайд очоод ашигтай ажиллавал үлдэгдэл 3000000 төгрөг өгнө гэж тохирсон. Гэтэл Төв аймгийн заамар суманд хамт ажиллахаар тохирсон хятадууд очих үед байгаагүй. Хятадуудын хамт нилээн цаг хугацаа зарцуулсан төхөөрөмжөө нэг ч удаа ажиллуулж чадаагүй. Ашиг олоогүй болохоор анх тохирсоноороо 3000000 төгрөгөөр төлбөрөө бүрэн өгсөн...гэх тайлбарууд хоорондоо зөрүүтэй, шүүх хуралдаанд тодруулж асуухад хариулаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эргэлзээгүй байдлыг үгүйсгэж байх тул хариуцагчийн тайлбарыг шүүх үнэлэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт үгүйсгэх, няцаах нотлох баримт авагдаагүй, хариуцагч нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, хариуцагч хариу тайлбар гаргах хуулийн хугацаагаа дуусгаж тайлбараа шүүхэд гаргасан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг дуусгаж зохигчийн эрхийг хангаж хэргийг шийдвэрлэсэн зэргийг дурдав.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн нэрийг П.Дорждулам гэж бичсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн жинхэнэ нэрийг мэдэхгүй, дууддаг нэрээр нь мэднэ, гэрээ байгуулсан хүн нэхэмжлэгч мөн гэж тайлбарласан учир хэргийн оролцогч тодорхой байна гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч*******аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 94 950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 94 950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГАНТУЯА