Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2018/00061

 

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00226 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Татварын өр төлбөр 12.477.393 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Орхон аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн татварын хэлтэст Номгалсар ХХК 2003 онд 2803836 тоот регистрийн дугаартайгаар бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Татварын хэлтсээс 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайланг үндэслэн хяналт шалгалт хийж 2015591 тоот актаар 6,761,128 төгрөгийг татвар төлөгчид хариуцуулж актыг гардуулж өгсөн. Татвар төлөгч хуульд заасан хугацаанд актыг гардаж авч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Татварын тухай хуульд заасны дагуу татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийг хүртэл татвар төлөгч 1,700,000 төгрөгийг тус актын төлбөрөөс төлж барагдуулсан. Татвар төлөгч 2,069,083 төгрөгийг төлж, 6,761,128 төгрөгийн актын үлдэгдэл төлбөр 2,992,044 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй байна. Татварын тухай хуульд актын төлбөрийг 15 хоногийн дотор төлж барагдуулах ёстой байдаг. 2016 оны 11 сарын актын үлдэгдэл төлбөр хугацаандаа төлөгдөөгүй байгаа учир нэмж нэхэмжлэл гаргасан. 2015 оны 5 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 7,416,265 төгрөгийн тайлан гаргасан. 2015 оны тайланг мөн оны 5 дугаар сардаа багтаж төлсөн байх ёстой байсан боловч Номгалсар ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тус шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаснаас хойш татвар төлөгч 2,069,083 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 2,069,083 төгрөгийг хасч, үлдэх татварын өр 10,408,310 төгрөгийг хариуцагч Номгалсар ХХК-аас нэхэмжилж байгаа тул хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Номгалсар ХХК-н захирал Р.Саруул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 05 сард гаргасан тайланд тусгагдсан 7,416,265 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр болох 6,761,128 төгрөгөөс 3,769,083 төгрөгийн нөхөн татварыг төлнө. Харин 1,130,725 төгрөгийн торгууль, 1,861,319 төгрөгийн алдангийг төлөхгүй гэж бодож байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу торгууль, алдангийг төлөхөөс чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00226 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Номгалсар ХХК-иас татварын өр төлбөрт төгрөгийг гаргуулан Орхон аймгийн *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Номгалсар ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181,482 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж шүүх хуралдааны танхимаас албадан гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрээ гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны дэг зөрчөөгүй юм. Миний бие эхлээд нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад шүүгч нь хүсэлтийг хангахаас татгалзсан. Татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй. Миний гаргаж өгөх нотлох баримт бол Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын хариу бөгөөд уг хариуг аваагүй байгаа гэдгээ хэлсэн юм. Надад гомдлын хариу аваад дараа нь дээд шатны маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эсэхээ шийдэх шаардлагатай бол улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байгаа учраас энэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Би энэ талаар өмнөх шүүх хурал дээр хүсэлт тавиад хэргийг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт тавихад хүлээж аваагүй. Тэгсэн мөртлөө тэр хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч золголт хийгээд согтуу байна шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гээд хойшлуулах хүсэлт тавихад нь хүлээж аваад шүүх хуралдааныг хойшлуулж байсан мөн дараа болох хуралдаанаа товлоход нь шүүх хуралтай өдөр байна, хугацаагаа ярьж товломоор байна гэхэд шүүх ажлаа танаар заалгахгүй гээд давхацуулан зарлаж хурал дахиад л хойшилж байсан зэргээс болоод миний бие түүнийг татгалзаж байгаа үндэслэлээ дээрхи байдлаар тайлбарласан. Гэтэл татгалзалыг хүлээж авахгүй, та захирамжинд гомдол гаргах эрхтэй гэсэн, би захирамжинд чинь гомдол гаргана гэхэд шүүх хуралдааны дэг зөрчсөн гээд цагдаагаар хөөлгөж шүүх хуралдааны танхимаас гаргасан. Тэгээд захирамжинд гомдол гаргах эрхийг минь хязгаарлаж шүүх хуралдаанаа үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байсан.

Шүүгчийн энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйл \би энэ зүйл заалтыг зөрчөөгүй \,92 дугаар зүйл, 170 дугаар зүйлийг зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн юм. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсвэл шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр торгууль алданги ноогдуулсан гэж төлөх ёстой татварын төлбөрөөс торгууль алданги 2.992.044 төгрөгийг хасаж 7.416.266 төгрөг төлүүлэх гэж өөрчлөлт оруулна уу. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 1.130.725 төгрөгийн торгууль, 1.861.319 төгрөгийн алданги бүгд 2.992.044 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа тул энэ хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцож төлсөн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Номгал сар ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунчимэгийн гаргасан шүүгч Б.Дэлгэрцэцэгийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2018 оны 02 сарын 14ний өдрийн 192 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах санал гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай саналыг шүүгч Б.Дэлгэрцэцэг шүүх хуралдааны дарааллын дагуу даргалагч шүүгч, нарийн бичгийн даргаас хуульд заасан үндэслэлээр татгалзах татгалзал байхгүй гэсэн атлаа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй гэж үзэж шүүгчийг татгалзаж байгаа татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй тул дээрх хүсэлтийг шүүгчийн №1123 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ...энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал...эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй, 92.6-д ...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг ...татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90, 92, 170 дугаар зүйлийг зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Орхон аймгийн Татварын хэлтсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.000 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ