Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00126

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00819 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь иргэн *******т 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 нийт 15.000.000 төгрөг зээлүүлсэн ба зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч эхний авсан 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй сүүлд буюу 2016 оны 05 дугаар сарын 28-нд авсан 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн ба тухайн мөнгөнүүдийг авахдаа 7 хоногийн хугацаатай гэж хэлж байсан учраас гэрээг бичгээр байгуулаагүй билээ. Ингээд эхний өгсөн 6.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийн хүү болох сар бүрийн 500.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 27-нд, 2016 оны 06 дугаар сарын 26-нд, 2016 оны 07 дугаар сарын 26-нд, 2016 оны 08 дугаар сарын 25-нд гэсэн өдрүүдэд төлж байсан ба сүүлд авсан 5.000.000 төгрөгийн сарын хүү болох 400.000 төгрөгийг өгөөгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 04-нд бэлэн бусаар буюу төмс ногоо авсан. Тооцоог 907.000 төгрөгөөр тооцож байсан. *******ээс 3.267.000 төгрөгийн зээлийн хүү авсан билээ. Ингээд 2016 оны 08 сараас хойш зээлийн хүү болон үндсэн зээлийг огт төлөөгүй. Түүнтэй удаа дараа уулзаж, утсаар ярихад удахгүй өгнө гэх боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Одоо би энэ хүнээс 15.000.000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .

*******ээс миний бие зээл авсан удаа байхгүй бөгөөд бид хоёр бие биедээ ногоо өгч авалцаж зарж байсан. 2016 оны 04 сард ******* миний данс руу ногооны үнэ 3.640.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Тухайн үед би ногоо бөөндөж зардаг бизнес эрхэлдэг байсан. Үүнийхээ дагуу л ногооныхоо мөнгийг шилжүүлж байсан. 2016 оны 04-р сарын 15-ны өдөр банкны мөнгөө төлөхдөө би өөрийнхөө ах, эгч нараас мөнгө цуглуулж банкны мөнгийг төлсөн. 2016 оны 04-р сарын 27-ны өдөр 3.600.000 төгрөг зээлсэн. Эргээд тэр мөнгөө *******ийн данс руу буцаагаад хийж байсан. Зээлсэн мөнгөө өөрт нь бэлнээр өгч байсан. Би 15.000.000 төгрөгийг зээлээгүй. Анх зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн. Одоо энэ хүнд өгөх мөнгөө бүгдийг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00819 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч *******ээс 6.373.000 /зургаан сая гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.627.000 /найман сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 116.918 /нэг зуун арван зургаан мянга есөн зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Иргэн ******* нь 15.000.000 төгрөгийг зээлсэн байхад түүнээс 6.373.000 төгрөгийг гаргуулж 8.627.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Хэрэгт гэрчээр дуудагдсан Цэнд-Аюуш нь Ганчимэгийг 15.000.000 төгрөг авсныг гэрчилсэн ба уг мөнгийг өгөх талаар удаа дараа хэлж, зээлийн хүү гэх мөнгийг шилжүүлж байсныг гэрчилсэн. Мөн ******* нь 15.000.000 төгрөг авснаа үгүйсгэж няцаасан нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байхад түүнийг 96.400.000 төгрөг зээлсэн байна гэж үзсэн нь буруу байна. Мөн анх авсан 10.000.000 төгрөг буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-нд авсан 6.000.000 төгрөг , өөрийн дансаараа шилжүүлэн авсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 3.640.000 төгрөгийн бодит байдлыг анхаарч үзээгүй. Учир нь ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 27 ны өдөр 4.000.000 төгрөг зээлэхэд нь 12 хоногийн хүү гэж 360.000 төгрөгийг тооцон 3.640.000 төгрөгийг шилжүүлж байсан. Гэтэл анхан шатны шүүх 9.640.000 төгрөг зээлсэн байна гэж үзэхдээ намайг бодитоор 360.000 төгрөг авсан мэт үзэж, хасч тооцсон 3.267.000 төгрөгөнд оруулан тооцож хассан нь буруу. ******* нь 360.000 төгрөгийг бэлнээр анхнаасаа өгөөгүй бөгөөд би түүнд өгөх мөнгөнөөсөө тооцож үлдээн авсан мөнгө байсан ба үүнийг ******* өгсөн байна гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрвээ *******ийг 360.000 төгрөгийг өгсөн гэж үзэж байгаа бол ******* 10.000.000 төгрөг авсан байна гэж үзэх үндэслэлтэй Ингэж үзээгүй атлаа *******ийг 360.000 төгрөг өгсөн байна гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *******т өгсөн 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байгаа үндэслэлээ анхан шатны шүүх дурдаагүй атлаа гаргахгүй гэж шийдвэрлэсэн нь ******* үндэслэлгүйгээр надаас авсан 5.000.000 төгрөгийг завшихад хүрч байна. Иймд хэргийн бодит байдлыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00819 тоот шийдвэрээр нэхэмжлэлээс үлдэх 8.627.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон 1 дэх заалтыг хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчид 8.627.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан зээл 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...зээл авч байгаагүй, бид 2 ногоо өгч авалцаж байсан, анх зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн, өгөх мөнгөө бүгдийг нь өгсөн тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч *******ээс 6.373.000 /зургаан сая гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.627.000 /найман сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс 2017оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 27-ны өдөр 3.640.000 төгрөг зээлж авсан, хариуцагч зээлийн төлбөрт тооцож 3.267.000 төгрөг буцааж төлсөн болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан ба нэхэмжлэгч ******* хариуцагчид мөнгө зээлдүүлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү шаардах эрхгүй байна.

Хэдийгээр гэрч Д.Цэнд-аюуш ...нийт 10.000.000 төгрөг зээлснийг мэдэж байна, би зээлсэн мөнгийг нь өмнөөс нь нэхэж байсан... гэх мэдүүлэг болон хариуцагчаас Цэнд-Аюушийн дансанд мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга баримтууд нь нэхэмжлэгч Ё.Наранчимэг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******т 5.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн болохыг нотлох эргэлзээгүй нотлох баримт болж чадахгүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан ...*******ийг 360.000 төгрөг өгсөн байна гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *******т өгсөн 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байгаа үндэслэлээ анхан шатны шүүх дурдаагүй атлаа гаргахгүй гэж шийдвэрлэсэн нь ******* үндэслэлгүйгээр надаас авсан 5.000.000 төгрөгийг завшихад хүрч байна. Иймд хэргийн бодит байдлыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлээс үлдэх 8.627.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон 1 дэх заалтыг хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчид 8.627.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.989 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ