Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00819

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00819

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин *******0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох

 

15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 сарын 10-ны өдөр 142/2019/00502/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.******* нь иргэн Х.*******т 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 нийт 15.000.000 төгрөг зээлүүлсэн ба зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч эхний авсан 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй сүүлд буюу 2016 оны 05 дугаар сарын 28-нд авсан 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн ба тухайн мөнгөнүүдийг авахдаа 7 хоногийн хугацаатай гэж хэлж байсан учраас гэрээг бичгээр байгуулаагүй билээ. Ингээд эхний өгсөн 6.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгний хүү болох сар бүрийн 500.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 27-нд, 2016 оны 06 дугаар сарын 26-нд, 2016 оны 07 дугаар сарын 26-нд, 2016 оны 08 дугаар сарын 25-нд гэсэн өдрүүдэд төлж байсан ба сүүлд авсан 5.000.000 төгрөгний сарын хүү болох 400.000 төгрөгийг өгөөгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 04-нд бэлэн бусаар буюу төмс ногоо авсан. Тооцоог 907.000 төгрөгөөр тооцож байсан. Х.*******ээс 3267000 төгрөгний зээлийн хүү авсан билээ. Ингээд 2016 оны 08 сараас хойш зээлийн хүү болон үндсэн зээлийг огт төлөөгүй. Түүнтэй удаа дараа уулзаж, утсаар ярихад удахгүй өгнө гэх боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Эхлээд 2016 оны 04-р сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөгний хүү 500.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Үлдэгдэл 3 сарын мөнгийг Цэнд-Аюушийн данс руу хийсэн. 10.000.000 төгрөгний хүү 2016 оны 7-р сарын 28-ны өдөр Цэнд-Аюушийн данс руу Ган гэх нэрээр шилжүүлсэн байгаа. Цэнд-Аюуш энэ мөнгийг миний данс руу хийж байсан. Энэ хүн надаас мөнгө авсан. Тэгээд хамт явж байхад нөхөр нь хүртэл хамт явсан. Энэ хүн надаас мөнгө авчихаад өөрийнхөө Хаан банкны 6 сая гаруй төгрөгний зээл хаасан. Би туслана гэж бодоод мөнгөө зээлүүлсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ хийж бичгээр хийгдсэн зүйл байдаггүй. Нийт 15.000.000 төгрөг зээлсэн байдаг. Үүнийг Д.Цэнд-Аюуш гэх хүн гэрчилсэн байдаг. Өөр хүнээс зээлж авч өгсөн гэх мэтээр ойлгуулсан байсан. Х.******* нь маш их олон хүнд өрийн асуудалд орсон хүн. Энэ байдлыг найз нөхөд нь мэддэг болохоор хэзээ ч надад өгөхгүй гэж бодоод өөрийнхөө хадгаламжийн дансанд байсан мөнгийг тухайн өдрүүдэд авч өгсөн, 2016 оны 04-р сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгийг өгөөд хамт явж Хаан банкны зээлийг нь хаасан гэдэг. Дараа нь 4.000.00 төгрөгийг өгсөн. Тэгээд 3.640.000 төгрөгийг зээлсэн гэж хэлж байсан боловч сүүлдээ надаас ногоо худалдаж авсан гэж худлаа хэлж байна. Хэлж байгаа зүйлээ хольж хутгаад, тайлбараа үнэн зөвөөр хэлж чадахгүй байна. Х.******* гэх хүн хүнээс зээлж авсан мөнгөө бичгээр гэрээг хийдэггүй. Тэгээд бэлнээр мөнгөө авчихдаг. Тэгээд зээлсэн мөнгөө өгдөггүй. Шүүхийн шийдвэрүүд нь бүгдээрээ гарсан байна. Тэр шийдвэрийг олж авах гэсэн боловч авч чадаагүй. Ийм байдлаар авсан мөнгөө буцаагаад өгдөггүй. 907.000 төгрөг буюу нэг сарын хүү өгснөөс хойш мөнгө болон хүүг өгөөгүй. Зээлсэн 15.000.000 төгрөгийг өгөөч гэж хэлэхээр өгнө гэж хэлээд яваад байдаг. Дансаар шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрдөг. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрдөггүй. Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа нотолсон нотолгооны баримтууд энэ хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч харин энэ нотолсон баримтуудаа гаргаж өгсөн. Зээл хаасан нь зээл хаасан талаархи баримтуудаар нотлогдож байна. 3 640 000 төгрөгийг 12 хоногийн хүү тооцож аваад өгсөн мөнгө нь нотлож байгаа. Дансны хуулгаас зээлийн хүүд орсон мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. 5 000 000 төгрөгийг зээлж аваад Сэлэнгэ аймаг руу яваад төмс авчирсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 15 0000 000 төгрөг зээлж авсан гэдгийг гэрч Цэнд-Аюуш нотолсон байгаа. Энэ мөнгийг зээлж авсан нь үнэн, энэ мөнгийг надаар нэхүүлдэг байсан гэж хэлдэг. Зах дээр таарах болгонд гэрчид мөнгийг нь өгнө гэж хэлдэг байсан гэдгийг нотолдог. Дансны хуулгаас харахад 1 500 000 төгрөгийг хүүнд гэж хариуцагч нь нэхэмжлэгч рүү шилжүүлсэн байдаг. Ийм мөнгийг авсан гэж хариуцагч өөрөө яриад байдаг. Хариуцагч эдгээр баримтуудыг үгүйсгэж няцааж байгаа баримтуудыг нэг ч гаргаж өгөөгүй. Хүнээс мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг. Тэгээд мөнгийг нь буцааж өгдөггүй. Бид нар цагдаад гомдлоо гаргаад залилан гэж өгөх гэж байсан. Найз нөхөд учраас иргэний маргаанаар явъя гэж ярилцсан. Нэхэмжлэгч найз гэсэн сэтгэлээр энэ асуудалд ханддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.*******ээс миний бие зээл авсан удаа байхгүй бөгөөд бид хоёр бие биедээ ногоо өгч авалцаж зарж байсан. 2016 оны 04 сард Ё.******* миний данс руу ногооны үнэ 3.640.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Тухайн үед би ногоо бөөндөж зардаг бизнес эрхэлдэг байсан. Үүнийхээ дагуу л ногооныхоо мөнгийг шилжүүлж байсан. 2016 оны 04-р сарын 15-ны өдөр банкны мөнгөө төлөхдөө би өөрийнхөө ах, эгч нараас мөнгө цуглуулж банкны мөнгийг төлсөн. 2016 оны 04-р сарын 27-ны өдөр 3.600.000 төгрөг зээлсэн. Эргээд тэр мөнгөө Ё.*******ийн данс руу буцаагаад хийж байсан. Зээлсэн мөнгөө өөрт нь бэлнээр өгч байсан. Би 15.000.000 төгрөгийг зээлээгүй. Анх зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн. Одоо энэ хүнд өгөх мөнгөө бүгдийг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хариуцагч нь анхнаасаа зээлийн гэрээ огт байгаагүй гэж хэлдэг. Нэхэмжлэгч нь нотлох баримтаар өөрөө нотлох ёстой. Гэрч Цэнд-Аюуш гэрчээр мэдүүлэг өгсөн. Цэнд-Аюуш, Ё.******* гэх хоёр хүн найз нөхдийн холбоо хамааралтай учраас үг хэл нь таараад байх магадлалтай. 3.640.000 төгрөгийг ногооны үнэ гэж шилжүүлсэн нь үнэн гэж хэлсэн. Х.******* маш их өртэй байсан гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэллээ. Маш их өртэй байсан юм бол Ё.Наранчимэг яах гэж мөнгө зээлдүүлсэн юм. Яагаад дансаар биш өөрийн сайн дураараа мөнгөө бэлнээр өгөөд байдаг юм. Хэдхэн хоногийн дараа 5.000.000 төгрөгийг аваачиж өгөөд байдаг юм. Зээлдэгчийн зээлийн байдал доройтох, буцаан шаардах эрх нь байсаар байтал буцааж шаардаагүй нэмж өгөөд байгаа нь үндэслэлтэй байна уу? гэж бодож байна. Д.Байгальтай ах дүүс гэдгээ анхнаасаа тайлбарлаж хэлдэг. 10.000.000 төгрөгний маргаан нь ногоо хадгалуулсан, тэгээд ногоо нь муудаж хаясан учраас 10.000.000 төгрөгийг нэхдэг гэж хэлдэг. Энэ маргаантай холбоотой зүйл, мөнгийг зээлдүүлсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний шинжийг агуулахгүй байна. Үгүйсгэсэн нотолгооны баримт байхгүй гэж байна. Өнөөдөр мөнгө аваагүй учраас юугаар нотлох юм. Гэрчийг оролцуулах байсан. Өөрсдөө хариуцлагагүй байдлаас болж нотолж чадаагүй. 6 000 000 төгрөгний зээл хаасан гэж хэлээд байна. Зээл хаачихаад байхад 2016 оны 04-р сарын 27-нд 4 000 0000 төгрөгийг ямар хэрэгцээнд нь зориулаад дахиад зээлээд байгаа юм. 10 000 000 төгрөг зээлээр авсан бол өнөөдөр нотлох баримт энэ хэрэгт байгаа юм уу? авсан бол гэрээг бичгээр ямар нэгэн байдлаар хийгээгүй байна. 7 хоног болоод өгнө гэж хэлээд хариуцагч зээлж авсан юм бол яагаад бүтэн сарын дараа дахиж мөнгө зээлээд байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Х.*******т 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 нийт 15.000.000 төгрөг зээлүүлсэн ба зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч эхний авсан 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй сүүлд буюу 2016 оны 05 дугаар сарын 28-нд авсан 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Х.*******ээс 3267000 төгрөгний зээлийн хүү авсан, эхний зээлсэн 6 сая төгрөгийг Х.******* Хаан банкны зээлээ хаахаар надаас зээлсэн, зээлийг хаахад нь би Хаан банк дээр цуг очиж байсан..., дараагийн 4 сая төгрөгийг зээлэхдээ би 12 хоногийн хүү тооцож хасч аваад 3640000 төгрөг Х.*******ийн данс руу шилжүүлсэн... гэж тайлбарлаж байх ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...2016 оны 04 сард Ё.******* миний данс руу ногооны үнэ 3.640.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Тухайн үед би ногоо бөөндөж зардаг бизнес эрхэлдэг байсан. Үүнийхээ дагуу л ногооныхоо мөнгийг шилжүүлж байсан. 2016 оны 04-р сарын 15-ны өдөр банкны мөнгөө төлөхдөө би өөрийнхөө ах, эгч нараас мөнгө цуглуулж банкны мөнгийг төлсөн. 2016 оны 04-р сарын 27-ны өдөр 3.600.000 төгрөг зээлсэн. Эргээд тэр мөнгөө Ё.*******ийн данс руу буцаагаад хийж байсан. Зээлсэн мөнгөө өөрт нь бэлнээр өгч байсан. Би 15.000.000 төгрөгийг зээлээгүй... гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хас банкин дахь нэхэмжлэгч Ё.*******ийн хадгаламжийн дансны хуулгаар 2016 оны 04 сарын 15-нд 5000000 төгрөг, 2017 оны 04 сарын 27-нд 3500000 төгрөгийг өөрийн хадгаламжнаасаа авсан болох нь тогтоогдож байна.

 

Мөн хариуцагч Х.*******ийн Хаан банкны зээлийн дансны хуулгаар 2016 оны 04 сарын 15-ны өдөр 1.179.752 төгрөгийн зээл, 1.378.776 төгрөгийн зээл, 3.781.696 төгрөгийн буюу нийт 6.346.224 төгрөгийн зээлийг хаасан болох нь тогтоогдож байна.

 

Мөн гэрч Д.Цэнд-Аюушийн ....2016 оны 04 сарын 13-ны өдөр ******* эгч над руу яриад би *******т туслаад 7 хоногийн хугацаатай мөнгө зээлэх гэсэн юм. Чамаас аваад зээлж байгаа гээд хэлчихье гэсэн. Тэгээд мөнгөө өгөх болохоороо чам руу залгаж яриулна гэсэн. Тэгээд 2016 оны 04 сарын 15-нд Хаан банкин дээр гүйлгээ хийх гээд сууж байтал энэ хоёр явж байсан, зээл нь 6 сая төгрөг болж байна, үлдэгдэл 4.000.000 төгрөгөө авна гэж байна, тэгэхээр нь чам руу бас яриулнаа, нийт 10.000.000 төгрөг зээлснийг мэдэж байна, би зээлсэн мөнгийг нь өмнөөс нь нэхэж байсан... гэх мэдүүлэг болон гэрч Цэнд-Аюушийн Хаан банкны 5094252588 тоот данс руу 2016 оны 06 сарын 28-нд 500000, 2016.07.28-нд 500000 төгрөг, 2016.08.26-нд 500.000 төгрөгийг хариуцагч өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5090286270 дугаарын данснаас шилжүүлж, гэрч Цэнд-Аюуш дээрх мөнгөнүүдийг нэхэмжлэгч *******ийн 5090296006 дугаарын данс руу шилжүүлсэн, уг мөнгөнүүд нь зээлсэн 10.000.000 төгрөгийн 5 хувийн хүүг хариуцагчаас нэхэмжлэгчид төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Х.*******т 2016 оны 04 сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 04 сарын 27-нд 3.640.000 төгрөг, нийт 9.640.000 төгрөг зээлж, үүнээс 3.640.000 төгрөгийг дансаар 6.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Х.*******т 2016 оны 05 сарын 28-нд

5 сая төгрөг төлсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй ...би 3.640.000 төгрөгийг нэхэмжлэгч надаас ногоо авсныхаа үнийг шилжүүлсэн, би мөнгө зээлээгүй, миний зооринд 10 сая төгргийн ногоо хадгалуулаад муутгаж гаргаж хаячихаад мөнгийг нь надаас нэхээд байгаа юм, би Хаан банкны зээлээ Байгаль, ах Лхагважав гэдэг хүмүүсээс мөнгө зээлж авч хааж байсан.... гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Ё.******* хариуцагч Х.*******т мөнгө хүүтэй зээлүүлсэн гэж байх боловч гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү авах эрх үүсэхгүй ба, хариуцагч Х.*******ээс зээлсэн мөнгөний хүүд төлсөн 3.267.000 төгрөгийг зээлсэн 9.640.000 төгрөгөөс хасч тооцон 6.373.000 төгрөгийг хариуцагч Х.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.627.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 116.918 /нэг зуун арван зургаан мянга есөн зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Х.*******ээс 6.373.000 /зургаан сая гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.627.000 /найман сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 116.918 /нэг зуун арван зургаан мянга есөн зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ