Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 688

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 139/ШШ2018/00688

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Боржигон овогт Э.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хувын отог овогт А.У-т холбогдох гэм хорын хохирол 1578600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваасүх нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016, 2017 онуудад хариуцагч А.У-ээс зээл болон бусдын үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой 13034000 төгрөг гаргуулах тухай эрх зүйн маргаанд хариуцагчаар татагдан улмаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэн улмаар хяналтын шатны шүүхээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү иргэний хэрэгт А.У нь надаас ор үндэслэлгүй 13034000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас болж миний бие 6 сарын хугацаанд сэтгэл санаа, нэр төр, эдийн засгийн хувьд хохироод байна. Учир нь миний бие энэ хүний үндэслэлгүй нэхэмжлэлээс болж Улаанбаатараас Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 сарын 11-нд нэхэмжлэлийн хувь гардаж авахаар, 2017 оны 09 сарын 25-нд хариу тайлбар гаргахаар, 2017 оны 10 сарын 23-нд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахаар, 2017 оны 11 сарын 3-нд анхан шатны шүүх хуралд оролцохоор, 2017 оны 11 сарын 30-нд давж заалдах гомдол гаргахаар 2018 оны 01 сарын 04-нд давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор нийт 6 удаа ирж очин зардал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан учир хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авч мөн тухайн цаг үеүүдэд ажлаас удаа дараа цалингүй чөлөө авч нааш, цааш явж байсан. Ингээд Улсын Дээд шүүхээс А.У  надаас үндэслэлгүйгээр 13034000 төгрөг нэхэмжилсэн болох нь тогтоогдсон. Иймд А.У-ээс иргэн намайг худал нэхэмжлэл гаргасны улмаас хохироосны зардал болох өмгөөлөгчийн хөлс 1400000 төгрөг, 6 удаа буюу 12 удаагийн ирж, буцсан унааны зардал 105600 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг, нэхэмжлэл өгөхөөр ирсэн шатахууны зардал 67000 төгрөг, нийт 1578600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.У  шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ц  нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мөн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид өгсөн үйлчилгээний хөлсийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх тодорхой үндэслэл, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т уг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн эрхийг хамгаалах арга замыг хуульчилсан байна. Э.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн ямар үндэслэл бий болсон, эрх нь зөрчигдсөн бол ямар замаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Э.Ц нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлж, өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс нь өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргасан зардал гэж ойлгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүргийг хүлээх билээ. Гэтэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хэргийн оролцогчийн үүргээ биелүүлсэн зардлыг надаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц  нь хариуцагч А.У-ээс хохирол 1578600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн боловч хойшлуулж байгаа шалтгаан нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 /Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй/ дэх хэсэгт зааснаар хариуцагч А.У-ээс 1400000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь нэхэмжлэгч хариуцагчаас гэм хорын хохирол 1578600 төгрөгийг нэхэмжилжээ. Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар юм. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг оруулахаар хуульчилсан байна.

Хариуцагч А.У  нь 2017 оны 9 сарын 5-ны өдөр Э.Ц-ээс 13034000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлдээ заан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлсэн боловч А.У нь тухайн маргаанд хариуцагч биш этгээдийг татсан, 13034000 төгрөгийг Э.Ц-ээс гаргуулахгүй байсан болох нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

  1. Дундговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /ХХ-ийн 8-12-р хуудас/
  2. Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар /ХХ-ийн 13-15-р хуудас/

 

Хариуцагч А.У нь Э.Ц-ээс 13034000 төгрөгийг гаргуулах маргаанд хариуцагчаар Э.Ц-ийг оролцуулснаар Э.Ц  нь өмгөөлөгчийн хөлсөнд 1400000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт /ХХ-ийн 16-18-р хуудас/-аар тогтоогдож байгаа бөгөөд Э.Ц 1400000 төгрөгийн эд хөрөнгийн алдагдалд орсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбараар тогтоогдож байна. Харин тус маргааныг шийдвэрлүүлэхийн тулд 6 удаа буюу 12 удаагийн ирж, буцсаны зардалд 105600 төгрөг зарцуулсан болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ц 2018 оны 8 сарын 24-нд шүүхэд нэхэмжлэл өгөхөөр ирэхдээ зарцуулсан шатахууны зардал 67000 төгрөг, нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт гэрчлүүлсний нотариатын хөлс 6000 төгрөг нийт 73000 төгрөгийг хариуцагч А.У-ээс гаргуулах хохиролд оруулан тооцож байгаа нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.У-ээс 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА

 

Л.ХИШИГДЭЛГЭР