Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00785

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00785

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

Татварын өр төлбөр 12 477 393.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н ХХК нь татварын хэлтэст 2003 онд 0 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтууд, татварын тайланд үндэслэн хяналт шалгалт хийж 200015591 тоот актын төлбөр 6 761 128 төгрөгийг татвар төлөгчид хариуцуулж гардуулан өгсөн байна. Татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гардан авсан байна. Тус актын төлбөрөөс тайлант хугацаанд хариуцагч нь 1 700 000 төгрөг төлж актын үлдэгдэл төлбөр 5 061 128 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна. Татварын ерөнхий хуулийн 57.1.2 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2015 оны 5 сард 7 416 265.6 төгрөгөөр тайлан гаргасан байх боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч Н ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 16.1-д албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана гэж заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч Н ХХК-иар татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, албан шаардлага хүргүүлэх, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Н ХХК-ийн захирал Р.Саас 12 477 393 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татвар төлөгч 2 069 083 төгрөг төлсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10 408 310.6 төгрөгийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Н ХХК-ний захирал Р.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 05 сард гаргасан тайланд тусгагдсан 7 416 265 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр болох 6 761 128 төгрөгөөс 3 769 083 төгрөгийн нөхөн татварыг төлнө. Харин 1 130 725 төгрөгийн торгууль, 1 861 319 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу торгууль, алдангийг төлөхөөс чөлөөлөгдөх ёстой. Татварт төлөх мөнгөн дүнгээс 2 069 083 төгрөгийг төлсөн гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан татварын өр, төлбөрт 12 477 393.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2 069 083 төгрөгийн татварын төлбөр төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10 408 310.6 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Н ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 дугаартай актаар ногдуулсан 1 130 725 төгрөгийн торгууль, 1 861 319 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй бусад төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О нь хариуцагч Н ХХК-ны 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд болон санхүү татварын баримт, татварын тайланд үндэслэн хяналт шалгалт хийж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн татварын улсын байцаагчийн 200015591 дугаартай актаар 6 761 128 төгрөг ногдуулснаас төлөөгүй татвар 5 061 128 төгрөг, 2015 оны 5 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 7 416 265.6 төгрөг тайлагнасан боловч төлөөгүй төлбөр нийт 12 477 393.6 төгрөгийн татварын өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус зааснаар татвар төлөгч Н ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч О нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өрийг төлүүлэхээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас, албан шаардлагыг татвар төлөгчид хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг үл маргах журмын дагуу барагдуулах боломжгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын төлбөрт 2 069 083 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10 408 310.6 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Н ХХК нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн татварын улсын байцаагчийн 200015591 дугаартай актаар ногдуулсан төлбөрөөс 1 130 725.1 төгрөгийн торгууль, 1 861 319.2 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд энэ хуулийн 4.1-д зааснаар татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж заажээ.

НХХК-д ногдуулсан татварын улсын байцаагчийн акт нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан бөгөөд хуулийн хугацаанд татвараа мэдүүлсэн, тайлагнасан болохоо хариуцагч нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Татварын хяналт шалгалтаар 37 690 836 төгрөгийн зөрчил илрүүлж нөхөн татварт 3 769 083.6 төгрөгийг ногдуулж, торгууль, алдангийг нэхэмжилсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байх боловч Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасан тул нөхөн татварт ногдуулсан алдангид 753 816.7 төгрөгийг хариуцагч Н ХХК-д хариуцуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Н ХХК-аас татварын өр, төлбөрт нийт 8 170 082.3 төгрөг /753 816.7 төгрөгийн алданги + 7 416 265.6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар/ гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 307 311.3 төгрөг /2 069 083+2 238 228.3/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Н ХХК-ний захирал Р.С нь шүүхэд төлөөлөх эрхийг хуульд заасан хэлбэрээр Д.Оюунчимэгт олгосон бөгөөд хүчин төгөлдөр итгэмжлэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч төрийн байгууллага нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжинд 145 671.3 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас татварын өр төлбөрт нийт 8 170 082.3 төгрөг гаргуулан От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 307 311.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 145 671.3 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.АРИУНЦЭЦЭГ