Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00930

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00930

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АТҮГ холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч АТҮГ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181\ШШ2017\03265 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 597 дугаар магадлал, Улсын дээд шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001\ХТ2018\0119 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлж, Автотээврийн үндэсний төвийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б\533 дугаар тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан нийт 12 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 680 976 төгрөгөөр тооцож нийт 8 171 712 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр намайг ажлаас халаагүй бол миний бие 3 жил гаруй хугацаанд өмгөөлөгч хөлслөн авч өмгөөллийн хөлс төлж хохирохгүй байсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох өмгөөллийн хөлсөнд төлсөн 2.500.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 150.000 төгрөгийг мөн гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эргүүлэн тогтоосон тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 12 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрт тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 680 976 төгрөгөөр тооцож 8 171 712 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 150 000 төгрөг, нийт 10 821 712 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ж нь ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, шийдвэр гүйцэтгэгчийн зардалд нийт 10 821 712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь: Ж.Ж нь өмгөөлөгчийг сайн дураараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр үнэ хөлсийг тохиролцон 2 500 000 төгрөгийг төлөхөөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрөө хүсэлт гаргаж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж 150 000 төгрөгийн хөлс төлсөн зэрэг нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийсэн үйлдэлд нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар буруугүй.

Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш манай байгууллага Ж.Жыг ажилдаа орохыг мэдэгдсэн гэтэл Ж.Ж нь ажил албан тушаалдаа ирж орохгүй байсан учир Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилд томилсон тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох үндэсгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг л олгох ёстой гэж үзэж байна.

Иймд Ж.Жы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг зөвшөөрч үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 12 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 171 712 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 150 000 төгрөг, нийт 10 821 712 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгч Ж.Жыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/03265 дугаартай шийдвэрээр Хэнтий аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 26 сар 9 хоногийн хугацааны үндсэн цалин 680.976 төгрөгөөр тооцож, нийт 17.990.433 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба тухайн шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хянан хэлэлцээд тус тус хэвээр үлдээсэн байна./хх-5-17х/

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ж.Ж нь шүүхэд хүсэлтээ гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2018/11831 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болон 00983 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж түүнд олгосон ба Ж.Ж нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкин дахь 106000059575 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 50-р тойрог гэж 150.000 төгрөгийг төлсөн талаар бичгийн нотлох баримт авагджээ./хх-18-19, 23х/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийсний улмаас Автотээрийн үндэсний төв төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/533 дугаартай тушаалаар Ж.Жаргалсайхынг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Хэнтийн аймгийн Автотээврийн төвийн Тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон үйл баримт хэрэгт авагдсан тушаал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна./хх-20/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Иймээс, нэхэмжлэгч Ж.Жы ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэрээр тооцон олгосон нэг сарын цалин 680.976 төгрөгийг х 12 сараар тооцож, нийт 8 171 712 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, түүний дэвтэрт бичилт хийхийх хариуцагчид даалгах болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэстэй байна.

2. Харин нэхэмжлэгч Ж.Жы нэхэмжлэлийн шаардлагын өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг гаргуулах хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Ж.Ж нь өмгөөлөгч Д.Мөнхтуяатай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг, мөн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус байгуулсан ба 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 1 700 000 төгрөгийг, мөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 800 000 төгрөгийг н.Мөнхтуяагийн Хаан банкин дахь 5059121657 тоот дансанд тус тус шилжүүлсэн талаар бичгийн баримтууд авагдсан байна.

Нэхэмжлэгч Ж.Ж нь өөрийн хүсэл сонирхолоор, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч сонгон авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэг талаас Ж.Ж, нөгөө талаас өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар харилцан тохиролцон байгуулж, өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, өмгөөлөгчид нийт 2 500 000 төгрөгийн хөлс төлсөн байдал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлд хамаарахгүй.

Хариуцагч тал нэхэмжлэгч Ж.Жыг Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа ирж орохыг шаардсан боловч өөрөө ирж ажилдаа ороогүй тул ажилгүй байсан хугацааны хөлсийг төлөхгүй... гэж тайлбарлан маргадаг боловч энэхүү татгалзлаа бичгийн баримтаар нотолж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жы 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эргүүлэн тогтоосон тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 171 712 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 150 000 төгрөг, нийт 8 321 712 төгрөгийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ж.Жд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 8 171 712 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188.100 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжийн 148.097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Жд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас нь хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ