Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00003

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр                             Дугаар 218/МА2019/00003                                                      Сайнцагаан сум

 

Л.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00006 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлтэй, садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 1 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг В нь хэлмэгдэж ирээд миний эх Мядагтай гэр бүл болсон. Миний бие 1956 онд төрсөн. Намайг ээж Мядагаар овоглож байгаад цэрэгт явах үед ах Ленинээр овоглосон. Эцэг Вын нөхөн олговрыг авах гэтэл намайг Ваар овоглоогүй учраас авах боломжгүй гэсэн. Миний бие одоо өөрийн эцэг Ц.Вын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсантай холбоотой цагаатгалын нөхөн олговор авах хүсэлтэй байгаа бөгөөд цагаатгалын комисс шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Цэмбэлийн Втай садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

         Анхан шатны шүүх

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.1-т зааснаар Л.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Л.Н миний бие Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхэд өөрийн төрсөн эцэг болох Ц.Вын нөхөх олговрыг авах зорилготойгоор Ц.В нь миний эцэг мөн бөгөөд садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Ц.В нь 1938 онд хэлмэгдэн баривчлагдаад 1948 онд суллагдаж ирсэн. Улмаар 1950 онд манай эх Мядагтай гэр бүл болж улмаар миний бие 1956 онд төрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 1 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00006 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангалгүй иргэн намайг хохироож байна. Учир нь миний төрсөн эцэг болох Ц.Вын үр хүүхэд нь миний бие мөн бөгөөд үүнийг хэрэгт авагдсан гэрчүүдийн  мэдүүлэг, гэрэл зураг, Вын маягт 1 баримт, 1956 оны хүн амын тооллогын баримт зэрэг баримтуудаар Ц.В нь миний эх Б.Мядагтай гэр бүл байсан болон Б.Мядаг нь миний төрсөн эх бөгөөд Ц.В нь миний төрсөн эцэг мөн болохыг нотолж байхад, шүүхийн шийдвэрт “...харин Ц.В нь Жамъян гэх өргөмөл хүүтэй байсан болох нь хэргийн 78-86-рт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд дээрх баримтаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь дээрх дурдсан баримт нь миний гаргасан баримт биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй” гэж зохицуулсаар байхад миний огт бүрдүүлээгүй баримтыг шүүх санаачлагаар бүрдүүлж улмаар миний садан төрлийн холбоотой болохоо тогтоолгох эрхийн эсрэг баримт болгон үнэлж шийдвэрлэж байгаа нь энэхүү шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00006 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

   

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.Нийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

            Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00006 дугаар шийдвэр нь зохигчийн зүгээс гаргасан нотлох баримтанд үндэслэн гарсан, зохигчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй, шүүхэд хандах, нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, тайлбарлах зэрэг хууль ёсны эрхийг нь бүрэн хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зарчмыг зөрчөөгүй, хуулийг үндэстэйгээр тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Нэхэмжлэгч Л.Н нь хэлмэгдэгч Ц.Втай садан төрлийн холбоо тогтоолгохоор шүүхэд ханджээ. Нэхэмжлэлдээ тухайн цаг үед холбогдох архивын магадлагаа хүн амын тооллогын баримтуудыг хавсарган, 3 гэрч болох М.Намжил, З.Цэвээнравдан, Ш.Ленин нарыг асуулгажээ.

            Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэстэй байна.

            Л.Н өөрийгөө Ц.Вын төрсөн хүүхэд гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй байна.

            1956 оны 2 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлд Ц.В нь 82 настай Л.Пагматай хамт амьдарч байсан тухай тодорхойлогдсон бол 1956 оны 2 сарын тооллогын бүртгэлд Балингийн Шар 58 настай, эхнэр Б.Мядаг 41 настай, хүү Ш.Ленин 13 настай, хүү Шарын Дэмид 4 настай, хүү Шарын Магсар 2 настай гэж тоологдсоноос үзэхэд нэхэмжлэгчийн Мядаг, В нар нь 1950 онд гэр бүл болж миний бие 1956 онд төрсөн гэсэн шаардлага нотлогдохгүй байна.

            1956 оны 5 сарын 8-нд Балингийн Шар, Балжидын Мядаг нарын хүү Шарын Н төрснийг Эрдэнэдалай сумын 1955 оны 5 сарын 30-ны төрөлтийн бүртгэлийн 10 дугаарт бүртгэсэн албан ёсны баримт байх бөгөөд эдгээр баримт нь Н нь Вын төрсөн хүүхэд гэдгийг нотлохгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Ц.Вын өргөмөл хүү Жамъяны талаархи нотлох баримтыг би гаргаагүй байхад шүүх санаачилгаараа бүрдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэсгүй гэж байх боловч хэлмэгдэгч Ц.Вын хэлмэгдлийн нөхөн олговор олгох садан төрлийн холбоог тогтоох нэхэмжлэлийг сум дундын шүүх 1999 онд шийдвэрлэсэн байх бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар садан төрлийн холбоог заавал тогтоон шийдвэрлэж байсан байх ба энэ талаар гарсан шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заагдсан хэсэгт хамаарах буюу тодорхой хуульд заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд авч хэлэлцэхгүй татгалзах нөхцөл байдал юм.

            Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурьдсанаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болох хуулийн тодорхой үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хохироосон гэсэн гомдол гараагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

       Ш.ТӨМӨРБААТАР