Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 218/МА2019/00002

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2018/00688 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* овогт *******ы ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын отог овогт *******ын ******* /*******/-т холбогдох гэм хорын хохирол 1578600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр

Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016, 2017 онуудад хариуцагч А.*******ээс зээл болон бусдын үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой 13034000 төгрөг гаргуулах тухай эрх зүйн маргаанд хариуцагчаар татагдан улмаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэн улмаар хяналтын шатны шүүхээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү иргэний хэрэгт А.******* нь надаас ор үндэслэлгүй 13034000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас болж миний бие 6 сарын хугацаанд сэтгэл санаа, нэр төр, эдийн засгийн хувьд хохироод байна. Учир нь миний бие энэ хүний үндэслэлгүй нэхэмжлэлээс болж Улаанбаатараас Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 9 сарын 11-нд нэхэмжлэлийн хувь гардаж авахаар, 2017 оны 9 сарын 25-нд хариу тайлбар гаргахаар, 2017 оны 10 сарын 23-нд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахаар, 2017 оны 11 сарын 3-нд анхан шатны шүүх хуралд оролцохоор, 2017 оны 11 сарын 30-нд давж заалдах гомдол гаргахаар 2018 оны 1 сарын 4-нд давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор нийт 6 удаа ирж очин зардал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан учир хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авч мөн тухайн цаг үеүүдэд ажлаас удаа дараа цалингүй чөлөө авч нааш, цааш явж байсан. Ингээд Улсын Дээд шүүхээс А.******* надаас үндэслэлгүйгээр 13034000 төгрөг нэхэмжилсэн болох нь тогтоогдсон. Иймд А.*******ээс иргэн намайг худал нэхэмжлэл гаргасны улмаас хохироосны зардал болох өмгөөлөгчийн хөлс 1400000 төгрөг, 6 удаа буюу 12 удаагийн ирж, буцсан унааны зардал 105600 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг, нэхэмжлэл өгөхөөр ирсэн шатахууны зардал 67000 төгрөг, нийт 1578600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мөн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид өгсөн үйлчилгээний хөлсийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх тодорхой үндэслэл, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т уг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн эрхийг хамгаалах арга замыг хуульчилсан байна. *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн ямар үндэслэл бий болсон, эрх нь зөрчигдсөн бол ямар замаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. ******* нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлж, өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс нь өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргасан зардал гэж ойлгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүргийг хүлээх билээ. Гэтэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хэргийн оролцогчийн үүргээ биелүүлсэн зардлыг надаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******ээс 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс ...хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлдээ заан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлсэн боловч А.******* нь тухайн маргаанд хариуцагч биш этгээдийг татсан ... хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид төлсөн зардлыг гэм хорын хохирол хэмээн гаргуулахаар шийдвэрлэснийг илт үндэслэл муутай болсон гэж үзэж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан ажиллах үүрэгтэй гэж ойлгож байна.

Миний бие Иргэний хуулийн уг хэсэгт заасан шиг хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгч гэх *******т ямар нэг гэм хор учруулаагүй байхад анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байна.

1.    Нэхэмжлэгч ******* надаас зээлсэн мөнгөө эргэн төлөхгүй байсан тул миний бие уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн болно. Миний бие ийнхүү гэрээний үүргийн гүйцэтгэл биелүүлэгдээгүй асуудлаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл анхан шатны шүүх бусдад гэм хор учруулсан хууль бус үйлдэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

2.    ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанд хариуцагчийн хувиар оролцохдоо үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгчид ажлын хөлс төлсөн байдаг. Ийнхүү хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгчид ажлын хөлс төлж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн, эд хөрөнгөнөөсөө гаргасан зардал гэж ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэлгүй хариуцагч талаас гаргасан энэ талаарх татгалзлын үндэслэлд дүгнэлт хийлгүй өмгөөлөгчийн ажлын хөлсийг гэм хорын хохирол гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

3.    ******* нь гэрээний үүргийн гүйцэтгэлдээ холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд энэ талаарх хууль, эрх зүйн тодорхой мэдлэггүй байсан тул дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан ажлын хөлс төлсөн. *******ийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлын улмаас өмгөөлөгчийн ажлын хөлс төлсөн зардлыг ямар үндэслэлээр гэм хорын хохирол намайг түүнд гэм хор учруулсан гэж шийдвэрлэснийг сайн ойлгохгүй байна. Энэ талаарх үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй байдаг.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шүүх хуралдааны дэгийг сахих үүүргийг хүлээх билээ. Миний бие зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээнд төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүх *******ийн шүүхэд ирсэн, буцсан зардал буюу нэхэмжлэлийн шаардлагаас 105.600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбрлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Иймд дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2018/00688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь А.*******ийг үндэслэлгүйгээр төлбөр шаардан нэхэмжлэл гаргаснаас болж эрх ашгаа хамгаалах, шүүхэд очих, шүүх хуралдаанд оролцох зэрэг ажиллагааны улмаас эд материалын хохирол хүлээсэн гэж үзэн шүүхэд хандсан байх бөгөөд сум дундын шүүх дээрхи нэхэмжлэлээс нотлох баримтаар нотлогдсон гэж үзэн 1400000 төгрөгийг төлүүлж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрлэлтийг өөрчлөн хүчингүй болгох ямар нэгэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаа тохиолдолд татгалзлаа нотлох хуулийн зохицуулалттай.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан ч энэхүү татгалзлаа нотлох ямар нэг нотолгооны зүйл, баримтыг шүүхэд гаргаагүй шүүх хуралдаанд оролцох, шүүхэд мэтгэлцэх эрхээ ч үндэсгүйгээр хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч *******ээс өмгөөлөгчид төлсөн 1400000 төгрөг нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирол ба энэ хохирол нь хариуцагч А.*******ийн үндэслэлгүй нэхэмжлэлээс болсон хэмээн шаардсаныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг буруутгах ямар нэгэн нотлох баримт, мэтгэлцээний үр дүн тогтоогдоогүй байна гэж үзэн давж заалдах шатны шүүхээс энэ шийдвэрлэлтийг хэвээр үлдээж, зөвхөн хууль хэрэглэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хөрөнгийн хохиролд учирсан гэж шаардсаныг Монгол Улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг хэрэглэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй талаар ямар нэг маргаангүй гэснийг давж заалдах шатны шүүх анхаарсан болно.

Дээрхи үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд оруулж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор тогтов.

Улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2018/00688 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд 510 дугаар зүйлийн 510.1 гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40208 / дөчин мянга хоёр зуун найм / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

Ш.ТӨМӨРБААТАР