Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1198

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00930 дугаар шийдвэртэй, Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй, АТҮТ ТӨҮГт холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8 171 712 төгрөг, өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150 000 төгрөг, нийт 10 821 712 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181\ШШ2017\03265 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийлгэхийг Автотээврийн Үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 597 дугаар магадлалаар, Улсын дээд шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01139 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлж, Автотээврийн үндэсний төвийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\533 дугаар тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан нийт 12 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 680 976 төгрөгөөр тооцож нийт 8 171 712 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.

Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халаагүй бол миний бие 3 жил гаруй хугацаанд өмгөөлөгч хөлслөн авч өмгөөллийн хөлс төлж хохирохгүй байсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 150 000 төгрөг, нийт 10 821 712 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь, Ж.Ж өмгөөлөгчийг сайн дураараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр үнэ хөлсийг тохиролцон 2 500 000 төгрөгийг төлөхөөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрөө хүсэлт гаргаж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж 150 000 төгрөгийн хөлс төлсөн зэрэг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж бусадтай гэрээ хийсэн үйлдэлд хариуцагч тал буруугүй.

Түүнчлэн, Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш манай байгууллага Ж.Жыг ажилдаа орохыг мэдэгдсэн атал ирээгүй тул Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажилд томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдөр хүртэл хугацааны цалин олговрыг олгох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жы 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 171 712 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150 000 төгрөг, нийт 8 321 712 төгрөгийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Жд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 8 171 712 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч АТҮТ ТӨҮГт үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 100 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжийн 148 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Жд олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Жы нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг гаргуулах хэсгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлд хамаарахгүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсан учир нэхэмжлэгч 3 жил гаруй хугацаанд өмгөөлөгч авч хөлс төлж хохирсон. Энэ нь баримтаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулах хуулийн үндэслэлтэй юм.

Улс төрчдийн албан тушаалаа булаалцалдсан увайгүй үйлдлээс болж 3 жил ажилгүй байж, эд материал, сэтгэл санааны хохирол ихээхэн амссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2 500 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 171 712 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн 150 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг, нийт 10 821 712 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцахгүй гэж маргажээ. 

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ж.Жыг ажил олгогч буюу хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ нь ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181\ШШ2017\03265 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 990 433 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх6-9/

 

Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 597 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01139 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учраас уг шийдвэрийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан биелүүлэх ажиллагаа явуулсан байна. /хх10-19/

 

Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Жыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/533 дугаар “Ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх20/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааг түүний ажилгүй байсан хугацаа гэж тооцно.

 

Шүүх ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, ажилгүй байж хохирсонтой холбоотой олговор олгох тусгайлсан, нарийвчилсан зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хугацаанд тооцогдох цалинтай тэнцэх олговорт 8 171 712 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг  сайн дураар биелүүлээгүйн улмаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсэнтэй холбоотой зардалд нэхэмжлэгчээс төлсөн 150 000 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулсан нь зөв бөгөөд үүнийг тухайн шаардлагад хамаарах зайлшгүй буюу нэмэлт зардал гэж үзнэ.

 

Харин, нэхэмжлэгч өмгөөлөл, эрх зүйн туслалцааны үйлчилгээ авсныг өөрийн хүсэл зоригийг илэрхийлж тухайн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан үнэ хөлсийг тохирч төлсөн төлбөр нь уг маргаанд шууд шалтгаант холбоотой зайлшгүй үүссэн хохирол, зардал гэж үзэхгүй тул 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагад дээрх зардал хамаарахгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                    ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                          Т.ТУЯА