Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2018/00038

 

     П.*******ийн нэхэмжлэлтэй С.*******ад

                холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 131/ШШ2018/00754 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч *******гийн *******ад холбогдох

  Зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн үүргийн 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч П.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.*******ад 2016 оны 11 сард алтны иж бүрэн төхөөрөмж харилцан тохиролцож 8.000.000 төгрөгөөр үнэлж худалдсан. С.******* нь уг мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би алтны төхөөрөмжийг 8.000.000 төгрөгөөр С.Мөнхбат гэж хүнээс авсан. С.Мөнхбатад мөнгөө төлөхдөө нэг үхэр 1.000.000 төгрөгөөр тооцож 6 үхэр өгсөн. Зургаан үхэр дээрээ нэмж 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Одоо Мөнхбатад үлдэгдэл 1.000.000 төгрөг төлөөгүй байгаа. Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би С.*******ад алтны төхөөрөмж, 6 баригч, 5 жанам, гэрэл, гэрлийн утас зэргийг 8.000.000 төгрөгөөр зарахаар тохирч өгсөн. Төлбөрөө төлөхдөө эхлээд 5.000.000 төгрөг бэлэн өгөөд, сарын дараа үлдэгдэл 3.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Маргааш нь С.******* руу утсаар ярихад 2.000.000 төгрөгийг замын зардалдаа хэрэглэж байна. Үлдэгдэл 5.000.000 төгрөгөө бөөнд нь төлье гэж хэлсэн. Гэтэл одоо болтол мөнгөө төлөөгүй байна. Хохирлоо барагдуулж 5.000.000 төгрөгөө гаргаж авхуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* би 2016 онд *******ийн Дорждуламаас амаар
тохиролцож түүний хэрэглэхгүй орхисон алтны хуурай тоног төхөөрөмжийг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би уг төхөөрөмжийг Төв аймгийн Заамар суманд хүмүүстэй хамт ажиллуулахаар тохиролцсон байсан бөгөөд хэрэв ашиг олж, сайн ажиллавал 2.000.000 төгрөг нэмж өгөх талаар хэлж байсан. П.******* нь 3.000.000 төгрөг бэлнээр авсан. Би тус төхөөрөмжийг Төв аймгийн Заамар сум руу ачуулж ашиглах зорилготой байсан бөгөөд төхөөрөмжийг нийт 1.300.000 төгрөгийн зардал гаргаж ачуулсан. Тус төхөөрөмжийг би анх П.Дорждуламаас 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо дахиж нэмж 2.000.000 төгрөг өгөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч С.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2016 оны 11 дүгээр сард Өлзийт сумын 2 дугаар баг Ар өнц гэдэг газар манайх өвөлжиж байсан. Хөдөө манай өвөлжөөний урд алтны төхөөрөмж эзэнгүй байсан. Эзнийг нь сураглахад П.******* байсан. Тэгээд би зарах талаар асуухад алтны уурхайд ажиллаж байсан хүмүүсээс мал өгсөн мөнгөний барьцаанд авсан алтны төхөөрөмж зарах байгаа гэж хэлсэн. Би эхлээд 3.000.000 төгрөг өгөөд Төв аймгийн заамарын алтны уурхайд очоод ашигтай ажиллавал үлдэгдэл 3.000.000 төгрөг өгнө гэж тохирсон. Гэтэл Төв аймгийн заамар суманд хамт ажиллахаар тохирсон хятадууд очих үед байгаагүй. Хятадуудын хамт нилээн цаг хугацаа зарцуулсан төхөөрөмжөө нэг ч удаа ажиллуулж чадаагүй. Ашиг олоогүй болохоор анх тохирсоноороо 3.000.000 төгрөгөөр төлбөрөө бүрэн өгсөн гэж үзэж байна. Төхөөрөмж одоо төв аймагт байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 94.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь П.******* С.******* бидний хооронд болсон харилцаанд Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дээрх шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс П.******* С.******* бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн юм. Харин П.******* надад Алтны тоног төхөөрөмжөө 3.000.000 төгрөгөөр зарсан, би хариуд нь Өлзийт сумын Ар-Өнц гэдэг газар эзэнгүй байсан төхөөрөмжийг чинь 3.000.000 төгрөгөөр авлаа, Төв аймгийн Заамар суманд хүмүүстэй хамт ажиллуулахаар ашиг олж, сайн ажиллавал 2.000.000 төгрөг бүр боломж байвал 3.000.000 төгрөг өгнө гэж болзол тохирсон болохоос биш, би зээлж аваагүй нь үнэн юм.

Энэ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйл 44.1 дэх хэсэгт зааснаар би түүнтэй болзол тавьж хэлцэл хийсэн. Ирээдүйд бий болох эсэх нь үл мэдэгдэх үйл явдлаас хамааралтайгаар хэлцэл хийж байгаа бол болзол тавьж хийсэн хэлцэл гэж үздэг юм байна. Мөн гэрч В.Дашпунцаг гэх хүний мэдүүлэг нь нэхэмжлэгчийг өмөөрч, түүний хэлсэн үгээр хөтлөгдсөн мэдүүлэг байсан. В.Дашпунцаг нь П.*******ийн найз хүн юм. Миний ч хувьд 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдэгээ гэрчээр асуулгаж нотлуулах 2 хүн байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Иймд бидний хооронд бий болсон үйл явдалд эрх зүйн зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч П.******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Би С.******* давж заалдах гомдолдоо “алтны тоног төхөөрөмж”-ийг Өлзийт сумын Ар-Өнц гэдэг газраас эзгүй байсан зүйлийг авсан гэж хэлсэн байна. Би алтны тоног төхөөрөмжийг 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан талаараа өмнө тайлбарууддаа удаа дараа хэлж тайлбарлаж байсан. Одоо хүртэл худалдаж авсан үнийг бүрэн төлж дуусаагүй байхад хээр гадаа хаяхгүй. С.******* нь тухайн үед алтны тоног төхөөрөмжөө худалдчих гэж удаа дараа гуйсан учир 8.000.000 төгрөг аман гэрээ хийж худалдсан. Хариуцагч нь гомдолдоо ор үндэслэлгүй худлаа зүйлүүд бичсэн байна. Учир нь алтны төхөөрөмжийг эзгүй газар байсныг нь 3.000.000 төгрөг худалдаж авъя, ашиг сайн олох юм бол 3.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн гэж байна. Би 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан байж яагаад ч 3.000.000 төгрөгөөр худалдахгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2018/00754 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн үүргийн 5.000.000 төгрөгийг С.*******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Алтны тоног төхөөрөмж гэдэг нь хуурай аргаар алтыг олборлох зориулалттай төхөөрөмж болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч С.******* нарын хооронд 2016 оны 11 дүгээр сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар алтны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд алтны тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахдаа хоорондоо тохирсон үнэлгээн дээр маргадаг байна.

Нэхэмжлэгч П.*******ээс тайлбарлахдаа алтны тоног төхөөрөмжийг нийтдээ 8.000.000 төгрөгөөр тохиролцож худалдсан гэж тайлбарладаг бол хариуцагч С.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа алтны тоног төхөөрөмжийг 3.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд хэрэв ашиг олбол 3.000.000 төгрөг нэмж өгнө гэж тохиролцсон гэж тайлбарладаг байна.

Талууд алтны тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахдаа үнийг нь 8.000.000 төгрөгөөр тохиролцож худалдсан болох нь /хх-ийн 32-33 дугаа тал/ тухайн үед худалдах, худалдан авах ажиллагаа болж алтны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байхад хамт байсан гэрч В.Дашпунцагийн мэдүүлэгээр тогтоогджээ.

Хариуцагч С.*******аас алтны тоног төхөөрөмжийг 3.000.000 төгрөгөөр тохиролцож худалдан авсан, ашиг олбол нэмж мөнгө өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх алтны тоног төхөөрөмжийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн 5.000.000 төгрөгийг С.*******аас гаргуулж П.*******д олгож шийдвэрлэснийг үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин анхан шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээ маргаангүй байна гэж буруу дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.*******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч С.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэстэй гэж үзнэ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дугаар сарын 6-ны өдрийн 131/ШШ2018/00754 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан...” гэснийг

“…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар…” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР